МӨ. БАТБАЯР: ЧАМД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

“Өнгөрсөн зуунаас энэ зуунд орж ирсэн хүмүүс лавтай дараагийн зуунтай золгож чадахгүй энэ зуундаа бүгд үхнэ. Өнгөрсөн зууны хамгийн сүүлийн өдрийн хамгийн сүүлийн мөчид мэндэлсэн хүн магад дараагийн зууны босгыг алхах боломжтой ч тэр аль хэдүйн зуун насыг зооглосон байх болно. Энэ хараал биш гарцаагүй үнэн юм” 



Өөрт чинь хаягласан захиагаа өөр хүний өгүүллэгийн хэсгээр эхэлсэн дээ сэтгэл дундуур авч өөр арга байсангүй.  Хэлэх гэсэн бүхэн минь үүнээс л цааш үргэлжлэх учиртай байсан бололтой. “Чамд илгээх захидал” гэдгийн “Чамд” гэдгээр надтай цуг өмнөх хорь дугаар зуунаас энэ зуунд орж ирсэн бүх хүнийг энэ үгэндээ багтаан томъёолж байгаа юм шүү. Би дунд сургуульд байхдаа их олон удаа шилжсэн. Нэг бүлгээс, нөгөө бүлэгт , нэг сургуулиас, өөр нэг сургуульд, хөдөө орон нутгаас хот руу гээд л. Тэр бүрт их бага ямар нэгэн хэмжээгээр гадуурхагдаж, чи эндхийн хүн биш шүү гэсэн мэдрэмж авдаг байлаа. Ангиараа тоглож наадах бүрт яаж ийгээд л намайг сондгойруулж, өнжүүлдэг байлаа. Нэг ундаа аваад хувааж уухад яаж ийгээд л хамгийн сүүлд балгах ёстой хүн нь би болчих сон байдаг байлаа. Таслах гинжийг таслах тухай гэдэг тоглоом тоглох бүрт намайг хэн ч дууддаггүй байлаа. Тэгээд би хамгийн сүүлд ганцаараа үлдээд тэд нарын дуудлагаар биш тоглоомын дүрмийн дагуу гар гараа барилцсан хүүхдүүд рүү чавхдаж явахад сэтгэлд үнэхээр хүнд байдаг байлаа. Тэр цагаас хойш би шинэ ангийнхантайгаа тоглох хүсэлгүй болчихсон. Тэглээ гээд хэн ч намайг цуг явж тоглоё гээгүй юм.



Хорин нэгдүгээр зууны хувьд бид яг л тийм өөр зуунаас шилжиж ирсэн хүүхэд юм. Тийм учраас энэ зуунаас хамгийн түрүүн шахагдаж унах хүмүүс нь бид юм. Устай сав руу чулуу нэмж хийх бүрт  усны түвшин нэмэгдэж аажмаар амаараа асгардаг шиг энэ хорвоод шинэ хүн "цүлхийн унах" тоолонд эндээс давын өмнө шахагдаж  халих хүмүүс нь бид шүү гэдгийг дуулгахад гунигтай байна. Тийм учраас яагаад ч юм бид амь нэгтэй санагдаж байна. Туулж яваа өдрүүдээ чи хорвоогоос халих өндөр тавцан руу өгсгөж буй шат гээд бодчих. Өнөөдөр бол чиний яг одоо гишгэж байгаа шат. Маргааш бол чиний гишгэх дараагийн шат. Төсөөлөхөд хэцүү байвал урсдаг шатыг сөрөн алхаж буй хүнийг төсөөл. Угтан ирж буй шатны гишгүүрийг тэгээд “ирж буй цаг” гээд ойлгочих. Бидний бага нас, залуу нас, идэр нас энэ бүхэн хорвоогоос буцахын өмнөх үе шатууд хүн бүхэн үүнийг туулдаг энэ бол амьдрал гэхээсээ илүү тогтсон зан үйлтэй төстэй зүйл.  Хорь дугаар зууныхных булшлах агуу уудам үхлийн хөндий бол энэ зуун. Бид энэ хөндий дээр зэрэгцэн алхаж, энэ хөндийн доор зэрэгцэж хэвтэнэ. Ийм болохоор л би нэгэн цаг үед төрснөөрөө найзархаж энэхүү захиаг танд илгээж байгаа юм. Энэ бол бидний сүүлчийн зуун, найз минь. Хорин хорь дугаар зуун руу чи бид холоос даллачихаад л буцна.  Бидний амьдрал ийм богинохон. Гэтэл биднээс өмнө хязгааргүй цаг хугацаа байсан, биднээс хойш ч бас төсөөлөлд багтамгүй их цаг хугацаа энэ орчлонд ирнэ. Түүнтэй харьцуулахад чиний, миний амьдрал агшны төдий ахархан зүйл билээ. Чи нэгэн зуны эрвээхэй хийгээд ялааны амьдралыг төсөөлөөд үз дээ. Чи ганцхан сар ургаад хагдардаг цэцэг харж байсан уу? Бидний туулах цаг хугацаа тэднээс уртдаж базаахгүй богинохон. Мэдээж бид төрөлтөнийхөө хувьд эрвээхэй, цэцгээс ялгаатай, энэ орчлонд тодорхой үүрэгтэй ирсэн чухал туурвил, чухал төрөлтөн юм гэж чамайг итгээсэй гэж хүсэж байна.

Энэ захиагаараа чамд би юу хэлэх гэсэн бэ гэхээр. Эхний хэлсэн өгүүлбэрийг л дамжуулах гэсэн юм. Энэ зуун бол чи бид хоёрын үзэж байгаа сүүлчийн зуун шүү. Бидний сүнс түр орогносон махан биеэ энэ зууны хөрсөнд орхиод явна. Тийм учраас чамайг би үхлээ мэдрээсэй,  тодорхой хэмжээгээр үхэлдээ бэлдээсэй гэж хүсэх байна. Газар дээр өнгөрүүлсэн энэ амьдралаа эхнээс нь одоог хүртэл эргэж нэг хараад цаашид юу хийхээ, яг юу хүсэж байгаагаа нягтлаасай гэж бодож байна. Учир нь энэ зуун бол та бид хоёрын үхэх зуун.

Эрхэм найз минь, эцэст чамаас хүсэх нэг зүйл байна. Эргэн тойронд байгаа хүмүүсээ тойруулаад нэг хараарай. Ихэнх нь өмнөх зуунаас чамтай хамт энэ зууны босгыг алхаж орж ирсэн хүмүүс байгаа вий. Тэгээд чи тэднийг "эвий дээ, энэ зууны хөрс биднийг ялгалгүй хучна шүү дээ" гэж хайрлан бодоорой. "Амьддаа бие биенээ хайрла, Алив сайхнаа бусдаас битгий харамла" гэдэг мөрийг бас саначихад гэмгүй. Ингээд чи өөрийн дотор энэрэх хайрлах сэтгэлийг хотол чуулган болгож энэ зуунаа туулаарай. Энэ зуундаа гайхамшигт "Хайрын сац суврага" сэтгэлээрээ бүтээж өгөөд яваарай. Тэр чинь Богдын дүүгийн бодлоороо зангидсан илдээс эрхэм юм шүү. 

 

 2020. 01.05

Сэтгэгдэл хэсэг