ШИ ЖУНШАНГ: ХҮМҮҮНИЙ ЭНЭХЭН НАС

ХҮМҮҮНИЙ ЭНЭХЭН АМЬДРАЛ

Ингэхэд гэр гэгч юу билээ. Хүн хүнд гэр гэх ойлголт онхи өөр буй за. Хүн бүрт, хором мөч бүхэнд гэр хэмээх ойлголт алд дэлэм зөрүүтэй янз янз байдаг. Гэр бол зүрхний угт орших бяцхан үүр, нууцхан агаад дулаахан, хэн чиг гэлээ гэрээ санахад зүрхэнд нь халуу дүүгэж, нүдийг нь нулимс бүрхдэг.

Залуу хүний гэр бол ор. Ор бол буурчийн газар, буцан ирж амрах буудал. Залуу халуун насанд гадуур л таваргаж явдаг хойно доо өлсөнө, ядарна, өнөөх ор л биеээ амрааж, амсхийгээд авах газар болно. Аавын асуулт дүүрэн харц, ижийн үглэх янших ч тэнд цуг бий. Залуу хүн энэ бүхэнд хэдүйн дассан байдаг. Идэж уугаад, амарч амсхийгээд хүчээ сэлбэж аваад босно. Залуу хүн гэдэг нэгэнтээ өсөж том болоод эцэг эхээ давсан байдаг болохоор ээж аав нь аргадангуй, өөдөөс нь ширтэхэд тэрбээр толгой хаялан хаалга тасхийтэл саваад гарч одно. Гэрт аав ээж хоёр нь сэтгэл зовнисоор санааширч үлдэнэ.

Залуус өнийн холд одож өргөн хорвоотой танилцах болж алс газар одохдоо, гэмшин харуусдаг, гэр нь тэр үед  эргийн гарам, эцгийн сунгасан гар, эхийн хайр гэрэлтсэн дотно царай болж хувирдаг. Залуу хүн тэсгэлгүй нулимс мэлмэрүүлдэг. Гэртээ унагасан тэр нулимс гашуун, сул байх нь хамаагүй гол нь энэрэлийн сэтгэл эргэн төрсөн нь, эр зориг урамшиж ирсэн нь л чухал юм. Энэ үед гэр нь яг л шатахуунаа дүүргэх газар, салхинаас нөмөрдөх эрэг адил болдог.

Залуу хүмүүсийг гэр нь заримдаа залхаадаг. Ээж янших, аав хориглох, үл зөвшөөрөх үгс залууст дөрвөн мөчинд нь зүүсэн гав дөнгө шиг болж тэгээд тэсгэлгүй ихээр "хэрэв энэ гэр орон үгүй сэн бол хоригдох юмгүй, хичнээн сайхан, юу хүссэнээ хийж явахгүй юу" гэж дотроо боддог. Тэгээд нүдэндээ толгой хоргодох өөрийн л юмтай болохоо төсөөлдөг. Өдрүүд ар араасаа өнгөрч, залуу улс том болж гэрлэх тухай, гэр бүл болох тухай ярилцсаар өрх тусгаарладаг.

Эцэстээ залуус айл гэр болж, өөрийн орон гэртэй болдог. Эцгий гэрээс эгээ л тэр жил эхийн хэвлийгээс салж мэндэлсэнтэй адил салдаг. Залуус хоёр хүний дэлхий болсон хайрын бяцхан үүрэндээ эхнэр нөхөр болж үүр цүүрээр үүдэн дээрээсээ салавч хайрын сэтгэл нь зүрхэнд нь яваа тул өдөр туж өнө дулаан оргиж таатай явдаг. Эргэн уулзахын түмэн хүсэлд автсан хоёр амьтан эцэстээ нэг юм гал тогооныхоо өрөөнд завгүй бужигнаж дараа нь хоолны ширээнийхээ ард энхрийлэл хайрын сацуу эвлэж нэг эвдрэлдэж нэг суух тэр үед л гэр нь дулаан дүүрэн болдог.

Тэд хүүхэдтэй болно. Чарлан уйлахын аясаар бөмбөгөр гэрт нь гал асах шиг болж, найр хөөртэй өдрүүдийг, зовлон жаргалтай өдрүүдийг тэд мөн тосон авдаг. Залуусын эцэг эх энэ үеэс тэднийхийг элгээ эмтэртэл санаж, нялх нь хоолондоо цадаж байна уу? ус ууж байна уу? унтаж байна уу? гарч тоглохдоо болгоомжтой байгаарай, энх эсэнд нь эгнэгт санаа чилээж өдрийн турш санаа зовнин сэтгэл чилээн байдаг. Хичээл тарах хонхон дуу хангинуут гэрээдээ жирийлгэсээр хаалга түлхэн орж ирэх хүүгээ харахад өөр лүү нь хараад мишээж ааваа, ээжээ хэмээн дуудах тэрхэн эгшинд гэр бүтэн болдог.

Аянч амьдралтаны гэр ахиад л өөрчлөгдөж эхэлдэг. Алс газар аж төрж, амжилт олсон, алдаж бүтэлгүйтсэн хамаагүй, айл гэр болоод хичнээн жил амьдарсан бай хамаагүй тэдний ард бас өөр нэгэн гэр хуучин янзаараа байсаар байдаг нь анхлан мэндэлсэн, өсөж торнисон хожим орхиж одсон тэр л гэр орон юм. Харьд суугаа тэдэнд байн байн таатай бус мэдрэмж төрж, жиг сонин хачирхам гайхам зүүдний ихэнх нь гэртэй холбоотой. Насан өндөр хоёр хөгшин, насан багын найз нөхөд, үүдээр урсах горхи зүүдэнд орохгүй байна гэж үгүй. Тэр хацраа арчихдаа, зүүдэндээ уйлснаа мэддэг. Зав зайгүй ч бай, сул чөлөөтэй ч бай, завчилаад , зоримогхоноор: ГЭРТЭЭ ХАРЬЯ гэж хэлдэг.

Энэ үедээ аянчин маань нэгэнтээ өөрийнхөө бяцхан гэрийг умартсан байдаг. Бодол санааг нь нутагт буй нөгөөх гэр эзэлсэн байдаг. Галт тэргэнд ч юм уу, онгоцонд ч юм уу суугаад гэртээ харих, холоос нутгийн тэнгэрт суунаглах яндангийн утаа, бас хөх чулуун зам, хатаж ширгэсэн горхийг хараад: гэртээ ирлээ гэж хашхирдаг.

Энэхэн мөчид аянчины зүрх сэтгэл тайтгарч, аав ээжийнхээ өмнө суугаад, насан турхруу хөдөлмөрлөсөн  аавынхаа санаа алдах, ижийнхээ үглэхийг сонсоод нулимс унагадаг. Халуун тэр нулимс хоёр хөгшний зүрх рүү урсдаг.

Аянчны зүрх сэтгэл амартал хэд хоноод ахиад мянганы газарт үлдсэн бяцхан гэрээ санагалздаг. Хүүхэд минь сайн болов уу? гэр бүл минь тавтай  болов уу? гэхнээ сэтгэл нь уймарч бушуухан буцахын түүс болсоор буцна. Яаран хаалга түлхэж танил дотно бүхнээ харж сая сэтгэл амарна.

Сэтгэлийн ийм аяс өнөд үргэлжлэхгүй, холын өнөөх гэр нь, өнийн хүслэн болно. Он цаг урган ирж, он цаг ягуухан буцна. Өдрүүд, он жилүүд мөнхөд урсна. Орон гэр үүрд мөнхөд хүн бүрийн зүрхэн гүний зовиур болох болно. 


ОРЧУУЛСАН МӨ.БАТБАЯР 

Сэтгэгдэл хэсэг