БАТЖАРГАЛЫН ОДГЭРЭЛ: ЯРУУ НАЙРАГТАЙГАА ДАХИН ЗАМ НИЙЛЛЭЭ

Ярилцах санал тавьж анхлан зурвас илгээсэн өдөр буюу түрүү оны 12 сарын 28 наас яг 28 хоногийн дараа таниас зөвшөөрсөн хариу ирлээ, машид баяртай байна. Хариу ирэх үед бид  /яруу найрагч Ц. Дэлгэрмаа, Б. Баясгалан/ ажлаараа ид хуралдаж суусан юм. Би хүмүүсийн яриа тасалж ярилцахаар боллоо гэсэн мэдээг бусаддаа дуулгаснаар манай хурал таны тухай яриагаар солигдох нь тэр. Москвагийн эртний санах ой болсон Арбатын гудамжаар Аюурзана ахтай хэлхэлдэж явсан, Галсансүх ахтай цуг Нямдорж багшийндаа цоожлогдож суусан, Шар сонины эрхлэгч хийж асан, 7 дугаар сарын бэгнэм халуунд хөлийн хуруунууд нь сарвайгаад ил гарчихсан ханзархай буриад гуталтай Улаанбаатарын гудмаар алхалж явсан тухай, Гоманг дацанд яруу найрагч Оргилболд та хоёр уулзаж та цуйван хийж өгсөн гээд үнэн гэх хэцүү, худал гэх хэцүү олон л дурсамж ар араасаа хөвөрлөө. Гэвч алийг нь ч таныг гэж итгэхэд бэрх санагдаж суув. Өөр өөр цаг үеийн, өөр өөр учир шалтгааны л  үр биз ээ.  Тийм учраас би энэхүү яриагаа яг одоо та хаана юу аялаж суугаагаас эхлэх хүсэлтэй байна. Гэхдээ та хүсвэл дээр миний дурдсан дурсамжуудыг өөрөө цааш өгүүлэн эхэлсэн ч болно шүү.

1990 онд байх. Одоогийн Боловсролын их сургуульд 5 жил суучихаад үймээн гарах үед коммунист намуудын түүх судлахгүй,ийм хөтөлбөрөөр хичээллэхгүй гэж өргөдөл бичээд сургуулиасаа гарсан. Үүнээс хойш сонины газрууд дамжаад ажилтай, ажилгүй жил гаруй тэнэсэн.Өмссөн бүх хувцас найз нөхдийнх байлаа. Дуучин Н.Төмөрхуягийн өгсөн гутал, яруу найрагч П.Бөхбатын аавын пальто, С.Олзвойн хүрэм, багшийн малгай.

...Хүрээний гудамжаар орь ганцаар
  Орь ганцхан бодол шиг эргэлднэм.
..
 гэж тэр үед бичжээ.

Увсын Ц. Цогбаяр гэж миний найз гайхалтай залуу байдаг, тэр л Санхүүгийн коллежийн байранд өвөлжүүлж, хаваржуулж билээ. Зун нь морин хуурч Х.Алтантуг бид Архангай руу явган гарсан. Мөнгөгүй учраас. Архангайн Хайрханд миний эгч, Булган суманд Тугийн эхнэр хүүхэд нь байсан юм. Булганы Сайхан суманд явж байхад гутал ханзраад Ц.Буянзаяагийнд очтол шинэ гутлаа тайлаад өгч байлаа.

Ер нь 90-д онд маш олон яруу найрагч, зураач, сэтгүүлч, гэрэл зурагчин, найруулагч, хөгжмийн зохиолч, дуучин, хуурч, судлаач, жүжигчин, сэтгүүлчид хилгүй нөхөрлөж явж. Одоо бодоход энгийн халуун уур амьсгалтай байжээ. Товчхондоо би хэсэгхэн хугацаанд "богемный" амьдрал үзсэн. Буриад гутлын хувьд хэтрүүлжээ. Тэр үеийн тухай ийм нэг шүлэг байна.

Хүмүүсийн уншдаггүй номыг уншиж
Хүмүүсийн иддэггүй хоолыг идэж
Хүмүүсийн унтдаггүй газар унтаж
Хүмүүсийн өмсдөггүй хувчдыг өмсөж
Хүмүүсийн явдаггүй явдлаар явж
Хүмүүсийн ярьдаггүй хэлээр ярьж
Хүнээс гадуур өнгөрсөн нас минь
Хүмүүсийн хүлцдэггүй зовлонг хүлцэж
Хүмүүсийн айдаггүй үйлээс айж
Хүмүүсийн айдаг үхлийг судлах
Хөлгүй хувьтай учруулсан байна.

Шар сонины хувьд нэрнээсээ эхлээд л тэрсэлсэн шүү дээ. Шууд өдөөд эхэлсэн. Энэ чинь бас нэг дизайн, шийдэл мөн биз дээ. Хууль зүйн яам бүртгэхгүй татгалзаад байсан. Бүртгэлийн түшмэл нь айсан байх. Дараа нь сайдынх нь хэмжээнд хүрч шийдэгдсэн. Энэ нэрнээс би одоо ч уйдаагүй л байна. Шар сонинуудын тухай үг дугарах бүрт Шар сонины далд реклам хийгдэнэ. Үүний нэг жишээ нь Э.Бат-Үүл "Шар хэвлэлийг устгах миний төлөвлөгөө" гэдгээ гаргаж нийтэлсэн өдөр манай сонины гүйлгээ эрс нэмэгдэж байлаа. Гэхдээ хэзээ ч жинхэнэ утгаараа таблоид байгаагүй. Дугаар бүрийн макет дизаин бүрт бас үргэлж урлагийн жижигхэн шийдлүүд хийгдэнэ. Даниас хүн ирж бидэнд сонины дизайны Дани школ зааж байсан юм. Сонины нэр, өнгө хоёрын хэрэг өөр зүйлд ч гарч байлаа. Н.Энхбаяр анх ерөнхий сайд болох үед МҮЧСХ-ны ерөнхийлөгч Дашдондов гуай түүнд Шар сонин, шүүр хоёр гардуулж байв. Ерөнхий сайд Ц Элбэгдорж Израилийн Сөнөсөн тэнгисийн усан дээр Шар сонин уншчихсан хэвтэж байгаа зургаа бидэнд явуулж байлаа. Шар сонин миний хувьд тэгэхээр зөвхөн бизнес байгаагүй. Өөрөөр хэлбэл, сонин хийхдээ урлаг хийж байгаа мэдрэмж хамт байсан. Нью Йорк Таймс сониныг уншигчид нь хэрэгтэй юм нийтлэхгүй байна гэж шүүмжлээд, сонин хариуд нь нэг жилд нийтэлсэн зүйлээсээ эмхэтгэн маш сайн ном гаргаж хариу барьсан гэдэг юм. Шар сонины нийтлэлээс орчуулгын хоёр томоохон тууж гарна. "Төвд лам нарын залуужуулах дасгал" гэж ном С.Цэвээн гуайн орчуулгаар энд анх цувралаар гарсан. Дараа нь ном болж хэвлэгдсэн. Чөлөөт хэвлэлийн хяналтын үүргээ ч тодорхой хэмжээгээр биелүүлсэн байх. Сонины хэдэн эрхлэгч л жаахан юм үзсэн дээ. Нэг нь жалганы аман дээр дагз руугаа буу тулгуулсан ч байдаг. "Хөх толбо"-ын Эрдэнэбаатар ах нэг удаа "Хятадын аюулаас хамгаалахад хар данстай хэдэн сонины нэгэнд танайх бий" гэж байсан. Эрсдлийн мэдрэмж бол яруу найрагчид зайлшгүй байх ёстой зүйл гэж би боддог. М.Кузмин иймэрхүү санааг Ахматовагийн анхны номын өмнөтгөлд бичсэн байдаг юм. 2002 онд манай сониныг тухайн үед сөрөг хүчин байсан намын нэг фракц худалдаж авч дампууруулсан. Би хэвлэлийг аль ч үед сөрөг хүчин байх ёстой гэсэн зарчимтай явдаг байлаа. Гэтэл тэр фракц өөрийнхөө дайсан гэж ойлгосон юм шиг байгаа юм. Энэ нь ч надад завшаан болж намар нь би Горькийн сургуульд явсан даа. Дээр таны дурьдсан дурсамжуудыг нэг хүний амьдралд эвлүүлэх гэхээр сайн нийцэж өгөхгүй байж болох л доо. Гэхдээ тэр бол зөвхөн гадна харагдах тал шүү дээ. Миний амьдрал хэзээ ч тогтсон дүрмээр яваагүй. Би дуртай, хүссэн зүйлээ л хийж ирсэн. Дургүй зүйлдээ тэрсэж явсан. Надад тухай тухайн үеийн идеал байсан ч хэзээ ч хэн нэгнээр дөрлүүлж байсангүй. Тэр бүү хэл саяхан болтол аль нэг философи үзлийг хатуу баримтлаж яваагүй нь аз юм. Тийм болохоор жинхэнэ дагах ёстой үзэлтэй учрах үед амьдралын ямар ч нөхцлөөс хөрвөхөд амар байсан байх. Тэр үзэл маань бурханы шашны оршихуйн тухай сургаал шүү дээ. Ялангуяа цанидын ном гэдэг онцгой шинжлэх ухаан юм.  Өнөөдрийн хувьд Городок гэдэг жижигхэн хотхонд хөл хорих маягтай, чойрын номноосоо бага сага хараад маань уншаад л сууж байна. 

Хажуугаар нь бас мэдрэмж санаануудаа тэмдэглэж байна. Шүлэг ч болж магадгүй. Гоман дацангийн парчин зиндаанд бид Дандины "Зохист аялгууны толь"-д хийсэн Тавдугаар Далай ламын тайлбарыг үзэж яруу найргийн онолоор шалгалт өгдөг. Дуун ухаан лам нарын мэргэших ёстой арван ухаанд багтана. Ингээд яруу найрагтайгаа дахин зам нийллээ.

Эхний хариултаас миний сэтгэл рүү “Өнөөдрийн хувьд Городок гэдэг жижигхэн хотхонд хөл хорих маягтай, чойрын номноосоо бага сага хараад маань уншаад л сууж байна.” гэсэн өгүүлбэр хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Явъя. Шууд Городок яваад очъё. Харин очих шалтгаанаа юу гэж хэлэх үү? Бодох юу байхав дээ, энэ ярилцлаганд хэрэг болох тул таны зургийг авах хэрэгтэй байна гээд л хэлчихье. Хэрэгтэй байгаа нь үнэн л юм чинь. Ерөөсөө л нүүр учирч, нүүр хагарахгүй бол би нэг л гэрэвшиж биеэ бариад өөдтэй асуулт ч асууж чадахгүй, өөрийнхөө хөгийнийг энэ ярилцлагын турш мэдэрсээр дуусах юм гэдгийг зөнгөөрөө мэдэрч байлаа. Эхний асуултын эхний үгийг тавихаас эхлээд л эвлэж өгөхгүй бүх зүйл болохгүй байгаа мэт мэдрэмж төрөөд байсан учраас үл таних энэ зочинтой нэн тэргүүнд уулзах ёстойг ухаарч байв. Зураг авах хэрэгтэй байгаа учраа хэллээ. Хариу байдаггүй хэсэг түдлээ. Би бодлоо: Гар бариад бугуй барина гэдэг л боллоо. Ярилцлага хийе гэж хоргоох, тэгснээ бас болоогүй уулзаж зургийг тань авах ёстой гэх давруу ч амьтан болдоо гэж бодож буй байхдаа гэж бодохоос нүүр халуу шатна. Хариу байдаггүй. Би тэсэлгүй ахиад учирлалаа. Би танд төвөг удалгүй сэмээрхэн хэдхэн зураг аваад л болоо гээд л мөнгө зээлэх гэж байгаа хүн шиг тойглож гарлаа. Төдхөн  харин нааштай хариу өгч байна. Маргааш үдээс хойшхон хүрээд ирээрэй, ах нь таваархан босдог шүү гэж байна. Тэр шөнө нь миний нойр хүрсэнгүй, үүр хүртэл хөрвөөж улирын дуугаар босно гэдэг л боллоо. Арай чүү өглөө болголоо. Хар өглөөгүүр босоод л түчигнэж гарлаа. Үд дөхөж өгдөггүй 13 цаг гээд хүрээд ир гэсэн атал би 12 болоогүй байхад Налайхад оччихсон тууж явлаа. Өвлийн өдрийн нар чөдрийн ганц морь шиг тэртээд сүүдийж, өөрөө би тэр нарны дор бүүдийнэ. Үргэлж үл таних зочин байсан эрхэм хүмүүн одоо надаас хэдхэн бээрийн цаана сууж байгаа гэхээс өвлийн бүүдгэр нар бүх илчээрээ ганц намайг гийгүүлж байна уу гэлтэй сэтгэлд тийм гэхийн аргагүй сайхан бүлээн хөөр төрнө. 

Нээрэн л нэг хүний амьдралд эвлүүлэх гэхээр эв эе нь олдомгүй ч шиг юм. Гэхдээ хүн хүнээс зээлдэж авсан хувцасыг нэг хүн өмсчихөөр нэг хүний хувцас болчихож байгаа шиг эсрэг тэсрэг олон явдлыг нэг хүн туулчихаар нэг хүний туулсан зам мөр болчихдог бололтой. Таныг яруу найрагтайгаа дахин зам нийлээд ирэхэд уншигч олон ямар ч эргэлзээгүйгээр улбаа харгуй дээр хүлээгээд “зогсож” байх болно. Тийн зогсохын шалтгаан болбоос 2003 онд ADMON барханд хэвлүүлсэн “Үл таних зочин” түүвэр тань билээ. Би хувьдаа “Бидэнд урьд байсан нэг муу сэтгэл унтарч, урьд байгаагүй нэг сайн сэтгэл төрж гэмээнэ үүнийг ном төрлөө хэмээдэг” гэсэн үзэл онолтой зууны зуун хувиар санал нийлдэг. “Үл таних зочин” бол нэн тэргүүнээ надад урьд байгаагүй нэг байтугай сайн сэтгэл төрүүлсэн бүтээл. Унших бүртээ би хайрлахуй руу өөрийн мэдэлгүй тэмүүлж орхидог. За тэр монголын уран зохиолд яасан ийсэн шинэчлэл, энэ тэр бол жичдээ асуудал байх. Та бидэнд энэ номоо бүтээсэн түүхийг ярьж өгөөч. Бас номын ар талд “Одоо тэрбээр Москва хот дахь Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолчоор суралцаж байна” гэсэн байдаг. Яаж яваад тийм орой ч гэмээр шинэ мянган гарсан хойно тийшээ оччихсон хэрэг вэ? Тэнд байсан өдрүүдээ одоо энд бидэнд дурсаач.

Горькийн сургуульд явснаа би заримдаа буруу шийдвэр байсан гэж боддог. Шалтгааныг нь заавал хэлээд яахав. Гэхдээ 40-50 жил монголын уран зохиолын амьдралтай холбоотой байсан газар очоод үзчих хэрэгтэй байсан л даа. "Үл таних зочин" номын тухайд гадна хэлбэрийг чухалчлаагүй. Дотор зохирлыг алдахгүй бичихийг хичээсэн. Ц.Батбаатар таараад, яруу найргийг нийтэд зориулж бичих албагүй гэдгийг чамайг уншаад ойлголоо, гэсэн. Т.Содномнамжил "Вампир" шүлгийг яруу найраг биш гэж хэлж байв. Гэтэл С.Анудард бичсэн даруйдаа уншихад их таалагдлаа гэсэн. Шүлгээ уншигчидтай хуваалцсан тохиолдолд тэдний санаа бодол бас чухал л даа. Гэхдээ ямар юм бичсэнээ өөрөө сайн мэдэж байх ёстой гэж боддог. Тэгвэл хүн тоосон тоогоогүй хамаагүй. Өнөөдөр би гоо зүй, сэдэв, хэлбэр, ахуйн хувьд өмнөхөөс өөр бичье гэж санаж байгаа. Мэдээж гэнэт өөрчлөгдчихгүй л дээ. Бид дэлхийгээс ялгарах юмтай байх ёстой биз дээ. Юун түрүүнд ахуй ялгаж өгнө. Тэгээд гүн ухааны өөр уламжлалтайн хувьд гоо зүйн түвшнээр ялгарч болно. Хэлбэрийн шинэчлэлт одоо хангалттай гэж санагддаг. Буцаад уламжлалт хайрцагтай, сонгодог хэлбэрээр бичвэл бараг хэлбэрийн шинэчлэл санагдахаар болчихож. Дэлхийн яруу найргийн өвд хатуу тогтсон 50 гаруй хэлбэр, дээр нь өөр бусад зуу гаруй хэлбэр, төрөл байна. Тэдгээрээр бичиж үзвэл ур чадварын сорил, сонирхолтой туршлага ч болох байх. Сэдэв бас асуудал болчихсон юм биш үү. Эсвэл би өнгөцхөн харж байж ч болох юм.

Сэдвээсээ түрхэн хазайж цаг үеийн асуудалтай холбоотой нэгэн асуудлыг таниас тодруулахгүй бол горьгүй нь. Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг нэр бүхий 54 гишүүн өргөн мэдүүллээ. Хүмүүс зүсэн зүйлийн л байр суурьтай байх шиг байна. Хэлмэгдүүлснээр нь Оросуудаар төлүүл гэх хүн ч байна. Хүн шашин шүтэх эс шүтэх эрхтэй. Яагаад шүтдэггүй шашиндаа татвараасаа нөхөн олговор олгох ёстой юм гэж эгдүүцэх нэгэн ч байна. Энэ хүнд хэцүү цаг үед цагаа олоогүй төсөл өргөн барилаа гэх нэгэн ч байна. Энэ тал дээр таны санал, байр суурийг сонсох нь зохистой байх гэж санана. 

Бурханы шашин хүчтэй болбол монголчууд оюун санааны хувьд нэгдмэл болно, хүчтэй болно. Бурханы шашныг гүрэм заслын хэмжээнд биш, шинжлэх ухаан, ялангуяа сэтгэлзүйн хүчтэй мэдлэг талаас нь ойлгож хүлээж авдаг болчихвол захын монгол хүн өөрөө гайхамшиг болно. Америкийн Висконсин Мэдисон их сургуулийн тархины лабораторийн судалгаанд оролцож тархины бичлэг хийлгэсэн гаржүд ёсны Минжүүр Ринбүүчи болон франц гаралтай хувраг Мэтью Ричар хоёрыг дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэж Тайм сэтгүүлээс эхлээд зарлаад байна. Ийм хувийг монголчууд эдлэх боломжтой. Энэ мэдлэгийг заах эрдэмтэй багш нар цөөн ч болов байна. Дараагийн үе нь ч бэлтгэгдэж эхэлсэн. Монгол улс, улс төрийн нөхцөл байдлын талаас ч хүмүүсийнх нь өгөгдлийн буюу авьяас буяны талаас ч бурханы шашны ганц найдвар болчихоод байгаа юм билээ. 

Судар, тарни хосолсон их хөлгөний ламын шашны хүчтэй уламжлалтай тусгаар тогтносон улс дэлхийд өөр байхгүй. Өрнө, дорнын олон сая сэхээлэг иргэд бурханы шашныг судлаж дагадаг ч монголчууд шиг хувьтай, авьяастай нь ховор. Өөрийнхөө хэл дээр ном үзэж байгаа төвүүдээс ч илүү гараад байдаг нь гайхалтай. Түүхэндээ ч тийм байсан. Нөгөө талаас монголчуудыг сул дорой, эв нэгдэлгүй байлгах гаднын ашиг сонирхлууд маш их байдаг бололтой. Тиймээс бурханы шашинд нөхөн олговор олгох олгохгүй нь мөнгөний асуудал биш. Гэхдээ эсэргүүцэгчид мөнгөндөө байгаа юм шиг харагдуулахыг оролдож байна даа, миний бодлоор.

Өнөөдөр Бямба гараг. Би Тэрэлжээс бичиж байна. Эртээд танай арын нуруун дээрээс хоёулаа ширтэж асан манантай шаргал уулын энгэрээс шүү. Зоригдол дүүрэн нүдээр харж байсан ууландаа би нэгэнт иржээ. Ийн өгүүлэхийн учир нь олон жил шашны ном үзэж суухдаа яруу найргаараа нэгэнт хүрчихсэн ойлголт, ухааралтайгаа бишгүй таарч байв уу? Ер нь яруу найргаар гэгээрэлд хүрч болох уу?

Яруу найргаар гэгээрэлд хүрч болдоггүй нь харамсалтай. Гэхдээ яруу найрагчид гэрэл гэгээ, гэгээрэлд хамгийн ойрхон хүмүүс ч байж магадгүй. Яруу найрагчид дотроос л хамгийн олон зөнчид, ер бусын чадвартнууд олдох байх. Адаглаад л сайхан сэтгэл, шударга ёсыг тэднээс л юун түрүүн хүлээдэг. Тэд ч итгэлийг нь даасаар ирсэн. Оросын мөнгөн үеийн найрагч Саша Чорныйг өнгөрөхөд нохой нь түүний цээжийг дэрлээд хамт үхсэн түүхийг би мартдаггүй. Н.Гумилёв өөрийн үхлээ маш тодорхой зөгнөсөн шүү дээ. Ажилчин хүн намайг буудна гээд. Өмссөн хувцсыг нь ч бичсэн санагдана. Маш олон экспрессионист шүлэгч үхлээ нарийн зөгнөсөн. Пушкин биеэ хувилж чаддаг байсан л гэнэ. Вордсвордод бичих шүлэг нь цагаан өднүүд нүднийх нь өмнүүр бутарч байгаа мэт харагддаг байсан гэдэг. Рильке ивээн тэтгэгчийнхээ өгсөн шилтгээнд байх үед найзынх нь саяхан нас барсан охин Верагийн хий үзэгдэл яруу найрагчийн төдийгүй герман хэлт уран зохиолын оргил  гэгддэг "Орфэйд зориулсан 55 сонет"-ыг гуравхан долоо хоногт туурвихад нь"тусласан" түүх бий.

Волошин биеэсээ гал гаргадаг байв. Ахматова маш эгэл даруу амьдарч, Италид шагнал гардахаар явахдаа өмсөх даашинзгүй байсан гэж Найманы дурсамжид байдаг бил үү дээ. Ер нь тохь тухаас татгалзаж хатуу банзан орон дээр унтдаг байсан шүү. Энэ нь түүний ёс суртахуунтай холбоотой гэж би боддог. Ванчинбалын хөвгүүд уйсал төрж, өвсөн өмбүүлд суухыг хүсч буйгаа шүлэглэсэн. Эрт үеийн хайку шүлгүүд зэнгийн лам нарын бясалгалд төрсөн мэдрэмжүүд шүү дээ. Ноён хутагт, Мял богд нарын тохиолдол бол дээрхээс өөр. Жишээ нь Мял богдын хувьд шүлэглэн дуулах нь амьсгалж байгаатай нь ижилхэн зүй ёсны чадвар болчихсон. Тарнийн ёсоор хоолойн хүрд ариусан чөлөөлөгдөхөд ийм чадвартай болдог гэж үздэг. Манайд хадгалагдаж үлдсэн их олон уртын дууны үг номын утгыг дуулдаг. ”Уяхан (Баяхан) замбативийн наран” дууны нэг бадаг орчлонгийн мөнх бусыг сануулсан үгтэй байдаг шүү дээ. Гэх мэт жишээнүүд байна даа.

Яруу найраг надад гайхалтай нөлөөлсөн. Яруу найрагчдын намтар, шүлгийг уншиж, ойлгох гэж хичээж өрсөлдөж, нийтлэгдэлгүй үгүй болсон олон шүлгийг сэрж, бодож мэдрэмжээр нь амьдарч явахдаа өсч хүмүүжиж байсан гэж боддог. Тийм боловч гэгээрлийн ном болон яруу найргийн зорилго өөр. Бурханы номд эгэл бидний хүрч үзээгүй сэтгэлийн болон ойлголтын түвшнүүдийг бурхан болох хүртэлх эрэмбээр нь хүрч үзсэн, өөрийнх нь оршихуйн чанар болчихсон гэгээрсэн бодгалиуд тодорхойлж таниулж өгөөд тийм түвшинд хүрэх аргуудыг тайлбарладаг. Энэрэхүй сэтгэлээр жишээлэхэд бидэнд ийм сэтгэл бий боловч бага хөлгөний мөрд орсон хүний хэмжээний энэрэхүй байхгүй. Бага хөлгөнтөнд их хөлгөний энэрэхүй байхгүй. Бага хөлгөнтөн бусдыг зовлонгоосоо хагацаасай гэх энэрэхүй байх боловч чухам би зовлонгоос нь салгаад өгье гэх хүч байдаггүй. Үүнийг, бага хөлгөнтөн бусдын зовлонг арьсан дээр нь цог унасан мэт мэдэрдэг бол их хөлгөнтөн шархан дээр нь цог түлсэн мэт мэдэрдэг гэж шастирт ялгаж өгсөн байгаа. За үүгээр асуултад бараг хариулсан байх гэж бодож байна.

Их хөлгөнтөн бага хөлгөнтөнөөс нилээд хожуу үүссэн урсгал байх тийм үү? Тийм учраас өмнөх бага хөлгөнтөнөө дордшоох хандлагатай байдаг юм байна даа гэж хардаг. Бага хөлгөнтөн гэж нэрлэж байгаа нь хүртэл доошоо хийгээд ч байгаа юм шиг. За энэ мэдээж миний мөчид ташаа ойлголт байх. Тэгэвч би тэнэг хүн тэг дундуур нь гэдэгчилэн энэ чигээрээ зүтгүүлээд л дуусъя.  Миний болоод үүнийг унших хүмүүсийн над мэт эндүүрлийг та хариултаараа арилгаж өгөөрэй гэж хичээнгүйлэн хүсье. За тэгэхээр бага хөлгөнтөн, их хөлгөнтөн ялгаагүй гэгээрэлд хүрч нирван болох гэдэг рүү зоридог байх тийм үү. Гэгээрэлд хүрэхийн тулд бага хөлгөнтөнүүд заавал даяанч амьдралаар амьдарч, хүмүүсийн өглөг төдийгөөр амь зууж их хөлгөнтөнүүд бол гэртээ сууж байгаад ч гэгээрч болно гэсэн ялгаатай арга замтай юм байна гэж ойлгож байгаа маань зөв үү. Гэгээрэлд хүрч нирван болно гэхээр сансрын хүрдээр эргэлдэж ахин төрөхөө болино гэсэн үг үү? Ер нь энэ таны суралцаж буй энэ урсгал юу сургадаг юм бэ? Манай улсад нэвтэрсэн энэ буддизмыг хүмүүс есөн бусаар л хэлэх юм. Бид яг аль урсгал чиглэлийг нь дагаж шүтээд  байгаа улс юм бэ?

Их, бага хөлгөний номыг Бурхан багш зэрэг номлосон юм аа. Шавь нарын оюуны чадавхид тааруулж аажуухан гэгээрэх хувьтай хүмүүст судрын ёс, тэр дундаа гүнзгий утгыг шууд хүлээж авч чадахгүй шавьд бага хөлгөний номыг айлдсан. Хөлгөн гэж хөлөг онгоц л гэсэн үг. Энэ номыг хэрэглэж зовлонгийн далайг гэтлэн нирваанд хүрэх учраас үүгээр нь бэлгэдэж хөлгөн гэж нэрлэдэг. Бага хөлгөн төгс нирваанд хүргэж чадахгүй учраас ингэж нэрлэсэн, түүнээс доромжлох утга байхгүй. Бага хөлгөний ном пали хэл дээр хадгалагдаж голчлон зүүн өмнөд Азид дэлгэрсэн. Ашока хаан Дармаракшита нэртэй хуврагийг илгээж Грект дэлгэрүүлж байсан сурвалж үлдсэн байна. Грек лам нар Наландра хийдэд ирж суралцаж байжээ. Их хөлгөний ном санскрит хэлээр бичигдэж номт гурван улс гэгдэх Энэтхэг, Төвд, Монголд л дэлгэрсэн. Их хөлгөний номд бага хөлгөнтний хүлээн зөвшөөрч чадахааргүй гүн утгыг номлодог учраас тэд их хөлгөний номыг бурханы сургааль биш гэдэг үе байсан юм. Саяханаас санскрит хэл дээр их хөлгөний судрууд археологийн малтлагаар олдож, бага хөлгөн дагагчид их хөлгөнд орох явдал ч гарсан. Дээр хэлсэнчлэн энэ хоёр хөлгөний хүрэх нирваан түвшний ялгаатай. Бага хөлгөний номоор зөвхөн би өөрөө гэгээрье гэсэн сэдлээр суралцаж хатуужил эдлээд богино хугацаанд буюу гуравхан төрөлд нирваанд хүрч болдог. Бусдыг зовлонгоос нь гагц би л гаргая гэх их хөлгөний асар их зориг, бодь сэтгэл үгүй учраас гүнзгий бясалгалын маш их амгаланг эдлээд түүнээсээ сэрэхгүй урт хугацаанд суучихдаг.

Вьетнамд, Ханойгоос 60 км-т нэг тийм хувраг одоо ч байгаа. Бясалгалд суучихсан. Тийм бясалгалд суусан хуврагийн бие нь эвдрэхгүй. Америк Вьетнамын дайны үед сүмийг нь бөмбөгдөөд дараа нь нөгөө ламын биеийг нуранги дороос хэвийн гаргаж авсан байдаг. Их хөлгөнтөн амьтны төрөл хязгааргүй учраас харилцан эх үр болсон амьтан ч хязгааргүй гэсэн логик учир шалтгаанд суурилаад урьд өөрийн эх болж явсан амьтдыг орхиод өөрөө нирвааны амгаланг амсаад суух нь зохисгүй, тиймээс тэр бүгдийг зовлонгоос гаргаж чадагч нь бага хөлгөний Архад биш, зөвхөн төгс нирвааныг олсон Бурхан л учраас төгс гэгээрсэн бурхан болъё гэсэн сэдлээр суралцдаг. Их хөлгөнтний өөрийнх нь хувь, буян суралцаж буй увдис номоос шалтгаалж нэг төрлөөс олон мянган төрөл дамжиж суралцдаг. Энэтхэгийн 84 шидтэний нэг хаан ном бясалгамаар боловч хаан төрөө орхиж чадахгүй байна, төр барьсаар ном бясалгаж болох уу гэж ламдаа айлтгаад, хуруун дахь бөгжөө бясалгаж, хүсэл эдлэсээр гэгээрсэн намтар байна. Тэр бол онцгой хувьтан. Нөгөө талаас бодь сэтгэл төрүүлчихсэн хүмүүс суралцах явцдаа амьтанд туслахын тулд сансрын хүрдэнд орчих ёс үзүүлдэг. Хутагт хувилгаад бол тийм хүмүүс юм. Бидний мэдэхгүй, тодруулаагүй ч тийм хүн, амьтан их бий.

Бидний шашин бол шарын шашин буюу гэлүгбийн ном. Ламаизм гэж муулуулаад байдаг тэр урсгал. Монгол угсаатай ч гэгддэг Богд Зонхов лам Төвдөд залраад бон, бөө, элдэв буруу үзлээр хиртсэн бурханы шашныг ариутгаж өгсөн. Богдоос өмнө Төвдийн хаан мөн л бурханы шашин сэвтэхэд Энэтхэгээс Балдан Адиша ламыг залж засч байсан удаатай. Адиша ламыг Төвдийн ихэс лам нар хил дээрээ угтан давхилдаж ирэхийг үзээд Богд лам, Төвдийн чөтгөрүүд айсуй гээд залбирч байсан гэдэг. Учир нь тэд хоргой торго, элдэв чимэг сэлт агссан их сүртэй улс байсан гэдэг. Харин ламд дөхөж ирүүтээ морьдоосоо буун номын хувцсаа өмсөж мөргөхөд нь лам таалж баяссан. Богд Зонхов лам тийнхүү ариутгасан, судар тарни хосолсон шашныг урьд нэг төрөлдөө Богдын дотнын шавь байсан манай Өндөр гэгээн богд Монголын ахуй соёлын хөрсөнд идээшүүлэн суулгасан гэж үздэг. Бидний өвөг дээдэс шүтэж эрхэмлэж ирсэн энэ гайхамшигт үзэл хувьтай нэгнийг хамгийн түргэн бурхан болгодог ном юм. Хүн бүхэн үнэтэй, чанартай эд эдлэж чаддаггүй шиг ялангуяа хувь, буян доройтсон цагийн хүн бүхэн энэ номтой учирч чадахгүй байна. Учирвал, гэгээрэх нь үгүй гэхэд адаглаад энгийн ёс суртахуун, орчлонгийн хувирамтгай чанарын тухай мэдлэгтэй болсноор сэтгэл тайван, зовлон багатайгаар энэ насаа өнгөрөөх юм даа. Үхэхдээ ч айдас багатай байхсан.

Таны мөнхүү хариултанд дурьдагдаж буй олон урсгалуудыг сонсоод угтаа ганц байсан Шагжамүний сургаал төрөлжиж, баялаг сонголт, өөр олон хувилбартай болсон нь энэ шашин илүү олон хүнд аврал болон очиж байгаа юм байна даа гэсэн бодол төрж байна.  

 Бурханы сургааль хажууд байлаа ч багш байхгүй бол нүдгүйтэй ижил гэдэг. Та өдийг хүртэл буяны садан болсон олон сайхан багштай учирсан байх. Багш нарынхаа талаар бидэнд дурсаач. Ингэснээр та бид хоёрын яриа ерөнхийдөө жаргах тал руугаа хандаж байна. Тэгэвч би жаргаахыг урьтал болголгүй таны эхний  хариултаас нэгэн “үзүүрийг” татан авч ирж энэ төгсгөл дээр залгамаар байна. Чингэснээр та бид хоёрын яриа бүтцийн хувьд эхлэл нь төгсгөлтэйгөө залгагдсан эс төгсөглөг мөнхийн тойрог хэлбэртэй болох юм.

1.Та эхэнд “жинхэнэ дагах ёстой үзэлтэй учрах үед амьдралын ямар ч нөхцлөөс хөрвөхөд амар байсан байх” гэлээ. Үүнийг амьдралын агшин хором бүр чухал биш. Харин алдаж болохгүй, анзааралгүй өнгөрч болохгүй чухал эргэлтийн цэгүүд л байдаг. Тэр үедээ л зөв эргэлтээ хийх чухаг гэж ойлгож болох уу?

2. Мөн та эхэнд яруу найрагтайгаа ахин зам нийлж байна гэлээ. Удаан уулзаагүй яруу найрагтайгаа эргэн уулзаад та хоёр нэг нэгнээсээ аль зэрэг гэрэвшиж байх юм бэ дээ.  Цаашдаа уран зохиолдоо юу юу хийж бүтээх бодолтой байна вэ?

За яриагаа би багш нарынхаа тухай яриагаар өндөрлөвөл бэлгэ дэмбэрэл нь сайн юм болов уу гэж бодож байна. Тиймээс таны асуултын сүүл хэсгээс эхлэж хариулъя. Мэдээж амьдралын агшин бүр чухал. Олон учир шалтгааны үүднээс үхэл хэзээ ч ирж магадгүйг сайтар ойлгосон лам нар номынхоо завсар, мөр үзчихээд эргэхдээ гүйж явдаг байсан гэдэг. 13-р Далай ламд шадарлаж байсан Агвандоржиев ламын нутгаасаа авчирсан Гоман дацангийн хансүр Агваанням ламтан бүсээ тайлахгүй, хэвтэхгүй ном үздэг хүмүүсийн сүүлч юм гэсэн аман хууч байдаг. Бидний энэ олсон хүний төрөл маш гайхамшигтай чадвар, боломжтой. Хойт насыг зөвшөөрдөг бидний хувьд ялангуяа чухал. Тиймээс тэр боломжийг алдахгүйг хичээцгээдэг. Хүний амьдралд эргэлтийн цэг байдаг бол тэр нь гэнэтийн зүйл биш, урьдаас аажмаар бэлтгэгдсэн явцын төгсгөл гэвэл таармаар санагдаж байна.

Яруу найраг гэдэг миний хувьд үргэлж шинэ, сонирхолтой байхыг шаарддаг урлаг. Тэр утгаараа жаахан төсөөрчихсөн байна билээ. Дээр нэг хариулсан шиг шүлгийн ахуй, хэлбэр, гоо зүй, сэдвээ өөрчлөх бодол байна. Энэ л миний хийхийг эрмэлзэх зүйл юм уу даа.

Ингээд төгсгөлд нь багш нарын хаа тухайд. Монголоос гадна төвд, Ладак, Непал лам нар бий. Гэлүгбийн ёсноос гадна саж, нинма, гаржүд ёсны багш нар ч бий. Энд монгол багш нарынхаа тухай л ярья. Миний үсэг заасан лам Дундговь аймгийн харъяат их мэргэн хүн бий. Ээж нь ч, эгч нь ч амьтанд тусладаг буянтай улс байгаа. Дундговийнхон бүгд мэднэ дээ. Бариа засал ч хийдэг, "Газар шороо" романд гардаг Хангай Базарын удмын нэг өвгөн ирж хорт хавдраасаа салаад явж байхыг нь үзсэн. Урьд хүн нь Дэл хөнжлийн уулын хийдэд суудаг байсан хувилгаан лам ч гэдэг. Баянхонгорт судлаач Г.Ням-Очир бидний багш улааны ёсны бясалгаачин лам бий. Миний язгуурын багш Дашчоймпэл дацангийн шунлайв лам юм. Мөн Дундговийн хүн. Гайхалтай эрдэмтэй лам даа. Гоман дацанд ч гайхагдаж байсан. Гоманд Чойр зааж байсан Лхарамба багш минь байна. Хүмүүс "Монгол багш" хэмээх алдраар нь мэднэ. 2006 онд зорьж очиж шавь орж байсан манай нутгийн алдартай зоч Амаа минь байна. Зуу гарч таалал барьсан даа. Их л багаасаа лүйжин тавьж, хүний хойтох авдаг байсан гэнэ билээ. Бидэнд сонсогддоггүй юмыг сонсоно. Бидэнд үзэгддэггүй юмсыг үзнэ. Үнэхээр гайхалтай багш нартай учирсан хүн юм. Энэ хойт төрөлдөө багш нараасаа агшин ч холдохгүй байх болтугай.

"Үл таних зочин" энэ нэр номынх бус энэ хүний өөрийн нэр мэт надад үе үе санагдана. Миний хувьд үргэлж л "Үл таних зочин" байлаа, тэр. "Үл таних зочин" гэдэг ном ч ялгаагүй ном биш Батжаргалын Одгэрэл гэдэг яруу найрагч юм шиг өнө урт хугацаанд энэ хүнийг надад төлөөлж ирлээ. Товчхондоо тэр ном л миний хувьд энэ хүн юм. Гэхдээ ямар ч сайхан шүлэг бичсэн яруу найрагчтай уулзахад шүлгээсээ илүү хүндлэл төрүүлэх нь өдрийн од шиг ховор. Яруу найрагч Б. Батзаяа " Гайхшируулж байлдан дагуулсан хүнтэйгээ. Гуравхан удаа уухад тэр чинь хэн ч биш болно" гэж бичсэн шиг хэн ч биш болж орхидог нь халаглам. Тийм болохоор яруу найрагч хүмүүстэй уулзах надад хэзээ ч таатай байдаггүй. Харин миний хувьд уулзаад ч урам хугараагүй, улам хүндлэл төрүүлэх болсон тэр өдрийн од шиг цөөхөн хүмүүсийн нэг энэ эрхэм байлаа. Энэ хүмүүнтэй ярилцах завшаан олдсон нь энэ миний өчүүхэн амьдралд тохиосон их хувь, урьдаас хуран үүдсэн буяны үр гэж сэтгэнэм.

 Ярилцсан Мө. Батбаяр

Сэтгэгдэл хэсэг