Энэ яруу найрагчийг танилцуулж буйдаа маш баяртай байна. Түүнд "Тэргэнцэр дээрх залуу нас" гэж шүлгийн түүвэр бий. Залуу нас нь ямаршуу өнгөрч буй нь тус түүврийн нэрээс танд төсөөлөгдөж байгаа байх. Тэр бол та бидний хэлж дадсанаар "хөгжлийн бэрхшээлтэй хүн" бас "тусгай хэрэгцээт иргэн" ч гэдэг. Түүний хувьд таван үг холбож ганц өгүүлбэр амнаасаа унагана гэдэг ихээхэн хүч хөдөлмөр шаардах хүнд хөдөлмөр. Гар сунган мэндчилэх ч ялгаагүй түүний хувьд гарцаагүй бэрх ажил. Гэвч тэр ганц хуруугаараа үсэг товшин шүлэг бүтээлээ туурвиж хүн төрөлхтөнд өөрийгөө нээсээр. Түүнийг нэр Ван И. 1989 онд төрсөн. 2008 оноос уран бүтээлээ эхэлж "Тэргэнцэр дээрх залуу нас" "Цаглашгүй хайр" "Хаврыг хүлээхүй" зэрэг яруу найргийн бүтээлээ хэвлүүлж утга зохиолын олон шагналыг хүртэж түүгээр зогсохгүй туужийн хоёр ч номоо туурвисан залуухан зохиолч эмэгтэй. Молхи бичээч би бээр та бүхний сэтгэлд гэрэл болуужин хэмээн түүний таван шүлгийг орчуулан хүргэж байна.
Мө.Батбаяр
***
ЯВНА
Ганц хүн
Алсын замд гарахаар болжээ
Уртаас урт, холын хол замд л даа.
Чигээрээ урагшилна
Эргэлзээ, төөрөгдөлөө тээгээд
Эгнэгт зогсохгүй урагшилна.
Уул ус
их далай, догшин салхийг давж эс чадах ч
Эрхшээлд нь урагшлах сонголт л бийгээс
Залуу нас нь залуугаараа өнгөрч буй тэр
Энэ замаа ч бас орхиж үл чадна.
Намрын салхи сэрчигнэж, навч ягуухан унана
Шар бүрий тэнгэрээс алдуурч он жилүүдийг улаанаар будна
Явна...
Зогсох шалтгаан байхгүй
Алхаа хүндэрч
Аяны зам уртасна
Эртийн дардан харгуй
Эдүгээ улам давчуу улам урт болно.
***
АНИРГҮЙ
Гүн шөнө болж хүний чимээ татартал хүлээх хэрэгтэй
Тэр л үед хорвоо аниргүй болно
Хорвоо аниргүй болоход
Түүх дөнгөж эхэлнэ.
Өвлийн хөлийн чимээ зугуухан ойртож
Далавч нь хугархай навч салхинд ахин хөөрнө
Нисэх эсхүл нэг тийш хөөцөлдөн одох
Нэг бол газардах эсхүл цааш тэнүүчилж явах
Гэхдээ юунд ч төгсгөл гэж байдаггүй ээ.
Дэлхий нам гүм. Хувьсах дүр зураг хойно хойноосоо тодорсоор
Намар буцлаа, үлдэхийг хүссэн ч
Нарны холд нисэн алсарлаа.
Платоны мөн чанраас юу бүхэн суралцах боломжгүй ч
Ганц навч тэнгэрт хөөрөөд газардах чимээ л
Сэмхэн болоод гайхамшигтай.
***
ЭЭЖТЭЙГЭЭ АЛХАХУЙ
Бүхий л зунжингаа
Би ээжтэйгээ алхдаг
Бүр нялхийнх шигээ тэврүүлэхгүй
Бас багынх шигээ үүрүүлэхгүй
Бид хоёр зүгээр л хамт алхдаг
Бид харанхуй болохоос өмнө
Зуны наранд нарлахаар гардаг ч, сэрүү орсон байдаг.
Ижий үе үе урд гарч дасгал хийж алхана.
Хойноос нь би хурдан ч биш алгуур ч биш дагана
Энэ олон жилийн хугацаанд би гүйж чадах хөлтэй болсонгүй
Эрх чөлөөтэй жолоодож болох тэргэнцэртэй болохоор
Ээжийнхээ хойноос дагахдаа гэвч шаналсангүй
Хүсвэл, хурдаа жаахан нэмээд л
Хүрээд зэрэгцэж чадах, хойно доо.
Ээж бид хоёр хүрээгээ хэд тойрч байтал
Харанхуй болж, буурь өвс гэрэлтэнэ.
Тойрог бүр дээр танидаг хүнтэй таарч тэд ярилцахдаа
Зарим нь түүнийг ядарчихаж гэнэ.
Ээж надад
Түүний хоёр дугуйтын суудал дээр
Өглөө бүр нэг хар муур ирж суучихаад
Явдаггүй байсан тухай тэртээх жилүүдийг дурсах шиг
Намайг урдаас зүүн тийшээ зөөсөн өдрүүд минь
***
НУТАГТАА ХАРИХ АЯНЧИН
Хэзээнээс би нутгаараа дайрч өнгөрдөг
Хэрмэл аянчин болчихсон юм мэдэхгүй
Төрөлх нутаг минь хэзээнээс
Зам дагуух суурин болчихсон ч юм мэдэхгүй.
Галт тэргэнд миеэгнэх хүмүүсийн
Танил, танил бус нутгийн аялга чихний омог шүргэнэ
Бодол минь харанхуй шөнийн дунд урагш тэмүүлж
Тэрэгний цонхонд ойж тодрох нь
Өсөж том болсон би өөрөө байна.
***
ЗОРИГ
Өвс өндөр ургаж, бор шувуу ирэх улирлыг хүлээгээгүй
Магнай тэнийлгэн ирэх магадын амрагаа хүлээгээгүй
Угтан асгарах аадар бороонд хоригдов ч
Уг сэтгэл хувирч
Хүлээлт алдрахгүй
Бороо зогсох вий гэж айгаагүй
Ирэхгүй байх вий гэж л эмээх
Өнөд хүлээх нь миний айдас биш
Хүлээж тэвдэхгүй байх л чинхүү айдас минь
Хэрэв чи энэ зөрүүд занг минь ойлговол
Эр зоригийг минь өрөвдөх болно.
***
Хайр чадахгүй ч
Би хүлээсээр байх болно.
Салхи сэвшиж, бороо зогсохыг хүлээнэ
Цэцэг дэлгэрэх улирлыг хүлээнэ.
Учрах газраа хүлээнэ
Гарын ард үрчлээ суухыг хүлээнэ.
Амьдралд эс тохиох ч
Төсөөлөлд энэ бүхэн биелэнэ.
Хайр хүлээж чадахгүй байгаа нь
Бид хүлээж чадахгүй байгаа хэрэг биш шүү
Хүлээсээр буй
Баяр хөөртэйгөөр яг л солиорсон мэт
Нүд ирмэх зуур нэгэн өдөр
Тэнгэрийн хаяа тийш гялсхийн одоосой гэж хүлээнэ.
Хайр хүлээхгүй ч
Би хүлээсэн
Охин нас минь цэцэглэсэн
Тэртээх жилүүдийг санаж байна
Тэрхэн зуур, цагийн зүүний хөлийн чимээ тодорч
Санаандгүй суутал
Цаг хугацааны үрчлээсийг надад сийлж байсан.
Хайр хүлээж чадахгүй
Хэтэрхий удсан болохоор хүлээгээгүй юм биш
Угтаа би ч хэнийг хүлээгээгүй
Бас хэн ч намайг хүлээгээгүй юм байна.
Одоо өтөл настайгаа цуг амьдрах надад хангалттай.
Сэтгэгдэл хэсэг