2020 оны 05.12-ны өглөөний 8 цаг. Бид “Tagtaa prize” -н хүүрнэл зохиолын төрөлд шигшиж үлдсэн таван залуу зохиолчдын бүтээлийг эхнээс нь танилцуулахаар хүлгийн дөрөөнийх нь сурыг чангалж зогстол нэгэн хүмүүн агаар сэлгэн мордож одсон тухай мэдээ ирсэн нь Монгол Улсын Төрийн Шагналт зохиолч Дарма Батбаяр багштаны тухай байв.
Монголын ард түмэн, өргөн олон уншигч бидний бие, хэл, сэтгэл ийнхүү өнөөдөр нэг гартаа нэхий өлгий дэлгэн угтах, нөгөө талдаа модон авс мөрлөн үдэх хяслант тавилангийн хоёр эрэгт хуваагдаж байна. Хэрэвзээ, манай Замбуутив монгол гэр шиг нэг хаалгатай аваас тэр үүдэн дээр бидний угтаж, үдэж буй хүмүүс таарсан нь лавтай. Цаадуул нь Дарма Батбаяр багштаныг өмнүүрээ гаргах гэж мэхэлзэхэд багштан монгол ёсоо бодож морилон ирж буй залуухан зочдоо урьж оруулаад “Мөнхөөр савласан мөнх бус”-ын рашааныг барьж, мөнийг таниулж суусан бизээ.
Тэр монгол үндэстэнийхээ язгуур, ёс ухаанд шүтсэн, залуу халаа үедээ “Аргалын гал” -ын илч мэт нөлөөгтэй зохиолч, соён гэгээрүүлэгч байлаа. Тэрбээр хэзээ ч утга зохиолын “өргөөний”, амьдралын “өргөөний”, уяхан Замбативийн “өргөөний” үүдээр зочилж буй хүмүүсийн өмнөөс хөндөлсөж дайрч гараад үг дуугүй мордож одох нэгэн биш байсны гэрч нь түүний хөшөө дурсгалаа болгон үлдээсэн охилуун олон бүтээл, тунамал эрдмийн гэрлийг нь тунатарч яваа олон шавь нар юм.
Эмгэнэлийн ийм үгэнд тэрбээр илтэд таагүй хандах байсан. Учир юун хэмээвээс “Амьдралыг гоё, үхлийг сүртэй болгосноос үзэгчид завшиж, урлаг хохирдог” хэмээн үздэг байв. Үхэх. Энэ төрлөө орхиж, шинэ төрөл олох гэгч нь зохиолчийн хувьд чухаг бус харин амьддаа ахин төрөх, өөрийгөө олон дахин бүтээхийг тэрбээр насан турш эрхэмлэж явжээ. Өөрийгөө дахин бүтээх гэгч нь номын мөр цагаан тул түүгээр замнах, оюун ухаанд шүтэх, хүн бээр оюун ухаанаа хязгааргүй оюуны орны хилд очих, бурхны мөн чанарт дөхөх, гэгээрэх. Ингэснээр хүмүүн эцэг эх хоёрын дундаас мэндлэхээс тэс өөрөөр дахин үүсэх, өөр өөрийгөө мэндлүүлж чадна хэмээн итгэж үүний төлөө нэгэн сэтгэл, нэгэн насаа зориулжээ. Энэ хүслэн нь 2000 оноос хойш туурвисан олон бүтээлүүдээс нь тод харагддаг.
Түүний намуухан ай, зөн совинлог бичлэг, язгуур монгол ухаанд шүтсэн үзэл санаа, алив юмсын аль гэрэл гэгээг, ариун тунгалаг талыг харж бичсэн зохиолчийн байр суурь, монголын ард түмний сэтгэлгээ, монголын уран зохиолд үнэлж баршгүй гарз боллоо гэхээсээ илүү үнэлж баршгүй их “олз” болон бидэнд үлдэж байна. Бас “Зохиолын төгсгөлд Цэдэн-Иш хүү “Эднийх манай гөрөөсийг тэр том толиныхоо өмнө тавих болов уу, яах бол” гэж асуудаг шиг үндэсний утга зохиолд өөрийн өнгө төрх, хувь нэмрийг оруулсан эдгээр бүтээл таны номын санд багтах эсэх...” гэсэн утга зохиол судлаач У.Бямбанямын тавьсан асуултанд “Харин тийм ээ, та нар үндэсний утга зохиолд өөрийн өнгө төрх, хувь нэмэр оруулсан бүтээлийг том толиныхоо өмнө тавих гэж байна уу? Яах гэж байна” хэмээн эргүүлж бидэнд тавьчихаад л яваад өгсөн. Түүнд нь бид түгдэрч ээрээд хариулж чадахгүй зогсож байгаа мэт гол гашуу оргиж байна. Магад нулимс урсаж байгаа нь тэр биз ээ. Амьдрал ч бас тэгэхээр нулимс урсах чимээ юм уу даа. Ертөнцийг таниж мэдэхийн хэрээр хүн бурхны зүг ойртдог гэж тэр хэлсэн. Зохиолч Д.Батбаяр биднийг бурхны зүг хэдэн алхам ойртуулж өгснийг гагц бурхан л мэдэх хэрэг буй за.
Уудам их орчлонгийн
Нэг бяцхан зайг орхиж
Улиасны навч буцлаа |Дарма Батбаяр|
Таны гэгээн өлмийд сөгдөн мөргөе.
Тагтаа хэвлэлийн газар
2020.05.12
Сэтгэгдэл хэсэг