МӨ. БАТБАЯР | ӨРТӨӨН ДЭЭР ХЭЛЭГДДЭГ ҮГС

Орой гэртээ иртэл намайг угтдаг өнөөх чимээ алга. Алга уу даа гэж тээнэгэлзэхдээ батлах гэж орж ирсэн чигээрээ гутал хувцсаа тайлалгүй үүдэндээ хэсэг амьсгаагаа дарж зогслоо. Уг нь ингээд анир анирдаад зогсохоор хөргөгчний дүнгэнэх дуун дундуур “чик чик чик” гэх ширээний цагны цохилго дуулддаг юм, өнөөдөр байсангүй. Энэ хөмөрч тавьсан аяга шиг хумбагар, цалин цагаан төмөр цаг их эртний эд. Тэртээ 80-аад оны дундуур өвөө маань Улаан-Үд явахдаа авч ирсэн юм гэнэ лээ. Анх авч ирсэн эзэн нь хорвоод нэгэнт үгүйрээд, залгаж авч яваа хүн нь одоо нэгэнт би болжээ. Өвлөж яваад өөрөөсөө хойших хэн нэгэнд энэ цагийг, басхүү энэ цагийн хэмжиж байгаа цаг хугацааг өгнөм билээ. Үүдэндээ хэсэг зогсоод, тэжээлээ барсан байхаас зайлахгүй гэсэн таамагт хүрээд буцаж, шууд дэлгүүр лүү буулаа. Тэгээд орж ирээд хувцас хунараа нэг мөр л хөнгөлөөд хэвтэж авъя гэж бодлоо л доо. Тэжээлийг нь аваад орж ирлээ. Зөв таамаглажээ. Миний муу хумбагар цаг яг л үг хэлэхдээ хэсэг ээрч ангайж байснаа гэнэт дуржигнуулдаг ээрүү хүн шиг л таг гацаж зогссоноо шинэ тэжээл хиймэгц шаг шаг шагшраад л явж гарах нь тэр. Чингээд зогсчихсон байсан цаг хугацаа шинээр урсаад эхэлж буй мэт, чингээд яг л шуудууны усыг боодог шиг боочихсон байсан цаг хугацааны боолтыг аваад урсгаад эхлэх мэт зогсчихсон байсан хуучин цаг маань гэнэтхэн цохилоод эхлэв. Цохилохдоо яг л боолтоо авхуулсан шуудууны ус сад түрэн урсдаг лугаа адил жир үеэсээ жигтэйхэн хурдан хурдан цохилж байх шиг санагдав. Сад тавьсан шуудууны ус хэсэг түрхрэн урсаад хэвийн төлөвөөрөө гурилзаж эхэлдэг шиг хөдөлгөөнгүй байсан цагийн зүү маань хэд хэд хурдан цохилоод хүч нь саарав уу, нүдэнд дасав уу, жигдхэн шаг шаг шагширвай. Энэхэн мөчид надад нээрэн цаг хугацааг хэсэг саатуулж хориг тавьж байгаад явуулвал яах бол? Нуманд нь сойж сойж, чивчиртэл татаж байгаад тавьсан сум шиг шунгинаад л өгөх болов уу? Эсвэл энгүүхэн урсдаг хурдаараа л урсах болов уу? гэсэн элдэв бодол төрөв. Нээрэн энэ амьдрал хэт урт бас удаан, уйтгартай санагдаад байвал цаг хугацааны “амыг татаж” хэсэг зогсоон амрааж байгаад туулах амьдралаа жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр товчлоод гэдэг шиг богино хугацаанд, маш хурднаар энэ бүх хугацааг туулж болдог сон бол уу? Бидний амьдралын өдөр тутмын үйл явдал яг л үзэж байгаа киногоо дөрөв дахин хурдлуулаад гүйлгэчих шиг нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрнө өө дөө гэж төсөөлөн өөрийгөө баясгав. Цаг буруу явж байлаа. Одоо оройн 18:45 болж байгаа бол энэ цаг 11:15-аас дөнгөж хөдөлж байв. Би цагаа тааруулахаар баадууг нь мушгиж гарлаа. Гэхдээ ухрааж мушгивал туулах зам арай ойр байсан тул урагшаа ахиж байсан зүүг буцаагаад чирч алдав. Минутын зүү тооноос тооны хооронд үсрээд байх шиг маш хурдан гэдрэг эргэнэ. Би хамаг чадлаараа эргүүлж гарав. Тэгэх бүр цагийн хоёр зүү дуулгавартай гэгч нь хойшоо хошуурна. Минутын зүү цагийн зүүгээ энэ хооронд хэдэн ч удаа тойрогдож байгаа юм, бүү мэд. Цагийн тагдгар зүү тэрүүхэн тэндээ л хурдлах гэж тагдганавч эрхгүй мөч богинодох мэт нэг их өрөвдөлтэй харагдана. Минутын сунагар зүү дээгүүр нь дүнгэнүүлээд л гарна. Бага ангид байхад манай ангид биднээс даруй гурав ах нэг хүү байдаг байлаа. Биеийн тамирын хичээл дээр багш сумын “Баярын талбай”-г тойргоор гүйлгэхэд тэр хүү биднийг яг ингэж тойрогддог байж билээ. Тойрогдож өнгөрөхдөө бас болоогүй дуугүй байхгүй хүүхэд бүхэн рүү эргэн харж “Баяртай, сайн яваад ирээрэй” гэж ардаа орилно. Тэгэх тоолонд миний шар гозойж, амьсгаа улам давхцана. Зарим жаалууд мөчөөгөө өгөхгүй гэсэн шиг толгойгоо хугдайлган хүчээ нэмэх гэж үзнэ. Нэмээд нэмээд зүүгдэж хүрэхгүй болохоор хор буцалсандаа “Тэнэг гозон тэмээ” гэж хойноос нь хашхирна. Энэ цагийн зүү яг л хөөрхий тэр үеийн бид нар шиг харагдахад эвийлмээр чиг, инээмээр чиг болно. Минутын урт зүү мэдээж тэр хурдан гүйгчийг санагдуулна. Би цагийн зүүгээ эргүүлээд л байлаа, эргүүлээд л байлаа. Ухрааж эргүүлэх тусам энэ цагийн зүү намайг урьдын амьдрал руу минь буцаагаад байх шиг мэдрэгдэнэ. Биднээс гурав ах, тэр хэрээрээ гурван нуруу өндөр мөнөөх хүү тойргоо түрүүлж дуусгачхаад нэг их додигор амьтан амьсгалын дасгал хийж, талбайн голоор нааш цааш алхаж, хажуугаар нь гүйгээд өнгөрч буй хүүхдүүд рүү хамраа сартайлган “Гүйгээд, гүйгээд! Яасан уддаг юм” гэж маасайдаг сан. Гэвч энэ минутын зүү тэгсэнгүй, түүнд дуусах тойрог гэж байсангүй. Тэр хүү дараа намар нь хичээлдээ ирээгүй юм. Сүүлд сонсох нь ээ зуны амралтаар мориноос унаж чирэгдээд, салгаж авч чадалгүй тэр чигээрээ үүрд мөнхийн цаг хугацаа руу үдсэн юм гэдэг. Гэдсэндээ хүүхэд чирсэн эмээлтэй хээр морь уулын дээрээс уруу руу улаан тоос татуулан уяан дээрээ ирж зогссон гэдэг. Ижий нь үүдээрээ гарч харуутаа нэг дуу нь тэнгэрт, нэг дуу нь газарт амьтан хий цамнаж орилж байгаад гэрээ түшээд ухаан алдсан гэдэг сэн. Ганц хүүгийнх нь голыг таслаад гадна нь авч ирж хаясан тэр цустай туурайтай улаан хээр морийг эрсэдсэн хүүгийн аав жилийн дөрвөн мөнхөд шахуу унаж явдаг дуу цөөтэй хар хүн болсон гэдэг. Өвөл зун, өөд уруугүй л хээр мориор талхиулж явахыг нь харсан хүмүүс бишгүй. Би сураг дуулснаас биечлэн хараагүй. Тэр намраас хойш манай ангийн тойргийн гүйлт нэг л уйтгартай болчихсон шиг санагддаг юм. Хэзээ ч тэр жилийнх шиг тэгж хор буцалж, шар гозойсон амтлаг байгаагүй юмдаг. Цагийн зүүнүүд буцаж эргэсээр. Тэгэхдээ намайг надар хар цаг хугацааны чөлөөний энэ мэт өнө холын дурдатгалд аваачсаар. Цагийн зүүс буцаж эргэхэд цаг хугацаа бас буцаад байгаа гэлтэй цангинаж одсон харь эртийн явдлууд ханьсаж гэнэтхэн айсна.


“Энэ цагийг ашиглаад нээрэн буцаж болж байна гэж бодъё. Тэгвэл чи хаашаа буцах вэ?” гэж би өөрөөсөө асуулаа. Жилийн өмнө гэхээр чинь 2019 оны 12-р сарын 1. Тэр үед би хаана байлаа? Тодорхой юу ч орж ирэхгүй байна. Хоёр жилийн өмнө гэхээр 2018 оны 12-р сарын 1 гэж дотроо хэлчхээд би хэсэг бодолхийлж байна. “Арван найман оны арван хоёрдугаар сарын нэгэн” гэж би ахин нухацтайгаар өөртөө хэлэв. Яг энэ, эхлээд тоогоор бичсэн сар, өдрөө нэг бүрчлэн үсгээр бичиж байгаа шиг тийм нухацтайгаар өөртөө ахин хэлэв. Тийм ээ, тэр өдрийг би санаж байна. Маш тод санаж байна. Би буцвал энэ өдөр лүү л явах юм байна. Өөр ямар ч өдөр хэрэггүй. Зөвхөн хоёр жилийн өмнөх энэ өдрийг л ахиад ганцхан удаа туулчхаад ирмээр байна. Тэр өдрөөс хойших бусад өдөр нь хамаагүй, зөвхөн арван найман оны энэ өдрийг л надаар ахиад ганцхан удаа туулуулчих. Гэхдээ эргэн дурсаж байна гэдэг оюун санаан дотроо тэр мөчийг ахин туулж байна гэж өөртөө итгүүлж болох л доо. Гэвч эргэн дурсах гэгчид ингэж давхар дээл өмсүүлмээргүй байна. Эргэн дурсахуй бол эргэн дурсахуй. Биечлэн туулахуй бол биечлэн туулахуй. Би бол би, чи бол чи гэдэг шиг л тов тодорхой, тусдаа зүйл шүү дээ. Цагийн зүүнүүд буцаж эргэсээр. Дув дуугүй ухарсаар. Хоёр жилийн өмнөх энэ өдөр цас бударсан өглөөтэй байлаа. Би Бээжингийн өглөөний суудал тосохоор тэрүүхэндээ л ихээхэн тэвдэн, басхүү үл итгэн Хөх хотын галт тэрэгний өртөөний гарах хаалганы дэргэд зогсож байлаа. Өртөөний олон нийт рүү харсан ханан дээр туузан зараар ирж, явж байгаа чиглэлүүдийн мэдээлэл урсаж, наагуур нь цав цагаахан цас хаяланхална. Цагаан цасан гивлүүрийн цаанаас улаан ханз гэрэлтэх нь мөдхөн олны дундаас гараад ирэх чиний дүр шиг содон. Тийнхүү зогстол Бээжин-Бугат чиглэлийн суудлын галт тэрэг ирж буй тухай цагаан хоолойгоор зарлалаа. Түүнтэй давхцаад “Буучихлаа” гэсэн зурвас чамаас ирлээ. Би нэг л итгэж өгөхгүй хэвээрээ. Гарах хаалгаар хүмүүс зай завсаргүй чихэлдэнэ. Багтаж ядаж бажгалдана. Хүмүүсийн дундаас илтэд тодрох чиний царайг би хайсаар. Хүмүүс өнгөрөөд л байлаа, өнгөрөөд л байлаа. Газар чирсэн гар тээшний чийртэй дуу чих дөжрөөнө. Би зогсоод л байлаа, зогсоод л байлаа, хүмүүс өнгөрөөд л байлаа, өнгөрөөд л байлаа, чи л байсангүй. Би бодлоо “Тийм дээ, ингээд л хүрээд ирдэг хүн гэж хэн байх вэ дээ. Мөн ч итгэмхий, гэнэн хүн шүү, чи. Итгээд тосно гээд ингээд зогсож байдаг. Инээдтэй ч амьтан бол доо” гэж өөрийгөө зэмлэлээ. “Хүний сэтгэлээр арай ч бас ингэж...” гэж эргэлзлээ. “Буцъя даа” гэж бодлоо. Буцаад гэртээ толгойгоо унжуулаад очих хүсэл үнэхээр байсангүй. Тэгээд энэ хар хүйтэнд хаачих билээ дээ. Мэдэхгүй. Ямартай ч харихгүй гэдгээ л хамгийн сайн мэдэж байлаа. Дотогшоо орж энэ оройны Бээжин явах суудал захиалъя гэж бодлоо. Өртөө рүү хоёр алхлаа, буцаж гурав алхлаа. “Арай ч...” гэсэн найдлага тасраагүй байлаа. Тэгж зогстол “Хүүе хаана байна аа?” гэсэн зурвас ирэв. Тийм ээ, найдлага минь үнэн байж. Найдлага хүлээлтээ олох шиг сайхан нь үгүй байж. Чи ирсэн байж. Бид нэгнээ таниагүй ч юм уу, хараагүй ч юм уу өнгөрөөчихөж. Гарах хаалганаас жаахан зайдуухан, хүмүүсийн замаас яльгүй даялууханд нэг хүн жижиг ягаан тээш хөтөлсөн, урт түрийтэй хар гутал, цагаан саарал куртик, хар бээлийтэй хаялах цасан дунд зогсож байлаа, тэр чи байлаа. Бид нэгнээ таниагүй өнгөрөөсөн байлаа. Нэгнийхээ зүсийг ч танихгүй атлаа тэмүүлж уулзсан халуун сэтгэл, догдлуун хайр ийм байлаа. Хүйтэн тийм өвлийн өглөөг дулаацуулж чадах зүйл үүнээс өөр үгүй мэт дулаан илчтэй дотнохон учрал.

Түүнээс хойш юу болсон, цаг хугацаа, аж амьдрал хэрхэн өнгөрсөн тухай дурсамж үнэндээ одоо миний ой тойнд алга. Лавтай чи байсан, би байсан, бусад нь тэгээд жаргал байсан. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг хууль хүний дурсамжинд ч бас үйлчилдэг юмсан уу? Тийм хүч түрэмгий, эзэрхэг жаргал бусад дурсамжаа “бариад идсэн үү”, өөр юу болж өнгөрсөн нь одоо миний дурсахуй дунд алга. Гагцхүү төсөөлөмгүй их жаргалын манан л нүдийг бүрхэнэ. Түүнээс өөр юу санаж байна гэвэл хоёр сарын дараа би чамайг тосож авсан яг тэр өртөөнөөсөө суулгаж өгснөө санаж байна. Анх ирсэн арван хоёрдугаар сараас ч хүйтэн сормуус мөстөж наалдсан хоёрдугаар сар байж билээ. Гадуур хувцас чинь надад дэндүү нимгэн, аяны замд чамайг дааруулах юм шиг санагдахад би чамд өөрийнхөө зузаан сөдөн куртикээ өмсгөөд үдэж билээ. Зорчигчид дотогш нэвтрүүлэх хэсэгт би үлдэж, чи тасалбараа шалгуулаад орсон. Би чамайг далдран алдрах хүртэл дагуулан харж зогссон. Урт цэнхэр куртикний чинь хормой дэрвэс дэрвэсхийгээд л олны урсгал дунд чиний бараа хөвөлцөж явсан. Усанд тавьсан цаасан онгоц шиг л үймэх олон дунд чи л гоц содон харагдаж байлаа. Цаг хугацаа, бүх зүйлийг энэ л үед жаахан амсхийлгэх юм сан. Ахиад жаахан удаан хараад авах юмсан. “Хувцсаа цахилгаандахгүй дээ, даарах вий” гэж бодсоор би хоцорсон. “Ядаад нэг эргэж хараасай” гэж хүсэхэд нулимс бүрхэж, тэртэй тэргүй алга болох гэж байсан чиний барааг нулимс урсгаж одсон. Ахиад нэг харахнээ чи ч, нулимс ч алга байсан. “Эргээд зөндөө учирна аа” л гэсэн бодол биеэ тайтгаруулж, би эргэсэн. Ийм л юм болсон. Тэр өдрийн тэр нулимс чамайг надаас дэндүү хол урсгачихсан байсныг сүүлд мэдсэн. За гэхдээ заавал ийм учир шалтгаанд зангидаад ч бас яах билээ. Тэр өдрийн нулимс тэр л өдрийн нулимс түүнээс хойшхи нулимс түүнээс хойшхи л нулимс. Тэгээд цаашаа юу болсныг ч би тод санаж байна. Тэр болгоныг энд дэлгэмгүй юм юм л болсон. Би Бээжинд очсон. Бид хоёр маш сайхан нэг хүнтэй уулзсан, түүхэн л үйл явдал болсон. Чи намайг сургуулийнхаа ойролцооноос суулгаж өгсөн, тэгэж гаргаж өгөхдөө чи уртаа сүүлтэй хэрэмний хувцастай байж билээ. Танайхаас тэр өртөө хүрэх зам хэчнээн хол байсан гэх вэ. Цонхоор хараад яваад л байсан яваад л байсан. Өвлийн Бээжин хот дэндүү сайхан. Дэндүү сайхны дундуур би яваад л байсан яваад л байсан. Тэгээд бас өч төчнөөн юм болсон. Тухайн үед юу болоод байгааг би ойлгоогүй ч одоо бүх зүйл дээ хариултаа олсон. Хэлж мэдэхгүй байна. Хайртай байхаас илүү хоёр хүний таарамж нийцэмж, ойлголцол гэж хэчнээн чухал болохыг, яагаад чухал болохыг ойлгож үлдсэн минь л надад үнэ цэнэтэй санагддаг. “Хайраар л бүх зүйл бүтдэг сэн бол” гэдэг мөр үе үе санагддаг шүү. Энэ мэт өчнөөн ухаарлын ард ингээд амьсгаа аваад зогсож байхад яаж ухааравч ухааныг тань гүйцэхгүй гэдэг ухаарал л эдэн дундаас хамгийн үнэ цэнэтэй нь байна. Цаашаа бичиж чадахгүйн.

Төгсгөлийг нь л ярья. Тэр өвөл уг нь Хөх хотын түүхэн дэх хамгийн хүйтэрсэн өвөл гэж байсан ч надад бол хавар нь л дааж давж гаршгүй хахир бэрх улирал байсан. Түрээсэлж сууж асан тэр гэрийн булан тохой бүрээс чиний дүр тодорч, эд юмс бүрээс лаванда цэцгийнх гэмээр үнэр ханхалдаг байсан. Лаванда цэцгийнх биш чиний үнэр гэдгийг би мэддэг байсан. Хүрэх, харахаас бусад үнэрлэх, мэдрэх, сонсох мэдрэхүйнүүд илүү ажилласан орчинд амьдрах хэчнээн бэрх зүйл болохыг би ойлгосон. Чи харагдахгүй, чамд би хүрэхгүй, гэхдээ чи үнэртэнэ, дуу чинь сонсогдоно, дүр чинь дотор бодогдоно. Үнэхээр даажинтай. Би их уусан. Өглөө босоод л хувцаслаад шууд гэрээсээ гарахын түүс болдог байсан. Өдөржин гадуур. Шөнө хугаслаж ухаан согтуу амьтан орж ирж орон дээрээ ойчдог байсан. Яаж ухаанаа алдаж орж ирж уналаа ч чиний үнэрийг мэдэрдэг л байсан. Орон дээрээ түргүүр хараад ойчход өөдөөс хүйтэн ус цацаад сэргээх мэт тийм танил сайхан үнэр. Тэгээд шал согтуу би харанхуй өрөөндөө хөнжилдөө нүүрээ наагаад цурхиртал уйлдаг байж билээ. Түүнээс хойш ахиж хэзээ ч тэгж уйлаагүй, хэний ч өмнө тэгж алийгаа алдаж, нусаа хацартаа наагаагүй. Тиймэрхүү зүйл одоо надад дэндүү хөгийн, хөх инээд хүргэм санагддаг болсон доо. “Хүн нугарч, хугарсан газраараа илүү бат бөх болдог гэдэг л энэ байх” гэж одоо боддог. Тэгээд би тэр маягаар сар гаран амьдарсан. Түүнээс цааш энэ гэрт чамгүй ганцаараа амьдарвал сэнсэрч гүйцэх шиг санагдсан. Тэгээд чиний үлдээсэн цагаан саарал куртикийг чинь эвхэж торлоод Бээжин рүү шуудангаар явуулсан тэр өдрөө би тэндээс нүүж билээ. Илүү тохилог, дулаахан шинэ хотхонд очсон сон. Сэтгэл ч дагаад тохь тухаа олж байх шиг санагддаг байж билээ. Хамт өнгөрүүлсэн өвлийн дурсгал болог гэж би хэдэн өгүүллэг орчуулж байсан нь одоо үе үе хаанаас нь ч сөхсөн надад сайхан байдаг юм. Яг л тэр өвлийнх шиг хүйтэн цастай тийм өгүүллэгүүд. Басхүү тэр өвөл шиг гүндээ дулаахан тийм өгүүллэгүүдээ би унших дуртай. Унших дуртай гэснээс би чамд шүлэг уншиж өгөх дуртай байж билээ. Хажууд байвал хажууд чинь суугаад номоо чамаар мэргэлүүлж нээлгэж байгаад гарч ирсэн хуудасныхан шүлгийг уншихдаа дуртай байж билээ. Хол бол утсаар ярихдаа олж уншсан аль сайхан шүлгүүдээ чамд уншиж өгдөг сөн. Харилцуурын цаана чи байгаа үгүй нь мэдэгдэхгүй чив чимээгүй огт төвөгшөөлгүй сонсдогт чинь би урамшдаг байлаа. Бид хоёр утсаар ярих бүрт эхлэл төгсгөлийн хэдхэн хувь, хором л энгийн яриа өрнөж бусад нь яруу найраг эзэлдэг байлаа. Охь дээж яруу найргаар дүүрсэн тийм харилцаа эргээд энгийн өдөр тутмын амьдрал руу багтаж орох гэж бэрхийг туулдаг шиг надад санагдсан, чамд яасныг мэдэхгүй. Биднийг холбодог зүйлс дэндүү яруу сайхан гэтэл яг нүүр тулсан бодит харилцаа гэдэг хэзээд энцэхгүй зүйл байсандаа. Чиний үг дуу цөөтэй чимээгүй байдаг чинь намайг хааяа тавгүйтүүлдэг байлаа. Чамаас дандаа л ямар нэгэн зүйл хүлээгээд, нэхээд байдаг байж дээ. Энэ ааш л эцэстээ энэ бүхэнд цэг хатгасан даа. Гэхдээ эргээд учрах нүүртэй үлдээж чадсан чиний ухаан, бас өөрийнхөө ухаанд баярладаг. Уулзах бүртээ дотнохон тэврэх чинь сайхан байдаг. Татаад асгачихсан аягатай цай шиг чамайг тэр чигт нь асгаж орхиогүй дээ одоо баярладаг.  Он цаг өнгөрчээ. Одоо "хөл дээрээ босоод алхаж явахад" юу ч болоогүй юм шиг анх удаа л энэ амьдралтай биечилэн танилцаж яваа шиг бүх зүйл шинэдсэн мэт байна.  Оёор, оромгүй эдгэсэн шарх шиг сайхан нь үгүй. Цастай хүйтэн тийм өвөл цаашид ирсээр л байх авч тэдгээр өвлийн цасан будраан дундаас чиний дүр тэр нэгэн өвлийнх шиг тодрохгүйн үнэнг гэвч юу гүйцэх. Би цагныхаа баадууг эргүүлэхээ болилоо. Цагаа энэ цаг хугацаатайгаа яг тааруулаад ширээн дээр тавьлаа. Энэ цаг бусад цагтай нэгэн адил цаг хугацааг хэмжиж өөрийнхөөрөө цохилог дээ. Энэ зүрх сэтгэл ч бас. Эргүүлж мушгилаа гээд эргээд урсах биш дээ. Эргэн саналаа гээд эргээд очих биш дээ. Цаг хугацаа эргэж урслаа ч чи бид эргэж учраа ч уу? үгүй ч үү? Мартъя.

ГЭХДЭЭ ЧИ:  БИТГИЙ ГЭЭГЭЭРЭЙ

Өнгөрсөн цагт үлдсэн халуун сэтгэлээ

Өнөө бол ус шиг урсах хөнгөхөн санаашралаа

Саргүй шөнө, нарсан ойБяцхан, цэнгэг уулын булаг

Санаа алдах шиг зэрвэс ахуйгаа

Битгий гээгээрэй!

Сарны гэгээ шиг

Саарал уулсаас даанч өндөр дэнгийн тэр гэрэл шиг

Зөвхөн бидэнд л үзэгдэлгүй

Зүүд мэт дүүжлэгдэн байдаг

Яралзах тэр л одод шиг

Ялдам цайлганаа авч үлдээрэй!

Харанхуй шөнөөр харья гэж гуйсан

Тэр ганц үг уулын хөндийд үлдэж хоцроод

Эргэн цуурайтсаар байдагт

Эгнэгт итгээрэй!

“Линь Хуй Инь”Орч: Н.Энхбаяр

2020: 12 сарын 01 23:59 минут

Сэтгэгдэл хэсэг