МӨ.БАТБАЯР: АХИН ДАВТАГДАХГҮЙ ЦАГ ХУГАЦАА Ч ЯАМАЙ

Яг л нөгөө “ Холдон салж байгаа энэ мөчөөсөө эхлээд
Хонгор минь би чамдаа очиж яваа юм - Би ирж яваа юм, чам руу
Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас
Хорж байгаа юм, энэ чинь - Би ирж яваа юм, чам руу”  гэдэг шүлэг шиг даваа гаригаас холдох тусам даваа гариг руу ойртсоор билгийн тоололын арван зургааны ээлжит нэгэн даваа гариг бидний ертөнцөөр морилон өнгөрч байна. Он тоололоороо бол онхи хэзээ ч ахин туулахгүй, орчлонд ганцхан л удаа ирээд өнгөрөх хувь ганц цаг хугацаа л даа. Он тоололгүй бол бидний туулж л байдаг ерийн нэгэн өдөр. Урьд ч байсан, хожим ч байх надтай, надгүй, тантай, тангүй ирж л байх буцаж л байх, хорвоогийн шар өдөр, бор хоног. Гэвч энэ цаг хугацаа, агшин хормын гүнд өрнөн тохиож буй үйл явдал ахин давтагдашгүй. Хаа нэгтээ намрын буга урамдаж, яг тэр агшинд хэн нэгэн сүүлчийн амьсалаа татаж, тэгэхэд би  ажилдаа гарч, тэр үед нэгэн тагтаа хажуугийн байрны цонхон дээр нарлан суухаар очиж, хэн нэгэн ханиаж, хэн нэгэн санаа алдаж, хаа нэгтээ хүмүүс дурлалцаж хажууханд нь дурлалт хосууд хагалдаж, бургасны навч агаар халбагадан шунган унахад арынх нь навч арай өөрөөр хийсэн унах хорвоо. Хоорондоо холбоогүй ч юм шиг атлаа цаг хугацаагаар нэгтгэгдэн нэгэн агшинд тохиож буй энэ энгийн зүйлс яг энэ чигээрээ ахин давтагдахгүй гэхээс хайрлам. За юутай ч ийм нэгэн гайхалтай цаг хугацааны мэндийг  хүргэе. Хоолоо савлаж аваад л хорвоогийн нэг өдрийг туулюу гээд гарцгаав уу? "Урамтай байх гэж бүгд л хичээдэг, би ч адилхан, өглөө бүр

Бурамтай хар кофе найруулж аваад амьдрал руу хөл тавина"  гэдэг Дээгий эгчийн шүлэг шиг аяга кофе барьж аваад л ахин нэг шинэ долоо хоногийн амьдралд  хөл тавьж байна уу? Ингэсхийгээд таваргаж явтал аяс нь олдох хорвоо байлгүй дээ гэсхийгээд... Би ч тэгж байна. Өглөө шүршүүрт зогсож байхад гэнэтхэн нэг дахь өдрийн өглөө бүр ажилдаа очоод нэг нүүр юм бичиж оруулж байя гэсэн агуу мэргэн санаа төрлөө л дөө. Тэгээд ажилдаа ирчихээд л ийм юм цоохорлоод товшиж сууна. Амралтын хоёр өдөр нуруу нь юм уу? Бөөр нь юм уу? Ямар цус нь тээглэсэн юм өвдөөд болох биш. Ёстой хүний асаргаанд орно гэдэг нь боллоо. Хувцасаа ч өмсөж чадахгүй, орон дотроо эргэж хэвтэрээ ч өөрчилж чадахгүй, хөдлөхөөс хөлийн хуруу, хоёр нүд үлдэж новш царайллаа даа. Амралтын хоёр өдрөөр явдаг сургалтандаа очих гэж үгээ хэлж үсээ зулгаав даа. Мөлхөхдөө тулж явж гүйцэлдүүлсэн нэр хэмээлээ. Буцаж гэртээ ирээд үүдээр ороод л ор луугаа шургаад авлаа. Адар ширтэж өдөржин хэвтлээ. Амьдрал мөнх бус гэдгийг чинь чухам бясалгаж “сайн болж үхнэ л биз” гэж боддог хүн чинь цагаа тулахаар амьдралд хоргодох янзтай. Буянтны буянд эм тан бариулж, иллэг бариа хийлгэж додомдуулж додомдуулж л унтав даа. Өглөө сэрсэн гайгүй өндийж байна аа. Өчигдрийг бодвол бүр овоо хүн шиг 00-руугаа яваад хүрчихэж байгаа юм. Бойтоглож бойтоглож нэг муу юм ажил руугаа гарлаа. Алхчихюу гэж бодсон арай ч “амжихгүй” шинжтэй. Гараа өргөсөн саарал приус-20 той эгч шуртхийгээд л ирээд зогсож байдаг буян юм. Түгжрэл ч гэж най алга. Бодох санах юмгүй байнга алхчихдаг хүнд хэзээ очно доо л гэж бодогдох. Гэхдээ бас зам хороогоод урагшлаад байх бололтой. Таксины ард амьдал мөнх бусаа бодоостой. Тэгсэн эгч хөшжимөө асаав. “Алтан сан” хөмрөгөөс “Ухааны цараатай эрчүүд байхгүй бол...” гээд л эгшиглэж гарлаа. Ард амьдрал мөнх бус, энэ бие эвдэрхүйеэ хэврэг энээ тэрээг эргэцүүлж явсан миний нүдэнд нулимс бүрэлзэж, нулимстай нүдэнд хорвоо торолзоод байгаа юм биш үү. Яадахад нөгөө дуу нь үнэн уярч унамаар, юу юу гэнэ үү “Дэргэд ханхайх эрчүүд байхгүй бол

Дэнж хотойтол хэн зодоглохын бэ” л гэнэ. “Наран тунамал эрчүүд байхгүй бол

Найрын дугарааг хэн түрэхийн бэ” л гэнэ.  Мань мэтийгээ яасан ч сүрхий дөгөөдөг юм. Ойворгон эр бол нээрэн би байхгүй бол энэ хорвоо дэлхий, нарны аймаг яаанаа гэж  чин сэтгэлээсээ түгшин бодмоор. Бараг л тэгж боддогийн даваан дээр дуу ашгүй өндөрлөж, дараагийн дуу эхлэх зуур утсаа скроолдтол Монголд дундаж цалин 421$, нийгмийн даатгалын шимтгэл ажилтнаас 12% Солонгос- 3404$ НТШ-8,9, Австрали- 4445$ НТШ-2% гэж уншаад энд эрдэмтэн байснаас солонгост айл нүүлгэж, шигданы жубан, буудал байрны чонсү хийх нь арга ч үгүй юм даа гэж бодох агшинд бид нарын бараг ингэж амьдарч байгаагийн шалтгаан болсон хүмүүс зам хаалгаж түгжирч яваа биднийг бүр нам зогсоож байгаад дуут дохиогоо хангилуулсаар суман хар тэргээр сүнгэнүүлж одвоо, хөөрхий. Ядахад яр гэдэг үг яасан үнэн үг вэ. Түгжирч явахад энэ л дутаж гэнэ. Бүх зүйл цаг хугацаатай нь яамай, бараа тасарч бид урагшаа мөлхөх эрхтэй боллоо. Хараал хэрүүл, хангинсан дохио, уур уцаар дундуур сажилсаар нэг муу юм ажлынхаа хаяанд ирж хаягдлаа. Эгч “Би монгол эр хүн” гэдэг дуу сонссоор эх адаггүй, их түгжрэл рүү эрмэг гэгч нь дайран орлоо. Намайг үүнийг бичиглэн бүхий дор энэ хотын хаа нэгтээ түгжирсээр л яваа буй заа.

Ахин хэзээ ч давтагдахгүй, хувь ганцхан даваа гариг, энэ цаг хугацаа ч яамай. Энэ амьдралаа аятайхан, аз жаргалтай биш юмаа гэхэд  зовоод байхгүйхэн шиг өнгөрөөчих юм сан даа, ахиж төрөө ч үү? Үгүй ч үү? Ахиад ийм амьдрал олдоо ч уу? Үгүй ч үү? Ганц олдох энэ насаа аятайхан туулчих юм сан. Амьдрал яагаад зүгээр амралт байж болоогүй юм болдоо ч гэж бодогдох л юм. Ажлаа хийе дээ.



2022. 10.10

Сэтгэгдэл хэсэг