ХЯТАДЫН ШИНЭ ҮЕИЙН УРАН ЗОХИОЛЫН ХОЁР ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮТЭЭЛ МОНГОЛ ХЭЛНЭЭ...

 

Хятадын өнөө цагийн алдартай хоёр эмэгтэй зохиолч Чи Зи Жианы "Цасан хөшиг" өгүүллэгийн түүвэр Ин Шүэ Юний "Авга ах" тууж албан ёсны эрхтэйгээр уншигч танд хүрэхэд бэлэн боллоо.


Чи Зи Жиан

Түүний "Цасан хөшиг" өгүүллэг Тагтаа паблишингаас зохион байгуулдаг уралдааны шилдэг орчуулгын шагналыг 2017 онд хүртэж байснаар энэ зохиолчтой бид танилцаж байсан бол одоо бүтэн номоор нь танилцахнээ.

Хар мөрөн мужаас хятадын орчин үеийн уран зохиолд хоёр сод эмэгтэй зохиолч цолгорон гарсаны нэг нь “Үхэл амьдралын талбар”, “Хүлэгч” хятдын зуун жилийн ганцаардал гэгддэг “Хулан голын домог” зэрэг роман бичсэн, бичгийн их хүн Лү Синьд “ ХХ дугаар зууны гучаад оны манай уран зохиолын сахиусан тэнгэр” хэмээн шагшигдаж явсан, гучин нэгхэн насандаа(1942онд) хорвоог орхисон зохиолч Шяо Хонг бол нөгөө нь одоо таны гарт буй номын зохиолч Чи Зи Жиан юм. 1964 оны 2 сарын 27 нд Хар Мөрөн мужийн Мү Хэ хотод төрсөн тэрбээр эдүгээ дундад улсын уран зохиол сонирхогч хүн бүрийн унших дуртай зохиолч болсон төдийгүй нэг, хоёр, дөрөв дүгээр удаагийн Лү Синий нэрэмжит утга зохиолын шагнал, долоо дугаар удаагийн Мао Дуны нэрэмжит шагнал, шилдэг эссэ найруулалд олгодог Бин Сины нэрэмжит шагнал хүртэж, зохиол бүтээлүүд нь Англи, Франц, Япон зэрэг дэлхийн олон хэлнээ орчуулагдсан байна. Эмэгтэй хүний оршихуй, эмэгтэй хүний ертөнц, эмэгтэйчүүд ба хүн, байгаль, нийгмийн харьцаа, тэдний бодрол ухаарал, гуниг ганцаардал бол түүний зохиолын зонхилох сэдэв билээ. Энэ номны өгүүллэгүүдэд буй ухаарч цөхсөн, хүлээж ганцаардсан эмэгтэйчүүдийн дүр бол товчхондоо зохиолч Чи Зи Жиан өөрөө л юм өөр хэн ч биш. Судлаачид түүнийг “Ариун тунгалаг” зохиолч хэмээн тодотгодог. Ихэнх зохиолд нь гялбалзан хяруулж, малгайлан дарж байдаг цасан ширхэгүүд магад ариусгадаг байж мэдэх юм. Уншигч таныг энэ түүврээс тэр хариултыг олно гэдэгт итгэж байна.

Ин Шүэ Юнь

Тяньжин хотын Инжөү нутгийн хүн бөгөөд Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүн, Тяньжин хотын зохиолчдын эвлэлийн гэрээт зохиолч юм. Уран зохиолын олон чиглэлээр гурван сая гаруй үг бүхий зохиол бичиж хэвлүүлсэн. Анхдугаар удаагийн Лян Бин-ий нэрэмжит утга зохиолын шагнал, Сүн Ли-ийн нэрэмжит хүүрнэл зохиолын шагнал, Лин Уй Тан-ий нэрэмжит утга зохиолын шагнал, “Бээжингийн Утга зохиол”-ийн тусгай байрын шагнал, “Өгүүллэгийн сарын мэдээлэл”-ийн үзэгчдийн таашаал хүртсэн зохиолын шагнал мөн Долоо дахь удаагийн Лү Шюнь утга зохиолын шагнал хүртэж байв. Түүний “Сү Ювэ гэгч эмэгтэй” зохиолоор бүтээсэн олон ангит кино нь CCTV-ээр цацагдаж байсан. 2014 оноос хойш “Ололт”, “Аравдугаар сар”, “Өнөө үе”, “Чанг жианы урлаг”, “Бээжингийн утга зохиол”, “Жианг нан” зэрэг хэвлэлд 45 тууж, роман хэвлүүлж, хэвлэлийг шагналыг олонтаа хүртсэн зохиолч юм.

Тэрбээр долоо дугаар удаагийн Лү Синь утга зохиолын шагналыг хүртсэн Ли Хай авга туужийнхаа талаар шагнал гардах үедээ Нэгэн өдөр би ээжээсээ: Ли Хай-г санаж байна уу? хэмээн асуухад 82 настай ээж минь жаахан ч гэсэн зөнөөгүй, утас зүү төвөггүйхэн сүвлэчихдэг нэгэн хэдий ч Ли Хай гэж хэн билээ? гэж үнэхээр санахгүй хариу асуулаа. Яг тэр мөчид би аянганд нирвэгдсэн адил болов. Өтлөнө гэдэг үнэхээр аймшигтай, тэр таны бүхий л зүйлийг хулгайч адил хоосолж, өчигдрийг чинь бүр мөсөн үгүй хийнэ. Өмнө нь ийм нэгэн хүн байсан гэдгийг, бидний хооронд байсан бүхий л харилцааг эргэн сануулах гэж би олонтаа оролдсон хэдий ч ээж минь жаахан ч болов санаагүй юмдаг.

Тэр л мөчид, би юу хийх ёстойгоо ойлгосон. Өгүүллэгийг маань гэгээн мэлмийгээр хүлээн авч, оновчтой цаг хугацаанд нь уншигч олонтой золгуулсан “Ололт” –д, урам зориг өгсөн Лү Шюнь утга зохиолын шагналын шалгаруулах комиссын гишүүдэд талархал илэрхийлье. “Авга ах Ли Хай” шагнал хүртсэн нь бүхий л ЧИМЭЭГҮЙ ХӨДӨЛМӨРЧДИЙН шагнал байлаа хэмээн нэгэн зохиолч найз маань хэлсэн удаатай. Энэхүү өгүүллэг хүмүүсийн сэтгэлд хүрсэн нь олон хүний сэтгэлийн дурсамжийг хөндөж, тэр үеийн Бүгд найрамдах улсын гэдэс хоржигносон өдрүүд, бүхий л Ли хай авгуудтай салшгүй холбоотойгоос үүдэлтэй болов уу хэмээн бодном. Өгүүллэг бол бодит амьдралын тусгал. Энэхүү өгүүллэг бидэнд болон манай гэр бүлд хэзээд үгийн илэрхийллээс илүү чухал утга учиртай юм гэснийг энд дамжуулахад таатай байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Хүндэтгэсэн Мө. Батбаяр

Сэтгэгдэл хэсэг