МӨ. БАТБАЯР: ДӨРҮҮН САРЫН НЭГЭЭН

***

ДӨРҮҮН САРЫН НЭГЭЭН
Ангийнхан надаас нэг л юм түрүүлээд мэдчихсэн нь 4 сарын 1 байлаа. -Хацар дээр чинь юм наалдчихаж, дөрүүн сарын нэгээн-хөөөх тийшээ хардаа, дөрүүнн сарын нэгээн-Үдээс чинь тайлагдчихаж, дөрүүн сарын нэгээн Нэг л өдөр хичээлдээ ирсэн чинь хүүхдүүд бараг бүгдээрээ шахуу ингээд байсныг би нэг л ойлгож өгөхгүй. Яагаад тэнэгтэцгээгээд байгаа юм бол гэж бодож зогслоо. Зарим нь бүр дайрч ирж гараа далайснаа, намайг навтасхиймэгц дөрвүүн сарын нэгээн л гэх, завсарлагаанаар гараад зүв зүгээр алхаж явтал “уралдах уу нэг хоёрын гурваа ии” гэж ухасхийснээ хар хурдаараа цахилж яваа миний хойноос ха ха ха дөрвүүн сарын нэгээн л гэх, “багш иржийн багш иржийн” гэж гүйж орж ирснээ анги дор бүрнээ нам гүм болмогц дөрүүн сарын нэгээн л гэх. Энэ бүхэн надад үнэхээр жиг хачин байв. Тэд хаанаас ийм юм олоод мэдчихэв. Би хаагуур нь зөрөөд мэдэхгүй үлдчихэв. Энэ өдөр ингэж хэлдэг номтой юм шүү гэж хэн эд нарт заав гэсэн бодол төрнө. Гэхдээ дөрвөн сарын нэгэн, дөрвөн сарын нэгнээр дуусахгүй. Маргаашнаас нь "өнгөрсөн дөрвөн сарын нэгээн" гэсэн шинэчилсэн “загвар” гарч ирээд энэ молигодолт бараг таван сар хүртэл үргэлжилнэ. Багашаар сумын маань төвийн дунд сургуулийн хүүхдүүд бидэнд өөр зугаацчих өөдтэй юм үгүй. -Хоо тэрийг хардаа, өнгөрсөн дөрвөн сарын нэгээн, хоо энийг хардаа өнгөрсөн дөрвөн сарын нэгээн. -илүү балтай хүн байна уу?-байна.-өгчих-өнгөрсөн дөрвөн сарын нэгээн. -Чамтай хүн уулзъя гэнэ. -Хэн -А ангийн тэр. Би дуугүйхэн мөртөөн хурдхан алхалсаар ангиас гарна. Хэн ч үгүй. -Байхгүй л байна ш д. - Ха ха ха өнгөрсөн дөрвөн сарын нэгээнДөрвөн сарын нэгнээс хойших бусад бүх өдрүүд “Өнгөрсөн дөрвөн сарын нэгэн” гэдэгт багтдаг нь аймшигтай. Аль эсвэл дөрвөн сарын нэгнээс хойших бусад бүх өдрүүдийн хувьд дөрвөн сарын нэгэн “өнгөрсөн” байдаг нь сонин. “Өнгөрсөн дөрвөн сарын нэгээн” гэдэг үг хүүхдүүдийн аманд эвлэг гэж жигтэйхэн яг л “эх болсон зургаан зүйл” гэдэг шиг л эхний үгийг нь хэлэхэд л арын үг аяндаа ороод ирдэг болтлоо бидний хэл аманд орно. Би молиго үмхүүлэхээсээ илүү ихэнхдээ л бол үмхнэ. Гэнэн итгэмтгий ч гэж юү гэхэв. Тав дугаар ангид орсон жилийн тэр намраас эхлээд манай гурван бүлгийн эрэгтэй сурагчдын дунд нэг сонирхолтой ажил нэмэгдэв. Тэр нь өдөр бүрийн их завсарлагаанаар бид сургуулиа тойрч уралддаг байв. Тэр жил яагаад тэгж их гүйх дуртай болцгоосныг ёстой бурхан л мэдэх байх. Ер нь хаашаа л эргэнэ үү уралддаг болчихсон байсан юм. Тэгээд их завсарлагааны хонх дуугаруут сургуулийн үүдний талбайн урд захад манай бүлгийнхэн зэрэгцэж зогсож байгаад нэг зэрэг гараанаас гарч сургуулиа нэг бүтэн тойрно. Өөрсдийгөө уралдааны морь л гэж төсөөлдөг байсан байх. Гараанаас гарахын өмнө зарим нь бүр агсамнаж байгаа морийг дуурайж дороо тогтож ядна эргэцэж, бараг л янцгаана. Тэгээд яг л зурхайнаас эргэж байгаа соёолонгууд шиг пирхийтлээ эргэнэ шүү дээ. Яг л морины уралдаан гэсэн үг зул задарна, цээжний морьд сугарна, тасарна, гараа муутайнууд нь араас нь нэхэж гүйцнэ, бариа дөхөөд хурдаа нэмнэ, бараг л өөрөө өөрийгөө ташуурдах шахна. Яагаад ингэж уралддаг байснаа одоо би ойлгодоггүй юм. Манай сургуулийн барилга уртаашаа сунасан тул нэг бүтэн тойроход хэрдээ л хөөрхөн зайтай. Тэгээд барианд орж ирээд чи тэдээр, чи тэдээр орж ирсэн гээд л дугаарлана даа. Тэгээд дараагийн ээлжийн сурагчид уралдана. Хэн ч уралдуулаагүй байхад сайн дураараа ингэж хөлс баастайгаа хутгалдаж, амь амьсгаагаа давхцуулах яасан ч дуртай байгаа вэ дээ. Тэр жилийн дөрвөн сарын нэгний өдрийн хичээлийн завсарлагаанаар мөн тийн уралдав. Нэг хэсэг нь биднийг гүйлгэчхээд сугараад үлдчихэж. Бариандаа ороод ирсэн чинь “Дөрвөн сарын нэгээн” гэчихсэн биднийг их л шоолонгуй, өөрсдөө их л додигор зогсож байх нь тэр. Бахардаж унах шахан гүйж ирсэн мэхлэгдэгсэд түүнд их уурссан юм. Барилцаж, зодолдсон нь ч бий байх. Түүнээс хойш уралдах бүрд хэдэн хүүхэд сугарч үлдээд “өнгөрсөн дөрвөн сарын нэгээн” гэсээр тосож зогсох болсноор аажимдаа бидний тэр уралдаан цаашид үргэлжлэх аргагүйдсэн юм. Бид нарыг хуурагсад хийгээд хууртагсад болгоод хуваагаад хаячихсан хэрэг. Тэгээд ахиж тийм олуулаа нэгдэж тэгж тоглоогүй. Улам л хувь хувьхан болж хагарч бутарсаар өдийг хүрч. Одоо эргээд боджээ суухад амьдралын ямар ч үед бидний ард биднийг мэхлээд сууж байдаг бүлэглэл мөнхөд байж байдаг юм шиг ээ. Ажиллаж байгаа маань ч, амьдрах гэж зүтгэж байгаа минь ч, хайрлаж дурлаж байгаа минь ч, юунд ч юм найдаж байгаа минь ч цөм мэхлэгсдийн явуулга байхаас зайлахгүй санагдах болж. Амьдрал өөрөө агуу том мэхлэгч, агуу илбэчин юм даа. “Дөрвөн сарын нэгэнддэг” тоглоом гэнэтхэн нэг өдөр эхэлсэн шигээ гэнэтхэн нэг л өдөр хэн ч тэгж тоглохоо байчихдаг. Эгээ л тоглоомоосоо уйдсан нялх хүүхэд шиг “өнгөрсөн дөрвөн сарын нэгээн” гэдэг үгийг хөсөр хаяж орхино. Бүр хэлэлцсэн юм шиг хаядаг гээч. Хэн ч хэн дээ заа маргаашаас яг болино шүү гэж хэлээгүй атлаа л нэг л өдөр хичээлдээ ирэхэд ор тас мартсан хүмүүс шиг огт тоглохгүй болчихсон байдаг. Тэгээд дараа жилийн дөрөв дүгээр сарын нэгэнд мартсан тоглоомоо хүүхэд гэнэтхэн санаад ихэд шинэрхэж тоглодог шиг ахиад нөгөөхөөрөө зугаацаж эхэлнэ.


Гэвч бас анги ахих тусам энэ тоглоомоо тоглохоо бид больж байлаа. Биднийг зугаацуулах өөр олон сонирхолтой зүйлс орлох болов. Аль ч дөрвөн сарын нэгнээр бид ахиж тэр багийнх шигээ тоглохоо байв. Дөрөв дүгээр сарын нэгэн бусад өдрүүдийн л адил энгийн нэгэн өдөр болж хувирснаас хойш бидний дотор байсан гэнэн нандин, цайлган итгэмхий нэгээхэн зүйл алга болчихсон шиг санагддаг. Дөрвөн сарын нэгэн бусад өдрүүдтэйгээ ижилсэн уусаад алга болчихсон шиг бидний сэтгэлд байсан нэг л сайхан зүйл сэтгэлийн бусад олон өнгө рүүгээ уусаж шингээд байхгүй болжээ гэж би боддог. Дөрөв дүгээр сарын нэгэн энгийн л нэгэн өдөр болж хувирснаас хойш.2021.04.01

Сэтгэгдэл хэсэг