Зуны орой нар буулгаад, эсвэл бороо өнгөрүүлээд айлаас мордох сайхан. Эхлээд бороо өнгөрүүлээд мордохын сайханг бичье. Зун борооны дараа морины ам хатуураад дийлдэхээн байчихдаг сан. Бороонд жулчийтлаа норсон суран жолоо агт хүлэг ам булаан дарах тоолонд гар шувтарч, бороо жолоог норгож, жолоо цулбуур хоёр гар, ханцуйны үзүүр норгодог сон. Тийм нэг жолоо дугтачсан жаахан шарга морь хөндөлсүүлээд, үе үехэн гуд татуулсаншээг борооны дараах солонго нумалсан уужим хөндий өгсөөд хайвалзаж явах ч уу, ээ дээ бахтай даа. Дээлийнхээ хормойг гуя, өвдгөө тулмайдан хамжаад, морин дээрээ жисүүхэн атлаа тийм нэг төв эрхэмсэг хэв намба бүрдүүлэн суугаад явахад мориноос минь шинэхэн бороо, норсон эсгий тохмын танартай сүлрэн үнэртээд, хараацай гөлмөн доогуур шахуу нисээд, гэрэлтсэн далавчтай шар соно шумуул ангуучлаад л, голио жирхрээд, гэрийн нөмөр бараадан бороо өнгөрөөсөн айлын ноход миний бараанаар боргоход хүлгийн чих сэртэсхийн хайчлаад ай мөн сайхан сан. Айлын ноход ойртох аядвал тэр хөндийн эхээд дөшүүлсхийгээд жаахан шарга морио нэг ухасхийлгэвэл ноход хүлээж бай гэх шиг сүүлээ даллан хоцрохыг ардаа харах ч мөн ид хав дүүрэн сэн. Морь минь ч сайхан онгойно доо. Мориныхоо амьсгаа дараад сүүдэр хүүшилсэн хөндийн эхээд “Хүрэн толгойн сүүдрийг” исгэрмэгц дөм дөмгөрхөн алхаж урамшаад л, явдал дундаа өндөр ногоон дэрсний толгой шүүрэн амгай араа харшуулан точигнуулан зажлаад л ямар сайхан байх бол доо. Борооноор хад асга нөмөрдөн шоосон адуун сүрэг энд тэндээс гэнэтхэн гарч бэлчихийг хараачлан, аль нь хэний адуу болохыг танин, таамаглан, тоолон бүртгэн явах яасан сайхан байх бол доо. Аль эсвэл ийм бороо өнгөрхийг анаж байгаад сиймхийгээр нь аавтайгаа цуг шуртхийж очоод морио сэлгэчихээд хойш ижилдээ хорогдсон хос морьтой гэрээдээ буцаж байх ч бас яруухан даа. Дөрөө харшихаар морь минь сортосхийгээд л… төдөлгүй хар хөлс нь цутгаж алхаандаа амьсгаадаад л. Морины хөлсний үнэр нэлхийж, хөлөрсөн адууны илч халуу төөнөөд. Аавтай энэхэн тэрхэн явдал, дараа жилээс уяж үзэх унага даага, эсхүл аль нэг үрээнийхээ хөл хөнгөнтэйг аавдаа хачирхуулан ярих, дараа морио сэлгэхдээ унаганууддаа юм зүүе дээ гэсэн шүү ойр зуурын юм хүүнэлдээд давах гүвээгээ ширтээд явж байх даанч нэг сайхан даа. Борооны дараах зуны оройн талд хуучин сүмийн туурин дээр ганц цагаан суварга газраас ургасан цагаан сувд шиг өнгө засан гэрэлтэхийг харах ариусах шиг болдог.
2.
Алтайн ар говийн зун аагим. Зун болохоор нар наашилдаг, үүлс ч наашлаад малгайн орой шүргэх шахам доогуур нүүдэг. Зуны үүлс бөөгнөрч хөвөн шиг хөөсөн чихэр шиг болдог. Зуны оройн гантиг цагаан үүлэн дунд тогоруу ганганах нь сул шүлгийн мөр шиг санагддаг. Үүлс мөдхөн төрөх гэж буй гэдсээ чирсэн жингэр нохой шиг доошоо цүрдийгээд амаржих газар хайх мэт нүүж явдаг. Шатам халууныг айл бараадан өнгөрөөчихөөд ийм нэг үүлс толгойлсон орой мордоод явж байх чинадын аялгуутай.
Огцомхон даваа өөд морио давирсаар зүтгүүлэн гарч ирчихээд. Эмээлээ урагшлуулчихаад, мориныхоо амьсгааг дарангаа эхээд нь сүүдэр хүүшилж байгаа жаргах нартай хөндий рүү дуран тавиад сууж баймаар орой байна байх.
Гануун дээр зуны оройн салхи хүүс хүүсхэн үлээгээд, тэр салхинд зурман сүүл дохиод, ганц элээ тэртээ шандын эхэн дээр эргээд, даваа өгсөж байхад цувран зөрсөн саалийн үнээд давааны арын айлын гадаа мөөрөхийг сонсох нь хийдийн зүгээс дуурьсах цордон бүрээ бийвлэх дууг л сонссон чинээ болох болов уу. Үнээдийн дуунаар тугал ч эхээдээ мөөрнө, бух ч хүнгэнүүлэн урамдана. Тэгээд энэ хөндий тийм гэхийн аргагүй намрын найрын цагаан тохойнх шиг аялгуутай болж хувирна. Жаргалтай найрыг холоос сонсох сайхан гэдэгчилэн үнээ тугал мөөрөх, бух урамдах, нохой хуцах, хувин сав хангичих, хэн нэгэн хүүгээ дуудах, хоньчин хүү цангинуулан дуулах, элээ янцгаах, морь тургих чимээд холилдсон нутгийн анирыг зайдуухан даваан дээр амандаа өвс зуун тэнгэр ширтэж хэвтэнгээ сонсвол ямар байх бол. Ээ дээ хүн үнэхээр ариусаж гэгээрдэг сэн бол ийм л ахуйд ариусан гэгээрч түр ч атугай шунал хүсэл, бодлын үймээнээс ангижирч болмоор.
Морь минь тургилаад л… шүлс нь хацар сэрвэгнүүлж дусаад л. Ганц нэг хөх түрүү дүнгэж ирснээ морины сүүлэнд оногдож буцаад л… Тэгээд тийм нэг тэнгэрт ойрхон давааны орой дээр тэртээ энтээ жилүүдийн явдлыг бодмоглон байвал уу мөн чиг дээ. Бодлын уяа болон ийн тэрийн хэвтэж байгаад бодолдоо ээрэгдсэн чигтээ босоод давааны хэрлэг зам ташаад морио хөтлөн нуруугаа үүрээд алхаж байх ч ойр зуурын шунал хүсэл, атаа жөтөө, уур бухимдалаас эрхгүй нэг холтгоноо доо. Морио хөтлөжээ явахад хойноос ирж шөмбөн хошуугаараа нуруу шөргөөх нь мордооч явъя гэх шиг байдаг даа. Нуруугаа өгч загатнааг нь гартал шөргөөлгөөд баймаар хайр тэр үед төрдөг сөн. Хичнээн олон амьтан, хэдэн үеийн минь ахан дүүс өвөг дээс минь уужирч нэг адган сандарч нэг үүний давж яваа болдоо хэмээн бодохоор салхинд зүлгэгдэж цагаан халцгай болсон энэ буурал давааг шүтэх бишрэх сэтгэл зөнгөөрөө урсаад ирнэ байх даа.
Зуны орой бороо арилж, нар бууж, салхи шуурга тогтуурах амьтан хүнд тийм гэхийн аргагүй тайвширал уужралыг авч ирдэг билээ. Хамаг зүйлс тогтуун тайвуун, аг уг гэсэн цаанаа л нэг налгар. Чухамхүү энхжин жаргалангын орон болж хувирдаг даа. Ийм сайхан оройг чи нэг л үзвэл яг л хамгийн анх амссан зайрмаг эсвэл ундааны ч юм уу амт шиг чиний санаанаас насан туршид гарахгүй. Энэ дэлхийн альханд явсан ч чи даваан дээрээс харсан солонго нумалсан, жаргахын улаан нар, цагаан суваргын гэгээтэй зуны оройн уужим хөндийг санах л болно. Басхүү тээр жил замын айлд уусан айрагны амт шиг үргэлж чамд үгүйлэгдэх болно. Ийм нэгэн зуны оройг чамд хүсье. Заавал үзээрэй. Хүн сонссон сайхан дуугаа бусдад сонсгохыг хүсдэг шиг, идсэн сайхан хоолоо бусдад идүүлэх дуртай байдаг шиг, явсан сайхан газраараа бусдыг явуулах хүсэлтэй байдаг шиг би ийм нэгэн энгүүхэн зуны орой монгол орны хаа нэгтээ өнгөрч байдгийг мөн үзүүлэх гэсэн юм.
Сэтгэгдэл хэсэг