ДЭЭЛИЙН ХУУЧИН НЬ БУЮУ ДОРЖСЭМБЭ АХЫН ШИНЭ НОМ

Амьдралд минь

Юу ч тохиолдохоо болиод уджээ.

Намар оройн, бүүдгэр үдэш…

 

-Шики Масаока

Орч: Г. Аюурзана "Дэлхийн сонгомол яруу найраг" 

Ойрын хэдэн жилийн хугацаанд монгол хэлээр гарсан ямар ч яруу найргийн номыг уншиж суухад, уншиж дуусахад аль эсвэл бүр анхны хуудсыг нь эргүүлмэгц л дээрх гурван мөр санаанд ордог болчхоод байгааг би гэнэтхэн анзаарав. Яруу найрагт юу ч тохиолдохоо болоод уджээ. Анх шимтэж байхад авсан шүлгийн ном бүхэн л гайхалтай сайхан санагддаг байлаа. Тэрчлэн би ямар ч яруу найргийн номд  “эрүү мултлах” гайхалтай шад мөр байгаа даа гэж шүлсээ гоожуулдаг, итгэдэг, хүлээдэг яардаг болчихсон байж билээ, нэг үе. Гэтэл одоо яруу найргийн ном нээхээсээ айдаг болчхож юу ч тохиолдохгүй дээ нөгөө л шүлгүүд байгаа гэхээс халгах дэмий л навсартал уншсан нөгөө хэдэн номоо л дахин дахин хойно урдаас нь гарчиглах болж. Би анх удаа шүлэг уншсанаас хойш өдгөө яг хорь дахь хавартайгаа золгож байна. Хорин жил. Бал цуглуулж яваа зөгий шиг амьтан хойноос нь салбаганаж хөөцөлдсөний эцэст  хоёр ээлжийн хувцас шиг цомхон хэдхэн яруу найрагч, яруу найргийн түүвэртэй л хоцордог юм байна. Амьдралын алаг, эрээн зовлон жаргал дундаас олж авсан хагацашгүй анд нөхөд шиг тийм хэдхэн унших дуртай яруу найргийн ном, яруу найрагчтай болдог юм байна.  Учиргүй сайхан юм хүлээхээсээ илүүтэй уур хүргэмээр юм байхгүй бол яамай даа л гэж боддог болчхож. Яагаа вэ дээ нөгөө

Явуухуланг анх уншсан үе шигээ

Яасан ч ахиад жаргалтай болохгүйгээ /Г.А/  гэдэг шиг яг ийм болчхож. Яруу найраг уншаад яасан ч ахиад жаргалтай болохгүй болохоор хааяа хараагдчихсан ч юм шиг хачин муухай мэдрэмж төрдөг юм байна шүү. Гэтэл би өөрийгөө жаргалтай болгох юм яруу найргаас хүсэх эрхтэй сэн бил үү? Эрхтэй бол учир нь юу юм. Эрхгүй бол бас яагаад гэж.  Яруу найраг хааяа надад гүлмэрхэн багад минь намайг мэхэлж дагуулж ширэнгэн ой руу оруулчхаад орхиод алга болчихсон муу хүн шиг санагддаг.  Нар ч тусдаггүй тэр ойд надтай адилхан мэхлэгдэж ирсэн хүмүүс энэ хорвоо ертөнцийн хамаг л уйтгар гунигийг бусдаас илүү мэдэрч, шаналж энэлж байгаа юм шиг санагддаг. Ийм учраас энэ худалч хуурамч амьтнаас би нэхэх эрхтэй.  Яруу найраг хааяа надад гүлмэрхэн ахуйд минь жигүүр дээрээ суулгаж хамгийн өндөр уулын орой дээр аваачсан шиг санагддаг. Эргэн тойрноо, бэл толгодгүй, нуга хөндийгүй, судаг жалгагүй би нүд дүүрэн харна. Миний дээр зөвхөн тэнгэр л байна. Уулын уулын оргил дээр надтай адилхан хүмүүс мөн тэгж зогсоно. Оргил оргил дээрээс бид нэг нэгэн рүүгээ уухайлан хашхирч ярилцана. Тийм учраас би нэхэх эрхгүй. Тхх энэ мэт санагддаг. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Юу ч тохиолдохоо болиод удчихсан байсан амьдралд минь юм тохиолдлоо “Дээлийн хуучин нь” гэж ээ мөн голтой үг юм. Доржсэмбэ ахын шүлгүүд л энэ удаан хугацааны дараа дотоод сэтгэлийг минь ёстой чиг чимлээ, чимлээ. Чимээд дэгжин сүлд мод шиг болгочихлоо. Өөрөө дандаа хүний уур унтуу барж, урам хугалж явдаг мөртөөн шүлгүүд нь дандаа баяр хөөр, хөнгөн ёжлол орчлонд юунд түүртэхгүй амьдрах хатыг өгч байдаг шид нь бүрэлдсэн амьтан шүү. “Дээлийн хуучин нь” гэдэг л үнэн санж. Шинээр гарч буй яруу найргийн түүврүүдэд урамгүйдсэн сэтгэлийг  Сэмбэ ах минь л сэргээлээ. Интер ном, Спортын төв ордны тэр хавьд л бөөвийгөөд сууж байдаг байсан нөгөө нэг хүн шүү дээ, нөгөө нэг гэдэг нь тэр хавиар явбал аягүй л бол өнөөх гайтай таарчихна гэхдээ та бидний албаар өөр замаар явдаг байсан тэр хүн. Та бидний даялаж өнгөрсөн замын тэрхэн зайд ганцаараа ганцаардаж суусан тэр хүн. Бас та бидний нөхөр шиг нөхөрлөж, ах дүү болж, амраглаж. Орон гэрээрээ аваачиж, хооллож ундалж, номыг нь хэвлүүлж, өөд нь татах гэж үзэж, болохгүй болохоор нь үнэн голоосоо уурлаж, чин сэтгэлээсээ гомдож явсан тэр хүн шүү дээ.  Тэр хүн гэдэг нь тэр гудамжинд л тэгээд сууж байдаг Сэмбэ ах шүү дээ. Үнэндээ Сэмбэ ах ч ганцаараа гудамжинд гарсан юм биш Сэмбэ ахтай цуг манай яруу найраг өөрөө гудамжинд гарсан. Яруу найраг шиг хэрэггүй, элий балай юм байхгүй болсон, яруу найраг шиг үнэ цэнгүй юм байхгүй болсон, яруу найрагчийг давын өмнө доог тохуу хийдэг болсон. “За алив намайг харж байгаад нэг дөрвөн мөрт хэлээдэх дээ” гээд хүмүүс инээлддэг болсон. Яагаад гэхээр 90-ээд оноос хойш энэ салбарыг зүгээр л хаячихсан. Яагаад гэхээр үзэл суртлаа яруу найрагчийг ашиглаж түгээх хэрэггүй болчихсон.  Намын үзэл санааг яруу найргаар дамжуулж хүргэх хэрэг төрд байхгүй болчихсон. Тийм болохоор зүгээр хаячихсан. Соц-ийн үед яруу найраг, төр хоёр шиг өвөр түрийндээ орсон юм байхгүй л байсан шиг байгаа юм. Нохой засуулсан хүндээ янаг гэж манай хэд ч магтаалыг харамгүй хайрласан даа, намдаа. Тэр үе өнгөрөөд тэгсхийгээд манай төр, яруу найраг хоёр хоёр тийшээ болсон доо. Тэгээд яруу найраг маань гудамжинд гарсан даа. Ашиглуулж ашиглуулж хаягдсан авгай шиг л хаягдсан санагддаг. Нам маань өөр шинэ залуухан амрагтай явалдаж яваа харагддаг. 

Бурхан гэж байдаг юм гэнэ лээ. Бидний буян хүрэхгүй, ухааны сүв бөглөрчихсөн болохоор олж харж чаддаггүй юм гэнэ лээ. Олж харж чадахгүй болохоор нь бурхныг хүний дүрээр явуулчихдаг юм гэнэ лээ тэгэхээр сая хардаг юм гэнэ лээ. Бурхан бидэнд ээжийн дүрээр, багшийн дүрээр, андын дүрээр, ачтаны дүрээр ирдэг гэдэг шиг яруу найраг гудамжинд гарсныг хэн ч олж харахгүй болохоор нь хүний дүрээр тухайлбал Доржсэмбэ найрагчийн дүрд хувилгаад гудамжинд гаргасан байж ч магад. Товчхондоо бол амилсан яруу найраг гэж болно. Арай дэгсдүүлж байнаа гэж та бодож байгаа байх. Үгүй дээ аль ч утгаараа, аль талаараа хөгийнөөрөө сайхнаараа ч тийм л байсан гэж би хэлнэ.

Уран бүтээлчдээ, уран зохиолдоо тэр дундаа яруу найрагтаа бид яаж ханддаг тэр бүхнийг би Сэмбэ ахаас хардаг байсан. Одоо зүгээр ямагт үнэн байцгаая. Хэн ч жүжиглэх хэрэггүй. Хэнд ч сайхан харагдах гэх хэрэггүй тэгэх тусам үнэн чинь тодорно. Захын жишээ “Алган дээрээ бөмбөрүүлсэн, айлын хооронд үүрсэн” гээд л дуулах аль эсвэл “Захгүй говийн үзэсгэлэн загийн шугуйд дулаан хө” гээд л хичнээн олон гавьяат дуучид дуулсан юм, энэ дуунуудыг дуулж тэр нэр хүндэд хүрсэн юм бүү мэд Сарантуяа гавьяат хичнээн ч шинэ жил, баярын хойморт “Цастай гудамж гантиг шиг цайж” гэж зогссон юм бүү мэд. Гэхдээ би юуг гадарлах вэ гэхээр сая дурьдсан гурван дууны шүлгийг бичсэн зохиолч П.Пүрэвсүрэн ах амьдралын сүүлийн өдрүүддээ ямаршуухан ядруухан үдсэнийг би гадарлах юм. Хэн ч хэзээ ч дууг нь дуулаагүй юм шиг чимээ өнгөрснийг нь би мэдэх юм.

 Ер нь байна аа би ингэж боддог хэт цагаан цайлган, гэнэн итгэмхий, шунал санаагүй хүмүүс амьдралын хяслант эргэлт, нийгэм гэж том машины төмрийн аяыг даадаггүй юм шиг санагддаг. Олон сайхан уран бүтээлчид, билигт охид хөвгүүдээ бид нийгмийн өөрчлөлт шилжилтийн махны машинд хэрчүүлсэн гэж боддог. Хэргийн учир нэрийн дурьдаж болох ч тэр дурьдамгүй байна. Та нар өөрсдөө бодно биз.

Сүүлд би жүжигчин, яруу найрагч Р.Гэрэл эгчтэй уулзсан. Гэрэл гэхээр та бид одоо санахгүй байх магад. Дан ялангуяа миний залуу үеийнхэн. Тэр бол "Тан руу нүүж явна"-ны Жаргал, "Гул Аранжин" киноны Сувдын дүрийг бүтээсэн эмэгтэй. "Хурд" хамтлагийн "Хань минь чи ийм цаг ирвэл. Дэндүү хайр сэтгэлийг минь санаад. Халуухан өврөөсөө намайг буцаахаан азнаач. Амьдрал мэдэхгүй би чинь чинийхээ дэргэдээс холдвол. Салхи даган жиндэн өтөлнө"  гэж дуулдаг "Ханьдаа" дууны шүлгийг бичсэн хүн. Хотын Гэрэл гэхээр үеийнхэн нь андахгүй байх. Надад бол үнэхээр дэндүү гэмээр цагаан, цайлган хүн шиг санагдсан шүү. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Доржсэмбэ яавал бидэнд таалагдах байсан бэ гэвэл яг бид нартай адилхан амьдарвал л ибд нарт таалагдах байсан. Аан илүү амьдарвал бас адлаад эхэлнэ. Яг адилхан амьдарвал л бид хүлээн зөвшөөрнө. Яг л нөгөө “авгай аваач, нөхөрт гараач, амьдрал чинь болохоо байлаа” гэж уулзах бүртээ хэлдэг хүмүүс шиг. Тэр хүмүүс яагаад тэгээд байдаг вэ гэхээр өөр авгай авчихсан, нөхөрт гарчихсан учраас л өөрийнх нь амьдрал зөв, өөр амьдралаар яваа хүмүүс нэг л буруутаад байгаа шиг санагддаг байх. Гэхдээ энэ бүхэнд Сэмбэ ах нэг номоороо хариулсан “Хэнд би таалагдах ёстой вэ?” гэж ёжтой асуусан. Өнөөдөр харин ЦАС БОРОО нэртэй номыг нь уншиж сууна. Эмхэтгэж редакторлох гол нуруу ажлыг яруу найрагч Л.Батцэнгэл ах хийжээ. Олон олон хүмүүс гар бие оролцож бүтжээ. Ер нь Сэмбэ ахын өмнөх номуудыг ч гэсэн багш нь, анд нөхөд нь л дэмжиж гаргасан байдаг байх шүү. Хайрлаагүй биш хайрласан, сэтгэл дэвсээгүй биш дэвссэн л гэж би хэлнэ. Хариуд нь харин хачин сайхан шүлгүүдээрээ харин ч нэг хайрласан даа. Би одоо ч хайрлуулж сууна.

 

ХЭЗЭЭ УНАГАСАН НУЛИМС ВЭ...

 

Алчуураар даллаад байх шиг

Ганц шувуу

Нисээд одох нь

Нулимс юм.

Аавтай минь адилхан

Өвгөн хүн

Хаа газар тааралдах нь

Нулимс юм

Хаврын сар цонхоор

Тэргэлтэн харагдаад

Өглөө болоход

Алга болсон байх

Нулимс юм.

Өвлийн цасан дээр

Гаргасан мөрийг минь

Хүмүүс гишгэчин арилгасан байх

Нулимс юм

Гол голын уснаас

Буга шиг

Залгилж явсан минь

Нулимс юм

Гол руу тонгойх тусам

Тэнгэр  улам ойртох

Нулимс юм

Гагцхүү

Хэзээ унагасан нулимс юм бэ

Хэзээ...   тус шүлэг бол түүний урьд өмнөх түүвэрт хэвлэгдэж байгаагүй. ХАРИН


 сүүлийн “Цас бороо” номд багтсан шүлэг. Тэр яруу найргаараа дандаа л хэзээ үл хариулж дийлэх ямар нэгэн асуулт бидэнд тавьдаг байлаа. “Хэд дэх бороо вэ?” ч гэж байх шиг “Хэнд би таалагдах ёстой вэ?” ч гэж байх шиг санаанд оромгүй хачин асуулт уншигчдад тавина. Уншмагцаа тэгээд бодно. Нээрэн сая миний хацар дээр дуссан бороо, энэ дэлхий дээр унаж байгаа хэд дэх бороо бол гэж асууна. Түүний яруу найраг түүний бодолд, түүний номд төгсөхгүй уншсан хүн нь ургуулж бодоод цаашаа буухиалаад явна. Хэзээ эс төгсөнө. Миний бодлоор энэ л уран зохиол, энэ л яруу найраг юм байгаа юм даа. Уран зохиол чинь ердөө л ухаалаг асуултууд шүү дээ. 

МӨ.БАТБАЯР

Сэтгэгдэл хэсэг