Дөрвөн улирал дундаас шинэ хуучин хоёр оныг дамнан орших хувьтай ганц улирал өвөл. Өвлийн улирал надад шинэ хуучин хоёр жилийн эрэг тэгнэн орших аварга том, асар хүйтэн мөс, цасан гүүр гэж төсөөлөгддөг. Энэ гүүрээр бид бээрч, даарч бусдын нөмөр хайж, хөлдөж, осгож хөлсөө мөсттөл алхан байж хавар цагийн эрэг дээр гарч нар өөд харна даа. Энэ жилийн зун энэ жилийн л зун байдаг бол, энэ жилийн өвөл дараа жилийн ч өвөл байдаг. Ийм нэг илүү хувь энэ улиралд заяасан шиг надад санагдана.
Энэ өвлийн эхний хүйтэн амьсгал хүзүү рүү үлээхүй би өөрийн эрхгүй хорин жилийн өмнөх тэртээ өвлийг санав. Газар дэлхий цав цагаан, хойноос өглөө үдэшгүй хүйтэн жилэн магнай хага ташин жаварлана. Хойноос үлээх тэсгим жавар салхинд айлуудын яндан өмнөш бөхийх нь нүд алдам цаст цагаан тал дунд ганц хүн жаварт туугдан алхаж яваа шиг харагдана. Айл бүрээс аргалын цэнхэр утаа наран зүг өдөржин нүүх нь хүйтэн жавраас зугтан дулаан нар луу яарч байх шиг л. Тэр өвөл би зургаатай, дүү гурван ойтой харин ээж минь цэл залуухан цэцгийн дэлбээ шиг хорин долоон настай байжээ.
Зун нь хамар хатгах өвсгүй халуун улаан ган болсон тул хонины сүүл тэнийлгэлгүй намартаа золгов. Намар нь ганц гэрээр хош ачин нааш цааш оторлож тэнүүчилсэн авч, тусыг эс олоод өвсний сөл татрахтай зэрэгцээд эхний шүдлэн өеөдөж байв даа. Манайхыг өвөлжөөндөө буусан даруй их цас уул хөндийгүй дарах нь тэр. Өвс муутай, дээр нь хэвтрээр мал зутарч, гэртээ орох завгүй малын хотондоо шахуу хаваржиж байж тоссон өнөө хэдэн ишиг, шүдлэн малын хөл гүйцэхээ больж хаа сайгүй зутлаа. Аав малынхаа түрүүчийг барилаад түрүүлээд давахад малынх нь сүүлч уулын энгэрээр дүүрэн ишиг голдуу ямаад нэг нэг бутны үндэс цавчлаад үлдэнэ. Талын нэг тарах гэж үг сонсож байснаас уулын нэг тарах гэдэг үг бас байж болохыг тэгэхэд л анх мэдэрсэн дээ. Энэ янзаараа өвөлжвөл хэдэн ишгээ уулын нэг биш жалгын нэг өргөчхөөд буцах юм байна гэж аав ээж хоёр ярилцаж байв. Тэгээд ээж, дүү бид гурав хэдэн ишгээ аваад хаваржааныхаа гэр лүү буцаж тэжээж онд оруулахаар болж манайх гэдэг айл хоёр салангид боллоо. Аав урцтайгаа өвөлжөөндөө ганцаар үлдлээ. Хаваржааны гэрт өвөлжинө гэж тооцоогүйгээс түлээ, түлш хангалттай базаагаагүй болохоор өвөлжөөнд гаргасан аргал, харганаас хоёр тэмээнд ачиж аваад нэг өглөө бид гурав хөдлөлөө. Өөр ямар ч арга байхгүй. Энэ их цасны хаанаас аргал хайж түүгээд явж байх вэ дээ. Ижий минь ачаатай тэмээгээ хөтөлж, дүүг үүрч, би ишигний нэг захад ижийтэй хамжилцан тууна. Өвөлжөөнөөс хаваржаа хүртэл 13км. Уг нь сайн морины тавраад хүрэх газар ч хоёр нялх хүүхэдтэй, хом ачаа тэмээтэй, хорин ишиг туусан эмэгтэйд алсадна уу л гэхээс ойртохгүй зай. Тэгээд болоогүй зоогоороо тэмээн тавхай, гуугаараа тэрмийн бүслүүрээр татах цастай, хөхөө өвлийн хүйтэн шүү дээ. Тэр өглөө ээж бид гурав урцнаас доошоо, аав харин урцнаас уул өөдөө малаа бэлчээж, хоёр талдаа хөдлөөд бидний дунд эзгүй бор урц үлдэж билээ. Хотны захаар гарахад л пүнхийсэн бүлээн амьсгал үгүй болж өөдөөс уулын ам өгсөж яваа хүйтэн жавраар бид гурав нүүр амгүй алгадуулж эхлэв. Хэдэн ишиг ардаа эргэн майлан майлан хөлдөө газар тожигнуулан тожир тожир бөмбөлзөж, дүү бид бас ишиг дагаж ардаа харан харан уруудна. Цасан доорх чулууны эв зай олж гишгэнэ гэдэг энэ өдрийн цаана юу хүлээж байгаа бол гэж ирээдүйг төсөөлөхөөс зуунтаа бэрх байв. Үе үе бүдчиж хамраараа газар шаахдаа хүрнэ. Үе үе бас халтирч дагзаараа хойш савахдаа тулна. Ай хөлийн минь ээдрээ гараагүй хөөрхий бага нас минь. Ижийн санчиг амьсгалдаа цантан, тэмээдийн толгой бас амьсгаандаа цантана. Хоёр тэмээ газрын уруу холбис солбис гишгэлэн хамар шуугиулах нь ижийг дайрч гишгэх нь үү гэмээр сүртэй. Дүү харин ижийн нурууг налаад зүүрмэглэн явна. Ээж үе үе миний охин сэрээрэй, унтаж болохгүй шүү гэх нь дуулдана. Тэгээд ч нэмэргүй тэр чигтээ унтаад өгчээ. Ээж бүсээ тайлж хормойгоо шуугаад, бүсээрээ дүүг өөртэйгөө цээжээрээ хүлээсэлж уялаа.Унтаж яваад гэнэтхэн хойшоо савж нугасаа таслахгүй болоод авлаа. Гэлээ гээд ижий минь нуруу тэгшхэн алхсангүй. Газартаа наалдчих шахам бөгцийж, жавар сөрсөөр нулимс цийлгэнэсэн нүдээр хүйтэн алсыг ширтэн алхана. Дүү минь ижийн нуруун дээр хөвдөд унтаа янзага шиг л амгалан нойрсож байлаа. Энэ уулын элчилгүй уудам энгэр бэлээр уруудсаар тэртээ доор хормойн үзүүрт уул гол хоёр уулзах цагаан дэрстэй хаяанд манайх бий.
Уулын нөмрөөс тасарч, салхи халхлах сархиаггүй хар зоо уруудахад ишигнүүд цуварч эхэллээ. Зарим нь дороо майлан зогсож явж ядах бол арай тэнхлүүн нь жавар уруудан буцаж зугтаахыг оролдоно. Би ижийгээ бага гүйлгэх юм шиг бодох тул эргэж хургасан ишиг бүхэнд ээжээс түрүүлж хүрч очихыг эрмэлзэнэ.
- Газрын тал дундаа ороод авбал гайгүй байгаа. Гэрээ мэдэж байгаа гэж ишиг эргэж зугтах гэх бүрд ээж хэлнэ.
- Хаана очвол тал дундаа орох вэ? ээж ээ
- Тал дундын овоо хүрээд л талдаа орно шүү дээ, миний хүү. Одоо тээр харагдаж байгаа.
- Аль тээр тэнд байгаа шовойсон хар юм уу?
- Тийм ээ
- Ээж ээ, тэрийг хэн босгосон юм бол. Аав та хоёр барьсан юм уу?
- Бүүр өвөөг нь хүүхэд байхад л байсан юм гэнэ лээ.
- Өвөөгийн өвөө барьсан юм болов уу?
- Харин л дээ.
- Аягүй бол өвөөгийн өвөөгийн өвөө л барьсан байх аа даа
- Тэгсэн л байх аа даа.
- Та өвөөгийн өвөөгийн өвөөг мэддэг юм уу?
- Ээж нь яаж мэдэх вэ дээ?
- Тэгвэл аав мэдэх бол уу?
- Аав нь ч мэдэхгүй.
- Аав хүртэл үү? Яагаад.
- Яаж мэдэх билээ дээ. Тэр хүмүүс чинь бүүр эрт бурхан болчихсон юм байхгүй юу?
- Тэр үед та хүүхэд байсан уу?
- Тийм ээ.
- Надаас ч жоохон уу?
- Тийм ээ.
- Тэгвэл дүүгээс
- Дүүгээс нь ч жоохон.
-Тэгээд та хэзээ ийм том болчихсон юм бэ?
- Ээ тэр цаадах ишгээ гэм. Хэл ам сугалчих гээд.
Би замаас гарсан жижигхэн цайвар бор ишгийг хөөж авч ирж бусадтай нь нийлүүллээ. Нэг үеэ бодвол ишигнүүд нэг нэгнээ дагаад чихээ салбагануулан нэгэн зүгт сүүлээ сэрвэлзүүлэн шөвөр шөвөр алхана.
- Ээж ээ, аав та хоёр өөр өөр өвөөтэй юм уу?
- Тэгэлгүй яах вэ дээ. Аав нь өөрийн өвөөтэй. Өвөөгийн өвөө байгаа.
- Ээжид нь бас өөрийн аав, өвөө, өвөөгийн өвөө байгаа гэж ижий хэлэв.
- Тэгвэл миний өвөө, өвөөгийн өвөө хэн ий?
- Аав, ээжийнх нь л аав ээж, өвөө эмээ миний хүүгийн өвөө эмээ шүү дээ.
Ээжийн өвөө, өвөөгийн өвөө, өвөөгийн өвөөгийн өвөө, бас аавын өвөө, өвөөгийн өвөө, өвөөгийн өвөөгийн өвөө бүгд нийлээд миний өвөө гэж бодохоор сэтгэлд нэг л буухгүй байлаа. Энэ хорвоо дээр тийм олон цагаан толгойтой өвөө нар байдаг гэж төсөөлөхөөр нэг л хачин. Цагаан толгойтой өвөө нар гэж бодохоор хотонд хэвтэж байгаа хонинууд миний нүдэнд харагдана. Гэхдээ манай хонинуудаас ч их өвөө нар байгаа гэхээр итгэмгүй. Тэр өвөө нар тэгээд хаана байгаа юм бол.
- Ээж ээ, ээж
- Яасан бэ миний хүү.
- Энэ ишигнүүдэд ч бас тийм олон өвөө нар байгаа бол уу?
- Урдхаа өөдтэйхөн хурдан туу. Эртхэн очвол дээргүй юу?
- Ээж ээ дүү сэрэхгүй юм байх даа. Ишиг мал туулцахгүй унтаад л байх юм. Хэзээ хүн болно оо.
- Өглөө эрт сэрсэн. Нойр нь хүрээ байлгүй дээ.
- Саянаас хойш зөндөө л унтлаа шүү дээ. Ээж ээ жаахан амрах уу?
- Миний хүүгийн хөл нь эцээ юу?
- Үгүй ээ, дүүг үүрээд таны нуруу чилж байгаа байх гээд л ...
- Заа тэгвэл тал дундын овоон дээр очоод амаръя даа, миний хүү.
Бид гурав тал дундын овоон дээр ирлээ. Ишигнүүд овоо нөмөрдөнө наран ээвэрт зогсоно. Надад энэ овоог яг хэн бариа болдоо гэсэн бодол төрнө. Хав хар чулуудаар өндөрлөсөн овоо гэдгийг би мэдэх ч одоо бол цасаар барьсан шиг харагдана. Ижий нэг гараараа цээживчлэн уясан бүсээ тайлж дүүг авангаа
- Одоо эндээс доошоо ч юухан байх вэ дээ. Оройн жавраас өмнө гэртээ очоод галаа түлээд авбал гэж өгүүлнэ. Тэгээд дүүг өмнөө тэврэнгээ салхинд асгарсан нулимсаа сул гараараа хоёр нүднийхээ нулимсыг шударна. Ижийг ингэж хэлэхээр нээрэн л юухан байх вэ гэсэн зориг орно. Дүү сэрж хавь орчноо тойруулан харлаа.
- Одоо газар цагаан юм чинь миний охин жаахан алхчих гэхэд дүү бууж бүсэнд нь хадсан хонхоо шажигнуулан алхахад ишигнүүд чихээ өргөнө. Надад эртээ дээр үед энэ цав цагаан овоог цал буурал толгойтой баахан өвөө нар барьсан юм шиг санагдана. Овоо гэдэг өвөө юм шиг санагдана.
Хар Ус нуур тэртээ баруун хойно цавцайна. Жин үд ч гэлээ өвлийн нар тэнгэрийн хаяанаас ээнэ. Яг л жаргах гэж байгаа нар шиг хэтэд бүүдийнэ. Эргэн тойрон эл хул, хараа чилээм цасан цагаан дайд, үдийн наранд цасны зэрэглээ л цайварлах бараатай. Энд биднээс өөр амьд амьтны бараа үгүй. Би эргэж уул өөдөө хараа сунгаж аавыгаа олж харах гэж хичээнэ. Үзэгдэх юу ч үгүй. Гэвч аав энэ уулын аль нэг нуруун дээрээс биднийг дурандаж суугаа гэдгийг би мэдэж байлаа. Газар талдаа орсон, зам цагаан ч болсон. Одоо энэ зооноос ганцхан тонгойгоод л ороод явчихна. Бид аяс аясхан цас будруулан, ишгээ туусаар хөдөллөө.
Хөнжлийн зах амьсгалд цантаж дардайн хөлдөөд үүрээр миний нүүрэн дээр мөс тавьсан юм шиг хайрч дааруулахад би сэрнэ. Ээж дүү хоёр бас хөнжилдөө хайруулж ингэж сэрдэг байсан ч байж магадгүй. Хоёр хөл маань ч гэсэн хүйтэн цасан дээр хөл нүцгэн тоглож тоглочихсон юм шиг цэв хүйтэн. Бид гурав ингэж ухнын хар шогшоогоор сэрчхээд амнаасаа уур савсуулан элдвийг ярьж гэгээ жаахан орохыг хүлээнэ. Ингэж ярьж хэвтэхдээ ижийнхээ нэг гуянд дүү, нөгөө гуянд нь би цэв хүйтэн хөлөө нааж хэвтэнэ. Хоёр хөл минь хав халуун гүзээнд наалдсан “дүлий” дэлүү шиг надад санагдана. Би хөлөө ижийнхээ гуя дагуулж аль даараагүй дулаахан хэсэг дээр нааж заримдаа дүүгийн мэдлийн гуя руу хил нэвтэрч ижийнхээ гуя дээр бид хоёрын дөрвөн хүйтэн тавхай байр булаацалдах нь бий. Үүр цайхыг өрхний засварын гэгээ хийгээд аажим аажимхан өнгөө олж туяарах гэрийн унь хананаар баримжаалж байна. Унь улам тодрон тодорсоор тэмээний ноосон сагалдарга нь харагдахуйц болох аль эсвэл гэрийн нөгөө талын хананы бадмаанямбуу эрхний нүд шиг хорголжин хар үдээр тодхон харагдах ахул ижий босно. Үүнийг хоймрын аравчны хээ, дүрс ялгагдаад ирэх цаг ч гэж хэлж болно. Ижий босож өрхөө татахад тооноор гэгээ гилсхийж шөнө орсон цас тэр гэгээн дунд хийсэн гилтгэнэнэ зарим нь нүүрэн дээр сэрүү оргиулан унахад дүү бид хоёр нуугдаад нуугдаад, булхаад булхаад цас орлоо гэж зэрэг шахуу хэлээд хулгана зурам шиг хоёр амьтан бултгасхийж хөнжилдөө булхана. Хөнжилдөө булхаад цас бударч дуусахыг хүлээн хэвтэж байхад гэр эргэх ээжийн хөлийн дуу “чихар чихар, чихар чихар” дуулдана. Төд удалгүй ижий үүдэнд ирээд хөлөө дэвслэх, хөлөө хөлдөө цохин цасаа унагах чимээ гарахад дүү бид хоёр хөнжлөөсөө бултгасхийн гарч үүд рүү харан
- Ахиад цас орчхож уу? гэж зэрэгцэн асууна. Ижий
- Бас жаахан хялмаа нэмчхэж. Битгий хөнжлөө сөхөөд дүүгээ дааруулчих. Гэр халтал тэвчээртэй хэвтэж бай гэж хэлнэ. Ижий зуухны аман дээр бээрсэн гараа үрчин байгаад үнсээ авна. Өглөө бүр үнсээ авч гаргахдаа ээж үүдээ онгорхой орхидог билээ. Ингэмэгц би дахин өндийж хэр их цас орсныг үүдээр сониучирхаж харна. Суулгатай үнсээ тавьчхаад ижийг нааш эргэмэгц хөнжилдөө түргэхэн шиг булхана. Ижий өглөө бүр нэг ортуузаар галаа асаана. Би гал түлэхдээ хэзээ ээж шиг ингэж ганцхан ортуузаар гал асааж чаддаг болно доо гэж бодно. Галаа асаачхаад ижий гурилын элдүүрээр голгүй шахуу хөлдсөн арвын бидонтой усаа нүднэ. Уурт тариа нүддэг шиг нэгэн хэмээр цохиж нүдэх энэ дуун хийгээд аргалын галын зөөлөн үнэрт ахиж нойр хүрнэ. Ижий домбойж хөлдсөн савтай усаа нэгэн хэмээр “тор тор, тор тор” хийлгэж нүдэх зуур энх шаргал гал хөрс даан асаж манай гэр нилдээ утаа униар болно. Галын өмнө суух ижийн царай ч харагдахгүй уур манан гэрийг бүрхэнэ. Энэ үед дүү бид хоёр ахиад л
- Манан, манан нуугдаад, нуугдаад гэж хөнжилдөө булхана. Тэгж булхаад ижий голгүй хөлдөж хоносон усаа цохих давтамжит дууг чагнан хэвтээд хаяа унтаж орхино. Тэгээд гэр дулаацсан хойно ижийн дуудах дуунаар би түрүүлж босож хувцаслаад дүүгийнхээ хувцсыг өмсүүлнэ. Дүү минь өөрөө өмсөнө гэж зөрүүдлээд цамцаа буруу харуулж эсвэл гутлаа солиод өмчих нь бий тул би заавал харгалзаж байх ёстой билээ. Цайгаа уухаас өмнө миний хийх нэн тэргүүний ажил бол “муучууд”-аа пүнзнээс гаргах. Муучууд гэдэг нь энэ өвөл ээж, дүү бид гурав маллаж онд оруулах ёстой өнөөх хорин ишиг. Би тогдгор ногоон дээлээ өмсөж гараа дээшээ өргөж байгаад ээжээр бүслүүлчхээд гэрээсээ гарч малын хашааны зүүн хойд буланд илүү салуу эсгий, туурга, хоёр гурван 200-гийн поошиг, ачааны амбаараас үлдсэн хэдэн тоосго сэлтээр илбэж барьсан пүнз рүү хар хурдаараа чавхадна. Энүүхэн зуур эгц хойно, тэртээ Хар усан нуурын зүгээс хүйтэн жавар шүгэлдэн үлээж хацар час час хийлгэнэ. Гүйн очих миний хөлийн чимээгээр пүнз дотроос ишигнүүд майлна. Пүнзний амыг дарж тавьсан шургааг модны нэг үзүүрийг би арай чүү гэж өргөж холдуулаад. Ингээд би ишигнүүдээ пүнзнээс нь гаргаж бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгана. Тоо тоолж сурсан минь тэр өвлөөс л эхтэй болов уу? Хэт хүйтэн хонодог болохоор муучууд овоорч бөөгнөж хонохдоо нэгнээ дараад алчих нь бий. Өглөө бүр ёс юм шиг нэг ишиг дарагдаж үхсэн байдаг билээ. Ишигнүүд яг л нэгнээ хөнөөдөг алуурчин шиг шөнө бүр нэгийгээ дарж алсан байх нь харуусмаар. Ингээд би орж цайгаа уучхаад ээж бид хоёр тэвэр тэвэр өвс тэврээд алхахад ишигнүүд бидний араас галууны дэгдээхэй шиг цувран дагана.
Өдрүүд ингэж өнгөрнө. Өөр хоорондоо ялгагдахгүй юм нэгээхэн ч үгүй. Өчигдөр, өнөөдөр, маргааш гэж нэрлэх авч угтаа бол нэг л өдөр шөнийг дахин дахин туулаад байх шиг санагдана. Хөрстийг хучсан их цасан хэзээ ч ханзрахгүй өнө мөнхийн өвөл эхэлчихсэн юм шиг тийм уйтай тий дүнсгэр. Шөнө бүр цас нэмж хяруулна. Шинэ мөрөө би өглөө бүр үзнэ.
Бид ирээд арван хэд хоножээ. Ачаалж ирсэн түлш маань барагдах тийшээ хандсан тул ижий урьд өдөр нь далан руу явж тэмээ барьж ирж уяж хонуулаад маргааш өглөө эрт хөдөө рүү шаваг түүхээр явлаа. Би дүүгээ харж, муучууддаа ус, өвсийг нь тавьж өгөх, ижий хэрэв оройтвол ишигнүүдээ пүнз рүү нь оруулах даалгавартай үлдлээ. Энэ өвлийн турш ижий хэд хэд ингэж явсан, дүү бид хоёр хэд хэд ингэж үлдсэн. Хөлдүү газраас шаваг малтаж ирэхээр хөөрхий ижий минь хөтөлгөө тэмээтэй алчуурынх нь орой шоволзсоор жонжуулж оддог сон. Нэгэн өглөө ижий түүнчлэн явж дүү бид хоёр гэртээ үлдлээ. Өдөр өнгөрдгөөрөө өнгөрч цасны цагаан хялмаа дундуур нар бүүдийн баруунш хэвийлээ. Баруун хойноос нуурын хүйтэн жилэн жаварлах энэ үест муучууд толгойгоо гилжийлгэсээр пүнз рүүгээ цувран жирийлдэн ирлээ. Дүү бид хоёр гаран орон хөдөө тийш ижийгээ харуулдана. Ижийгээ харуулдахын ялдар пүнзнийхээ амыг нээж орхиод ишигнүүдээ оруулаад гэртээ орж ирэхэд гэр илт харанхуй татах нь орой болсныг илтгэнэ. Би авдраас лаа гаргахаар өмнө нь сөхөрч суугаад баруун гараа мөр хүртлээ оруулан, хацраа авдрын нүүрэнд наан ухаж гарлаа. Гарт лаа гэчихмээр зүйл эс баригдана. Даавуун ууттай арвайн гурил, элсэн сахар, зэрэг тэмтрэгдэнэ. Толгой чүдэнз, өнгөрсөн жил авсан миний даахийг боосон хадаг, хайч мөн тэмтрэгдэнэ. Гэвч лаа л олдсонгүй. Харанхуй гэрт лаагүй сууна гэж бодохоос айдас төрнө. Хаалга онгойлгож гэгээ оруулж байгаад хайж үзлээ олсонгүй. Үүдний гэгээ авдрын доторхыг ч зэгсэн сайн гийгүүлсэнгүй. Би цээжин хэсгээрээ авдар руугаа шургалан орж байгаад чүдэнз асааж хайлаа. Нэг гартаа асаасан чүдэнзээ бариад нөгөө гараа авдрын хогшлыг нааш цааш тонгочуулна. Гурав дахь чүдэнзээ асаагаад мөн ёсоороо хайлаа энэ авдарт байх шинж ер алгаа. Чүдэнзээ барьсаар өөр нэг авдрын өмнө очиж суугаад эрэлдээ гарлаа. Хэдий ч удсан юм бүү мэд. Гэнэтхэн
- Ах аа гал, ах аа гал гэх дүүгийн хоолой ард сонсогдов. Би хайсаар л байлаа. Дүү ахиад л
- Ах аа авдар дотор зуух байна. Ах аа авдар дотор зуух байна гэх нь тэр. Эргээд харвал анхлан лаа хайсан авдрын онгорхой амаар утаа баагьж байлаа. Дөхөөд очвол дотор нь гал дүрэлзээд эхэлсэн байв. Би дүүгийнхээ дээл малгайг өмсгөж дулаалаад, өөрийнхийгөө өмсөж өмнөө ээжийнхээ дээлийг бөөрөнхийлж тэврээд гэрээсээ яаран гарч
- Ээж ээ, ээж ээ хэмээн уйлсаар ижийн явсан зүг дүүгээ чирч хөтлөн алхлаа. Дүү над руу харж байснаа
- Ээж ээ, аав аа гэж дагаж уйллаа. Цасан дунд нэгнээ хөтөлчихсөн байдгаараа уйлчихсан паацганаж яваа хоёр хүүхдийн ард бөмбийх гэрээс утаа баагьж байлаа. Бид хоёр хэсэг уйлж яваад ижийн бараа байсангүйд эргэж харж зогслоо. Хааш ч явах эцэсгүй дэмий л гайхаж хар утаа савсаж байгаа гэр лүүгээ нэг, хар хүйтэн хөлдүү шаваг түүхээр явсан ээж рүүгээ нэг харна. Хар утаа улам улам баглиурч, өндөр өндөр олгойдно. Манай гэр шатаж байгааг би мэдэж байлаа. Яах учраа олохгүй байлаа. Жаргаж буй наран сүүлчийн улаан туяанаасаа тастаж гэрийг маань өрдчихөв үү гэмээр хар утаа олгойдож байсан гэрээс одоо ув улаан гал дүрэлзэж эхэллээ. Дүү бид хоёр зэрэгцэж зогсоод дугуй улаан түүдэг шиг дөллөн шатаж буй гэрээ мэл гайхан зогсож байлаа. Энэ нутгийг дарсан их цасыг юу ч үгүй хайлуулчихмаар аварга том дугуй улаан гал тэнгэр шатаачих вий гэмээр дүрэлзэнэ. Би ижийнхээ дээлийг аваад гараад ирсэн дээ сэтгэл додигор байлаа. Ээж лавтай дээлийг нь аваад гараад ирснийг хараад баярлана гэж бодож зогслоо. Энэ дүү өөдтэй сэн бол өөр бас өчнөөн юм тэврээд аваад гараад ирэхгүй. Жижиг ууттай будаагаа бариад гарах юм яав даа. Бас ууттай шагайгаа мартчихаж. Шагай минь одоо шатаа байхдаа гэж бодохоос хайран санагдаад болохгүй болохоор дүүгээ эндээ ингээд зогсож бай гэж ээжийн дээлийг нөмрүүлж орхичхоод шатаж байгаа гэрээсээ шагайгаа авахаар явлаа. Дүү араас дагаж уйлагнан
- Зүгээр, зүгээр миний дүү. Ах нь гялс ороод шагайгаа аваад ирье. Шагайгаа шатаачихвал хоёулаа юугаар тоглох билээ гэхэд хоёр хацар нь нулимсандаа даарч улайсан дүү минь ойлгов бололтой хацраа гэрэлтүүлсээр үлдлээ. Би гэр лүүгээ гүйлээ. Ойртохын эцэсгүй халуун улаан гал дундаас хаалга маань шатаагүй харагдаж байгаа нь орчхож болмоор санагдана. Би газраас цас авч нүүрэндээ сайн гэгч нааж байгаад орохоор шийдлээ. Гал эхлээд миний нүүрэнд наасан цасыг хайлуулна тэгээд миний нүүрийг шатаах хооронд шагайгаа аваад гараад ирж болмоор санагдав. Урд наасан цас хайлж би ахин хоёр алга дүүрэн цас хамж аваад хацар, духандаа нааж зогстол хойно хүн уйлах гарав. Хартал миний дүү уйлж, цаанаас нь ээж хормойгоо шуугаад толгойнхоо алчуурыг өрөөсөн гартаа барьчихсан түүгээрээ над руу занган юу ч юм орилж хар гүйхээрээ ирж байлаа. Би эргэж хаалга руу харлаа. Хаалга шатаагүй онгойж харлан харагдана. Гараараа нүдээ дарж байгаад үсэрч ороод баруун хаяанд бэлээхэн байгаа шагайгаа аваад үсрээд гараад ирвэл амжих шиг санагдаад хаалга руу ахиад хэдэн алхам ойртлоо. Эргэж ээж рүүгээ харвал гар дахь алчуураа савчиж даллах нь улам ч далайцтай харагдана. Ижий бараг дүүгийн дэргэд ирж байлаа. Би ээж рүүгээ харж
- Ээж шагай, шагай гэж хашхирлаа. Ээж алчуураа дээр өргөн савчсаар эргэж шатаж байгаа гэр лүүгээ харлаа. Манай гэр хараад л баймаар хачирхалтай шатаж байлаа. Тэгж байтал унь тооно нь дотогшоо цөмөрч нурах шиг болж хажигнасан дуу гарлаа. Нэг мэдэх нь ээ араас хүн татах шиг болсноо учиргүй газраас цастай шороо самардан гэр рүү цацаж эхэлсэн нь ээж байлаа. Хашаан дээрээ хүрз аваад ир гэж над руу хэллээ. Хашаан дээрээс хүрз аваад эргээд ирэхэд ээж дээлээ тайлаад дээлээрээ савж байлаа. Авч ирсэн хүрзээр цастай шороо хүрздээд шидээд шидээд л байлаа. Гэвч эрчээ авч шатсан гал ээжид минь дийлдэхээргүй дэндүү хүчтэй байлаа. Нэг мэдэх нь ээ ижий нүүрээ даран цурхиран уйлж дүү бид хоёр хажууд нь гайхаж зогссон юм. Хүйтэн харанхуйн дунд нэгэндээ наалдан наалдан бөөгнөж суугаа биднийг гайхан харах шиг шатаагүй үлдсэн хар хаалга харанхуйн утаа майн дунд ёрдойж байв. Ижий гар дахь алчуураар нүдээ даран хэсэг чимээгүй суулаа. Дүү минь
- Ээж ээ, ээж ээ гэж тохойноос нь татахад сая сэхээ авч
- Яасан миний охин гэж дуулдахуйц хэлчхээд цаашаа ахиад өөр нэг хоолойгоор
- Одоо гурвуулаа яана даа гэж мэгшив.
Моторын дуу гарлаа. Бид гурав зэрэг харав.
- Аав аав гэж бид хоёр зэрэг шулганаж ижий болохоор
- Аав нь аав нь гэж бид хоёрт хэлэв.
Аав мөн байлаа. Дээрээс дурандаж харчихаад хар эрчээрээ яаруу сандруу ирсэн нь энэ байлаа. Унаагаа хам хум данхраадчихаад хормойгоо өшигчин өшигчин бид гурав руу гүйн хар алхаагаараа наашлав. Би
- Аав аа, миний шагай... хэмээн өмнөөс нь тосож гүйж очтол намайг өрөөсөн гараараа үсэртэл нударч би түнгийн орой руу гэдрэг савж уналаа.
- Хамт шатаад үхэхгүй яасан хар шээснүүд үү гэх нь бүдэг бадаг дуулдав. Өндийгөөд хартал дэрс сандайлан уйлж суусан ээжийн нуруун дээгүүр суран бүсээрээ
- Хамт шатаад үхчих чинь яасан юм, хамт шатаад үхчих чинь яагаав, хар гайнууд гэж ороолгож гарч байлаа. Шатсан гэрээс баагих хар утаа харанхуйд нүүнэ. Дордойж үлдсэн хар хаалга цаанаас нь гайхах шиг онгойж харлана. Аав, ээжийг занчиж занчиж хөшив бололтой
- шатаад үхэхгүй заяагүй хар шээснүүд гэж зүхэл тавин тавиан цаашаа алхаж очоод ёрдойж үлдсэн хаалгаа өшиглөж унагах гэхдээ хий тийрч хөл алдав. Түүндээ ихэд сандрав бололтой. Зугтах шахам эргэж тэнцвэрээ олсноо ахиж очиж өшиглөж унагаад
- Түй гэж газар нулимах нь тод дуулдав. Дүү ижийд тэврүүлэн дув дуугүй, ээж бас дув дуугүй сууна. Аав шатсан гэрээ тойрон наагуур цаагуур нь баахан цамнаж алхав.
Тэр шөнө бид дөрөв ачааны амбаартаа унтав. Босгоны наахан хэсэгхэн зайн дээр задгай гал түлэв. Дүү бид хоёрт хураасан ачаанаас дээвэр туурга гаргаж унтах ор засаж өгөөд аав ээж бидний урдуур зэрэгцэн суугаад байн байн галаа нэмнэ. Амбаарт дулаахан. Буланд бамбарласан байсан мөс хайлж ус тог тог дуслах дуу чагнан хэвтэхүй нойр хүргэнэ. Унтаа сэрүүний хилд зүүрмэгт дарагдах миний чихэнд
- Заа тэгээд та гурав өөрсдөө шарагдаж түлэгдчихээгүй эсэн мэнд байгаа чинь л яамай даа. Зүрх амаар гарах шахлаа. Чи гэртээ байхгүй байсан юм уу?
- Хөдөө рүү түлээнд явсны араар л ... гээд ээж хоолойгоо залгина.
- Уг нь ухасхийгээд та нарт түлээ буулгаад өгчихье гэж өчнөөн бодох юм. Малынхаа бөгснөөс холдох хоёр хором олдохгүй явсаар л таарлаа. Нойр чинь хүрч байвал цаад хоёрынхоо хажуугаар ороод унтаад авахгүй юу даа. Би ахиад жаахан галаа түлэхгүй бол илч даахгүйн. Үүр дөхүүлээд унтчихад өглөөтэй золгуулчих байлгүй дээ гэх аавын яриа бүдэг бадаг сонсогдоно. Тэрлэгээ хувааж нөмрөөд аав ээж хоёр минь гал түлж хоносон тэр шөнө тэр өвлийн хамгийн дулаан шөнө байж билээ.
Сэтгэгдэл хэсэг