МӨ.БАТБАЯР: ХЯТАДЫН ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ХАМГИЙН АЛДАРТАЙ 10 ЗОХИОЛЧ

 

Шороон түмэн зохиолч дундаас 10-г сонгож эрэмбэлнэ гэдэг бараг боломжгүй шахуу санагдаж байгаа ч бид шороон түмэн хүн дундаас 1 л хүнийг сонгож заяаны ханиа болгодогтой харьцуулвал хамаагүй амархан сонголт юм шиг санагдаж байхуй.  ОЛОН ТАВАН ҮГГҮЙ ШУУД ЭХЭЛЬЕ. 


10. Шюй Зэ Чэнь

 Тийм ч олон бүтээлгүй, тийм учраас олон шагналгүй бас олны танил биш нэгэн зохиолчийг жагсаалтын аравтаа багтаалаа. Үнэндээ залуу зохиолч юм. Гэхдээ “Их цас үүдийг чинь дарвал” “Иерусалим” гэсэн хоёрхон бүтээлээрээ боломжийн алдар, амжилтанд хүрсэн гэж болно. Цаашид томрох нь тодорхой, баяжих нь баараггүй учир түүнийг энд нэрлэв.


9. Лью Жэн Юүн

Алдартай зохиолчоос гадна алдартай найруулагч.  Тийм болохоор түүнийг танихгүй хүн ховор байх. Хэт нуршуу гэж шүүмжлүүлдэг ч нөгөө талаасаа зохиол бүтээлийнх нь онцлог, өвөрмөц чанар нь л тэр байх. Анхны романууд нь 80-аад оноос гарсан боловч 2008, 9 онуудад бичсэн роман нь шуугиан тарьж, байлдан дагуулсан түүхтэй.


8. Сү Тун

Сү Туны тухай юу ярих вэ дээ. Хүмүүсийн ихээхэн унших дуртай зохиолч. “Нэгэн гэрийн житгэрүүд”-д нь “Улаан дэнлүүг асаа” нэртэй кино болсон.  Ерөнхийдөө 90-ээд оноос хойш бичсэн романуудаараа амжилт олсон. Би энд “Будаа” романыг нь онцолж байна.



7. Үй Хуа

 “Миний зохиол бүтээлд үзүүлсэн хөгжмийн нөлөө” номыг нь санал болгох байна. Та нар мэднэ дээ, Үй Хуаг. "ЭНГИЙН" гэдэг үг энэ хүнд л таарах юм шиг санагддаг. Ихэнх зохиолчид аль болох баялаг үгийн сан, уран яруу руу тэмүүлдэг бол Үй Хуа яг эсрэг зүгт нь зүтгэлдэг. Байж болох хамгийн энгийн өдөр тутмын ярианы үгсээр, аль болох бага үг ашиглаж зохиол бичих тухай та бодож байсан уу? 



6. Чи Зи Жиан

Ван Ан И энэ хоёрын хэнийг сонгох вэ гэж их бодлоо. Хоёуланд нь хүмүүс үнэнхүү хайртай зохиолчид. Гэхдээ Ван Ан и-гийн нэг өгүүллэгийг сүүлд уншиж суутал "умардын зэрлэг, бүдүүлгүүд" гэсэн өгүүлбэр таараад хувийн зүгээс шал дургүй хүрсэн. Тийм болохоор Чи Зи Жианаа сонголоо. Жүжиг, яруу найргаас бусад бүх төрлөөр маш жигд сайн бичиж байгаа эмэгтэй. Энэ зохиолчид дурласнаас болж нутаг руу нь |Хар мөрөн муж.| 2018  онд явж билээ. “Эргүнэ голын баруун эрэг” романыг нь нэрлэе.



5. Лү Яао

Уг нь бас л танилцуулах шаардлагагүй зохиолч гэж хэлж болно. “Энгүүн хорвоо” роман нь хичнээн хүний үрийн сэтгэлийг дэнслүүлсэн бол бүү мэд. 


4. Чэнь Жунг Ши

Нэгэн насаараа роман бичсэн хүн. “Цагаан бугын шил” роман нь түүнийг энэ улсын утга зохиолын хойморт дархалсан бүтээл.



3. Янь Лянь Кэ

 Хятадад гэхээсээ гадаад оронд нөлөөтэй, нэр алдартай үнэхээр сайхан туурвилч. Гэхдээ орчуулахад тийм ч сайхан санагдахгүй байна ккк. “Дин тосгоны зүүд” романыг нь онцолъё


2. Мө Янь

Нэг нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ би хүн болж мэндлээд мэдэрсэн хамгийн эхний мэдрэмж бол “өлсөх” гэж ярьсан. Хамгийн эхний тэр мэдрэмжээ л насаараа бичиж яваа зохиолч гэж би боддог. Надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зохиол нь “Эргэлт” ч биш “Дарсны орон” ч биш “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” ч биш “Тунгалаг улаан лууван” тууж нь юм. Хөдөө тосгоны аж амьдрал хийгээд соёлын хувьсгалын уран зохиол бичдэг хэсэг бүлэг зохиолчидыг “төрүүлэхэд” хамгийн ихээр нөлөөлсөн зохиолч гэж би боддог. 


1.    Жиа Пинг Ва

Муу зохиолгүй зохиолч. Тэгээд л болоо.

Сэтгэгдэл хэсэг