МӨ. БАТБАЯР: ТЭНГЭРТ ОЙРХОН ДУУЛЖ ЯВАА ХҮН

Намар адагшиж, нар эртлэн жаргадаг болсон энэ өдрүүд таны тухай надад дурсах шиг болно.  Намайг анх хот явах гэж байсан тэр өдрийн орой та тэртээ холоос зорин зорин хормой шуун, хөлс шудран явган ирж “ахдаа дууны ном” авчраарай гээд өгсөн хав халтар таван мянгатын дэвсгэрт арван оны дараах энэ эрээн мяраан, алаг цоог санамж дурсамж дундаас тодорч байна. Та ч гэсэн тэгж хэлээд өгсөн таван мянган төгрөгөө өдий болтол мартаагүй яваа гэдгийг би мэддэг. Та хэлээгүй ч таны юм нэхсэн харц хэлдэг. Одоо болтол аваачиж өгөөгүй, ер хэзээ ч өгөхгүй байж мэдэх энэ мартагддаггүй өр л өдий хүртэл таныг миний дотор оршоож  яваа даа гэж санан өртэй гэмээ өөртөө цайруулж сууна. Магад насан туршдаа бидний дунд энэ өр явах аваас магад таныг нэгэн насаараа дотроо тээж явах юм шиг санагдана. Дууны ном л аваачаад өгчихвөл дунд минь юу ч үгүй болж таныг мартах ч юм шиг. Өр өгцөө хүнд ингэж аль эрт мартчихаж болох байсан нэгнийг өнө мөнхөд сэтгэл зүрхэнд нь суулгадаг ажаам. Өөр та бид хоёрыг холбох ямар дурсамж явдал буй билээ гээд бодохоор онцолж хэлчихээр юм эс байх ч шиг бүдэгтэнэ. Бүдэгтэх эдгээр дурсамжийн бүүр чинадаас лааны гэрэл шиг нэгэн бүлээн шаргал зүйл тодрох нь лаа  мөн байв. Тэр талаасаа доошилж хариугүй жаргах дөхсөн хятад цагаан лааны хоёр талд хоёр хүн сууна. Нэг нь дээлээ нөмөрч өндийж суусан манай аав, нөгөө нь дээлтэй бүхлээрээ завилж суусан та байна. Аав та хоёр юу ярьж байсныг одоо би даанч санахгүйнээ. Аан харин унтаж байсан миний өмнүүр суусан та зөндөө олон дуу дуулж байсныг, таниас хөлс, хир, шивэр, морины нэлхийсэн үнэр ханхалж байсан нь санаанд тодхон байна. Одоо ч би хэн нэгнээс тийм үнэр үнэртэхээр таныг бас сар арвидсан намрын тэр цагаан шөнийг дурсдаг юм. Та тэр орой “Аяга архи өгвөлчин Алтай Хангайн уулсыг дуулаад өгье. Хундага архи өгвөлчин хулсан ташуурыг дуулаад өгье” гэж ханхалзахад аав “заа энийгээ уугаад болно шүү дээ” гэж цааргалж нэг үзсэнээ ахиад нэг сав нэрмэл гаргаж өгч байсныг санаж байна. Аав зүүн авдрын ар шугуйгаас нэг сав нэрмэл гаргаад эргэхэд та дороо өндөсхийж “Ал-тайн-хаан ууулсыг юу-гаан болгоод” гэж хүнгэнүүлж эхэлхүй таны том сүүдэр над дээгүүр ирээд буцасныг таны зүүн суган доогуур манай лаа шаргалтаж лааны цаанаа аавын маань нүүр хүрэнтэж байсныг санаж байна. Адагшиж буй намрын жихүүн шөнө идэрмэг хоёр эр лаа тойрч суугаад энэхэн уужим хорвоогоос юу олж биеэсдээ хачирхуулж байсныг одоо би санахгүй ч тэр орой дуулсан ихэнх дуу миний ой тойнд үлджээ. Энэ бол эмээ маань өнгөрсөн 1999 оны намрын дунд сар байлаа. Би таван нас хүрсэн тэр жил манайх дөнгөж шинэ хөгжимтэй болоод байсан авай. Ээж ийш тийш явах болгондоо урьд хожид сонсож байгаагүй шинэ кассет байнга авч ирдэг байлаа. Өдөрт миний хийдэг ажил гэвэл өнөөх шинэ хуучин кассетуудаа сонсож өнжих. Нэг нарийхан иштэй сэрээ манай хөгжмийн хажууд байдаг байлаа. Түүгээр кассетныхаа аль нэг нүхрүү шорлоод сэрррр сэррр хийтэл нааш цааш эргүүлж сонсохыг хүссэн дуун дээрээ аваачдаг байлаа. Ахиж сонсмоор байвал кассетаа гаргаж ирээд сэрээгээ сүвлэж шондож байгаад сэнсэртэл эргүүлнэ дээ. Хэтрүүлээд эргүүлчих нь ч бий. Яв цав тааруулчих нь бий. Кассет тоглуулагч хөгжимд уг нь ухрааж гүйлгэх, урагшаа гүйлгэх товчлуур байдаг байсан л даа. Харамсалтайн тэгэж гүйлгэхээр кассетаа ороож зажлаад байдаг байсан болоод л би сэрээдэх аргыг эрхэмд үздэг байв даа. Та тэр орой миний дөнгөж олж сонсоод байсан Адарсүрэн гэх дуучинтай нүгэлгүй адилхан дуулж билээ. Ялангуяа хамаршуулж гуншисхийж дуулаад байгаа тань хамгийн адилхан сонсогдож байсан даа. Маргаашнаас нь би таныг ч юм уу Адарааг ч юм уу дуурайж гуншиж дуулах нөр их хөдөлмөрт хэдэн өдөр шамдаж билээ. Таван настай миний хоолой тэгж дуугарна ч гэж юу байхав. Ингэж та миний ой дурдатгалд Адарсүрэн дуучны дүрээр анх орсон билээ. Энэ нутгийнхан ч таныг манай Адараа гэж цаашлуулах наашлуулахын дундуур хэлдгийг би арай хэдэн насаар том болсныхоо дараа мэдсэн билээ.  Энэ нутгийн хүмүүс тантай

-за “Малчнаараа торойгоод л” байна уу? гэж асууж мэндэлж байхыг би хэдэнтээ сонссон. Манай нутагт мэндийн ийм үг байхгүй ганцхан тантай л ийм үгээр ярьж байгааг би аль хүүхэд байхдаа л мэдэж улам бишрэх болсон доо. Та тэрүүхэндээ мушилзаад

-аа торойгоод л байна гэж хариулахаа ч бас мэднэ. Дууны үгээр ганцхан тантай л ингэж ярилцдаг билээ.  Та бол миний хар багадаа хамгийн анх олж мэдсэн хамгийн агуу том дуучин билээ. Миний “гуншиж” дуулахын төлөөх нөр их үйлс тэр хэдэн хоногтоо тэгсхийгээд замхарч, тэр даруйдаа мартагдсан юм. Харин би хэзээ хойно та Адарсүрэн агсанг дуурайж хамарлуугаа оруулж битүү дуугарч чадаад байгаа биш угаас жаахан ялимгүй гуншуу гэдгийг тань мэдсэн дээ. Түүнээс эхтэй таны туулсан амьдралын олон зовлонт явдлуудыг би мэддэг болсон сон. Юун түрүүнд би таньтай холбоотой дурсамжийг ХҮНЭЭС сонссон ТАНИАС сонссон гээд хоёр хуваачихъя. Тэгээд эхлээд хүнээс сонссон дурсамжаа задалъя. Та өлгийтэй, улаан цурав юм байжээ, ээж тань эмээ дээр тань орхиод хүн дагаад явжээ. Та тэгээд эмээ дээрээ үлджээ, өсжээ. Ямаа холбоод саахаар сайрстай хөлтэй жижигхэн бор ишиг хүү тожир тожир гүйж ирээд дөрвөн мөчилж хэвтэж байгаад ямаа хөхөж цадаж аваад явдаг байсан гэх. Эхийнх нь сүүг ишигтэй хувааж уугаад та бид том  болжээ. Ганц ялгаа нь та ямааны дэлэнээс ууж, бид тогоотой хөөрүүлсэн сүүнээс ууж өсжээ. Нүүдлийн зам, таван хоног ямаа холбож саахтай манатай хоёр нарны хооронд туувар үргэлжилнэ. Таныг араараа дүүрээд мал тууж яваа эмээ тань ишиг нь үхсэн хайдуул ямаа жижийлж  барьж авуут та мориноосоо шалавхан бууж хөхдөг байсан гэдэг. Туувар нүүдлийн хол замд та биднийг адилхан л хайдуул ямааны чинэсэн хөхний сүү ундалж байжээ. Ганц ялгаа нь тэр сүүг бид ижийн чанасан цайнаас, харин та эмээгийнхээ “урхидаж” барьсан ямаанаас ууж байжээ. Ямаа, эмээ хоёр таныг өсгөжээ. Таны нутгийн зарим хөгшчүүл  ЯМААНЫ ХҮҮ  гэж  ярьж байхыг ч би сонссон. Эхийн сүү амласан бүхэн “хүн” болдоггүй, ямааны сүү хөхсөн бүхэн мал болдоггүйг та амьдралаараа гэрчилээ, аялгуу минь, ах минь. Харин одоо таны амнаас сонссон дурсамжаа бичье. Тэртээ нэг жилийн өвөл би өвөлжөөндөө ганцаараа хэд хонож байлаа. Өвөлжөө гэдэг нь эзгүй хөх уулын хүүш эхэнд буй дөрвөн ханатай урц юм л даа. Манай нутгийн ханагар уулсад таван ханат дугуйлчих тэгшхэн зай олддоггүй эрс цавчим өндөр учраас айл бүр л урцтай өвөлждөг юм л даа. Нэг орой харанхуй бүрэнхийтэй цуг хонио хотлуулж ирээд, жаахан хужир нэмж өгөөд, ямааны хөлдүү хаа оруулж ирж буцалгаад шөлний дээжээс нь  муу нохойндоо хөргөж хийж өгөөд, гэр түшүүлээд орхисон байсан муу буугаа оруулж ирж зэхэж тавьчихаад өнөөх хаагаа чанаад галаа эргэж ганцаара түжигнэж байтал хөлийн чимээ гарч нохой хуцлаа. Эзгүй уулын энд хэн л ирэв гэж эндхийн улсуудын нэг нь л биз гэж бодоод сууж байтал хаяанд шахуу ирж байсан хөлийн чимээ гэнэтхэн аг чиг болсноо юу ч юм нэг амьтан гэр шөргөөгөөд эхэлдэг байна шүү. Би ч дуугүй суугаад л байлаа. Тэгж байтал хотон дотор л чулуу унаж байгаа нь “пүд пүд” хийж сонсогдоод л мал үргээд эхэллээ. Миний хоёр гар бууруугаа ч нэг яваад, гар чийдэн рүүгээ ч нэг яваад тэгж байгаад гар чийдэнгээ асааж  амандаа зуугаад буугаа шүүрч аваад ухасхийгээд гарах гэтэл хаалга онгойдоггүй. Нөгөө “Гарьд Магнай” кинон дээр Аравсал Панзын үүдийг бул хар чулуугаар дарж орхисон байдаг шиг л юм боллоо. Гараараа түлхэж байснаа болиод биеэрээ мөрлөөд түлхлээ. Хаалга онгосхийснээ өөдөөс мөн түлхэж  байдаг шүү. Юутай ч амь голгүй чулуу биш алаг зүрхтэй юм л манай хаалга дарж гэж бодлоо. Гэхдээ тэр ер үг дуу, ааг амьсгаа гаргахгүй болохоор болохоор хүн үү? Буг чөтгөр үү? гэдэг нь мэдэгдэхгүй байлаа. Би гэр дотроос хашхирлаа

-Холдохгүй бол хаалгатай чинь хадаж орхино шүү гээд бууныхаа замгыг тожигнууллаа. Тэгсэн

-ха ха ха за яасан айсан уу? бүр байтлаа буудаж алах нь л дээ, муу ахыгаа гэсээр та ороод ирсэн сэн. Чамайг ирсэн, ганцаараа байгаа гэж дуулаад жаахан айлгая гэж бодоод гээд шав шар шүд ярзалзуулан инээлээ.

-харин та л хаалгатай хадагдахаас айх шиг боллоо. Замагны дуунаас үнхэлцэг нь хагарах шахаж гялс хаалгаа онгойлгож байдаг шүү. Би ч та нарын л нэг байх гэж бодож байлаа гэж би сөрөглөө. Бид хоёр олон жилийн дараа ингэж айдас жихүүдэс, инээд хөөр болсоор уулзав.  Энэ уулын айлууд дундаас нүүр өгөөд юм задлаад суучих ганц хүн намайг гэж ирсэн үү? Эсвэл удаан уулзаагүй надтай үнэхээр уулзъя гэж ирсэн үү? Юутай ч тэгж л яваа гэдгийг би мэдэхийн хувьд ямааны хаа болж байх хооронд авч ирсэн ганц шил юмаа гаргаж барьлаа. Хоол болтол шийр зугаа гэдэг л боллоо. Зугаа харин ч нэг зугаа шиг зугаа боллоо. Ууталж авч ирээд гэр түшүүлээд тавьчихсан байсан цаснаас түмпэнд оруулж ирж галын бөөр лүү тавьчихаад хайлсан усаар нь даруулж байгаад л хоёулаа ч дүнгэнүүллээ. Хаа маань ч боллоо хоёулаа ч цохиж гарлаа. Ахаас өнөөх л үнэр сэнхийж байгаа нь сэтгэлд сайхан байлаа. Өвөлжин өндөр ууланд өдөр болгон зүтгэж байгаа. Ус түлээ муутай умгар ганц урцанд ганцаараа суугаа, эр ганц хүнээс гарахаас аргагүй үнэр ээ.

Өвлийн шөнийн одод шиг өнгө тунгалаг нь үгүй билээ. Ах бид хоёр 1999 оны тэртээ намар аав тэр хоёр сууж байсан шиг л лааны хоёр талд сууж өвлийн нэг шөнөөр тохом гөвлөө. Ах ар араас нь Адараа агсаны дууг угсрууллаа. Хоолой нь цуцна ч гэж үгүй. Дуулах тусмаа тослогтоод байх шиг.  Тэр шөнийн ярууханыг ээ. Байн хоёулаа сарнаас сансрын хөлөг хүлээж байгаа юм шиг тэнгэр ширтэн гадаалж, гүцээ сулалж тэгэх бүрийдээ түлээ нэмж оруулж ирж өрдөж байгаад л өнөөхөө биеэндээ ёсорхуу бариад л ахын царай гэрэлтээд л ай даа мөн ахиад олдомгүй нар сар, од мичидийнх шиг тохиол гэвэл тэр байв даа. Хоёр эр хоолой нийлүүлээд хангинатал дуулаад эхэлхээр умгар муу урц улам ч зайтай болж ханхайх шиг. Тэгж суугаад би 1999 оны намрын дурсамжийг ярьлаа. Анх тэгж таныг сонсоод маргаашнаас нь таныг дуурайж гуншисхийж дуулах гэж хэдэн өдөр галзуурах дөхсөн шүү, та ч намайг дуу эгшиг гэдэгтэй танилцуулсан хүн шүү гэж жаахан халсных ч байх сүжирхээтэхлээ. Та муухан муушийсхийж

-сайн даа ч биш дээ. Дөрвөн настай байхдаа моринд өшиглүүлээд хамар хугарчихсан юм. Намайг хэн үзүүлж харуулаад явах вэ дээ, тэр чигтээ эдгэсэн. Чи ахынхаа энд дараад үзээ гээд навтайж цаашаа орсон дарагдсан банш шиг хамрынхаа хажуу дээр миний гарыг татаж аваачиснаа хэд хэд даруулж үзүүлээд

-ясгүй юм шиг зөөлхөн байгаа биз дээ гэлээ. Нээрэн тийм байлаа, намагтай ширэг шиг бамбалзаж байсанд би

-тийм байна л гэлээ.

Нээрэн ясгүй юм шиг бамбалзаж байв. Тамхи асааж хэд сороод хэсэг дуугүй сууснаа над руу жаахан зовонгуй гэрэвшүү ч юм шиг харц чулуудсанаа

-цаана нь дүүрэн идээ бээр байгаа юм билээ. Би ойлгосонгүй. Яахаар очиж очиж тэнд идээ бээр гарчихдаг юм гэж бодлоо. Тэгээд надад хамраа шахаж үзүүллээ. Хамраа яг л самрыг нь цөмөх гэж байгаа боргоцой шиг хоёр гараараа барьж байгаад хоёр хүчлэн шахтал ногоон туяатай өмхий идээ гоожоод гараад ирснийг хормойндоо арчиж байв. Идээнийх нь үнэр урц дүүрэн ханхлах шиг боллоо. Хамрын энэ бэртэнгээсээ болж нүд, толгой, хамар, ам гээд өвдөж зовоохгүй юм үгүй болсон тухай ч надад хуучиллаа. Тэгснээ хэндээ ч зовлонгоо тоочоод явах вэ дээ хүн залхаахын нэмэр гэж нэмлээ.  Ийм сайхан хөг авъяасын цаана ийм хүнээс нуум, хүнд зовлон байх гэж бодлоо. Ер тэгээд их бага ямарваа авъяас билгийн ард гуниг, зовлон хувьхан шаналал байдаг гэдэг нь юутай үнэн бэ?. Уран бүтээлчид туулсан зовлонт амьдрал, дотны нэгнийх нь үхэл хагацал адаглаад л хайр дурлалын хөнгөн шаналалаас болж  сэтгэл эвдэрч түүнийгээ тэгшлэх гэж хорвоогийн явдлыг эрхгүй тунгааж мөр толгой, холбож дуу аялдаг бус уу? гэж ч бодогдох шиг. Энэ хүн ч бас түүний нэг юм даа гэсэн бодол надад төрлөө. Бид хоёр хэсэг дуугүй суулаа. Би:

- та гутал хувцасаа тайлаад хэсэг хажуулах уу? гэлээ

-өө яах юм яах юм. Гутлаа тайлалгүй өвөлжиж байна гэж байна.

Би гайхсан харцаар харлаа.

-энэ айл /малаа хариулгаж байгаа айлыг хэлж байна/ өөдтэй түлээ түлш ч дөхүүлээд өгөхгүй юм. Би өглөө мал дагаж гараад орой ирэхээр түлээнд явах зав гарч өгөхгүй юм. Тэгээд өдөржин цастай ууланд яваад нороод ирсэн гутлаа тайлаад унтчихаар өглөө годойж хөлдчихөөд хөл орж өгөхгүй юм. Тэгээд л гутал, хувцастайгаа л өвөлжиж байна даа, ах нь гэж ярьлаа. Дээл хувцасаа хөнгөлөөд гэж хэлсэндээ харамсах ч шиг буруудсан ч шиг яах учраа тэрүүхэн зуур олохгүй байснаа.

-Та тэгээд яаж болгоод байгаа юм бэ гэж асуулаа.

-олны буянд болно шүү дээ.

-за олны буянд болж байгаадаа ингээд гуталтайгаа өвөлжөөд явж байдаг юм уу? Түлээ түлш, хоол хүнс дөхүүлж өгөхгүй бол малыг нь жалгын нэг тарааж хаяад яваад өгөхгүй юу гэж би агсарлаа.

-яаж болхов доо, миний дүү. Хүнд за гэж хэлчихээд ямар одоо болохоор үгүй гэлтэй биш. Хөхөө өвлийн хүйтэнд нях нойтон хүүхэдтэй хүмүүсийг нааш цааш явуулаад байлтай биш гээд тамхиа сорж над өөдөө өлийн харлаа.

-таныг бодож байгаа нь хаа байгаа юм бэ тэгээд

-болох байлгүй дээ.  Бид хоёрын дунд ийм яриа өрнөж байтал түүний утас дуугарлаа. Малын эзэн залгасан бололтой. Тасалчихаад өвөртөлчихлөө. Би хэрэгт дурлаж “хэний” гэхэд аан манай эзэнтэн л байна. Яах гэж байгаам болдоо гэж хэлж дуусаагүй байтал Ахиад залгаж байна. Авлаа. Малын эзэн мөн байжээ. Хаана байна л гэж байгаа бололтой. Манайд байгаагаа л хэллээ. Наана юу хийж байгаа юм бэ, мал хар эзгүйдэдгүй юм уу? л гэж байгаа бололтой. Дөнгөж сая орж ирээд сууж байна аа, хоол идчихээд хөдөллөө л гэлээ. Гэр орондоо  хоол ундаа хийж идэхгүй л гэж байгаа бололтой эмэгтэй хүний дуу цангинаж байв. Малын эзний авгай байсан бололтой. Түлээ дууссан, гурил будаа ч дууссан гэдгээ хэллээ. Эмэгтэй хэсэг чимээ болсноо манай эмтэй цагаан ямаа тэр дээр үлдчихсэн байна гэж сая хажуу айлын чинь хүн ярьлаа, мал таслаад, яагаад тэнд үлдчихсэн юм, чи мэдсэн юм уу? харалгүй үлдээчихсэн юм уу? гээд айлын авгайн дуу ахин чангарлаа. Ах харсан харсан чулуунд цохигдоод сүүж нь балцарчихсан юмаа гээд дуу нь ялимгүй намслаа. Айлын авгайн дуу намдсангүй тоо ёсоор нь төлүүлж авна шүү гэж хангинлаа. Ах хариуд нь тэг тэг гэж хамар дороо шахуу дуугарлаа. Тэгтэл утасны цаанаас “чи юугаараа төлдөг юм. Чи төлөх юутай юм. Өнчин ишигний шийргүй хэвтэж байж. Өгсөн мал аятайхан хариулчиж чадахгүй” гэж айлын бага авгай аашилж гарлаа. Үгүй өдөр дээрээс малын хөлөөр чулуу өнхөрч явсанд оногдчихсон юмаа гэж ах гацаж түгдчин учирлав. Ухархай руугаа улам ширгэж байгаа хоёр нүд нь гялталзаж гүйх нь гүн худгийн ус шиг ажээ. Өөдөөс нь арьсыг нь ч болтугай авч ирээрэй. Өнөө шөнө яаж чоно нохойны амнаас зөрж хонов гэж, хонохгүй л дээ тэр. Манай мах дуусаж байна тэр ямааны махыг уг нь янзлаад явуулчихвал гэж айлын авгай хангинсаар, ах болохоор хар цагаан дуугүй. За ч гэсэнгүй үгүй ч гэсэнгүй. Хоёр талд хоёулаа чимээгүй зогсож байгаад утсаа тасаллаа. Ингээд бид хоёр нэг нэг хутга түрийлж аваад  дүн өвлийн дүн шөнөөр цас мөсөн дуулгатай уулын тагын жалганд байгаа ууц нь балцарсан ямаа төхөөрч авч ирэхээр гарлаа. Амьд байж гэмээ нь одоо л бий үгүй бол тэгээд дүүрсэн хэрэг гомдлын мөр барагдах биш очоод л үзэхээс, үгүй бол бас үглээд унана гэж өөртөө ч юм уу надад ч юм уу хандаж хэллээ. Энэ ууланд харанхуй шөнө бүү хэл өдрөөр явахад бэрх эрс өндөр аруудтай. Нэг хөл алдаад доош явбал гацаж тогтох юмгүй явсаар тээр доор хавцлын ханан хаданд тархиа хага савуулж төгсөх хувьтай тийм өндөр аруудтай уул юм. Тэр уул руу бид хоёр нэг нэг тамхи асааж зуугаад нуруугаа үүрээд алхлаа. Ах нэг амандаа: төвд дулаан байшинд хэвтэж байгаа улс манийг яаж мэдхэв гэнэ нөгөө амандаа болохоор: хүний итгээд хүлээлгээд өгсөн юмыг тоо ёсоор л хүлээлгээд өгчихвөл нэр цэвэр юм даа гэж бодно. Надад болохоор үхсэн нохой оцгор  тийм цэвэр нэрээр ч яалаа үгүй ч яалаа ёстой лөөлөө л байна гэж бодогдож байна. Гэвч хүн яаж долоо дордож явлаа ч нэр төрөө ямагт эрхэмлэж байдаг ажээ. Гэвч зарим нь яаж өөдөлсөн ч нэр нүүрээ баастай хутгасан хэвээр л билээ. Ёс суртахуун гэгч хүний баян тарган, ядуу гуйлгачин байхтай ор тас хамаагүй аж.  Бидний өгсөх цаст ар өвлийн шөнийн цалин цагаан оддын дор дунхайн цавцайж байна. Бид түүний дээд шилээр давж хажуулдаж хэрж явсаар очих билээ. Бид хоёр хойно урдаа орж улбаа зам даган дув дуугүй явна. Энгэрийн товч минь амьсгаанд цантаж эргэж хайрах нь халуун амьсгаандаа хайрлаж явсан улс нүүр буруулж, хүйтэн мэс ханцуйлж ирэх шигээ. Ахыг ч бас дааруулж буй биз ээ. Энгэрийн товчоос илүү энэ хорвоод учирсан ихэнх хүмүүс нь түүнийг хайрч дааруулж яваа байхаа. Тэр энэ жил дөчин зургаа хүрч санчиганд нь цагаан сор унажээ. Уур амьсгаандаа сахал нь мөн битүү цантаад настай хөгшин шиг харагдаж байв Араас нь дагаж яваад харахад хөл нь ялимгүй майгарчээ. Нээрэн л энэ уул ийм цагаан сахалтай майга хөгшин байдаг гэлцдэг. Би яг л Жаргалант уулынхаа савдагийг дагаад дээшээ өгсөж буй юм шиг санагдахад нуруу хүйт оргиж хашхирхаар боллоо. Ах эргэж харахгүй дуугүй тугдалзана, майжига майжига алхах нь улам ч адилхан болж айдас төрүүлэх шиг. Ингэж алхаж явснаа гэнэтхэн эргэж над руу дайраад хүзүүнээс зүүгдээд авах юм шиг ятгаж хөгжүүлж цаашаа бодох тусам янз янзын юм бодогдоно.

Энэ хязгаар нутагт тавь дөхсөн аавтай минь энцүү эр ганц хүн хүйтэн хар шөнө ууц нь балцарсан амьд эсэх нь бүрхэг айлын хөгшин ямааны хойноос өдөржин явж явж ирсэн уулаадаа хоёр дахиа өгсөж байна гэж бодохоор тэнцүү биш хорвоогийн тавиланд гомдол төрнө.  Найман төрөлтөөс дээгүүр бүрэн бүтэн хүмүүн заяанд төрчихөөд мөрөндөө шинэ дээл нөмөрч үзээгүй, аягандаа шинэ шөл оочилж суулгүй хорвоог барж яваа гэхээр самсаа шархирна. Хүний амьдралыг өрөвдөхөөс өөр юм хийж чадахгүй дээ харамсаж бараа болж ингэж яваагаа хүргэж буй том тус гэж итгэх ч шиг. Хүйтэн жавар өмнөөс хацар нүүрээр алгадах шиг болж урд явсан тэрбээр хацраа дарж

-яаая алах гэж байна хөөе гэж надруу харж маасайхад харанхуйн дундаас шар шүднүүд нь харагдахгүй байлаа.

Бид хоёр тийн явсаар ямаа байгаа жалгын эхээ олоод очлоо. Бидний хөлийн чимээнээр өнөөх чинь босоод ууцаа мушгин чирч зугтахыг завдав. Би гэрэл тусган сууж ах яах ийхийн зуургүй янзаллаа. Тэгж байтал утас нь дуугарлаа. Цустай гараа хормойндоо шудрахчаа аядаад авав. Харицуулын цаанаас очсон уу? гэх эмэгтэй хүний дуу хангинав. Ирээд янзлаад дуусаж байна аа гэхэд цаанаас дотор, толгой шийрийг нь авна шүү гэх хахирган чанга дуу орилов. Ах юм хэлсэнгүй утсаа тасаллаа. Тэгээд юу ч дуугарсангүй махаа дэгэлсээр. Гадар махыг нь л арьсанд нь боож аваад буцах гэж байсан бид хоёрын ачаан дээр дотор, толгой шийр нэмэгдлээ. Ах дээлэндээ л боохоос гэж байна. Би ч үхсэн хаяа ч лай л байна гэж нэг хэлэх гэснээ хэлээ хазлаа. Тэгснээ тэс өөр бодолд байгаагүй “та даарахгүй” гэж асуулаа. Даарахын завдалгүй л харайлгаад орно шдээ гэж маасайх нь гэрлийн үзүүрт тодхон харагдав. Харанхуй шөнө эзгүй ууланд малын гэдэс дотор гарган улаан махтай ноцолдож байгаа тэр хүн надад чоно барьсан малынхаа гэдсийг хүү татан зулгааж байх шиг санагдав. Гэвч энд цусны үнэрээр жинхэнэ чоно хүрээд ирхийг байг гэх газаргүй шүү гэсэн өөр бодол залгав.  Жавар улам тачигнаж, хүйт улам нэмэгдэж байхад мань хүн дээлээ тайлж цус баастай дотор цуглаад зогсож байгааг харах дэндүү өрөвдөм байлаа.  Ингээд бид долоон бурхан тэгширсэн өвлийн тэр шөнө дээлэнд боосон, арьсанд боосон хоёр хэсэг мах үүрч буцсан юм даа. Өмнөөс хүйтэн салхи хөлдөөх шахаж, хойноос халуун нойтон мах бүлээцүүлнэ. Хүний амьдрал ингэж халуун хүйтэн, өдөр шөнө, жаргал зовлонгийн дунд өрнөнө. Ингэж бодохоор амьдрал дандаа халуунгүй, дандаа хүйтэнгүй дэндүү шударга ч юм шиг надад санагдана. Бид цастай араар унаж тусан, сөхөрч босон явсаар мичид гудайж байхад юутай ч урцныхаа барааг харав. Манай дээд талын орой дээр амарч суугаад тамхилав. Тамхи татаж суугаад ах санаа алдаж хүний амьдралч тэгээд уулын ганц хамрын ард нэг орж өвөрт нэг гарч явтал дуусчихдаг юм байна даа гэж билээ.  Хорвоо хариугүй уйтансаад тэнгэр доошилж хумгидаад явчих шиг надад санагдав. Хорвоо барагдашгүй уудам ч хүний амьдрал худгийн ус шиг хэмжээтэй гэдэг л үнэн болж таарлаа.

Бид хоёр сүүлд гурван жилийн өмнө цагаан сарын шинийн нэгэнд хонины бэлчээрт таарлаа. Үеийнхэн нь үр хүүхдээ тойруулж, хүргэн бэрээ хүлээн авч шинэлж байгаа энэ нутагт ганц бие намхан хар хүн надтай хонины бэлчээрт айлын мал эргүүлж явж таарсан нь тэр байлаа. Нөгөө дууны ном нэхсэн харцаар над руу харна. Бид урьдын тэр өвлийн шөнийх шиг дотно байсангүй. Цаанаа л нэг хэлээ хөндлөн хазсан байртай ойр зуурын хэдэн үг солиод салж одов. Мордохынхоо өмнө тэр өврөөсөө скочоор залгаж наасан хоёр дэвтэр гаргаж өгөөд

-за май цагаан сарын бэлэг шүү. Ахиж хоёулаа уулзаач уу үгүй ч үү чи чинь хот хүрээ, хол ойр яваад надад гүйцэгдэхээ байлаа гэж байна. Би хоёр гардаж авснаас хариу өгөх юмгүй дэмий хулганаж суутал тэр бээр тэмээ хөтөлж эргүүлээд мордлоо. Сэрээ бөхтэй хүрэн атны өндөр хоёрын бөхний дунд өөвгөр жоохон хүүхэд шиг бөөвийж суугаад цааш жонжууллаа тэгж явахдаа тэр “Тэмээн дээрээс наран ойрхон” хэмээх дууг эхлүүлж байв. Тэрүүхэн нэг гүвээ рүү малгайнхан орой шовос шовос гэсээр орж далдарсан ч дуу нь сонсогдож байв. Дүр нь харагдахгүй атал дуу нь сонсогдоод байх нь мөнөөх хүн дуунд шингээд эсвэл дуу болоод алга болчихсон мэт мэдрэмж төрнө. Түүний дуу л энэ нутгийн өвс ногоо, хайрга чулуунд шингэсэн байх. Түүний дуутай чулуу өгөрч, түүний аялгуу дуутай өвс ургаж, мод шуугидаг байх даа энд. Гандмал малгайнх нь орой шоволзсоор гүвээн дээрээ гараад ирлээ. Түүний дээр өвлийн нар туниа муутай туяарах нь “итгэл тасраагүй шүү” гэсэн харц шиг. Энэ ахын нүд бас ийм горь тасраагүй харагддаг билээ. Гэвч хэзээ ч надаас ном авч ирсэн үү гэж асууж байсангүй, ер бид хоёрын дунд тийм өгцөө авцаа байхгүй юм шиг л явна. Гэхдээ л цаанаа горь тасраагүй асуултын тэмдэг шиг гурвалжилсан нүдтэй, налжигар хамартай дагжигар хар энэ хүн тэмээн дээрээс тэнгэрт ойрхон дуулж яваа нь энэ.

Одоо миний өмнө тэр хаврын шинийн нэгэнд надад бэлэглэсэн түүний дэвтэр байна. Жаран хуудастай дөрвөлжин шугамтай хоёр дэвтэр дүүрэн дууны шүлгийг Ая Н. Жанцанноров Үг Ж. Бадраа Дуучин П. Адарсүрэн “Чандмань Эрдэнэ” гэхчилэн машид хичээнгүй тэмдэглээд доор нь он сар тавьжээ. Тэгээд бас болоогүй тэр хуудасны хоосон үлдсэн дөрвөн буланд нь зураг таталжээ. Нисэж буй хоёр хун, зэгэс шуугих нуур, мандах нар, морины толгой гаргаад орхисон зураг гэх мэт.  Энэ хүнийг ийм гоё зурдаг, ийм цэвэр сайхан бичгийн хэвтэй гэж ёстой бодож явсангүй. Бас зарим нэг хуудас дээр өөрөө бичсэн бололтой богино богино тэмдэглэлүүд байх. Жишээ нь “Ээжийгээ хайрлаж яваарай. Энэ хорвоод хүнд ээж нэг л заяадаг юм шүү” гэж бичээд доор нь Монголын үзэсгэлэнт саран гоо намайг төрүүлсэн ижий гэдэг шүлгийн дөрвөн мөр бичжээ. Насан турш цээжиндээ зүрх шигээ нандигнаж явсан энэ хоёр дэвтрээ яагаад надад өгснийг одоо би бодож сууна. Өгөхдөө одоо энэ надад хэрэггүй болсон гэсэн нь санагдана. Ийм нэг энгүүн хүн зовлонт амьдралаа чимээгүй туулан хорвоогийн нэг бөөрөнд дуулж яваа гэж бодохоор даанч хайран. Ээж намайг зэмлэх бүртээ “хүнтэй хүн шиг харьцвал чамтай хүн шиг харьцана шд” гэж хэлдэгсэн. Би тэр ахд магад жаахан хүн шиг хандсан болоод надад байгаа ганц үнэт зүйлээ дурсгасан юм болов уу ч гэж бодогдоно. Хүн шиг харьцах гэдэг яг юу юм бэ?. Яахав дээ энгийн шүү дээ. Хамт дуулах, хамт уух, хаа гаргаж чанаад хамт идэх, хэн нэгнийг халуунаар дурсах, хүний тухай сайхан үг унагах сэтгэлтэй байх гээд дэндүү энгийн гарын доорх сэтгэл шүү дээ. Ингээд энэ бичвэрийнхээ амыг хаая. Би бээр танд дууны ном авч ирэх гээд ирсэн нөгөө хотдоо л сууж байгаа шүү. Уханд явсан хүү ямаа ишиглэсэний дараа ирэхийн үлгэр бид хоёроор дуусах болтугай.

 

МӨ. БАТБАЯР


 2020. 10. 27 “ХОТОЛЫГ БАРИГЧ” ХЭМЭЭХ ШОРООН ХУЛГАНА ЖИЛИЙН НАМРЫН АДАГ ӨЛЗИЙТ УЛААН НОХОЙ САРЫН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР БОЛОЙ

Сэтгэгдэл хэсэг