Зүгээр л даарах гэж тийшээ явж байгаа юм. Орь ганц энэ хүсэл уншигч танд ойлгомжгүй цамаан санагдаж байж болох ч би үнэхээр л тэгж хүссэн билээ. Өөр төлөвлөсөн зүйл гэвэл цүнхэлсэн нэг романаа замдаа унших, ахиухан зураг дарах /учир нь би саяхан шинэ утастай болсон юм л даа./ Дайрч өнгөрөх хот тосгодыг цонхоороо ч атугай сайн гэгч шинжээд авах юм шүү. /Яг л манай гадуур хүмүүс өнгөрөхдөө өрөө тасалгааг минь шургуу гэгч нэгждэг шиг/ гэснээс өөр санаж бодсон зүйл алга. Очих газрын талаар ойлголт минь ердөө 1. Хүйтэн 2. Зохиолч Чи Зи Жианы нутаг гэснээс өөр ямарч мэдлэг байхгүй. Ингээд ганц үүргэвч, хоёр ойлголт, гурван хүсэлтэйгээр энэ аялал минь эхэлж байна. Ийм цомхон ачаа тээштэй замд гарахын тулд өчнөөн олон бараг өөртөө байгаа хамаг зүйлсээ хойш нь тавих шийдвэр тулгарсан нь мэдээж. Ядахад явж байгаа үе маань шинэ жилтэй давхцаж байгааг хэлэх үү ? Яг ийм үеэр эх орон, ээж аав, гэр бүлийнхээ чанх эсрэг зүгт ингээд явж байх нь олонхи хүмүүсийн санаанд багтдаггүйгээс нилээдгүй ятгалга, гуйлт, гомдол тунилтай тулгарсны эцэст сая нэг юм зөвшөөрүүлж чадсан тул сэтгэлийн ачаанд бас ч гэж яггүй дараатай байлаа. Бодол сэтгэл дэх энэ л түмэн янзын эд юмс, дараас хэрээсийг хөлдөөж орхиод дан ганц “дулаацъя” гэсэн бодол хүсэлтэй үлдэх л гэж би даарсу бээрсү гэж ингэтлээ их адгасан хэрэг л дээ.
2017.12.29. 14:00
Галт тэрэгний өртөөнд хүн пиг. Цатгалан могой ч шургаж үл чадам шигүү. Гэр гэртээ он гаргах гэж хэр хэрдээл яарсан хүмүүс байвч урагшилж алхах нь удаан. Удахгүй энэ он улирч, тэр он ирнэ гэж бодохоор өвлийн улиралд би дандаа атаархдаг билээ. Хавар, Зун, Намар хэзээч энэ ӨВӨЛ шиг хоёр он дамнан үргэлжлэдэггүй, гагцхүү өвлийн улирал л нэг үзүүрээ хуучин онд дүрж, нөгөө үзүүрээ шинэ оноос “гагнаж”, хоёр оныг тэгнэн оршдог билээ. Тийм дээ ч юм уу өвлийн улирал надад “Цас мөсөн гүүр”-ээр төсөөлөгдөх нь бий.
Цаг улирал, өртөөний болхи толхи байдал очих газрын тухай бодолтой нийцээд Чи Зи Жианы “Цасан хөшиг” өгүүллэгийг надад эрхгүй сануулна. Чи Зи Жиан, Чи Зи Жиан, нэрийг чинь хэлэх бүрт надад яагаад цас мөс санагдаж, час час хийлгэн хайрах шиг болдог юм бэ? Ч- үсгээс үү З -үсгээс үү Ж- үсгээс үү эсвэл зүгээр л чиний нэр болохоороо ингэж хүйт даалган хангир жингэр оргиулж байна уу? Мэдэх юм алга аа, мэдэх юм алга. Мэдэхээс чиний бичсэн цасны тухай гайхамшигтай сайхан дүрслэл, зураглал л нүдний өмнүүр нааш цааш эрээлжилж байна. Улсын минь найрагч Нямсүрэн “өвсийг” ойлгосон нь гаргууд байдаг шиг цасны тухай чи хичнээн сайхан хүүрнэдэг билээ дээ. Очин очтолоо л би санах юм шиг байна шүү, тэдгээр үгсийг. Очоод яг л чамтай уулзах гэж байгаа мэт түүндээ хөөрч байна гээч.
Тээглэж явсаар юутай ч суудалдаа тухлаад авлаа . Хорин дөрвөн цаг ингэж суугаагаар явна гэхээс хавталзна. Одоо тэгээд цонхоороо ширтээд л байдаг байх даа. Эргэн тойрноо ажвал бараг шахуу хүн бүр л цонхоор ширтэж байна. Галт тэрэгний энэ олон цонх хэзээ ч бидэнд нэг зүйлийг харуулахгүй, хүн хүний ширтэх цонх өөр амьдрал ч бас ийм билүү. Амьдралыг танихын тулд тэгэхээр ахиухан цонхны өмнө очиж суух хэрэгтэй байдаг юмсан уу? Аль эсвэл нэг цонхоороо уйгагүй удаан ширтэх ёстой юу? Бараг л сүүлийнх нь минийхээр онох байх аа даа. Гэвч зэрвэс харах, цоо ширтэх аль аль нь л надад таалагддаггүй. Ер нь цонхоор л биш бол би ширтэх ч дургүй, ширтүүлэх ч дургүй, хоёулаа этгээд түрэмгий санагддаг юм. Харин нуугдаж харах дуртай, бүр үнэхээр дуртай. Тэр намайг харахгүй, харин би түүнийг харж байна гэдэг мэдрэмж бол гоц таашаал төрүүлдэг. Цонхоор ширтэх бол яг л тийм зүйл. Зөвхөн би л ажин, би л харан, бүр цоортол ширтэж ч болно.
Ийн суухийн ялдам гайхам санаа ихэнхдээ цонхоор ширтэж суухад төрдөг
Гэвч би цонх байх уу?, хүн байх уу? гэдгээ өөрөө л шийддэг гэсэн шүлгийнхээ мөрийг ч бас санаад амжлаа. Тиймээ тэгдэг. Гайтай адын бодол ч бас цонхоор ширтэж суухад төрдөг. Аан нээрэн тийм галт тэрэг маань хөдөлчихсөн шүү хэлэхээ мартаж. Тиймээс л би бодлогоширон ширтээд яваад байгаа юм. Төд удалгүй нэг өртөөн дээр зогссон нь Хөх Хотын галт тэрэгний зүүн өртөө ажээ. Түрүүн намайг цонхоор ширтэж суухад үйлчлэгч ах орилоод байсан нь энэ өртөө дөхөж буйг сануулчихуй.
Би халгаж халгаж, өөрийгөө ятгаж ятгаж сая нэг юм цүнхнээсээ номоо гаргаж ирлээ. Үнэндээ уншихаас айж байна. Арван наймтай хүн бичсэн, хорин хэдтэй хүн орчуулсан тэр ном намайг бүр алмайруулж орхивол би яах вэ? Сул дорой хүртэгч байхыг би үнэхээр үзэн яддаг. Басхүү миний хамгийн ихээр айдаг зүйлсийн нэг. Гагцхүү би бишрүүлэх алмайруулахын хүслэнт буй за. Дэргэд сууж байсан хүмүүс номыг намайг их л шохоорхон харж эхэллээ. Хажууд нь сууж байсан залуу гэнэтхэн харагдаж үзэгдээгүй бичигтэй ном уншаад эхлэхээр гайхаж буй бололтой. Гэвч хятад хүмүүс хэзээ ч түрүүлж ам нээж үг солихгүйг би мэднэ. Номоо эхлүүлэхээс халгаад байгаа тул өөр ямар нэгэн юм хийх хэрэгтэйг мэдэрч өмнө суугаа охинтой танилцахаар шийдлээ. Тэр өмнөө 在路上 бодвол on the road романы /бас ийм кино байдаг ч билүү юу билээ/ орчуулга бололтой ном гаргаж тавьсан ч нэг ч удаа нээж хараагүй яваа билээ. Нэрийг нь ч асуусангүй шууд л
- Хаа хүрэх вэ?
- Шангду
- Амраад явж байгаа юм уу?
- Тийм ээ.
- Аль сургууль вэ?
- Юу?
- Та аль сургуульд сурдаг вэ? гээд лавлан асуухад жаахан тээнэгэлзэн гайхширч байснаа
-манай ажил амраад би харихаар явж байгаа юм аа.
-ямар ажил хийдэг вэ? гэхэд хэл соёлын л холбоотой нэг ажлын нэр хэлэх шиг боллоо. Би гүйцэт ойлгосон ч үгүй. Ингэснээр бид хоёрын харилцан яриа өндөрлөж надад номоо эхлүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй.
Аргагүйн эрхэнд номтойгоо мэнд мэдлээ. Сайн уу? Гуниг минь...
Анхаарал нэг л төвлөрч өгөхгүй байна. Би зөвхөн Чи Зи Жиан цасны тухай юу юу гэж бичсэнийг л санахыг хичээн, очих газрынхаа талаар бодохыг хүсэж байна. Номоо дүрлээ. Энэ завсар би та нарт хамт яваа хоёр хүнээ бас танилцуулъя. Надаас нэг суудлын наана цаана тэр хоёр маань сууж яваа билээ. Бас л над шиг ямархан нэгийг төсөөлөн яваа буй за.
Тулгаа гадуур хувцас шигээ тод улаан тэмдэглэлийн дэвтэр гарган бичиглэж сууна.
Тэр бол ...Явуулын хүн манай суурингаар
Явган ч гэсэн дайраад гараасай... хэмээн бичтэлээ хүний хүслэн болж суудаг алс холхи Увс аймгийн Хяргас сум суурины хүн. Харин нөгөөх нь залгаа Малчин сумынх агаад Өмнөговь аймгийн Цогтцэцийгээс намайг явах сургаар санд мэнд хүрч ирээд цуг явж байгаа нь энэ ээ.
Бид Ulanqab-Shangdu-Chifeng-Hexigten-Linxi-Tieling-Tongliao-Siping-changqun зэрэг газруудаад дайран Хар Мөрөн мужийн нийслэл Харбин хотод хүрнэ. Газарзүйн хувьд талархаг хээрийн бүс ихэнх хувийн эзэлнэ. Хараа алдаасан тийм тал хээр харин бараа сураггүй байлаа.
“Талд талаас бусад бүх зүйл байна.” хэмээн халаглан бичсэн Өвөр Монгол найрагчийн шүлэг энэхэн зуур сэтгэлд бууж сэм сэм шүүрс алдуулна. Талд тал л алга аа ...
Цагаан гэгээ ягуухан алсарч, цааш нэг ч алхах зайгүй бүрэнхий бүслэн авав. Харанхуйг ханзлан хурдалж яваа бидний унаа, түүний цонхоор унасан гэрэл, тэр гэрлийн дотор сууж яваа өөрийнхөө сүүдрийг би харж байна. Би эгээ л тэг дөрвөлжин гуу жаазан доторх өөрийнхөө төрхийг ширтэж байгаа мэт ээ. Шөнийн галт тэрэг энэ мэт түм түмэн жаазтай хөрөг ачин хурдалж байгаа мэтээр надад төсөөлөгдөнө. Суусаар бие хөшиж чилээд бараг л зураг, баримал болох нь дөхжээ. Юу ч юм олж идье, хэнийг ч юм олж ярья, нөгөө хоёр маань ч уйдаж байгаа бололтой холхиноод эхэлж , гурвуулаа цуглаад сууж байтал өөлсөн хүнд яльгүй халамцуу юм уу гэмээр түл тал хийсэн яриатай, гялалзсан нүдтэй ах хажуугаар өнгөрч яваад:
- Та нар Монголчууд уу?
- Тиймээ
- Аан би та нарыг өртөөн дээр үнэмлэхээ шалгуулж байхыг чинь харсан юм аа. Тэгээд тэр улаан биеийн үнэмлэхээр чинь юутай ч дундадын хүн биш юм байна гэдгийг чинь мэдсэн юм.
-Өө тийм үү та суу л даа ...
Ингээд дөрвүүлээ болж аваад дэвэн дэлхийн юмыг хамж шимээд л ярьж өглөө. Тэр Хорчин хүн гэнэ. Хөх хотоор тойроод буцаж яваа нь энэ гэнэ . Ах нь улсдаа алдартай мөнгөний дархан, сав л хийвэл ахыгаа магтаад ярьж өгнө. Хийсэн урлалыг нь байн байн харуулна . Нээрэн ч эд мэддэг хүндээ бол нүд унагахаар л эрдэнэ санж. Харамсалтай нь бид гуравт хумхын төдий ч тийм дур бах байсангүй. Түвшин ах ам хуурайгүй ярина. Бугуйнд зүүсэн тарваганы шагайг сонжиж “Ахдаа өгчих та нар Монголын улс нутагтаа очоод ахиад олоод авчихна биз. Ах нь зоосы нь өгөөд авъя” л гэнэ. Энэ завсар Тулга маань цүнхэнд явсан чонын шагайгаа ч зараад амжлаа. Өмнө нь шилбэндээ зүүдэг байсныг нь хүн хулгайлчихсан гэнэ. Чонын шагайг тийнхүү хулгайлж авах нь хийморь ёндоод сайн гэж үздэгээс тийн авсан хэрэг ажээ. Бид ч мөн ялгаагүй тэр ёсыг бодож цүнхэндээ хийж тавиад суйлуулж өглөө. Ингээд энэ оройны панз дууссан юм даа. Шөнө дүллэх яагаач үгүй, шөнөө хугаслах ялдамд хэдэн гозгорыг ч бас хугаслая, нойронд ч тустай гэсэн саналыг бүгдээрээ талархан дэмжээд бидний аялал үргэлжлэв. Цаг хэд ч болсон юм бүү мэд, хэдийг ч цааш харуулсан юм бүү мэд нэг л мэдэхэд нойр учиргүй дийлээд ирлээ. Бодвол хажуулах цаг эрхгүй иржээ.Гэвч унтаад сэрэхэд ч Харбинд хүрээгүй байна гэх бодол бүхлээр сууж яваа бидэнд ууж яваа архинаас ч гашуун. “Өглөө босоход минь цас орсон байгаасай” гэж Баттогтох агсан бичсэн шиг л бид гурав өглөө сэрэхэд Харбинд хүрсэн байгаасай хэмээн хэлэлцэж байлаа.
Шөнө хэлбийжээ. Воганд хэдхэн хүн үлдэж. Хоосон суудал олж аваад унтдаг хэрэг ээ. Яаж хэвтсэн ч нэг л тухгүй, эндээс ч нухлаад, тэндээс ч холгоод, хөл ч чилээд, гар ч оршоод унтах, согтохын өмнө дандаа л ийм увайгүй араншин хүнээс гарах юм даа. Маргааш биднийг мандах нар, хүйтэн салхитай хамт эгшиглэнт Харбин хот угтана. Харбины тухай төсөөлөх бүрд Чи Зи Жианы бичсэн цас хөлийн дор чахарч, мөрөн дээр зөөлөн бударч байх шигээ.
Үүр цайж байна. Үүрийн гэгээ түнэр харанхуйг дотроос нь сарнин бутаргаж, үлдэн хөөж бүхэл ертөнцийг аажим аажмаар гартаа авч байна. Алтан улс, Чин улсын үеэс үүсэлтэй Харбин хотод ч бас түүхийн олон үеийн эзэрхийлэл түрэмгийлэл явагдаж, Манж, Орос зэрэг гүрнүүдийн сонирхлын төвд байсан түүхэн хот. Гэвч хятадууд энэ л үүрийн гэгээ шиг аажим аажмаар өөрийн гартаа авч үлдсэн биз ээ. Бид 16 цаг явсны эцэст Тунг Лиао хотод/Х.Ө 42, 15-45,41. З.У 119,15-123, 43/ ирлээ. Тунг Лиао бол Өвөр Монголын өөртөө засах орны зүүн болоод зүүн хойт хэсгийн томоохон тулгуур хилийн хот юм. Үүнээс цааш бид Өөртөө засах орны газар нутгаас гарч Дундад улсын бүс нутаг руу орно. Дундад улсын зүүн хойтын гурван мужийн хоёроор нь дайрах билээ л. Галт тэрэг маань зүүн хойдын их хээр талаар явж байгаа ч талд талаас бусад нь л харагдсаар байна. Техник технилогижсон яасан ч түрэмгий эрин юм бэ дээ? Байгаль биднийг занаж хорссон хүйтэн нүдээр ширтэж байгааг хэн мэдлээ. Тэр тухай бодох ч сөхөө энэ хүн төрөлхтөнд алга юмсан уу?
2017.12.30 15: 22
Ирлээ. Бид хүмүүсийн чиглэл дагаад л бүхнийг мэдэж байгаа хүмүүс шиг нэг их итгэлтэйгээр яваад байв. Гэнэт хүмүүс тал тал тийшээ хуваагдаж яваад бид хэнийг нь дагахаа, хаагуур гарахаа мэдэхээ байчихлаа. Уг нь эндээс шууд төв талбай руу нь хүрэх ёстой юм. Хүмүүс биднийг орхижээ, бид ч тэднийг орхилоо. Өртөөнөөс гарах шаардлагагүй, бүх унаа өртөөн доторх зогсоолуудаар зогсоод явчихдаг аж. Метроны тасалбар авлаа. Төв талбай орохын тулд хэдэн номерт суух ёстойг хэд хэдэн хүнээс асуулаа нэг л сайн ойлголцож өгсөнгүй. Тодорхой хэлээд өгөх ч хүн таарсангүй. Бүгд л яарсан даарсан энэ хотын уур амьсгал шиг хүйтэн хөндий хүмүүс цааргалаад л өнгөрлөө. Тавгаа эргэтэл таварцагласны эцэст ганц л сонголт бид гуравт үлдлээ. Такси олж суугаад “талбай” гэж хэлээд амар жимэр хүрэх гэвч такси өртөөн дотроо аль хэсэгт ирдэг тэр хэсэг рүү хэрхэн яаж хүрэх вэ гээд бас баахан мунгинав. Юутай ч олоод авлаа. Гэвч дараалал хүлээн мөрлөж буй жагсаалын урт, бидний хүлээж чадах цаг хугацаанаас хэд дахин урт. Ашгүй нэг ахтай таараад очер дайруулж, хүмүүс авч явдаг гэдгийг там тумхан ойлгов уу, үгүй юү дагаад гүйчихлээ.
Ингэж нэг юм хөл залгах унаатай болсон гурван хүн Бээжингийн аяллын багийнхансруугаа аз жаргалтайгаар салхи татуулан давхиж явна.
Удалгүй түгжрэл рүү орлоо, утас маань ч цэнэг нь дууслаа, нөгөө хэд маань байн байн залгах нь ихслээ, унаа маань яваад л байлаа, яваад л байлаа...
- Эндээс ойрхон уу? Дөхөж байна уу?
- Одоохон одоохон хүрнэ. Би хэдэн ч удаа ингэж асууж жолооч хэдэн ч удаа ингэж хариулсан юм бүү мэд. Тэгж тэгж нэг газар ирээд “За, гялс буу гялс буу” гэж шамдуулсаар хам хум буулгаж орхиод энэ хотын хааш ч юм шингэн алга боллоо, тэр тэрэг. Мэдэх газаргүй, таних хүнгүй, ярих утасгүй, гурван хүн их хотын их талбайн нэгэн үзүүрт зүрхшээнгүй зогсож байлаа. “Суусан цэцнээс явсан тэнэг” гэдэг шиг хааш ч хамаагүй алхах нь зөв гэдгийг мэдэж биш мэдэрч байлаа. Гэвч сая буулгаад алга болсон тэрэг шиг юу руу ч юм шингээд алга болчих вий гэсэн айдас нэг их том хар туухай шиг хөл хорьж, их хот, хотжилт, суурьшил гэдэг ёроолгүй том хар нүх шиг санагдана. Нэг газраа л олон эргэлдсэнээс хол явсангүй. Утсаар яриулах хүн хайж хайж гудамжинд юм зарж байсан ахимаг насны буурай тарчигдуу эмэгтэйгээс гуйлаа. “Бид танд мөнгийг нь өгье өө, та нэг яриулаач , миний утас цэнэг нь дуусаад унтарчихлаа” гэсэнд тэрбээр:
- Мөнгө өгсний хэрэггүй ээ, зүгээр ярь. Яагаад гэвэл та нар манай улсад, манай хотод ирсэн хүмүүс гэдэг байгаа. Найхах баярлахын дундуур дугаараа хэлж залгуулаад сайн гэгч нь газраа тохиролцож аваад яриагаа дуусгалаа . Дэлгэр их улс гүрнийхээ нүүрийг өөрийн алгын чинээ үрчгэр нүүрээр хамгаалах ёстойг энэ эмгэн надад заасан юм. Энэ хотын хүмүүсийн тухай төсөөлөл минь ч гэгээн боллоо нөхдөө ч олоод уулзаад авлаа. Ямархан уужим, төөнүүн сэтгэлтэй эх орончид нидэр дээрээ индэр дээр биш энүүхэн гудамжинд байдгийг би сая харлаа. Нөхөдтэйгээ мэнд ус мэдэлцээд шууд мөсөн хотхон руу явах автобус руугаа яаравчиллаа.
Шүлэг, гантиг, төмөр
Бүтээсэн эд нь
Хүйтэн байх
Урлаг улам гайхамшигтай (Теофель Готье) энэ дөрвөн мөр мөсөн хотхоныг тойрох явцад санаанаас гарсангүй. Тиймээ гайхамшигтай юм. Зүгээр л мөс шүү дээ... зүгээр л мөс... энэ мөс манайд ч байгаа... эндхийнхээс удаан хүйтэн улирал манайд бас байгаа... Харин манайд юу дутуу гачуу байна вэ? Мөс үү? Мөснөөс яльгүй дулаан сэтгэл үү?
Үнэхээр үлгэр домог, ид шидийн оронд ирчихсэн юм мэт сэтгэгдэл төрж байна. Аль эсвэл би угаасаа тэр газраа ирчихжээ. Арван зүгээс минь сэрүү татаж , хүйт дааж байна. Мөстлөг болж дэлхий ертөнц цас мөсөнд дарагдсан тухай үлгэр домог уншиж байхдаа л ийм төсөөлөлд живж байсан билээ. Тэр төсөөлөл дотроо явна уу? Үнэхээр тэр газраа ичирсэн байна? За мэдэх ч юм алга. Энд зүгээр л хүйтэн байна. Би дулаацахыг хүсэж байна, толгойд өөр ямар ч бодол алга.
Сэтгэгдэл хэсэг