Чи Зи Жян[1]-ы “Цасан хөшиг” түүврийг хаашаа л явна чирсээр навтарга болгоод тарж бутрахын даваан дээр доторх арван зургаан өгүүллэгийг гүрийсээр уншиж дуусахад сая л зохиолчийн хэл найруулгад ч овоо зүгшрээд, одоо ямар зохиолч барих вэ? гэсэн асуултад ээрэгдэн, муу сайныг хольж нухах цаг нар, хүсэл тэвчээр ч байхгүй тул шууд л шижир шилээврийг “амлаж” авъя гэсэн ганц бодолд гогдогдож байсан цаг.
Чи Зи Жянаа л үргэлжлүүлээд нухаад байя уу гэтэл энэ ганц зохиолчоо хаана ч барьж улалзах билээ. Дориухан хэдэн зохиолчийн нэр мэдэж авъя гэж бодоод эхлүүлээд нэгдүгээр бүлгийг дуусгаж явсан “Эргүнэ голын баруун эрэг” хэмээх Эвинк үндэстний гашуун хувь тавилан, бутрал мөхлийг бичсэн Чи Зи Жяны хамгийн алдартай романыг хойш тавьж, мөн л эхлүүлчхээд байсан өөр нэг туужийг ч танилдаа бэлэглэж орхилоо. Одоо дээрх шиг надад таацах өөр нэг зохиолч олж авна даа хэмээн зоримог шийдээд сургуулийн ойролцоох номын дэлгүүр орлоо. Хэний, ямар ном сонгох вэ? гэж удаан тээнэгэлзсэний эцэст “2017 оны шилдэг өгүүллэгүүд” нэртэй антологийг сонгочхов. Хэд хоног өвөртөлж унтах нь холгүй болоод нүдэнд танил нэртэй зохиолчийн ганц нэг өгүүллэг сонгож уншлаа. Шальтай юм ер таарсангүй. Хятадаар бичдэг Төвд гаралтай Цэрэнловуу гэж зохиолчийн “Есөн нүдтэй чулуу” гэх өгүүллэг л жаахан явууртай ч манайд байх л өгүүллэг санагдлаа. Гуч гаруй зохиолчийн бүтээл орсон тэрхүү түүврээс аль сайн гэсэн арваад зохиолчийг уншсан ч сэтгэл аанай л эрэл нэхсэн хэвээрээ. Харин найз нөхөд, танил тал аль л ном овоо эргүүлдэг гэсэн нөхдөөсөө асуувал ихэнхдээ “Үй Хуа сайн”, “Үй Хуа дажгүй”, “Үй Хуаг уншаач, уншаагүй юм уу? Хамгийн түрүүнд Хуо Жэг нь уншаарай. Зохиолоор нь кино хийсэн, киног нь үзсэн үү?. Үзээч” гэх мэтчилэнгийн мэдэмхий зөвлөгөөтэй олон таарч байлаа. Нэг найз маань бүр хоёр дахь удаагаа уншиж байна гэж “томорсон” тохиолдол ч бий. Төд удалгүй түүхийн ангид сурдаг найз маань утастаад,
-Чи сургуулийнхаа үүд рүү дөхөөд ир. Чамд өгөх юм байна гэж захиргааддаг юм байна. Гараад очвол гурван ном атгуулчхаад,
-Наадуулаа уншаарай. Би ажилтай явна, дараа уулзъя гэчхээд ухасхийгаад унаанд суугаад ариллаа.
Өгсөн номыг нь харвал Сан Мао[2]-гийн хоёр ном, үлдсэн нь нөгөө Үй Хуагийн “Амьдрахуй” гэсэн хар хавтастай роман байна. Түүнтэй учирсан түүх энэ.
Зохиолч Үй Хуа эмчийн гэр бүлд төрсөн нь бичлэгийнх өнгө аясыг тэр чигт нь тодорхойлчихсон мэт байдаг. Өөрөө ч бас шүдний эмчээр олон жил ажиллажээ. Түүний зохиол бүтээлийг өвөрмөц болгодог онцлог нь харгис, хэрцгий дүрслэлүүд. Бичлэгийн энэ хэв маяг эмчийн гэр бүлд өсөж хүмүүжиж, эмчийн мэргэжил эзэмшсэнтэй нягт холбоотой гэлцэх. Хүний биеийн бүтцийн талаарх мэдлэг нь зохиолын дүрүүд гэмтэж бэртэх, өвчин тусах, эмгэг согог олох зэрэгт сэтгэл хиртхийлгэж, хүйт оргиулам байдлаар онцгой дүрсэлснээс нь харагдана. Зүгээр ч нэг өвчин, энгийн л нэг осол биш өмнөөс нь үхээд өгмөөр нүд халтирам дэндүү хэрцгий, харгис нөхцөл байдалд дүрүүдээ оруулчхаад түүнийгээ амь голтой байлгаад л байдагт түүний зохиолын шим шүүс нь оршдог гэмээр.
Зохиолын дүрүүд нь яг л сэхээн амьдруулахад хүргэгдэн ирэх өвчтөнүүд шиг ч зохиолч маань тэднийг хэрхэхээ дэндүү сайн мэднэ. Учир нь түүний амьдралд энэ байтугай хүний оронцог болсон өвчтөнүүд бишгүй тохиолдож байсан нь дамжиггүй. Харин зохиол бүтээлдээ тэр өөрөө өөртөө өвчтөнөө бэлдэж өрц, хэвлийг нь сурцтай гэгч нь задалж эхэлдэг. Зохиолд нь жаргалтай дүр бараг л таарахгүй. Ер нь хүмүүс аз жаргалыг хайх хэрэгтэй юү, үгүй юү? Аз жаргал гэгч чамд л байхгүй юу эсвэл угаас байдаггүй зүйл үү? гэсэн асуулт зохиол бүрийнх нь дотроос урган гарна. Хувь заяа бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Түүн дундаас бид тулах цэгээ олж авах нь хамгийн эрхэм юм гэсэн санаа Үй Хуагийн зохиолд элбэг бий. Эгээ л их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л нэг зуурч үлдэх авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурахад ч зовлонд бүдрэхэд ч аль алинд нь зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Зовж буй хүн зовлонт амьдрал дундаасаа юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчийг алхам тутамд нь “шалдаг”. Тэр ч утгаараа “зовлон шаналал дундах хүний оршихуй” бол түүний зохиол бүтээлийн онцлог гэж хэлж болно. Ийм л нэг гэмтлийн эмнэлгийн хонгилоор эсвэл оршуулгын газрын хүйтэн чулууд дээрээс бүлээ оргисон танил нэрээ хайж явах шиг зэвхий даасан мэдрэмж төрүүлэхүйц бичлэгтэй зохиолчийг танд даатгаж байна.
Эдүгээ тэр романы дөрөв, тууж, өгүүллэгийн зургаа, эсээ тэмдэглэлийн дөрвөн боть ном туурвиад байна. “Амьдрахуй”, “Ах дүүс” “Намираа бороон дундах хашхираан” зэрэг бүтээл нь хамгийн алдартай. Зохиол бүтээлүүд нь Англи, Франц, Герман, Итали, Испани, Грек, Орос, Мажаар, Бразил, Серби зэрэг дэлхийн хорь гаруй хэлнээ орчуулагдсан байна. Бидний та бүхэнд хүргэж буй “Амьдрахуй” тууж 1998 онд Италийн утга зохиолын Гавуор шагналыг хүртсэн шилээвэр бүтээл юм. Уг шагналыг залуу үеийг уран зохиолд шимтүүлэх зорилгоор 1982 оноос олгож эхэлсэн байдаг. Дэлхий дахинд алдартай олон зохиолч тус шагналыг хүртсэнээс Америкийн зохиолч Күрт Воннегүт 1986 онд, Туркийн зохиолч Орхан Памук 2002 онд шалгарчээ. Түүнийг “Манай эриний Бальзак” гэх нь ч бий. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Хүн нэгэн амьдралдаа түмэн янзын газарт хүрэх ч харин эргэж очих газар ганц хоёрхон л бий. Эргэн очиж буй тэр л газар эргэлзээгүй төрсөн нутаг билээ. Би Бээжинд хэдэн жил амьдраад зохиол бичихийн тулд нутаг руугаа буцсан даа” хэмээсэн байдаг. Түүний төрсөн нутаг Жэ Жян нь Хятадын зүүн өмнө зүгт орших далайн эргийн томоохон мужуудын нэг. Хойд талд нь Шанхай, баруун өмнө талд нь Жян Ши муж, өмнө талд нь ФуЖиан муж орших эдийн засаг, ахуй соёлын хамгийн идэвхтэй бүс нутаг аа. Энэ л нутгаас Хятадын шинэ үеийн уран зохиолын шанч Мао Дун, барууны романтизмыг дэлгэрүүлсэн гэгддэг яруу найрагч, орчуулагч Шью Жи Мо, Ба Жинь зэрэг үгийн дархцуул төрсөн бол зохиолч Үй Хуа 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Жэ Жян мужийн төв Ханжөү хотод төрсөн билээ.
[1] Мао Дуны нэрэмжит утга зохиолын шагналт зохиолч
[2] Хятдын өнөө цагийн алдартай зохиолчдын нэг. 1991 нэгдүгээр сарын 4-нд 48 насандаа өөд болсон.
Сэтгэгдэл хэсэг