ЧИ ЗИЖЯНЬ: ШИ ГОЛ

ШИ ГОЛ
/өгүүллэг/

Их төлөв есөн сарын сүүлч, арван сарын эхээр хүмүүсийн “нулимст загас” хэмээн нэрлэдэг загаснууд Ши голын дээд урсгалаас уйлсаар хөвөн ирдэг билээ.

Энэ үед загасны улирлын авч ирсэн зүдрэл ядрал хийгээд хөөр хөгсөөнөөс загасчид салж мултарна гэж үгүй. Гэхдээ анхны цас удахгүй орохыг мэдвэл хэчнээн ядарсан ч загас агнуурын хэрэгслээ сайтар бэлдэж ямар ч гэсэн ахиухан хэдэн загас агнаж эхнэр хүүхдээ баярлуулж ирэх оныхоо буян хишгийг хураахыг хичээдэг.

Уйлдаг загас бол Ши голд байдаг нэгэн төрлийн загас. Дугаригдуу хэлбэртэй, улаан сэлүүр, цэнхэр хайрстай. Жил бүрийн анхны цас унасаны хойно гарч ирдэг. Тэд ирэхэд Ши мөрнөөр нэг “үү үү” хэмээн гингэнэх дуу түгдэгсэн.

Энэ загасыг бариад гаргаж ирэхэд хоёр нүднээс нь хэлхээ хэлхээ нулимс бөмбөрч, хүрэн улаан сүүлээ зөөлөн зөөлөн шарваж, цэнхэр хайрснаас нь цахирмаа цэцгийн гэгээ туяарч, загалмайн хөөрөг адил “хү хү” хэмээн ангалзаж байдаг билээ. Загасчин эмэгтэйчүүд нөхрийнхөө гаргаж ирсэн нулимст загасыг үтэр түргэн томоос том устай тэвшинд хийгээд тэднийг тайвшруулж “заа битгий уйл… заа битгий уйл” гэж наминчлангуйгаар өгүүлэхэд тэдгээр загас уйлахаа болиод голын эрэг дэх устай тэвшин дотор өөд уруугаа хөвөлдөхөд сэтгэл төвшин агаад дотно ээнэг.

Ши мөрнөөс өвлийн эхэн сард гарах энэлэнт дууг сонсохыг хэрэв хүсэхгүй байвал гагцхүү нулимст загасыг энэ мэтчилэн барих зүйтэй.

Нулимст загас анхны цас орсон орой голын дээд урсгалаас доошилж эхэлдэг учраас загасчид хяраанаар голын эрэг дээр хэсэг хэсэг түүдэг асаана. Холоос харахул тэдгээр нь алтан аяга гялалзан байх шиг үзэгдэнэ. Загасчин эмэгтэйчүүд луж биерхүү, дүхгэр хасгийн яст, давхраагүй нүдэт, зузаан уруулт бөлгөө. Лут хүнд хөлийн чимээтэй, хоолонцорын дээр үрийн заяа сайтай хүмүүс ажгуу. Тэд цэнхэр эсвэл саарал өнгийн толгойн алчуур боох дуртай. Урт урт гэзгээ нэг сүлжиж боодог. Голын хөвөөнд зогсоцгоохыг нь харвал хүдэр хүдэр хар хус модод эрийлдэх шиг харагддаг.

Ши мөрөн хаанаас эх авдагийг загасчид мэдэхгүй. Ямартай ч чанх хойд зүгээс л урсан ирдэгийг мэднэ. Гол тийм ч өргөн биш, ус нь толь шиг хавар борооны улиралд ч гэлээ хальж бялхаад байдаггүй. Харин суяалзах усны мандлаас униар будан голын эргийнхээ ой моддыг бүчин хучиж байдгаас үзвэл энэ ихээхэн гүн цүнхгэр нь лав.

Оройн намрын салхи омголон догшиноор исгэрч модны навчыг урж тасдан одох үест мэдрэмтгий Жи Ши эмгэн загасч агнуурын хэрэгслийг сайтар зэхэж бэлднэ. Жи Ши далан найман настай туранхай, бөгтөр биетэй. Борц, гүзээлзгэнэ, мөөг идэх дуртай. Үргэлж шахуу л өөртэйгээ ярьж суудаг нэгэн. Хэрэв чи завиар Ши мөрөн дээгүүр хөвсөөр загасчдын энэ А Жиа тосгонд ирээд аагтай сайхан цай уумаар санагдвал Жи Ши-гийнхийг зориорой. Түүнд эрчүүдийн татах дуртай тамхины навчийг тамхины хүрэл саванд хийгээд шүүгэн дээрээ эгнүүлэн тавьсан буй хэрэгтэй бол түүнээс нь ч хэрэглэж болно.

Жи Шиг таних тийм ч хэцүү биш. А Жиа тосгонд ирээд чи шинэхэн загасны нилэг үнэртэй замаар явж байгаад гэнэтхэн нэг өндөр хамар, шунхан уруултай, биерхүү эмэгтэйг олж харах вий. Заа тэр чинь л орь залуухан Жи Ши мөн. Цаг хугацааг тавин жилийн өмнөх рүү аваачаад цэл залуухан Жи Шиг дүрслэвэл. Суналзсан гэзэг, яралзсан танан шүдтэй. Зунд ихэнхдээ урт саарал банзал өмсдөг шинэхэн агнасан загасны маханд нугасгүй нэгэн эмэгтэй явжээ. Тэр үед загасчид хордлого аваад хоол унднаасаа гарвал шалавхан очиж Жи Ши-гийн шинэхэн загас идэхийг, харахыг илүүд үздэг байлаа. Яралзсан хурц шүдээрээ гялалзсан хайрс, цайвартах загасны махыг “хярт хярт” хазлан идэж байгааг нь харчихвал өнөөх өвдсөн хүн өөрийн эрхгүй хоолны дуршил нь хөдлөөд эхэлнэм билээ. Харин эдүгээ чи Жи Ши-г хэрхэн таних гэж үү? бас л амархан. А Жиа тосгонд ирээд аль нэг бөгтөр эмэгтэйг харж байлаа гэж бодъё. Тэр хүн чинь гэнэтхэн тэргүүнээ өргөхүй нүд нь загасны хайрс шиг гялбаж байвал уу? за тэр чинь л өтөл буурал Жи Ши мөн.

Цас үүрийн таван жингээр чимээгүйхэн лавсаж эхэллээ. Жи Ши сэрээд “Зүүдэндээ бурхныг л баахан зүхлээ дээ” гэж дотроо өгүүлэнгээ цонхны сараалжнаас загас тэлчлэх адил “пис түс” хийсэн дуу гарахыг сонслоо. Энэ лавтай цас орж буйн тэмдэг. Одоо ч уйлдаг загаснууд урсаад л ороод ирэх билээ. Жи Ши даарчихсан дээр нь ханиад ч хүрчихсэн шиг хамаг бие нь жиндчихсэн байлаа. Хувцаслаж ханзнаасаа буугаад галаа ноцоож төмөр тавиур дээрээ хоёр төмс тавьж шараад дараа нь дэнгээ асаан загасны торонд уранхай цоорхой байгаа эсэхийг шалгалаа. Торныхоо нэг үзүүрийг ханын пийшингийн хадааснаас нөгөө үзүүрийг нь хаалганы бариулаас бөхлөхүй хаалганаас халын хана хүртэл хэдэн метр урт загасны тор хүдэн будан адил хөвөлзөн байна. Цалин цагаан тор тосон дэнгийн цогих гэрэл дор хувын өнгө хаялаад Жи Ши эгээ л модны мөчир дөх жимсийг үнэрлэн яваа шиг харагдана. Торыг Жи Ши өөрөө нэхжээ. Машин ашиглая гэхнээ гар хуруу нь сайн эвлэж өгдөггүй ч торны нүднүүд эн тэгш ажээ. А Жиа тосгонд Жи Ши-гээр тор нэхүүлж аваагүй айл амьтан гэж лав үгүй. Залуу ахуй үед нь загасчид хот ороод ирэхдээ дунгуй дунгуй бөөрөнхий цагаан торгон утас авч ирж өгөөд түүгээр тор нэхүүлнэ. Мэдээж бас толгойн алчуур, элдэв чимэг, товч сэлтийг ч мөн түүнд зориулж авч ирнэ. Жи Ши ч тухайн үед эрчүүд түүгээр тор нэхүүлэхээр ирэхэд дуртай байдаг байлаа. Гал адил нарны доор ч ус адил сарны гэрэлд ч нэхэж л суудаг байлаа. Заримдаа нэхэж нэхэж суугаад загасныхаа торон дээр унтчихсан байх нь торонд орсон үзэсгэлэнт загас гэмээр харагддаг байлаа.

Жи Шигийн мойног хуруудаараа торны нүдийг тэмтэрснээ мөн ямархан нэгийг гүвтнэн бурхныг зүхэнгээ шарсан төмсөө болсон эсэхийг үзээд цаашлан цай чанахаар ус буцалгав. Жи Шиг цайлж дуусахад тэнгэр хяраалж байлаа. Бүүдгэр цонхны шилээр ширтэхүй Ши мөрний цаана нь мэлтэлзсэн хар урсгал тэртээд гөлчийн урсаж байв. Тэдний байшингийн хажуу талаар Ши мөрөн урсдаг агаад эргийнх нь ойн төгөл бүүдийнэ. Жи Ши хэсэг тэнгэр ажсанаа ахиад жаахан унтахаар шийдэж шивэгнэж, гүвэгнэсээр хана руугаа харж хажуулдан дуг хийгээд авлаа. Хаалга тогших чимээ түүнийг сэрээв. Ху Хуйгийн ач Ху Дао иржээ. Элгэндээ боодол цай, боодол чавга тас тэвэрчээ. Магад яарч сандарснаас малгай өмсөхөө мартжээ. Үсэн дээр нь зузаан зузаан цас тогтсон нь цав цагаан бин тавьсан шиг харагдана. Харин хоёр чих нь даарч хайрагдаад долоогоно шиг час улайж. Ху Дао гонсойсон байдалтайгаар:

-Ши Жи эх минь яавал дээр вэ? мөн ч таарсан өдөр өө дөө. Ай Лиан-ы бие зовиурлаад болдоггүй ээ. Очиж очиж өнөөдөр шүү. Загас бас хэзээ мөдгүй ирэх гээд байдаг. Яавал дээр вэ? мөн цагаа олж байдаг шүү…

Ши Жи цай, чавгыг авч шүүгээн дээрээ тавиад гар нь чичигнэн байгаа Ху Дао руу харлаа. Эрчүүд анх эцэг болохдоо цөм л ингэж тэсэхийн аргагүй тэвдэж сандардаг. Ши Жи ч энэ маягийн сандрал тэвдэлтэнд дуртай билээ.

“Хэрвээ нулимст загас иртэл тэр нярайлахгүй бол Жи Ши эх та загасаа барихаар мөрөн рүү явагтун. Үнэхээр цаг нь биш. Хагас сар дутуу байгаа юм уг нь энэ хүүхэд, загас хоёр нээрээ…”

Ху Дао гараа савчин хаалганы өмнө зогсоод ээрч мууран ийн ярьсаар л … цонхоор харахуй юу байна вэ? цаснаас гадна мөн л цас.

А Жиа тосгонд яригддаг нэгэн домог бий. Нулимст загас ирэх үед хэрэв аль нэг айл нь түүнийг барихгүй бол хишиг харьж гэрийн эзэнд гай учирна хэмээдэг. Мэдээж тэгэж гай зовлон учрах хүн байхгүй улмаас жил бүрийн энэ үед хүмүүс цөмөөр голын эрэг сахиж цөмөөрөө л буян хишиг олз омог хүртэхийг бодно. Нулимст загас бусад загастай ихээхэн адилгүй. Тороо татах үед тэд цөмөөрөө амьд гарч ирнэ. Ойролцоогоор нэг нь хагас кг орчим жинтэй бие нь маш уран нарийн хэлбэр төрхтэй байдаг. Эдгээр цэнхэрхэн загаснуудыг ус дүүрэн тэвшинд байлгаж байгаад өглөө болоход буцааж Ши мөрөнд нь тавьдаг. Тэд ус гол руугаа орохдоо ахиад “үү үү” гэсэн дуу гаргадаггүй. Ийм сонин жигтэй загас харсан хүн байдаг болов уу?

Жи Ши гэртээ очоод нэг тогоо ус халааж бай гэж Ху Дао-д захилаа. Өөрөө төмсөө идэж, аяга халуун цайгаа уугаад, агнуурынхаа хэрэгслийг яв цав зэхэж, зуухныхаа амыг бөхөлж хаагаад үнсэн саарал алчуураа ороогоод гарлаа. А Жиа тосгоны зуугаад байшин цасан дундаас улам л жижгэрчихэв үү? гэлтэй тодорно. Цасан дундах байшин гэдэг элсэн чихэрт даршилсан амтат чавга шиг харагддаг. Жи Ши ши мөрөнг ширтэж байна. Анхны цасан дунд туягүйхан урсахыг хараад нулимст загас ирэхийн өмнө гол ус ингэж намуусаж долгилдог ажээ хэмээн сэтгэнэ. Жи Ши Ху Даогийн өвөө Ху Хуйг саналаа. Түүнийг голын цаад эргийн нарс модонд оршуулсан сан. Хөөрхий хөгшин загасчин эр далан насандаа баавгайн золиос болсондоо зайлуул. Идэр залуудаа мэргэн харвадаг, загас бүслэн авлахдаа туршлагатай, нуруу намхан, зүс царай маруухан нэгэн байсан ч энэ тосгоны эмэгтэйчүүдийн зүрхнийх нь шүтээн байлаа. Тэр үед Жи Ши загас агнаад зогсохгүй хатгамал хийдэг, архи нэрдэг, эсгүүр хийж чаддаг байлаа. Ху Хуй байнга л шахуу тэднийд ирж тамхи тариа гуйна. Жи Ши-гийн модон байшин ч Ху Хуйгийн л тус дэмээр боссон. Тухайн үед Жи Ши гэнэн хонгор сэтгэлээр олноос онцгой, түмнээс содон Ху Хуйгийн л эхнэр болно гээд шийдчихсэн явсан үе. Харин Ху Хуйгийн сонгосон хүн нь царай зүс тааруу ч ахуй амьдралдаа халамж сайтай нэгнийг эхнэрээ болгосон сон. Ху Хуйгийн хурим болсон тэр өдөр Жи Ши голын эрэгт загас шулж огтчин сууж байгаад хуримын хүмүүс ирж байгааг олж харлаа. Ху Хуй толгойндоо гоёмсог улаан цэцэг хатгажээ. Жи Ши түмпэн дүүрэн байсан загасны өмхий үсийг цөмийг нь түүн рүү цацаж орхиод хойно нь баясгалантай нь аргагүйгээр хөхөрчээ. Ху Хуй ч түүний өөдөөс инээв. Ингээд тэр өмхий усаар шалдуулсан чигтээ айлд хүргэн орж Жи Ши голын эрэгт зогсон нэгэн нохой загасыг том том, тас тас хазлан үмхэж гингэнэтэл уйлаад хоцорсон билээ.

Хэзээ ч билээ нэг жилийн л нулимст загас барьж байх үеэр Ху Хуй яагаад түүнийг эхнэрээ болгоогүй шалтгааныг хэлэх дээ:

-Чи үнэнхүү мундаг, чи бүхнийг хийж чадна. Өрх гэрийг ч аваад явчихаж чадна. Ямарваа эр хүн чамтай нэг гэрт толгой холбовол амьдрах, тэмцэх чадвараа алдах бус уу? гэхэд Жи Ши гэмшингүйгээр

-Миний чадал, чадвар тэгэхээр гэм буруу болж таарч байна уу? гэж билээ.

Жи Ши боддог юм. Хэрэв загас агнаж чаддаггүй. Ногоо, загас хатааж чаддаггүй. Архи нэрдэггүй, тор нэхдэггүй гагц хүүхэд л төрүүлэх чадвартай байсан бол тэнд юуных нь сайхан байх вэ дээ? гэхүй түүнд гашуун шаналан төрдөг билээ. А Жиа тосгоны эрчүүд цөм л түүнийг сонирхдог. Цөм л нэрсэн архийг нь ууж, чанасан цайг нь оочилж, бэлдсэн тамхийг нь татдаг. Бүгд л түүнийг загас идэж суухдаа гаргадаг төрх хийгээд том жижиг яралзсан цагаан шүднүүдийг харах учиргүй дуртай байдаг ч нэгэн ч түүнийг эхнэрээ болгоогүй. Ши мөрөн цагийн цагт урссаар. Жи Ши өдрөөс өдөрт өтлөж эргийн модод сэм сэмхэн ягч сахлаг болсоор байвай.

Жи Ши дунд эргэм настайдаа дуулах чинхүү дуртай байжээ. Ши мөрнийхөө эрэгт загас огтолж суухдаа, намрын ууланд мөөг түүж явахдаа, байшингийнхаа дээвэрт ногоо хатааж байхдаа, орой хооллож суухдаа ч туж дуулж л байдаг байлаа. Дуулах нь эгээ л утаа униар адил тосгон даяар түгэхэд эрчүүд нулимст загасны дууг сонссон мэт зүрх зүсэгдэн чагнаархана. Тэд дуулж байгаа үед нь таарах бүртээ тамхи тариа гуйж халуун дотноор дахин дахин “Жи Ши, Жи Ши” гэж дуудахуй дуугүй болчихно. Тамхины навчаа няцалж үйлэх нь шалмаг, гаансаа арчиж додомдохуй хүрэл модон дээрх хээнүүд, уг өнгө нь тодорч гялалзана. Эрчүүд “Жи Ши, Жи Ши” гэж дуудахад тэр их дуртай. Тэр л үед нялхамсаг нэгэн сэтгэл урган гарч байдаг билээ. Дайлуулж цайлуулж дуусаад эрчүүд хөлөө чирсээр гэр гэрээдээ буцахад Жи Шид сарны туяатай хашаан доторх армаг тармаг моддын сүүдэр л үлддэг байлаа. Жи Ши дөч гараад дуулахаа больж анхны цагаан үсээ чимээгүйхнээр угтан авлаа. Орж гардаг айл саахалтынх нь эхнэр хүүхнүүд нярайлахад ихэд бахархан эх барьж байхдаа туйлын аз жаргал болоод зовлон шаналал нүд орчин байдаг билээ.

Гэвч нулимст загас ирж байгаа өдөр нэг ч хүүхэд мэндэлж, түүнийг нь эх барьж байсан удаа үгүй. Нулимст загас агнагчдын эгнээнд нэгдэхийн төлөө тэр “энэ хүүхдийг харуй бүрийгээс өмнө мэндлүүлж хайрлаач бурхан минь гэж дотроо залбирлаа.” Будрах цасан дунд бурханд залбиран явахдаа тэр саяхан л баахан харааж зүхээд байснаа санан инээд ч хүрэх шиг болов.

Ху Даогийн эхнэр ханзан дээрээ хэвтжээ. Өвдсөндөө хөлс нь бороо шиг асгарч Жи Шиг харуутаа хоёр нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн ширтэж байлаа. Ши Жи гараа угааж, хэдэн цаг өвдөж байгааг нь лавлаж байхад Ху Дао гар хөл нь салганан өрөөн дотроо нааш цааш холхиж модон түмпэнд тээглэж ус асгачиж ч байх шиг, хананд сөрдийсөн хадаасыг “дан дан” хийлгэж цохичиж ч байх шиг хийх байхаа олж ядна. Жи Ши тэсгэлгүй

-Чи загас барих хэрэгслээ бэлд ээ, битгий дэмий холхиод бай!

-Аль эрт бэлдчихсээн

-Түлээгээ бас хагалчихсан юм уу?

-“Бүгд бэлээн” гэж Ху Дао “хүд хүд” инээв.

-Гурван төрлийн тор бэлдсэн биз дээ?

-Тэгсээн… хэмээн асуухын завдалгүй л хариу өгүүлээд цайгаа хандлан идээг хийх зуур эхнэр нь орилж татаж зуурав.

-Тэсвэртэй байж эхнэрээ амаржуулах юм шүү!

-Жи Ши эх минь би яаж эх барих юм бэ? Энэ хүүхэд гараад ирвэл яаж тосох билээ? гэж Ху Дао сандарлаа.

-“Чи яаж оруулсан юм? тэр янзаараа л гаргана даа” гээд инээхэд эхнэртээ л улам л дараас, дарамт нэмж байгаагаа ойлгов бололтой сандарч тэвдэн холдож явахдаа босгондоо бүдрэн годройтож ойчоод “ээ чааваас” гэж үглэх нь нэн өхөөрдөм байлаа.

Ху Даогийн том өрөөний хойморт хар эсгий малгайтай, урт гаанс зууж, инээмсэглэсэн идэр залуухан Ху Хуй-гийн зургийг өлгөжээ. Жи Ши анх энэ зургийг харчихаад элгээ хөштөл инээж билээ. Ху Хуй хотоос ирчихээд голын эрэгт Жи Шитэй уулзахаар иржээ. Хойноо нэг арьсан богц үүрч, гартаа нэг цаас барьчихсан наашилж явааг нь холоос л харж. Тэр цаас нь юу юм гэж асуувал. Зальжин төрх гарган энэ зургийг дэлгэн харуулав. Тэс өөр нь Ху Хуй тэнд байсанд Жи Ши тас тас хөхөрч:

-Дүрээрээ яг хөгөө чирсэн сармагчин даг шүү. Хэн чамайг ингэж шоглоо вэ?

-Нэг л өдөр намайг үхээд өгөхөөр үүнийг чи хөгтэй сармагчин гэж харахгүй л байх даа… гэж хэлсэн нь үнэн байжээ. Одоо Жи Ши ширгэсэн нүдээрээ энэ цэл залуухан Ху Хуйгийн хөргийг ширтэж байхад зүрхэн дундуур нь гашуу оргино.

Үд өнгөрлөө. Тулгар эх хоёр цаг гарантаа шаналсан ч хөнгөжих шинж алга. Энэ байдлаар ахиад 4, 5 цаг өвдвөл амаржиж чадахааргүй болох нь хэмээн сэтгэл зовниж эхэллээ. Харин нулимст загас урсан ирж байгаа нь гарцаагүй. Өчнөөн олон хүн голын эрэг рүү явж байгааг тэр цонхоор харлаа. Тод түлээ модоо зөөн явна. Ноход хүртэл цасан дунд хөөрч давхилдах нь харагдана.

Ху Дао хашаан дотроо гахайндаа хатсан өвс тавьж өгч байна. Тэдгээр хуурай өвсний үйрмэг цасны салхинд хуйлрах нь загасан сүрэг мэт ээ. Цаг хугацааг тавин жил буцаавал Жи Ши цонхны өмнө цалин цагаан сэрээгээр өвөл хэрэглэх өвсөө бухалж овоолон байна. Хархан гэзэг үсэнд нь өвсний үйрмэг түйрмэг унаад ногоохон тэр өвсний анхил сэнгэнэнэ. Намрын бүрэнхий ойд навч унах нь нэг л хүнд сэтгэгдэл төрүүлж бүдэг бадагхан үүр цонхны шилэнд нулимсныхаа мөрийг үлдээнэ. Голын цаад эргийн ой мод руу нар жаргаж буй үест Жи Ши Ши мөрнөөр хөвөн айсах Ху Хуйг харж зогсно. Холын холоос гүрвэлзэн торолзох нь шоргоолж шиг, ахиад жаахан ойртохоороо бядуу нэг муу морин мэлхий шиг, өмнө ойртоод ирэхээрээ сүүлээ шааван еэлдэннэх эрх нэгэн гөлөг мэт харагдана. Шоргоолж, мэлхий, гөлөг гэсэн өөр өөр хэлбэр дүрээр харагдсаныг нь хэлж инээхэд Ху Хуй бахтай нь аргагүй мишилзэж саяхан агнасан шинэхэн загасны махнаасаа түүнд өгч бага багаар хазлан суухыг нь харна. Жи Ши гэртээ орж бүрэнхий татсан өрөөндөө цай аягалж Ху Хуйд барина. Ху Хуй гэнэтхэн түүнийг агдлан тэвэрч Жи Шигийн хурц амттай уруулаас шунаглан үнсэнэ. Жи Шигийн амнаас гагц Ши мөрөнд л байдаг танил үнэр ханхална. Ху Хуй уруулыг нь удаан гэгч хөхөж шимнэ.

-Би холын холд ирж байхдаа юу шиг харагдсан гэнэ ээ. Хэмээн уруулыг хазална

-Шоргоолж гэж сүйлэглэн хариулна.

-Жаахан ойртохоороо… хэмээн бэлхүүсээр хүчлэн тэвэрвэл

-Морин мэлхий шиг гэж шивэгнэн хариулна.

-Чиний өмнө ирээд… гэж ахин уруулыг нь хазаж үмхэлнэ.

-Сүүлээ шарваж байгаа эрх гөлөг шиг л гэсээр Жи Ши биеэ займчих нь үсэнд нь унасан өвсний үйрмэг хүзүү рүү нь орж загатнуулсных байлаа.

-Тэгвэл чиний дээр гарахдаа юу шиг байх бол гэж нүүрээ нүүрэнд нь наана. Тэгээд Жи Ши-г өргөж ханзан дээр хэвтүүлээд хувцсыг нь аргадангуй тайлна.

Жи Ши юу ч хэлсэнгүй. Энэ үед Ху Хуй юу шиг байгааг мэдэхгүй байлаа. Харин Ху Хуйгийн хайр энхрийлэл гүнээсээ түрэн түүнийг бүчих үед Жи Ши нахилзан хөдлөхийн ялдам “энэ үед яг л хүн идэж байгаа бар шиг” байна гэж амандаа үглэлээ.

Гал дээр тавьсан ус буцалжээ. Данхны таг ёнгинон шүгэлднэ. Гэвч Жи Ши-д ус хайхрах сөхөө байсангүй. Данхны таг золбоолог дугарсаар л. Тэднийг хөлсөндөө тэвдэн салах үед ус нэгэнт ууршаад өрөөнд аятай тавтай дулаан уур хөшиглөжээ.

Жи Ши-д мартагдашгүй тэр л бүрэнхий. Ху Хуй лавтай түүнийг эхнэрээ болгох байсан. Тэр цайг нь чанаж, хоолыг нь хийж, гахай тэжээж, хэдэн сайхан хүүхэд төрүүлж өгөх байсан. Харин Ху Хуй өөр нэг эмэгтэйг өөрийн эхнэр болгосон. Загас цэвэрлэсэн усаар шинэ хүргэнийг шалдаж орхисон тэр өдрийн нар илчгүй, хүйтэмсэг байсан шиг санагддаг юм. Түүнээс хойш Ху Хуйг тэднийд ирэх үед навчин тамхи аагтай цайгаа өөр эрд барьдаг болж Ху Хуйд өгөхөө байсан сан. Ху Хуй өнгөрөхөд А Жиа тосгоных нь бүгдээр шахуу очиж хөдөөлүүлэхэд оролцсон гагцхүү Жи Ши л очоогүй. Өтөл буурал Жи Ши цонхны өмнө зогсоод өдөр шөнөгүй урсах Ши мөрөнг харж чихнийх нь хуужийсан дэлбээнд “пүр пүр” хийн дуугарч байсан данхны тагны дуу дуулдаж байлаа.

Эх ахиад орилж эхэллээ. Жи Ши Ху Хуйгийн зурагны өмнөөс буцан яваан дундаа “хөгөө чирсэн сармагчин таг дүрээрээ шүү” гэж бувтналаа. Залгуулан урьдынхаараа бурхныг зүхэж ямархан нэг үгийг гүвтнэсээр эхнэрийн дэргэд ирлээ.

-Жи Ши эх минь. Би үхэх үү? гэж ноосон хөнжилнөөсөө хөлөрсөн гараа сунгалаа.

-Толгой нь ч цухуйхгүй зовоогоод байхаар бүх эмэгтэйчүүд л үхэхийг хүсдэг юм. Гэвч нэг нь ч үхэж чаддаггүй юм. Би энд байгаа цагт нэг ч хүн үхэхгүй гэж Жи Ши тайвшруулж гарын алчуураар бүсгүйн духны хөлсийг арчаад

-Чи хүү байгаасай гэж бодож байна уу? охин байгаасай гэж бодож байна уу?

-За чөтгөр шулам л биш бол болох нь тэр гэж инээлээ.

-Одоо ч ингэж л байдаг юм. Хүүхэд мэндэлсэн хойно хамгийг нь шинжиж өөлж, сэвлэдэг юм даа хэмээн ханзны өмнүүр суугаад

-Хараад байхад яг л ихэр байгаа даг аа гэхүй эхнэр цочиж

-Нэгийг яаж гаргая гэж байхад юун хоёр вэ?

-Хүн гэдэг хэврэг булбарай. Нэг, хоёр хүүхэд төрүүлэх гэж л нэг бүтэн өдөр болно. Чи нохой муурыг хар л даа, аль нь ч 3,5-г төрүүлдэггүй. Дээр нь асарч тойлох хүн байдаггүй. Муур л гэхэд төрөхийн өмнө өөрөө л хөвөн зууж хэвтэр засдаг. Тэр мөн л зовдог. Гэхдээ хүнтэй адил ингэж баашилдаггүй. Жи Ши ингэж хэлсэнд эхнэр ахиад орилсонгүй. Гэвч түүний тэвчээр нимгэн мөс шиг л хэврэг төд удалгүй ахиад л орилж Ху Даог ам хуурайгүй харааж гарна.

-Ху Дао чи үхвэл таарна. Ямар тарьсан нүглээ ойшоохгүй. Ху Дао чи яаж ирэхгүй байж чадаж байна. Яаж зовж байгааг минь мэдэж байж…

Жи Ши дотроо инээв. Тэнгэр мөд харанхуйллаа. Ху Дао гахайндаа өвс тавьж дуусаад хагалсан хуурай түлээнүүдээ овоолж шөнө голын эрэг рүү явахад бэлдэн байна. Цас намслаа. Хэрэв нягталж сайн харахгүй л бол бараг л зогсчихов уу? гэмээр. Гүн зузаан цас хөрстөд унажээ. Улаан нарс модон саравчны дээрх цас л олноос онцгой харагдана. Аяган хэлбэртэй овгор овгор цаснуудын дор улаан лаа адил нарсны бие лааны дөл адил цолгорох нь харшууламгүй үзэсгэлэнтэй.

Харанхуй болоход Жи Шигийн зүрх түгшиж эхэллээ. Тосгоны ноход сул хуцалдах нь дуулдах нь хүмүүс голын эрэгт түүдгээ асаагаад эхэлснийх. Амаржих эх хэсэг нам жим боллоо. Хөлс нь цутгаж хув хуурай зэгсэн чийрсээ шал норгожээ. Жи Ши лаа асаахад эхнэр түүн рүү харж мишээгээд

-Жи Ши эх минь та загас барихаар явахгүй юу? Хэрэв та тэнд байхгүй бол загас барих нь хүмүүст ямар ч утга учиргүй болно шүү дээ.

Үнэхээр л жил бүрийн анхны цаснаар Ши мөрний эрэгт Жи Ши хэдэн арваас эхлээд олон зуун нулимст загасыг тэлчлүүлж цовхжуулан барьдаг билээ. Жи Шигийн нулимст загасны модон тэвш бүхий л хүмүүсийн харцыг унагана. Хүүхдүүд сахилгагүйтэн гараа модон тэвш рүү хийж загасны толгой, сүүлийг илбэж модон тэвшний усыг оволзуулна. Аав ээж нь энэ үед хүүхдүүдээ “Битгий амьтан зовоогоод бай!” гэж зандарна.

-Би тийш явчихвал хэн эх барьж авахсан билээ.

-Би өөрөө… хүйгээ хэрхэн хайчлахыг та надад заагаад өгчих. Би эндээ алзахгүй. Ху Дао бас очиж нулимст загас бариг.

Жи Ши

-Яаж болдог юм гэж түүнийг зэмлэхэд цаадах нь хөлөө жийж

-Жи Ши эх минь нулимст загасыг барихгүй бол хүний амь насанд аюултай биз дээ.

-Хэн мэдэх вэ? энэ ердөө л домог. Тэгээд ч дээр нь нулимст загас барилгүй өнжсөн айл энд байхгүй.

-Би бага байхдаа аав ээжээсээ асуусан. Энэ загас яагаад уйлдаг, яагаад ийм цэнхэр хайрстай, яагаад анхны цас орсны дараа гарч ирдэг тухай гэвч аав ээж тэр үед юу ч гэж хариулаагүй. Жи Ши эх минь та мэдэх үү?

-Би мэдье гэвэл юуг чиг мэдэж болно. Гэхдээ Ши мөрнөөс л очиж асуувал тэр бүгдийг мэдэж байгаа.

Тулгар эхнэр ахиад ёоллоо.

Тэнгэр тас харанхуй. Ши мөрний эрэгт түүдгийн гал асаад эхэлжээ. Голын уснаас “үү үү” гэсэн дуу бага багаар гарч эхэллээ. Загасчид эзлэн авсан тус тусын усныхаа хэсэгт цалин цагаан тороо шидлээ. Модон тэвшинд ус хэдийнэ бэлдсэн эхнэрүүд саарал, цэнхэр алчуураа орооцгоогоод голын эргээр нааш цаашаа хөлхөх авай. Цаад эргийн уул цалин цагаан моддоор хуяглажээ. Саран агсаж хүйтэн туяагаа голын ус, түүдгийн гал, модон тэвш загасчдын хав хар нүүрэн дээр тусгажээ. Байхгүй ч байж болох сарны туяа бялхан байхуй зовлон шаналант дуу мөрний усаар урсан ирэх нь тэр ээ.

Үү үү үү үү үү үү мянга түмэн завь хөвөн ирж буй мэт л … хүний ертөнцийн бүхий л навчис Ши мөрөнд унаад хөвөн ирж буй мэт л… бүхий л хөгжмийн зэмсэгүүдээс гарах хамгийн шаналант аялгуунууд нэгдэн нийлээд ирж буй мэт л… Ши мөрөн, нууж далдлаа нь үгүй зовлон шаналалын дуу, энэ л А Жиа загасчдын тосгоны хүмүүс нэг төрлийн шашны уур амьсгалд автан хөвж явна уу гэлтэй. Нэгэн загасчин хамгийн эхний нулимст загасаа барьж тэвшиндээ хийгээд нам намуухнаар тайвшруулан “заа битгий уйл… заа битгий уйл” алтан шаргал түүдгийн галын гэрэлд загасчин эмэгтэйн нүүр царай хүрэлшиж толгойнх нь алчуур харин цайвар цэнхэртэнэ.

Үү үү үү, үү үү үү улмаас улам шөнө болсоор л, Ху Дао долоо найман нулимст загас барьчихаад гэрээдээ завчлан ирж эхнэр нь амаржсан эсэхийг харлаа. Хөөрхий эхнэр нь үлбийсэн нүдээр тааз ширтэн горь тасарсан байна.

-Энэ хүүхэд нулимст загас өнгөрөн одохыг хүлээгээд байна уу даа? гэж Жи Ши бодлоо.

-Жи Ши эх минь! би хэсэг түүнийг сахья, та гол руу оч, би нэгэнт барьдагаа барьчихсан, та харин бариагүй.

-Чи сахиад ямар нэмэр байх вэ? дээ нэгэнт эх барьж чадахгүйгээс хойш

-Тэр хөнгөжих болвол би гол руу очиж таныг дуудна шүү дээ гэж Ху Дао бувтналаа.

-Хэн мэдэх вэ? маргааш ч мэндлэх юм билүү

-Лавтай л энэ шөнөдөө багтана вий. Арван хоёр цагаас л өмнө төрнөдөг.

Жи Ши аяга цай ууж ахиад бодлогоширлоо. Шинэ лаа асааж тулгар эхнэрт залуу үеийнхээ хөгтэй явдлаас ярьж өглөө. Эхнэр хэсэг сонсоод тэсгэлгүй инээхийг хараад Жи Шигийн сэтгэл жаахан ч атугай тайтгарлаа.

Шөнийн арван нэгэн цагийн үед эхнэр ахиад өвдөж эхэллээ. Эхлээд аяархан ёолж байснаа сүүлрүүгээ айхтар чанга орилоход Ху Дао яахаа мэдэхгүй орж гарч байхыг хараад тэр яг л өвдөлт зовлонгийн эх үндсийг хайж байх шиг тэсвэр алдам хашхирлаа. Жи Ши ахин нэг лаа Ху Даогаар асаалгаж эхнэрийн дэргэд өнөөхөө өргөн зогслоо. Ихэсийн ус нь гарсан хойно тэрбээр нэгэн хүүхдийн толгой яг л боловсорсон алим адил цухуйн гарч ирэхийг харлаа. Үр жимс ингэж боловсроод айрагладаг билээ. Жи Ши нууцхан баярлан

-Ахиад жоохон хүчтэй! мөдхөн гараад ирлээ. Ахиад жоохон битгий нялхраад бай! Би бас нулимст загасаа барихаар явах гээд байна шүү! гэж өгүүлнэ.

Ийм нэг час улаан үр жимс эхээсээ уналаа. Ийн амаржихын уйлан чарлах дуу яг л үр жимсний сайхан үнэр адил дөрвөн зүгтээ түгнэ.

“Ээ охин үр. Зөөлөн дуутай юм. Том болоод лавтай загасанд дуртай хүн болохнээ гэсээр дараагийн хүүхдээ Жи Ши хүлээж эхэллээ. Арван хором, хорин хором өнгөрлөө. Эхнэрийн амьсгаа түргэсэн дээрдэж ахин нэг айрагласан жимс аажуу аажуухан цухуйсаар эхнэр нэг хүчтэй орилтол ер бусын хангинасан дуутай үр эсэннэх нь тэр ээ. Өхөөрдөм бяцхан хүү ажээ.

Жи Ши

-Ху Дао, Ху Дао чи ч үнэнхүү азтай юм даа! Хүү охин хоёртой болчихдог хэмээн ориллоо.

Ху Дао-гийн баярлан хөөрч байгаа нь яг л цэцгэнд шандуурсан эрвээхий адил. Эхнэрээ догдлон харж байгаа харц нь эгээ л эгнэшгүй гавъятанг гарж байгаа гэлтэй. Эхнэр ингэж нэг эцэстээ чив чимээгүй цусанд норсон зэгсэн чийрс дээрээ хэвтэж байлаа. Ху Хуй энэ сайхан баярт мэдээг дуулгавал лавтай баярлах байсан биз ээ.

-Жи Ши эх минь, магад ирсээр л байгаа байх шүү. Та түргэхэн мөрөнд хүр гэж эхнэр сулхан өгүүлэв.

Жи Ши цусанд хутгалдсан гараа угаагаад ахин нэг аяга цай уугаад алчуураа боогоод тэднийхээс гарлаа. Том өрөөгөөр нь явж өнгөрөхдөө хойморт өлгөөтэй нөгөө нэг хөгтэй зургийг ахин нэг харъя гэж санатал өнөөх зураг байсангүй. Түүний оронд зөвхөн модон хулуу модон дүүжлээр л тэнд байлаа. Жи Ши хиртхийн цочлоо тэр өмнө нь Ху Хуйгийн сүнсийг харсан юм биш байгаа. Тэр гайхсаар хашаа руу гарлаа. Агаарын цэвэр тунгалаг нь ахиад нэг шинэ уушиг түүнд өгөх шиг сэтгэлд нэн таатай. Ху Дао ямархан нэгийг асааж ноцоожээ галын дөл сорлоно.

-Чи юу шатааж байгаа юм бэ?

-Манай аавын зураг өө. Тэр амьд байхдаа хэрэв ач минь гараагүй бол зургийг минь харж яв. Харин ач гарчихвал хананд өлгөөд байх шаардлагагүй гэж хэлж байсан.

Жи Ши аажим аажим үнс болж буй галыг гансран ширтэж

-Ху Дао, чи нээрэн л хүүтэй болчихлоо. Ху овогтны яс мах Жи Шигээс үүдээгүй нь лав.

-Аав маань хэлдэг байсан. Хүн хоёр үеэ л харахаас дөрвөн үеэ бол харж чадахгүй. Дөрвөн үе өнгөрхөд лав түүнийг үр удам нь чөтгөр шулам болгоно гэж ярьдаг байсан учраас одоо түүний зургийг шатаах нь зөв хэнд ч дурсагдахгүй.

Галын дөл хэсэгхэн газрын цасыг хайлуулаад бөхлөө, үнс нурам боллоо. Оронд нь байшингаас лааны гэрэл туяарч цастай газрыг шаргалтууллаа. Жи Ши мөрний тэртээгээс үү үү гэсэн дуу цууриатахыг сонсоод тэсгэлгүй асгартал уйллаа. Тэр ахиад шинэхэн загасны мах хазахгүй, амтат тэр сайхан цэнхэр хайрс шүдэнд нь өртөж яаж урьдын сайхан дууг гаргах билээ. Шүд араанууд нь аймшигтайгаар үйрэн унасан. Буйл нь улаан биш хөх саарал болсон яг л он удаан жил галын ис тортог дөл нөлд шарагдсан хуучин хана шиг. Түүний гөрмөл гэзэг үс цэл буурал болсон яг л өвлийн зэлүүд агуйн аманд үлдсэн өнчин ургамал шиг л болсон.

Жи Ши уйлсаар гэртээ ирлээ. Загасныхаа торыг мөрлөж модон тэвшээ гартаа барин зүдрэнгүйхэн мөрөн лүү явлаа. Түүдгийн гал уран гоёмсог цоролзож загасчин эмэгтэйчүүд тэвшнийхээ өмнө зогсоод Жи Шиг элэгсэн харж байна .

Урьдын зовлонт дуу уснаас гарахаа болиод Ши мөрөн чив чимээгүй урсаж байна. Цаад эргийн цас галын гэрэлд алтан ор газарт тавьсан шиг харагдана. Жи Ши тороо ус руу хаяж модон тэвшээ арайхийн усаар дүүргээд нулимст загас торонд нь орохыг хүлээлээ. Шөнө дундаас хойш харанхуй удаан үргэлжлэхгүй. Түүний хойно өчнөөн олон хүн нааш цааш ирж очно холхиж байгааг тэр сонсож байна. Тэртээ жил Ху Хуй руу цацсан загас цэвэрлэсэн усыг нэхэн санаж байна. Тэр үед тэр юунаас ч айдаггүй үнэнхүү уур омогтой байжээ. Нэг хүн үгүйрэхэд хүч чадал нь эзнийхээ зүрхийг шимшрүүлдэг ажээ.

Хүйт нэмэгдлээ. Жи Ши алчуураа доош нь дараад тороо эхний удаа татлаа. Тор нь усны мандалд шигшигдсээр гарч ирлээ. Намуухан зөөлөн мэдрэмж нэг хэсэг түүний зүрхэнд хургалаа. Нулимст загас нэг ч алга, хов хоосон цалин цагаан тор голын эргийн цасан дээр овоорход цас үл мэдэг хайллаа. Жи Ши өчүүхэн ч цөхрөлгүй нулимст загас түүний торонд орно гэдэгт эргэлзэхгүй байлаа. Тэр хоёр гар нь хов хоосон буцна гэдэгт итгэхгүй байлаа. Хэсэг хугацааны дараа үүр зугуухан хаяарах үест Жи Ши тороо хоёрдахь удаагаа татаж машид болгоомжтойгоор эрэгт гаргалаа. Тор нүсэр хүнд ажээ. Хөл нь чичирч байлаа ядаж арван хэдэн үзэсгэлэнтэй цэнхэр загас торны нүдрүү шигдэнэ байгаа хэмээн санав. Үүнийг бодож түүнийг эргэцүүлсээр тороо татсаар дуусахуй таг хоосон, өөр юу ч алга. Тор нь урам хугалсан шазруун нэгэн болох нь тодорхой болоход тэр ахин нэг удаа хоосон татсанаа гэнэт ухаарлаа. Бурханг зүхэж гарлаа. Голын эрэг дээр суугаад тор яагаад тийм хүнд байсныг санах гэж хичээн гарцаагүй л юм байсан даа. Гэвч эцэстээ тэр ойлгов. Түүний хүч чадал урьдынхтай харьцуулалтгүй болсноос тор тийн хүндэрчээ.

Үүр алгуурхан хяруулж түүдгийн гал дуугүйхэн унтарлаа. Цаад эргийн уулс гэнэтхэн тодорч олон хүмүүс агнасан загасаа аван гэртээ харьцгааж байна. Уснаас “пис пас” хийсэн дуу гарахыг Жи Ши сонсож байлаа. Тэр бол нулимст загас ус руу орох үед дуулддаг дуу. Нулимст загас Ши мөрний доошоо хөвөн оджээ. Жи Ши яг л тэдний цэнхэр зоо, улаан сэлүүрийг харж байгаа мэт л байлаа. Тэд сүүлээ шарван маш хурдан хөвөн, эхнээс адаг хүртэл явна. Нулимст загас тийм их биш, хүнээс хэдэн зуу дахин цөөн. Тэгээд жил бүр цагийн цагт энэ голоор урсан өнгөрнө. Харин хүмүүс Ши мөрний нэг хэсгийг манаад л сууж байна. Манаж суух нь амьдрал, манаж суугаад хөгширнө. Манаж чадахаа болих үед энэ голын эрэг булш бунхан болж хувирна. Тэр уснаас түүний дууг олж сонслоо. Тэр түүнийг харлаа.

Жи Шигийн хоолой сөөжээ. Гэхдээ тэр энэ мөрний эрэг дээр дуулахыг маш их хүсэж байна. Гэвч тэр өөрийгөө авиа гаргаж чадахааргүй болсон гэдгээ мэдэж байгаа. Хоёрын хоёр хоосон торыг өглөөний дулаан туяа ивээж, тор бүхний нүд болгон дээр дулаан туяа хөвөлзөн байлаа.

Нулимст загасаа тавьсан хүмүүс уван цуван гэрээдээ харьсаар. Тэд эхнэр хүүхэд, нохойгоо дагуулж эхнэрүүд нь тэвш, загасны тороо барьж, харин илч дулаан түүдгийн үнсэн дотор нохой таваргасан мөр үлджээ. Жи Ши аажуухан босч хоосон хоёр тороо хумин эзгүй зэлүүд голын эргээр модон тэвшрүүгээ алхаж явна. Машид зүдрэлтэйгээр тэвш рүүгээ дөхөж очоод цочиж балмагдав. Тэвшин дотор нь тув тунгалаг ус, арван хэдэн үзэсгэлэнт цэнхэр нулимст загас хөвж байх нь тэр. Тэд ихэд дураараа сүлжилдэх аж. Жи Ши нулимсаа барьж дийлсэнгүй. Толгойгоо өргөн харвал тосгон руу буцаж байгаа загасчид хийгээд тэдний эхнэрүүд. Тэдний бараа хөвөлзөн торолзно. Тэд хачин хурдан гэр гэртээ очжээ. Алтан шаргал туяа тэнгэрийн хаяанд шаргалтаж А Жиа тосгон жирэмсэн мэт амар тайванд автан умбаж байна. Жи Ши дайвж гуйвлаа. Тэр ганц сайхан чимэгтэй өгүүлбэр бурханд хэлчихсэн хэмээн хүсэж байвч эцэстээ мөн л харааж зүхэж орхив.

Жи Ши эцсийнхээ хүчийг шавхаж модон тэвшээ голын эрэг рүү чирэн эрэгт сөхөрч суугаад хүчтэй амьсгаадан яс арьс болсон гараараа тэвш дүүрэн байгаа нулимст загаснуудыг нэг нэгээр нь голд нь тавьсаар… хамгийн сүүлчийн нэгэн загас гол руугаа бушуухан ороод хөвөн одлоо.


ЗОХИОЛЧ: ЧИ ЗИЖЯНЬ

Орчуулсан Мө.Батбаяр

Сэтгэгдэл хэсэг