МӨ. БАТБАЯР: ӨӨРТӨӨ БИЧИХҮЙ

Амьдрал төгсгөлтэйг мэдрэхээс сац аз жаргалынхаа төгсгөлийг мэдэрч суух нут гуниг төрүүлнэ. Халуун хайран дунд ч өөрийгөө л бөөцийлж суудаг хачин бээрэг эд дээ, сэтгэл. Ариусаан үгүй ийм сэтгэлийг тулгарсан зэрвэс харц, сонссон зурвас хоолой тунгалагшааж орхих, жигтэй.

Зэргэлдээ байшингийн дээврээс өнгөрсөн шөнийн цас салхинд буйдагдан бударч өнөө миний дал, мөрөн дээр ахин шинээр бууна. Анх удаагаа л энэ ертөнцөд алхаж яваа мэт гэгээхэн бодол мөлхөө цэцэг шиг сэтгэл орооно. Мөлхөө цэцгийн тэр мандал дунд би оюу өнгийн гэрэлт цох лугаа адил өндөр тэнгэр өөд аснам. Тэгэвч нисэхдээ тэнгэр рүү бус чиний зүг зорьном. Бүрэнхий өрөөнд нойр хулжиж хэвтээ чиний дэрний дэргэд эртний дэнлүү шиг асаж хоноюу хэмээнэм. Тэгээд би:
Цас хуучрахаас урьтаж чамдаа очъё

Санчигт тань зөөлхөн хүрч, чихний тань араар гилье

Санасан элгээ дэвтээж зэрэг санаа алдаж

Санаандгүй суухад тань мөрөөр тань тэвэрье.


Ийм нэгэн бадаг шүлэг сэтгэлдээ бичиж намайг ороох мөнөөх цэцгийн шилбэнд мөр мөрөөр нь зүүж орхином. Бас цаашаа алхахдаа:

Салхинд хөхөрсөн хөдөөгийн цөгцгөр харгуйг ширтэж зогсном

Сар жилүүд хүмүүсийг энэ л замаар зөөж одсон гэж бодном

Санчиг үс минь хонгортон хийсээд, амьсгалын үзүүрт цантаад

Санаа алдахаас чиг, сэтгэл эмзэглэх болж дээ.

Уулс ширтэн исэл суухад минь ч өнгөрч байгаа амьдралд

Уцаар нэгэнтээ хүрч, хайр нэгэнтээ төрнө.

Учирч амжаагүй хагацсан нэгэнд ерөөл бодохуй

Урьдын явдал одоогийн амьдралтай хутгалдаж сэтгэл эвдэнэ. Мөн ийм шүлэг бодолдоо эвлүүлнэ. Хүний хайр надад шүлэг болж ийн ирнэ. Ер алив бүхнийг би шүлэг болгон хүлээн авна. Атаа, жөтөө, бусдын муу үг, муухай харцыг ч би шүлэг л болгож хорвоогийн хөрсөнд цацаж явнам. Алганд буусан цасны ширхэгийг үлээгээд ус болгочих мэт би алив бүхнийг шившиж шүлэг болгоном. Тэгээд өөртөө бас хүмүүст амсуулнам. Амсаад үз. Толгой сэгсрэм нясуум, тамшаалам тунсаг юу ч байж мэднэ. Бусдаас уншиж байгаа бүхэн чинь бусдад бидний өгсөн сэтгэлийн толь авай. 


Цас хөлөрсөн жин үдийг сарниаж жавартай хүйтэн орой энд ирдэгсэн. Цагийн ийм эрхшээлийн дор хүмүүний ямар ч агуу явдал өчүүхэндэнэ. Амьдралд ч, хэн нэгэнд ч, урлагт ч дан ганц хайртай байх дэндүү хангалтгүй. "Хайраар л бүх зүйл бүтдэгсэн бол" гэдэг шүлгийн мөрөнд би итгэнэ. Яруу найрагт ч ялгаагүй хайртай байх хангалтгүй. Хайртай гэдэг нь хайрлана гэсэн үг бас биш буюу. Хайртай мэт мэдрэмж төрөх хайрлах хоёр асар хол ялгаатай ажгуу. Хөрсөнд үрслээсэн цэцгийн үрийг та цэцэг гэж боддоггүй биз дээ. Түүн лугаа л юм. Та дотор бүрэлдсэн хайртай гэх мэдрэмжээ хайрласан гэж боддог уу? Хайртай гэх сэтгэл хайрлах үйлийг үүтгэмой. Бие, хэлээрээ үйлдэх таны үйл сэтгэлдээ юуны үр үрслээсний аюу авай. Цаснаас шинэхэн тарвас үнэртэнэ. Цастай өглөө ганцаар алхаж явахад орчлонд анх удаагаа орчиж яваа мэт гэгээхэн. Миний энэ бичвэрээс та юу ч ойлгож авах хэрэггүй. Энэ тийм зориулалгүй юм. Би хэнийг ч ухааруулах гээгүй билээ. Би зүгээр гэрээсээ гараад ажил орох замд миний дотор хуран үүдэж, сарнин замхарсан олон олон бодлын давхацлуудаа бичиж байна. Та бүхэн ч бас над шиг ингэж өөрөө өөртөө захиа бичиж үзээрэй. Өөрт юу бодогдож байгаагаа бүгдийг нь буулгаж орхи. Төрж буй бодлуудаа тосож авах хэрэггүй. Сэтгэлийнхээ хавхлагийг нээгээд шууд цаасан дээр унагаж орхи. Яг л орж байгаа цас шиг. 

Сэтгэгдэл хэсэг