Зохиолч: Итало Кальвино
Орчуулагч: Б. Эгшиглэн
Хотуудын тухай Марко Поло хоёр янзаар ярьж байна. Нэгдүгээрт үгээр. Хоёр дугаарт дохио зангаар. Энэ нь хаанд машид үнэмшил, сонирхол төрүүлж байна. Хотуудын тухай ярьж байхад Марко Полод хүүрнэгчийн төсөөлөлийн хот бий болж буй бол Хубилай хааны дотор сонсогчийн төсөөлөлийн хот байгуулагдаж байна. Гэж үзвэл энд 55 хот бус түүнээс даруй дахин их, магад түүнээс их тооны хот "Үл үзэгдэх хот" туужид буй юм. Өөрөөр хэлбэл туужид Вальдрадаг гэх хотын талаар өгүүлдэг тэнд очсон аялагч бээр тэнгисийн эрэг дээр сүндэрлэсэн Вальдрадагаас гадна тэнгисийн мандал дээр урвуугаа харан туссан өөр нэгэн Вальдрадаг олж үздэг. Марко Пологийн яриа яг энэ тэнгисийн эргийн хот шиг агаад урвуу дүрс нь Хубилайн төсөөлөлд сүүдэртэж байна гэж хэлж болох юм. Ингэж хот бүр өгүүлэгч, сонсогч, уншигчийн дотор хувилбаржин бий болж байдаг нь тус зохиолыг маш талстлаг шинж чанартай болгож байна. Бид тэр талстын зөвхөн нэг талыг л харж байна. Гэвч аль ч хотыг хайгаад олохгүй гэж Марко Поло хэлдэг. Тийм атал яагаад ийм итгэлтэйгээр энэ бүхнийг хаанд өгүүлж байна вэ? Миний бодоход хотын тухай илүү тодорхой өгүүлэх л юм бол хааны оюун санааны дотор сүндэрлэсэн төсөөлөлийн хот нуран унана. Тийм учир хот бүрийг учир битүүлэгийн мананд хулдаастай чигт нь үлдээх нь зүй буюу. 55 хот 55 нэр 55 шинж чанар гээд бодохоор ерөөс энд хотын тухай бус хотын цогц чанруудын талаар бидэнд хүүрнэж буй мэт. Жишээлбэл Улаанбаатар хотыг би яруу найрагч хот гэж нэрлэх дуртай. Өнөөдөр навч шаргалтаж, маргааш цас дараад, нөгөөдөр нь бүйлс цэцэглэж байж мэдэх, өнөөдөр бензин, махний үнийн эсрэг жагсаал, маргааш нь тэр талбай дээрээ баяр тэмдэглэж байдаг. Хүнээр бол маш их сэтгэл хөдлөл ихтэй яг яруу найрагч шиг хот. Ядуу зүдүү, бор саарал атлаа сэтгэлдээ галтай. Уушийн газрын булан, автобусны арын суудалд залуус нь шигдээд Достоёвскийг уншаад бодлогоширдог. Алсуураа нэг л гуниглаа хааш ч юм тэмүүлж яваа яруу найрагч шиг мөрөөдөмтгий хот юм даа гэж надад санагддаг. "Үл үзэгдэх хот" туужид яг л энэ мэт хотуудад шингээстэй байдаг цогц чанруудыг өгүүлдэг. Хүн хотыг байгуулж байна. Хот ч бас хүнийг байгуулж байна. Хүн хотыг сонгож байна. Хот ч бас хүнийг сонгож байна. Хэн нь ч хэнийхээ эзэн нь биш. Харилцан эрх тэгш байр суурь дээр тогтож буйн уншиж байхад мэдрэгддэг. Энэ ном надад гоо үзэсгэлэн, сайн сайхан, гайхширал, цөхрөл, хоосролыг өгсөн. Энэ дундаас хамгийн үнэ цэнэтэй өглөг бол уншигчийн дотор ямар ч ягшмал үнэний үр суулгалгүй өнгөрсөн явдал гэж боддог. Гайхаж биширч уншсан гэхдээ юу ч үлдээгүй. Яг л илбийн үзүүлбэр үзээд өнгөрөх мэт. Бас би энэ ном дундаас өөрийн хайртай хотуудаа олсон. Уншигч та ч бас уншиж байх явцдаа энэ 55 хотоос зүрх сэтгэлийнхээ нийслэлийг олоорой. Миний хувьд-Өдөр бүр өөрийгөө шинэчилдэг шидтэй хот Леонияд-Зөвхөн талийгаачдыг харуулдаг хот Аделма-Газар доорх хот Аргия гэх зэргээр маш олон хот миний очихыг хүсдэг газрууд болсон. Энэ ном бол төөрдөг байшин шиг ном. Бид тийшээ орно. Тэгээд замаасаа төөрнө. Гэхдээ хэзээ нэгэн цагт гарах хаалга олно. Магад нэг биш хэд хэдэн хаалга олж магадгүй. Марко Поло хэзээ ч очиж байгаа, хэзээ ч харж байгаа хийсвэр хотууд. Гэхдээ хаа нэгтээ байгаа, хэзээ нэгтээ бий болох хотууд. Одоо эргээд бодож суухад энэ цаг үедээ баярлаж, их хаан Хубилайг өрөвдөх сэтгэл төрөөд ч байх шиг. Их гүрнийх нь хаана юу байгааг ч мэдэхгүй, эзэмшиж юуны хаан болж суугаагаа ч мэдэхгүй тэнэмэл аянчины ам руу орж суух гэж. Боломж хийгээд түүний эрх чөлөө гэдэг гэтэл яасан сайхан юм бэ дээ. Нисэх онгоц, галт тэрэг, интернэт, дуран авианы ачаар агуу гүрний их хааны үзүүгүйг үзэж, хэрэглээгүйг хэрэглэж суугаа гэж бодохоор сайхан ч юм шиг. Цаг үеийг цаг үетэй харьцуулах тэнэг л дээ. Тэнэг ч гэсэн тэгээд бодохоор сайхан л байна.
Мө.Батбаяр
Сэтгэгдэл хэсэг