ҮЙ ШИ ХУА: НЭГ ДУСАЛ НЬ НӨГӨӨ ДУСЛАА ТЭВРЭН УНАНАМ

Авьяас билиг хэнийг ч ялгадаггүй нь хүн төрөлхтөнд бурхны зүгээс хайрласан хамгийн өгөөмөр бэлэг ажгуу. Хятадын яруу найрагч Үй Ши Хуад тийм эмзэг атлаа гэгээн хувь тавилан оногдсон юм. Ургийн буруу байршлаас болж тархины саажилттай төрсөн бүсгүй хэл ярианы асуудал, хөдөлгөөний бэрхшээлээс болоод сургуульд явж, тариан талбайд ч ажиллаж чадсангүй. Хоёр ч удаа сургуульд явах гэж хичээгээд бүтэлгүйтжээ. Ингээд тэр шүлэг бичих болсон аж.  Өдгөө яруу найргийн гурван ч номын туурвиад буй бүсгүйн шүлгүүд хайр сэтгэл, дутуу хөтүү амьдрал, тосгоны дүрслэл, амьдралын утга учрын талаар ихэнхдээ өгүүлнэ. Түүний "Баруун гар дээр туссан сарны туяа" шүлгийн түүврээс орчуулагч Мө.Батбаярын орчуулснаар хүргэж байна. 

Үзэсгэлэнгийн уршиг

Чамайг хайрлахын төлөө би
Намуун зөөлөнд суралцаж байна
Нялуун үгэнд аажимхан дасаж
Тэвэрмээр, гүйж хүрээд үнсэхийг
Эцэстээ хүсэх боллоо.

-Өө юу чинь ингэтлээ ховсодно вэ?
Хууз сахал чинь уу?
Хуурс ч дотор нь байгаа л биз дээ?

Чи дөрөвдүгээр сар биш
Чин үнэндээ аравдугаар сар энд өнгөрч байна.
Гагцхүү увайгүй эм би
Хүний ёсоор энгэр зөрүүлж
Хүмүүсийн бүхий л амар амгаланг
Гагц чамаас хүртэхийг, хулгайлахыг хүсэж байна

Ээ эгээ л ертөнцийн хамаг үзэсгэлэн найрсан зохироод
Эдэлж яваа хүн нь чи юм болохоор
Сарнай, цэцэрлэг, голын урсгал хийгээд үүлс, бүр хавар ч
Сайхныг чинь үл гүйцнэ

Чи таалдаа...
Булааж авсан энэ зам мөр дээр
Буруутан болж би чадах уу? үгүй юү?

Бурхан минь
Үзэсгэлэнгийн уршиг
өгүүлэхийн ч эцэс алга
Ор мөргүйгээр би бусниад өгвөл
Өвч биеийн чинь шарх сорви
Өнгөц ч бай хамаагүй
Өвдөж чадах уу? чи

Боодол буудай

Хоёр дахь удаагаа тэр түүнийг
Тээр дээр шидэлж үүрсэн ч
Хариу бас л буцааж алдлаа
Тэгээд
Гүн гэгч сүүрслэн
-өнгөрсөн жил л дөнгөчхөж байсан юм.
өнөө болоход дийлэхээ байжээ гэлээ.

Гурав дахь удаа нь би хамжилцаж
Боодол буудайг мөрлүүлж өгөөд
-Ааваа, цагаан үс тэргүүнд тань ширхэг ч алгаа гэж
Буудайгаа даахгүй хөөрхийг хуурлаа.

Үнэндээ би мэдэж байгаа.

Эцэг минь ер хүрсэн ч
Үс нь бууралтаж болохгүйг.

Эрэмдэг охин нь аавыгаа
Их сургуульд элсүүлэх ачтай болгох хэрэгтэйг

Толгойн өчүүхэн цайваас
Төрүүлж өгч зүрхлэхгүйгээ

Би мэдэж байгаа.

Цонхны цаана зүсэрч буй бороо

Гэвч...
Урьдын янзаараа, ангамал газраа, хүлээсээр байна би
Ууж хоосолсон лонхоо хөмөрч, нурааж, ахин босгож байна би
Намайг үл ойшоох цонхон цаанах борооны
Нэг дусал нь нөгөө дуслаа тэврэн унанам
Нэг дусал нь нөгөө дуслаа түлхэн унанам
Уусалцах ч устгал мөн
Устгах нь ч уусалцах мөн
Гэвч... хүн
Удаан амьдарч байж л тэнгэртээ буцах ёстой, тэндээ бас удаан хүрэх ёстой
Унахуй гэгч...
Янжуурынхаа үнсийг гөвж орхитол
Ягуухан ахиад ургаад ирэхүй
Хайрласаар нэгнийг үхэлд мордуулахад
Халуун хэвлийд үр нь үлдэхүй юм.
Бороон дусал өөр өөр газар өөр өөр чимээтэй унадаг
Иймээс
Хэн ч хэний ч үгүйрлийг орлож эс чадна
Хэн ч хэний ч ирэхүйтэй эгнэж үл дүйнэ
Бороон дунд хэн ч алга
Хэн ч угаас бороон дунд байхав.

Нуурын хөвөөгөөр салхилж яваа бүсгүй

Үүл нуур луу унаад, үүлэн дээрээс тэр унаад
Тэгээд түүний нуруун дээр модны сүүдэр унажээ.
Энэ алтадмал, энэ балчиг намагт цаг хугацаа
Энэ нандин эмзэг, энэ эвдэрхий хамхархай цаг хугацаа
Түүний өмнө бөхийжээ.

 Түүнд тээж яваа хундага хийгээд салхи гэж үгүй
Тэр ахиад гунхан алхаж, бошинзынх нь хуниасанд бороо дусахгүй
Яван явсаар ой руу ороод
Мод моддыг санаашруулна.

Хүн сүргээс
Хоосон лонх шиг бүсгүйг
Хэн нь ч анзаарахгүй
Бас тэд архи гэж юу? Болохыг
Архи хаана байсныг мэдэхгүй.

 

Дүн шөнийн хоёр чимээ 

Миний дүн шөнө хоёрхон чимээтэй
Тэр нь өөрийн минь гаслан болоод
Чөтгөрийн сөөнгө бархираа билээ

 Би хоёрхон эрд хайртай
Тэр нь нэгэнт одсон хийгээд
Хэзээ ч ирээгүй хүмүүс билээ.

 Миний үүр цүүр
Дулайсан хоёр гэрэлтэй
Тэр нь бичиж буй ном
Угааж буй бие минь билээ.

Сэтгэгдэл хэсэг