ДУРТАЙ ШҮЛЭГ: Д.ЗОЛЗАЯА

 

Америкийн яруу найрагч Роберт Пинскийн 1997 онд Бостоны их сургуультай хамтран эхлүүлсэн "Дуртай шүлэг" төслийг бид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж буй билээ.

Гаднаас нь харвал бид нэг л янзын царай төрх, хэлбэр хийцтэй бодгалиуд. Гэвч бидний сэтгэлд түмэн янзын өнгө будаг сүлэлдэн, баяр гунигийн дэнс давтагдашгүйгээр жинлэгдэн байдаг. Тиймээс ямар ч ажил мэргэжлийн, хэн боловч өөрийнхөө хамгийн дуртай шүлгийг уншиж, сэтгэл дэх өнгө будгаа хуваалцах боломжийг "Дуртай шүлэг" төсөл олгох болно. Энэ удаа манай энэхүү буланд Redactum-ийн редактор  Д.Золзаяа оролцож дуртай шүлгээсээ хуваалцлаа.  Тэрбээр бидний сайн мэдэх "Улаан дөрвөлжин" /хамтарсан/ "Орхидос"-1,2 "Тэнгэрийн андгай" "Хоёр амь" зэрэг уран сайхны кинонд зохиолч, кастинг, продюсероор ажилласан билээ. 

Эр хүн чамайг энгэртээ чанга тэвэрчихээд “салцгаая” гэж хэлэхээс илүү гуниглуулах явдал бол Х.Нямхишигийн шүлгэн дэхь ...Яруу найрагч хүн роман бичих шиг уйтай... гэсэн мөр гэж санадаг. 

Гэхдээ л аль ч цаг үед хүн төрөлхтөний өмнөөс догдолж, энэлэн шаналанг нь оюун санаандаа үүрч явахыгаа яруу найрагчийн хувь тавилан гэж хүлцдэгийг нь л бодоход хайрлахгүй байхаас аргагүй хүмүүс билээ л...  Тийм нэгэн найрагч минь Мө.Батбаяр.

Тусгайлж танилцаагүй ч анх уулзахад л хэзээний таньдаг хүн шиг дотно санагдсан сан.  Миний унших яруу найрагч мөн гэсэн мэдрэмж төрүүлсэн нь түүний шүлгүүд бас үргэлжилсэн үгийн хийгээд уран сайхны нийтлэл бичвэрүүд, орчуулгын бүтээлүүдэд шингэсэн “монгол хэл”-нээс болсон нь лавтай.

Сүүлд нэг кинон дээр хамтран ажиллаж шүлэг бичиж, өөрөө уншиж өгсөн юм. Ойр хавийн хүмүүс маань тэр шүлгэнд ихэд дурласан тул түүнийг хуваалцая гэж бодлоо.

Энэ ертөнцийн гуниг, миний гунигаар дутнаа
Эрхий дарам тэр зайнд
Эвлэж таарах зүйл олдохгүй ээ
Энд л миний заавал бичих ёстой
Эгэл нэгэн үнэн оршиж байна.

Харанхуй ертөнцийн зовлон, миний зовлонгоор дутнаа
Хуруу дарам тэр хоосныг
Хувиргаж дүүргэх зовлон олдохгүй ээ
Энд л миний заавал туулах ёстой
Эгэл нэгэн утга оршиж байна.

Гэрэлт ертөнцийн инээд хөөр, минийхээр дутна
Гэр дүүргэх төдий тэр дуу чимээг
Орлох анирыг орчлонгоос та олохгүй
Энд л миний заавал дуулах ёстой
Эгэл нэгэн учир оршиж байна.

Нартын амьдрал миний амьдралаар дутнаа
Навч байсан зай шиг тэр ямххан орыг
Яагаад ч өөр зүйл нөхөж эс болноо
Энд л миний заавал амьдрах ёстой
Эгэл нэгэн шалтгаан оршиж байна.

Гуниг, зовлон, хөөр баяр, нулимсны минь нэгээхэн дусал
Гудиггүй энэ орчлонг бүтэн болгож байна.
Яг над шиг ийм л түм түмэн хүмүүсээр
Явамгай энэ амьдрал бүрдэж байна. 

Хүний хуучин дээлийн шинэ гэдэг ч “хуучин” үгсийг холбож шинэ мэдрэмж төрүүлдэг болохоор шинэ найрагч төрөхөд хамгийн их баярладаг. Тө. Бямбасүрэн гэж найрагчийг энэ шүлгээр нь анх өөртөө олж авчихаад хачин их догдолж бас гуниглаж билээ. Амьдралын үхэх, төрөх, зовохийн үнэнийг олон найрагчид бичсэн ч энэ шүлэг үргэлжилсэн үг шиг урсаж нэвчсэн нь цөөн.  Батрэгзэдмаагийн шүлгүүд бас нэг ийм  “зүдгүүргүй” нэвчдэг мэдрэмж төрүүлдэг дээ.

Ѳчигдѳр эгч минь амаржсан учраас
Ѳнѳѳдѳр би
Ѳѳд болсон гурван хүнээ дурсмаар байна.

Эхлээд эмээ минь ѳѳд болсон.
Эмнэлэгт эцсийн удаа орохуй
Хүндээр амьсгаадан унтах нь
Хүний биш миний амьсгал шиг санагдсан.
Халуун гарыг нь үнсчихээд сэрээлгүйгээр
Хаа хол явахдаа
Богд уулыг хамт гороолж, шүүдэр гишгүүлж
Босгоод ирнэ дээ гэж том санасан.
Хагацахын цагт
Харамсахын хэцүүг тэгж үзсэн.
Хуурай мээмээ сүү ортол үнгүүлсэн
Хуучин Дѳрвѳд дуу эмэг минь.

Араас нь залуухан нагац минь явсан.
Аавгүй надад агаан минь
Ам алгадсан даруулга байсан
Их сургуулийн тѳлбѳр, идэш бэлдчихээд
Инээд алдсаар үлдсэн наймдугаар сарын хүнээ
Хѳвсийн бударсан ѳдѳр нэгдүгээр эмнэлгийн мооргоос
Хѳрсѳн биеийг нь ѳргѳж нутгийн унаанд хэвтүүлсэн
Хэзээд бэлэн нулимс ширгэчих шиг
Хэнгэнтэл сайхан уйлж ч чадаагүй.

Сүүлд том нагац минь одсон
Шуудай тѳмс мѳрлѳѳд таван шарын товчоон дээр
Сурсан зангаараа халамцуухан дѳхүүлж ѳгсѳн.
Цацрал эгч эвийлж, үнсэж, турсныг минь гайхах зуур
Цаана нь дуугүй л тамхиа сорж зогссон ахаан
Гэмтэлийн сэхээнд гавалаа цѳмлүүлчихсэн хэвтэхэд
Гэмтэн шиг л үүдэнд нь ѳвдѳг нугалаагүй хоносон.

Ѳчигдѳр эгч минь хүү тѳрүүлсэн учраас
Ѳнѳѳдѳр би тэднийгээ дурсаж байгаа юм.
Үйлийн үрээр ѳвѳрт минь эргээд унасан бол
Үгүйдээ л гүйцээж хайрлах хүсэл байна.
Үнэндээ арай бодит нь
Бүгд л амьдралд хайртай инээж байсан шиг
Бүрий нѳмрѳѳд цайхад би ч бас
Байх уу, үгүй юу?
Ураг дундаасаа арай гялайж үзэг шүүрснийх
Умарталгүй сануулж явах хүсэл байна.   /Тө.Бямбасүрэн/ 

Хуучин дарс шиг унших бүрт утга чанар нь  ямх ямхаар илүү халамцуулдаг шүлэг ч бас бий. Эмээгийн авдарны элдэв нууцлаг, ховрын эд өлөгний жигтэй содон үнэр шиг дурсамж ханхлуулдаг гэх юм уу даа.

 Утга уянгыг дэлгэрүүлэхийн шалтгаанд сувд тана живээд
Учир зүйг хэлж гаргаваас төмөр чулуу ч хайлмуй.” В.Инжиннаш

Хайрын тухай шүлгүүд бол хамгийн хүчтэй дурсамж. Сайнаар ч муугаар ч гэхдээ л гүндээ бүлээхэн амьтай.  Г.Лхагвадулам "Дотно алс" түүврийн энэ шүлгийг уншсан олон хүний цээжинд шорвог бүлээн амт тээглэсэн байх гэж боддог. 

Хэцүү зантай, би.
Хэтэрхий сэтгэлтэй, чи.
Хэт нь хослохгүй заяагаа төөрүүлж
Хэн хэнийгээ аварч байна, би.

Шаналлын хүнд нь чамд, ужиг нь надад үлдлээ.
Шархны ил нь чамд, гүн нь надад тогтлоо.
Алдаж гишгэх эрхгүй олсон дээр явагч болов, би
Агаараар дүүрэн чи, унах аргагүй боллоо.

Амьдралын минь эцэс хүртэл татсан энэ л олсноос унавал
Ахиад л бид бие биеэ зовооно.
Одоо л би тэнцвэрээ олчихвол хоёулаа тайтгарна.
Огтоос сэтгэлгүй нь, буруутан нь би болог.

Үргэлж л дэргэд чинь инээж байсан юм шиг
Үг бүхэнд минь чи үлдэнэ.
Үргэлж хайрлахыг чинь мэднэ,
"Чи" бүр чинь би байна.  /Г.Лхагвадулам/

Хайкүг хэсэг шохоорхож явлаа. Нэг найз минь “яагаачгүй залуугаараа хөгшин хүний сонирхолтой болчихож”  гэж шоолж байлаа.  Гэв гэнэт сатори болдог шиг хайку эгшний төдийд бичигдэж агшны төдийд уншигдаад мартагдах нь ч буй.

Зохиогчийн нэрийг санахгүй байгаа ч хажууд суусан найз минь үнэн сэтгэлээсээ хөхөрч дахин дахин чангаар уншиж байсан дурсамж нь тод үлдсэн болоод ч тэр үү олон олон хайкун дотроос нэгийг ер мартдаггүй юм.

Тасалсан гурил
Тамшаалах нь зэвүүн ч
Эхнэрээ би хаяхгүй...

Одоо бол “Аан, хайр ийм байдаг байх нь ээ...” гэж бодогдох.      

Шүлэг бичсэн тухайн нь бүтэн роман уншчихаад шүлгийг нь уншиж чадаагүй нэгэн найрагч бий. Орхан Памук "Цас" романы гол дүр “КА” ... Цасны тухай юу гэж бичээ бол, эх орныхоо тухай, элгэн садныхаа тухай, эгч дүү хоёрын тухай юу гэж бичээ бол гэж цас орох бүрийд нэг сэртэсхийн санадаг...

Сэтгэгдэл хэсэг