ХЭЛЭЭ ГАРГА

1
МА ЖЯНЬ

Хятадын “Ардын утга зохиол”/人民文学/ сэтгүүлийн 1987 оны хоёрдугаар хугацааны дугаар уншигчдын зүрхэнд шар ус хуруулсан дугаар гарсан гэдэг. Учир нь тэр дугаарт Ма Жяний “Хэлээ гарга эсвэл хов хоосон” бас нэг цензур зөрчсөн зохиолын хамт хэвлэгдсэн байжээ, бүр бүрэн бүтнээрээ шүү. Тэгээд бөөн хэл ам таталж, хэрүүл шуугиан дэгдэлгүй яах вэ дээ. Төвдийн холбогдох газрууд руу сэтгүүлийн тус дугаар хүрч шүүн хэлэлцэгдээд бүгдийг нь буцаан татахаар болжээ. Тухайн үед “Ардын утга зохиол” сэтгүүлд шинэхэн ерөнхий найруулагч болоод байсан Лю Шин Ши /刘心式/ нөхөр том толгойлсныхоо горыг амсаж суудал дээрээсээ үсэртэл няслуулалгүй яах вэ. Нөхөр Ма Жянь ч яах вэ, аль жилийн өмнө 1986 онд Хонг Конг руу нүүгээд суурьшчихсан “Шинэ зуун” нэртэй хэвлэлийн газар үүсгэчихсэн додьгор амьтан байж. Гэвч Хятад орондоо зохиол бүтээлээ ахиад хэвлүүлнэ гэдэг түүний хувьд ёстой гонжийн жоо, голионы баас болжээ. Тухайн үед тэр мэдээж боож үхэх бор шидмэс эрээд байж байснаас юу тэр ахиж юм хэвлүүлэх тухай бодох мантай. Хар толгойтойгоо үлдсэн нь дээдийн заяа гээд залбирч байсан биз. Тэгээд 1997 онд тэндээсээ Герман руу нүүсэн. Германы Bochum их сургуульд хятадын орчин үеийн уран зохиол зааж байгаад 1999 онд Англи руу суурьшсан. Сохорсон биш завшив гэгчээр баруун руу цагаачилсан биш мань хүн ёстой шар тос үмхсэн дээ. Францын “Уншигч” сэтгүүл 1999 оны нэгэн дугаартаа тухайн зууны онцлох 50 зохиолч нэрлэсний дотор нөхөр Ма Жяний нэр цохиж явлаа. Америк, Англи, Герман руу ном бүтээлүүд нь орчуулагдаж эхэлсэн. Америкаас “Хэлээ гарга эсвэл хов хоосон” нь шилдэг орчуулгын шагнал өөрөө Англи, Германд шилдэг зохиолчийн шагнал хүртэж мандав. Хятад орноо орхисон нь чухам ёстой багшийг алж бадралыг олсон хэрэг боллоо. Заа эргээд “Хэлээ гарга эсвэл хов хоосон” ном руугаа оръё. 1987 онд тэгж хаагдаад “Хэл гарга” ил далд уншигдаж байсан ч түүний талаар зориглон нийтлэх хүн харин тун цөөн байлаа. 2012 онд нөгөө Ардын утга зохиолын ерөнхий найруулагчаас хусагдсан гар юу гэдэг ч билээ дээ нэг дурсамжийн номоо хэвлүүлсний доторх нэгэн дуртгал даа харин Ма Жянь “хэлээ гарга эсвэл хов хоосон” –ны тухай бичсэн юм. Бичсэн ч гэж тэр хоёрын ч тухай бичсэн юм биш. Тэр дурсамж бол түүнийг ерөнхий найруулагчаар ажиллаж байх үед туслах найруулагчийн алба хашиж байсан нэгэн багш эмэгтэйн тухай дурсамж юм л даа. Тэр хоёр ажил хэргийн ч амин хувийн ч гүн нарийн холбоотой байсан юм даг уу даа. Их л эвтэй найртай нарийн нандин харилцаатай байж. Түүнийгээ л санан дурссан дурсамж дундаа Ма Жяний тухай цухалзуулсан байна лээ. Ма Жянь баруунд байр суурь олонгуутаа “маньд ямар пад байх вэ” гэсэн шиг хятадын тухай ч сэвж өгсөн л дөө. Хамгийн хэрцгий нь 2008 онд гаргасан 肉之土 зохиолоороо тэр 89 оны ТИАН АН МЭН-ий талбайн хэрэг явдлын талаар баруун зүүнгүй авч өгсөн. Аргагүй шүү дээ. Тухайн бослогын үеэр Ма Жянь тэр жагсаалд оролцож байсан залуусыг сурвалжилж, хүн амьтантай уулзаж, зураг хөрөг дарж тэр хавиар сар гаруй эргэлдсэн хүн юм чинь. Заа тэгээд энэ ном гарсны дараа буюу 2011 онд түүний хайрт Дундад улс нь Ма Жяний орох эрхийг хассан билээ.

2
ХЭЛЭЭ ГАРГА

Boobooks хэвлэлийн газраас саяхан “Хэлээ гарга” нэрээр монгол уншигчдын гарт хүргэсэн ном анх Хятадад “Хэлээ гарга эсвэл хов хоосон” гэсэн шүү утгатай нэртэй хэвлэгдсэн гэдэг. Ма Жянь нөгөө нэг ерөнхий найруулагч нөхөртэйгөө “ Хэлээ гарга” гэж нэрлэх үү? “Хов хоосон” гэчих үү? гэж баахан зөвлөлдсөний эцэст заа заа ингээд бүтнээр нь хус хус гэсэн шийдэлд хүрсэн аж. Уг нэрийн тухайд нэгэн уншигчийн тэмдэглэлд

“...би анх “Хэлээ гарга эсвэл хов хоосон” нэрийг чухамхүү голыг нь оносон нэр гэж бодож байлаа. Хэлээ гарга гэдэг нь Төвдүүд гүн хүндэтгэсэн хүнтэйгээ ингэж мэндэлдэг хов хоосон гэдэг нь тэдний шашны гол үзэл номлол “Хоосон чанар” энэ тэртэй нь нийцэж байна даа гэж боддог байв. Гэтэл зохиолчийн өөрийн тайлбарт ер тийм утга байсангүй. Ма Жянь зүгээр л эмчид хэлээ гаргаж өвчнөө үзүүлдэгтэй холбож тайлбарласан байна лээ. Урам их хугарсан даа...” гэсэн байсан юм. Заа тэр нэр ч яах вэ. Зохиолоо жаахан спойлордох уу?

Зарим тохиолдолд урлаг уран зохиолд баримталдаг "Гоо сайхны цээр"-ийг зөрчих нь зүйтэй. Учир нь үнэн гэдэг тийм гоо үзэсгэлэнтэй зүйл биш. Нөгөөтэйгүүр урлаг сайхныг бүтээхээс илүүтэй үнэний эрэлд хатаж явдаг.

Ма Жианий "Хэлээ гарга" бол яг энэ зарчим дээр бичигдсэн зохиол юм. Уран зохиолын мөнхийн"шантаажлагч" буюу “ариун сайхныг амтлуулах” хийгээд “амьдралын үнэн мөнийг дуулах гэсэн” хооронд үл зохилдох харшсан хэрэгцээний буулганд уран зохиолын сацуугаар Төвдүүд сөхрөн унаж байгааг харуулжээ. Төвдүүд яг л тэр ариун дагшин диваажин шамбалын орны гивлүүрээр баларлаг бузар булайгаа нуужээ. Хүмүүний дотор БУРХАН- БУГ тэмцэлдэж байдаг юм гэнэ лээ. Бурханлаг зүйлс аль зэрэг хүчтэй байна түүнтэй тэмцэлдэж байгаа Буг ч мөн түүнээс дутахааргүй хүчирхэг байх нь гарцаагүй. Тэр ч утгаараа Төвдүүдийн доторх бузар буг л сүрдмээр их. Зохиолын амт нь ердөө энэ харшуулалд л байгаа юм. Зохиолч маш чадмаг ашигласан. Жишээлбэл зохиолд буй

“...ах дүү хоёр Нямаагийн хүүрэн дээр тонгойсноо хутгаа хонго руу нь зоогоод хөлийн өсгий хүртэл ярцгаалаа. Дүү нь гуяас нь зузаан мах огтчиж жижиглэн хэрчих зуур ах нь Нямаагийн баруун хөлийг яах ийхийн завдалгүй яасанд нь тултал шулж орхив...

...хэрээд энэ үеэс төмөр шонгийн дэргэд бяцарсан тархитай багсарсан замбааг тас шувуудтай булаалдан тоншино.” [Хэлээ гарга.,25] энэ үйл явдал уг нь бидний диваажин, шамбалын орон гэж боддог цаст Төвдийн өндөрлөгт болж буй юм. Яг ийм үйл явдал уг нь хаана болдог билээ.? Хэрэв та тамын тарчилгааны тухай уншиж байсан бол танил байгаа биз. Халуун найман тамын хамгийн дээр “Дахин амилах” нэртэй там байдаг. Тэнд хар шугамт тамын сахиулаад тэнд төрсөн амьтныг дөрвөлжин, найман өнцөгт зэрэг олон янзаар хуваахаар бие дээр нь хар шугам зурдаг. Бөөгнүүлэн няцлах тамын сахиулууд тэнд төрсөн амьтдыг ямаа, хонь, адуу, зааны хоншуур шиг төмөр уулын завсар хийж шахаж няцалдаг. Хүний есөн сүвнээс нь цус гол мэт урсдаг тухай бичсэн байдаг шүү дээ.

Мөн зохиолд:

“...гурав хоногийн дараа өнөөх сүрхий уур утаа сарнихад хүрэл баганад доод сүвээрээ нэвт сүлбүүлсэн Хулаг би олж харлаа...

Хоёр жилийн дараа хүрэл багана дээрх түүний шарил хатаж, агшлаа. ...он жил улирах тусам үхдэлийн царай цас мэт цайж, үс нь улам харлан гялалзсаар байлаа. Ийн байсаар нэг л өдөр Хулагийн хүүр муутуу цаас агаарт хийсэх мэт хөвөн жингүйдсээр суварга дээрээс газарт буусан юм..” [Хэлээ гарга., 65-66]

Дээрх үйл явдал уг нь ариун шамбалын оронд бус аймшигт тамд болдог тухай бичсэн байдаг. Тухайлбал: “... халуун тамын сахиулууд улайсгасан төмөр шор хошногоор нь сүлбэн, зулайгаар нь гаргана. Тэгэхэд ам, нүд чих, шар үсний бүх сүвээр нь оч гардаг тухай эсхүл маш халуун тамд гурван үзүүртэй сэрээ өтгөний сүв рүү нь сүлбэн оруулснаас сэрээний баруун, зүүн үзүүр нь хоёр мөрөөр нь голынх нь зулайгаар нь гарч ирдэг.” [Бодь мөрийн зэрэг., 178]

Зохиолын шидлэг чанар нь ердөө л энэ бидний БУРХАНЛАГ гэж бодож явсан хүмүүсийн БУЗРЫГ дэлгэсэнд бидний ДИВААЖИН хэмээн итгэж явсан газарт ТАМЫН явдлыг бичсэнд л байгаа юм. Төвдүүд ч муудаа тийм байгаа юм биш тийм янзтай болгосон жинхэнэ БУЗРУУД нь манай ХЯТАД юм гэдгийг Ма Жянь ирэх аюулаас үл түгшин бичсэн нь энэ буюу.

Мө.Батбаяр

Сэтгэгдэл хэсэг