ЧАМД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Өвөл эцсийн хүчээ шавхан өндхийх гэж зүтгэлэх хэвтрийн хүн шиг ирж буй урин цагийг сөрөн эцсийн тэсгим жавраа эрчилэн шидрүүн идэрмэг үеийнх шигээ хүйтрэх гэж оролдохыг миний сэтгэл өрөвдөнө. Сэтгэлд нь тас нясхийн хүйтэрч болмоор шиг багтавч  үл гүйцэлдэнэ. Жамаараа наашилж явсан урин дулаан цагийг ээдрүүлж үе үе ийм зэвхий өдрүүд өвлийн шувтрага дээр ирэх нь халаагаа хаварт өгөхгүй гэж аашилж байгаагаас зайлахгүй гэж бодогдмоор. Хавар болж дээ гэж хэмээн бодож алхтал хариугүй осгоож алах шахна. Энэ бол ирж буцахын хонгор ааль, эргэн хургаж буй цагийн хоргодол билээ. Гэвч ертөнцийн мөнх орчилын жам цагийн сэлгээ, залгааг удирдах авай. Өвөл ийнхүү яаж тэлчлээд ч тэсэж үлдэж чадалгүй улирч одох нь өрөвдөл төрүүлнэ. Гэтэл хавар надад ирье гэж ирэхгүй өөрөө ургасан мод шиг зөнгөөрөө наашилж яваа шиг санагдана. Цас хүртэл дур мэдэн хайлаад л цаанаасаа тохиол зүй ёстой юм гэдэг юунд ч үл дийлдэнэ.

 Цаг уясах сайхаан. Цасны цоогт болжмор нарлах, цасны цоогт хонь хургалах, алтан заадал заарч эх үр салах их халуун, амьдрал нь ингэж эхээс хагацах хагацалаар эхэлж буй нялх төл өрөвдөл төрүүлнэ. Халуун хэвлээ үдсэн ч хөрст этүгэн эхтэйгээ учирлаа даа гэж бодоод нэгэнтээ тайтгарч хавар хаврын тэнгэр дор би алхдагсан. Эхийн алтан урагт бүрэлдэж эх дэлхийн алтан хэвэлд энэ хурга бид хоёрын бие шингээд дараа хавар нь хөрст газраасаа зөөлхөн хөх ногоо болж ургана. Саарахгүй байсан хүйтнийг эрчийг эх үр салах их халуун үлдэн хөөж байх шиг түүний үрээр хавар ашгүй нэг юм ирж, халуун далуун арай чүү хахир хүйтнээ дийлж байх шиг надад санагдана. Тийм болохоор би мал төллөх өвөл хаврын заадас үед хачин дуртай. Тийм цагаар хөдөө очоод цасны зэрэглээ ширтэж зогсохуйяа өөрийн эрхгүй уясал төрж өөрөө би ахин мэндэлсэн шиг нялхрангуй болдог аюу. Тэр цаг хааяанд иржээ. Энэ хорвоод олон шинэ амьтан мэндэлдэг, олон эх үр учирдаг эрхгүй сайхан улирал. Төллөж буй малын буянг хэлээд баршгүй. Малчны хотонд сүрэг нэмэх буян, малчин хүмүүс төлөөр баяжиж, шөлөөр цадна гэлцдэг. Мөн  ямарваа нэг амьтныг тээж төрүүлээд энэ нэгээхэн насанд нь ээж нь болж явах буян, үүн дундаас цольд гойд буян нь мэндэлж буй тэдгээр амьтдыг нэг төрлөө олоход нь тусалж халуун хэвэлдээ бүтээн буйгаараа энэ хорвоогийн бүхий л эх амьтан гайхамшигтай билээ. Эх амьтны буянаар л энэ хорвоогийн амьтан нэг төрлөө олж төрдөг билээ.  Тийм болохоор би ирэн учирч буй бүхэнд хайртай. Ямархан учир шалтгаан, шүтэн барилдлагын үрээр цогцолж, яагаад энэ цаг үед энэ олон дундаас надтай учирна вэ гэж бодохуй сэтгэл хөдөлж тэр бүхнийг би талархан хүлээж авнам. Зарим нь уур барах гэж ирнэм. Уур мунхагаа тэвчих, догширсон муу сэтгэлээ нэг удаа өнжих боломж үүний ачаар надад ирлээ хэмээж би дуугүй өнгөрнөм. Зарим нь урмаар тэтгэж,  намайг саруул ухаан, сэцэн билгээрээ шагшуулнам, бусдын сайханг даган баясах өөрөө үйлдсэн мэт талархан хүлээн авч сурах боломжийг тэд бас надад олголоо гэж талархнам. Тийм учраас би бүхнийг талархан хүлээж авнам. Муу үлгэр надад үзүүлвэл, муугаар үлгэрлэсэн багш минь болном, сайн сайхныг нүднээ илт харуулваас надад сайнаар үлгэрлэж буй багш минь болно хэмээхийг санаж ирж буй бүхэнд учир шалтгааныг зангиднам. Энэ бүхний дундаас хайр сэтгэл, хоёр биений учрал гэдэг гайхамшигтай гэж сэтгэнэм. Гадаад, дотоод оршихуйгаараа шүтэн барилдан учирч, бүтэн болж буй учрал бүхэнд би талархнам. Тийм учрал хүнд хайрын сэтгэл төрүүлнэм. Харах бүрийд хайр энэрэл, асрах нигүүлсэхүйн сэтгэл надад үүдээнэ. Таныг харах бүртээ бурханы дүрийг харах мэт уужуу амирлангуй сэтгэлтэй би учирнам. Та буй тул би ийм сэтгэлтэй болном. Хайраар дүүрнэм. Өөртөө төрүүлж үл чадах сэтгэлийг учирсан та надад бүтээж өгнөм. Энэ нэг насандаа хамаг амьтныг биш юмаа гэхэд нэгэн хүнийг хайрлаж явах боломжийг та надад нээнэм. Тэгээд би ийн бичнэм:

 “Хайрт минь бол” гэвэл чинь хайртай болъё

“Далд орж үз” гэвэл чинь арилж өгье

“Сайн найз бай” гэвэл ёсоор болгоё

“Өст дайсан болцгооё” гэвэл өсөрхөж явъя

Өөрийн чинь хүсэл бүхнийг биелүүлье

Сэтгэл гэдэг угаас жолоодож болдог эд

Санах гэдэг харин мартахын дайтай хэцүү

МӨ 2021.01

Тэрэлж

 

Та надад хайр болж шүлэг болж ирнэм.  Сэтгэлээ аль сайхан тал руу нь жолоодохыг би хүснэм. Би өдөр бүр сэтгэлдээ буй сайн сайхан чанрын хөрсийг алтан бумбатай рашаанаар усалнам. Тийн үйлдэх шалтгааныг та өгнөм. “Таныг” гээд зэрвэс бодоод өнгөрхүйяа зэрэгцээд надад гэгээн тунгалаг бодол орж ирнэм. Хайрласан хүн бүхэнд ийм сэтгэл төрдөг аюу. Тэгээд би бас

Борооны хойно ч бороо орсоор ахул

Гунигийн дараа ч гуниг төрсөөр ахул

Энэ хагацалтай тайвуухнаар нүүр тулж

Эргэж ирэхгүй одсон чиний хойноос ч

Инээмсэглэн, хараа чилээн суухыг минь зөвшөөрөө ч

 

ШИ МӨРӨН абугайн нэгэн шүлгийг  ийн орчуулаад, хагацалтай ч хамгийн сайхнаараа нүүр тулах ёстойгоо ухаарч суунам. Харамсахааргүй хайрласан цагт л хамгийн сайхнаар хагацаж чаддагт би итгэнэ. Тэр итгэлд хүрюү хэмээвээс урьтаж харамсамгүй хайр бүтээхийн төлөө миний сэтгэл тэмүүлмой, би тэмүүлмой. Гэвч харамсамгүй хайр гэж байхгүй билээ. Хайранд зөвхөн дутуу л гэж байхаас илүүгэж үгүй билээ. Хайрлах сэтгэлийг тэтгэн хөгжүүлээд л байвал хязгаар байхгүй буюу.

Тэгээд би:

  Бүх замыг чамд зориулж тавьсан


Бүх гүүрийг чамайг зорчиг гэж барьсан

Бүх ордонг чамайг зочлог гэж босгосон

Бүх хүслээ чиний төлөө оршоосон

Бүх зүйл минь билээ чи, үүний л тулд би өдөр шөнөгүй зовнидог

Зам уртаад, хойноос чи санах вий гэж эмээх юм

Гүүр өндөрдөөд, чамайг айлгачих вий гэж эмээх юм

Ордон аглагдаад, эл хуль уйтгарт автуулчих вий ч гэж бодох юм

Хүсэл минь цөөдөөд, та үүнийг ойлгохгүй байх вий гэхээс эмээх юм.

Чамдаа л зовних юм. Тэгээд хүсэх юм.

Хүсэл минь замын тэмдэг, чи зүгээ алдаж мэднэ шүү дээ.

Хүсэл минь гүүрний тулгуур, чи гатлага завьнаасаа хагацаж мэднэ шүү дээ.

Хүсэл минь дам нуруу, чи хэлбийж хазайх магад шүү дээ

Хүсэл минь залбирал найдлага, чи цаг хугацааг эндүүрч магад шүү дээ.

хэрэв энэ тэнгэрийн санаа аваас, эцэстээ би хэрхэн тэвчих билээ.

нэг л өдөр замын тэмдэг шилжихээр, чамайг бүү эргэлзээсэй гэж найднам

нэг л өдөр гүүрний тулгуур унахаар,  чамайг гатлаж чадаасай гэж найднам

нэг л өдөр дам нуруу нурна, гэвч чамайг тэсээд үлдэхэд найднам

нэг л өдөр, найдвар тасарна, гэвч чамайг ойлгоно гэдэгт найднам.

Яруу найрагч:叶挺王

ХАЙР СЭТГЭЛ

 

Энэ бол бүтээхүйн, өгөхгүйн, хайрлахуйн тухай гайхалтай сайхан шүлэг. Энэ бол хайр сэтгэлийн магтуу. Ийм нэгэн шүлэг хөрвүүлээд баяр хөөр болном. Урьд би зөвхөн уйссан, гунигт сэтгэлээс л шүлэг төрдөг гэж боддог байлаа. Тэгж бодсон тулдаа байсхийгээд л гуниг шаналал, гаслан энэлэн рүү тэмүүлдэг байлаа. Тийм л хорвоогоос уйдсан үедээ хэдэн мөр холбох аяддаг байв. Тэр мэт сэтгэлээс тэр мэт шүлгүүд төрдөг байв. Одоо харин би хайрласан, баяр хөөр дүүрэн гэгээн тунгалаг сэтгэлээс ч төрж болохыг ойлгосон. Та надад ойлгуулсан. Би ийн бодном. Ийн бодохуй учирсан танд хайр төрмүй. Цаг ягуу ягуухан уярч уриншиж байгаа лугаа адил сэтгэл минь мөн зөөлөрч, дөлгөөрнө. Ирж буй хавартай цуг ийм сайхан сэтгэлүүд надад ирж буйд ихийн их баярланам. Нэг нэгэндээ сайн сайхан болон ирж буй учрал бүхэн сайхан билээ.

Ай хавар. Амьсгал бүхнээс нь амь төрөх улирал. Хавар нэгэнтээ амьсгалхуй хонь хургална, бас нэгэнтээ амьсгалхуй ногоо соёолно, мөн нэгэнтээ амьсгалхуй цэцэг дэлгэрч тэгээд түүн дээр нисдэг цэцэг мэт эрвээхий ирж сууна.  Тийм нугаар чамтай хөтлөлцөн алхахуйяа улаан, цагаан, эрээн, цоохоор зүсэн өнгийн эрхээвийд бидний өмнө нисэж бууна. Дөхөөд очихоор л цочоод цаашаа ниснэ, тэгээд дахиад бууна. Бидний өмнө эрвээхий ниснэ. Бид эрвээхий тууж яваа шиг санагдана. Эсхүл эрвээхий биднийг замчилж нисээ шиг санагдана. Ийм цаг хаяанд иржээ. Удахгүй ингэж явна даа.

 

МӨ. БАТБАЯР. 2021.02.10

Сэтгэгдэл хэсэг