СҮНСНИЙ МИНЬ ХЭРЭГЦЭЭ ИЙМ ЮМ...

 

2018 он. Би вээр Олон Улсын Зохиолчдын хөтөлбөр хэмээх нэр төртэй хөтөлбөрт оролцохоор АНУ-ын Айова мужийн Айова хот, бүр тодруулбал Айовагийн Их сургуулийг зорилоо. Айовагийн Их сургууль мэргэжлийн зохиолчид бэлтгэх сургалтаараа нэрийг олсон, тэр талаараа бол Харвард, Йэль, Принстон зэрэг лигийн томоохон их сургуулиудтай ана мана үзэлцдэг сургууль юм. Их сургуулийнхаа бааз суурин дээр түшиглэн боссон, өөрөөр хэлбэл Айовагийн их сургуулийн кампус хотхон гэхэд ч болох Айова хот харин мөнөөхөн алдартай хөтөлбөрийнхөө нэр сүрээр ч тэр үү ЮНЕСКО-гоос тодруулдаг Дэлхийн утга зохиолын хотуудын нэгнээр Ирландын Дублин, Нэгдсэн Вант Улсын Эдинбург, Италийн Милан, Австралийн Мелбурн, Чехийн Праг зэрэг дэлхийн том хотуудтай мөр зэрэгцэн нэрлэгдсэн, бие жижиг ч бэлчээр том хот билээ. Оюутнууд, багш, ажилчид голдуу ороод уртаашаа далан тавхан мянган хүн амтай эл бяцхан хотод ганцхан өдөрт, зөвхөн уран зохиолын сэдэвтэй хориос гучин үйл ажиллагаа болдог гэхээр дэлхийн утга зохиолын төвүүдийн нэг яалт ч үгүй мөн. Үүнийг батлах жишээ захаас аван хөглөрч бий. Хотын бүх муу усны нүхний төмөр таг дээр алдартай романуудын хэсэг, эсвэл суутай зохиолчдын үгсийг хээ хуараар чимэглэн сийлсэн нь хөл дор байсгээд л гишгэгдэнэ. Гудамжаар нь алхаж явахад Жон Ирвинг, Курт Воннегут гээд тус хотоос гаралтай “том амьтдын” тунгаамал үгсийг яг хөл дор тань цутгасан, хажууханд сийлсэн, бүр хөшөө дурсгал болгоод барьсан олон арав биш, олон зуун “үзмэртэй” таарна. Захын кофе шопод ороход л цаасан аяган дээр нь та дэлхийн уран зохиолын нийслэлд хөл тавьчхаад байна шүү гэдгийг ахин нэг сануулах эшлэл үг, зураг дүрс эрээлжилж байна гэж мэд. За тэгээд Теннисий Уйльямсын амьдарч байсан байшин, Жон Чивер, Рэймонд Карвер хоёрын архидаж удсан буудал, Фланнери О’Коннерын залбирч суусан сүм, Филип Рот, Т.К.Бойл нарын шар тайлж явсан уушны газар гээд том нэрс, жижигхэн байшингууд хөвөрч өгнө. Эдүгээ ч хотын бахархал болж хожим нь нэр нь сийлэгдэх томчуул эл хотын жирийн иргэний ёсоор хүнсний дэлгүүрт нь дугаарлаж, оюутны гуанзанд нь цайлж, нохойгоо салхилуулж, кофе шопын задгай талбайд суун сэрүүцэнгээ аанай л уран зохиолын зам мөрөөр тэнэсээр Америкийн баруун хойд хэсгийн энэ багашаархан хотыг онож ирсэн мань мэтээс өгсүүлээд гадаад дотоодын олон “үзмэрийн амьтад” хот хороогоор нь хөл хөөр болон холхин буйг чимээгүй ажиглан сууцгааж буй. Тэд нь тэгээд Мэрилин Робинсон, Роберт Хасс, Этан Канин, эсвэл Июнь Лигээс өгсүүлээд хэн ч байж мэднэ. 

 

Харин одоо өөрийн оролцсон Олон Улсын Зохиолчдын Хөтөлбөрийн тухай цухас дурдъюу. Тус сургуулийн утга зохиолын тэнхимийн профессор Поль Энгл хэмээх эрхэм 1967 онд өөрийн эхнэр Хуалин Ниэ Энглийн хамт Олон Улсын Зохиолчдын хөтөлбөр гээчийг байгуулжээ. Байгуулсан түүх нь их сонин. Поль Энглийн эхнэр бол таны анзаарсанчлан Хятад хүн. Титэм вирусийн дэгдэлт анх илэрч, хүн төрөлхтний чихэн дээр аранга дэлдээд авсан Хятадын Хэбэй мужийн өнөөх Ухань хотын уугуул. Гэвчиг Гоминданы армийн алба тушаалтан явсан эцэг нь Хятадын иргэний дайны үеэр цаазлуулсан тул тэрбээр арга буюу эх газраас Тайвань руу дүрвэжээ. Тайваньд ирээд уран бүтээлийнхээ эх суурийг тавьж, анхны бүтээлүүдээрээ нэлээд амжилт олсны учир их сургуулийн утга зохиолын тэнхимд багшилж байхдаа тэнд ажлын айлчлалаар ирсэн Америк профессор Поль Энгльтэй анхлан танилцсан аж. Поль Энгль бүсгүйг Айовагийн их сургуулийн зохиолчдын хөтөлбөртөө урьснаар Хуалин Ниэ 1964 онд  АНУ-д хөл тавьжээ. Ийнхүү зохиолчдын хөтөлбөрт суралцах явцдаа Поль Энгльтэй хэдий нь эхнэр нөхрийн харилцаатай болсон Хуалин Ниэ Энгль өөр шиг нь авьяас билигтэй ч адил боломж эдэлж чадахгүй байгаа, нутагтаа хувьсгал тэмцэл, улс төрийн үймээн бужигнааны хөлд дэвслүүлэн зохиол бүтээлээ ч дураар туурвих манатай яваа үеийн нөхдөдөө туслах үүднээс Айовагийн Их сургуулийн утга зохиолын хөтөлбөрийг түшиглэн олон улсын зохиолчдыг урьж авчран зохиол бүтээлээ туурвих, сурч судлах боломж олгодог хөтөлбөр нээе хэмээн нөхрөө ятгасан нь өдгөөгийн Олон улсын зохиолчдын хөтөлбөрийн эхлэл болжээ.  Тийнхүү 1967 оноос анхны зочдоо угтан авсан тус хөтөлбөрт өдийг хүртэл 150 гаруй орны 1500-гаад зохиолч хамрагдсанаас Орхан Памук, Мо Ян тэргүүтэн Нобелийн шагналтнууд, Эдгар Керет, Үй Хуа, Ван Ан И, Цан Шүэ, Динь Линь, Бэй Дао, Ким Ионгха гэх мэт олон улсад хэдий нь нэрийг олсон алдарт зохиолчид нэн олныг нэрлэж болно. Таны анзаарсанчлан урд хөршийн урдаа барьдаг бараг бүх зохиолч энэ хөтөлбөрөөр дамжаад гарсан нь хатагтай Хуалин Ниэ Энглийн шууд нөлөө мөн. Харин манайхаас 2003 онд зохиолч Л.Дашням анхлан оролцож, 2007 онд зохиолч Г.Аюурзана, 2015 онд кино найруулагч С.Бямбаа нар очсон бол миний бие 2018 онд уг хөтөлбөрт сонгогдож, Монголын оролцогчдын хамгийн залуу бас ганц эмэгтэй нь болсон юм. 

 
Урд эгнээний баруун гар талаас 3 дахь нь хатагтай Хуалин Ниэ Энгль

Миний очдог жил Орос, Хятад, Энэтхэгээс өгсүүлээд Маврик, Армен, Йордан хүртэл улс улсын нийт 28 зохиолч тус хөтөлбөрт иржээ. Тэнд очсон бүх зохиолч мөн хөтөлбөрт оролцох гэж элчин сайдын яамны шалгаруулалтаас авхуулаад соёлын яамныхаа шилэлт сонголт хүртэл ямар нэг шалгалт, давааг давах шаардлагатай болсон гэнэ. Харин ганц л хүн хөтөлбөрийн дарга Кристофер Мерриллийн тусгай урилгаар залагдаж ирсэн нь Туркийн яруу найрагч Бежан Матур хэмээх дүрлэгэр алаг нүдтэй, байр байдал энгийн ч өөрийгөө тойруулаад нэг тийм хүндлүүштэй уур амьсгал бүрдүүлж чаддаг хижээл насны эгч байв. Эл бичвэрийг чухам тэр нууцлаг найрагчид зориулах гэж ийм ихийг нуршлаа. Оршлыг ингэж шийдээд цааш өгүүлье.

Очсон өдрийн маргааш нь Айова хотынхон гадаадын зохиолчдоо хүлээж авах томхон үдэшлэг зохион байгуулж, түүнд нь уригдсан би вээр унаагаа хүлээн зочид буудлынхаа үүдний танхимд холхих зуураа анх түүнтэй танилцаж билээ. Тэр намайг Монголоос ирснийг сонсоод ихэд сэтгэл догдолсон байртай инээмсэглэж “Чи бид хоёр чинь хоёулаа нүүдэлчид юм байна шүү дээ!” гэж байв. Холхи Туркийн Ахирийн уулсаар нутагтай, эртний түүхт Мараш хотын уугуул, Курд гаралтай, Ислам шашны Алевийн урсгал шүтлэгтэй ч удган маягийн хүчтэй энергитэй энэ хүнд “нүүдэлчин” хэмээх үг ямар утгатайг, тэр нь миний уг угсаа, соёл заншлаар илрэх “нүүдэлчин”-тэй хэр харгаж таарахыг баримжаалж мэдээгүйдээ би тэр яриаг нэг их өрдөж хөгжөөлгүй өнгөрсөн ч эдүгээ энэ бяцхан нийтлэлийг бичиглэн сууж ахуйдаа эгчээс яг энэ тухай нэхэн асуухыг хүслээ л дээ. Тэгээд асуулаа: 

 

Photo credit © to Umar Temol

-Та өөрийгөө нүүдэлчин хүн гэж тодорхойлдог. Олон олон уулзалт, уншлага дээр энэ тодорхойлолтоо давтаж байсныг тань мэдэх юм. Монголчууд бид ч бас өөрсдийгөө энэ дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн нэг гэдэг. Гэвчиг “нүүдэлчин” гэх энэ үгэн дор таны өөрийгөө тодорхойлж буй ойлголт энэ үгэнд миний өөрийгөө хамаатуулж буй ойлголтоос хэр зөрүүтэй байдаг юм бол доо гэж би гайхах юм? 

Бежан: Дэгсдүүлэх юмгүй би нээрэн л нүүдэлчин удмын хүүхэд шүү. Өвөг эмэг маань нам газрын өвөлжөө, уулын өндөрлөгийн зуслан хоёрынхоо дунд хэдэн малаа дагаад нүүдэллэж ирсэн улс. Намайг төрснөөс хойш Торосын уулсын тагт орших өндөрлөг зуслан руугаа нүүхээ больчихсон юм гэнэ лээ. Харин хөвөн тариалж амь зуудаг хүүгээ бараадан тосгонд амьдрах болсноор тэдний нүүдэлчин амьдрал хүүхэд багачуул бидэнд ярьж өгдөг үлгэр домог болсон доо. Би тэр л үүх түүх, үлгэр домгоор умдаалж өссөн. 

Гэвч цусанд маань нүүдэлчдийн амьдралын хэв маяг кодлогдчихсон юм шиг санагддаг. Тиймдээ ч би байгаль эхтэй тун өвөрмөц холбоотой. Эх газар намайг татахаас илүү эрчилт сансарт бие минь харьяатай ч юм шиг. Тэр ч утгаараа нэг газартаа тогтож удаан суух дургүй. Сүнсний минь хэрэгцээ ийм. Нам суухаас илүүтэй байгаль дунд алхаж явахдаа би илүү их бичдэг. Эх байгальтай харьцаж ахуйд л онгод минь хөглөгддөг. Тэгээд ч Курдын Алевичуул хэмээх цөөнхөөс гаралтай болохоор үндэс минь хаана ч бөхлөгдөөгүй юм шиг, хаа ч очсон харьяат нь биш юм шиг санагддаг даа. 

Тэр ингэж хариуллаа. Өвөг дээдсийн маань малынхаа ая байдлыг харж нутаг сэлгэн нүүдэллэдэг асан амьдралын хэв маяг төстэй ч бидний “нүүдэлчин” хүн гэж өөрийгөө сэрэх сэрэхүйд сүрхий ялгаа бий ажээ. Би гэхэд нүүдэлчин өвөг дээдсээ хаана ч харьяалалгүй сул ард гэж үзэх дургүй бөгөөд өөрсдийн харьяат нутгийн дотор, ахуй амьдралынхаа онцлогт тааруулан дураар зоргоор нүүж сууж ирсэн, үндэс бөхтэй улс гэж боддог. Гэтэл өрнөдийнхөн голдуу “нүүдэлчид” гэж тодотгон ярихдаа энэ үгийг бидний зүрхэнд явдгаас арай л өөр үнэ цэнээр хэрэглээд байх шиг. Тэднийхээр бол “нүүдэлчид” гэмээнэ минийх гээд гишгэх газар нутаггүй, манайх гээд заах гэр оронгүй, тиймдээ ч амь зуухын төлөөнөө нэг газраас нөгөөд нүүдэллэн явагч бүлэг ардыг хэлнэ. Ийнхүү хормын тух эрэн хорвоогоор хэрэн хэсүүчлэх нүүдэлчдэд завдаж суугаад бүтээсэн үйл бүтээл үгүй, захирч суугаад байгуулсан гүрэн улс үгүй, товхинож суугаад цогцлоосон соёл үгүй, тогтож суугаад шийдсэн нийгэм журам үгүй гэж мэтгэх улс ч тэдний дийлэнхийг эзэлнэ. Гэтэл бидний өвөг дээдсийн бүтээсэн түүх тиймгүй санагдана. Энэ тухайд монголчууд бид түмэн зүйлийг ярьж, буман зүйлийг нотолж чадах хойно энд нуршаад яах вэ. Харин Бежаны маань хувьд “нүүдэлчин” гэмээнэ эх газрын эрхшээлээс биеийг нь чөлөөлөн өөртөө татагч сансрын их эрчим, тэр эрчмийг даган бэдрэх чөлөөт сүнсний аялал ажээ. 

Нэгэнтээ бид хоёр Айова хотын төвд байх “Тал нутгийн гэрэл” нэрт товхийсэн номын дэлгүүрт болдог яруу найргийн ээлжит уншлагад очихоор замын гарц дээр гэрэл шилжихийг хүлээн зогсож байлаа. Яриа маань тэгсхийгээд дууссан ч би үүх түүхийнх нь үргэлжлэлийг хүлээн Бежан руу харж, харин тэр түрүүчийн яриандаа хэдий нь цэг тавьсан мэт дуугаа хураан тэнгэр өөд ширтэх аж. Айовад зам түгжээд байх машин тэрэг үгүй. Хүний нутгийн эзгүй зам дээр явган гэрлийн тушаалыг яс мөрдөн цэх зогсох уулын Курдын эл эгчмэд найрагч хорь ч хүрээгүй хонгорхон охин явахдаа бичсэн шүлгүүдээсээ болон баригдаж, нүхэн харанхуй гянданд бүтэн жил ганцаар хоригджээ. Харгалзагчдын хатуу ширүүн авир, байцаагчдын эрүү шүүлт дор хэлээ хазаж, шүдээ зуусаар, бууж өгөлгүй гарч ирэхэд нь найраг шүлэг л түүнд тусалсан гэнэ. Өчүүхэн ч гэрэлгүй гяндангийн харанхуйд өөрийгөө уусгачихгүй гэхдээ тэр авд зохиосон тарниудаа аялгуулан дуудаж, умгар өрөөгөө тойрон гороо эргэх мэт алхсаар цагийг барж, харанхуйг бага ч болов ярдаг байжээ. Манайд бол шүлэг бичсэнийхээ төлөө шүүгддэг цаг аав ижийн минь үеэр төгссөн гэж миний тэгэхэд бодсон нь дэндүү гэнэн итгэл ч байж мэднэ. Энэ бодлыг минь таачих шиг Бежан над руу дуугүй инээмсэглэснээ “Шорон гянданд чиг сууж явлаа...” гэж улаан гэрэл асахаас өмнө хэлсэн үгээ давтав. Цаг хугацааг тэнд нь гацаах мэт таг зогсоосон гэрэл ашгүй солигдоход түрүүчийн хүндхэн ярианыхаа төгсгөлийг арай зөөллөх гэсэндээ би “Яг л Хикмет шиг...” гээд инээлээ. Бежан “Тийм ээ. Хикмет шиг...” гээд аанай л эгчмэд хүний бүхнийг тольдогч харцаар инээвхийлснээ “Монголчууд Хикметийг сайн мэднэ биз?” гэж асуув. Мэдэх нь мэднэ ээ. Цогтой социалист гэгдэж явсных нь “ачаар” хуучин нийгэмд шүлэг найргууд нь Монгол руу элдэв хориггүй ороод ирсэн байх, үзэл санааны сиймхийгээр үсэрч орж ирчхээд эрх чөлөөний тухай элдэв хоёрыг мөрөөсүүлж, үүлгэртэж удсан хүмүүсийн дотор үймээнч бодол төрүүлсэн нь ч бий байх. Ийн ярилцаад гарцаар гарч явахдаа би гэнэт аманд орж ирсэн Хикметийн шүлгийг Монголоор дуудав.

Холын Азиас довтолгон ирээд дөрвөн туурайн хурдаар
Цагаан тэнгис рүү морин толгой мэт шааж орсон энэ нутаг биднийх.
Шилбэ бугуй нь цусанд хутгалдсан, шүдээ зуусан, хөл нүцгэн
Торгон хивс шиг энэ газар шороо, энэ диваажин, энэ там биднийх...

Бежан “Чи ямар шүлэг уншиж байгаа юм?” гэж асуух аж. 

-Назим Хикмет, Төв Азиас довтолгож ирээд Газрын дундад тэнгис рүү морин толгой мэт шааж орсон гээд...

Тэр чангаар инээгээд:

Dörtnala gelip Uzak Asya'dan
Akdeniz'e bir kısrak başı gibi uzanan
bu memleket, bizim.
Bilekler kan içinde, dişler kenetli, ayaklar çıplak
ve ipek bir halıya benziyen toprak,
bu cehennem, bu cennet bizim хэмээн эрэмгий, гүн хоолойгоор намайг түрэн уншив.

...Харийн үүд хаагдаг, дахин бүү нээгдэг,
Хүн хүнээ боолчлохыг үүрд устга, энэ уриалга биднийх.
Амьдрах гээч мод мэт цор ганц болоод эрх чөлөөт
Ой мод мэт тэгээд олуул найрсах энэ эгээрэл биднийх... 

Д.Мөнхтөр ахынхаа эрэмгий орчуулсан энэ шүлэгт би дуртай. Тэр өдөр би Бежаныг Хикмет шиг гэж, тэрүүхэн чөлөөнд бас бид хоёр Хикметийг хамгийн агуу найрагчдын нэг гэж зөвшөөрч, Америкийн баруун хойд хэсгийн бяцхан хотын гудмаар аагтай нэгэн шүлгийг нь монгол, туркээр хашхиралдан гүйн тусч явсан гэрэлтэйхэн дурсамж цээжинд өдгөө үлджээ.

Америкт бид олон олон яруу найргийн уншлага, үйл ажиллагаанд хамт оролцсон билээ. Тэгээд ажиж ээ байхад тэнд зохиогддог үй олон уншлага, яруу найргийн үдэшлэгүүдийн “ачаар” ч гэх үү, Америкийн яруу найраг улам л сонсогчдодоо хөтлөгдсөн янз маягтай болж байна уу даа гэж санагддаг байв. Хүмүүс нь ямар ч шүлэг сонсоод хариу үзүүлчих бэлэн зэлэн үйлдэл, хэзээ язааны сурцтай болчихсон, яруу найрагчид нь ч ямар шүлгийг яаж уншвал илүү шагшигдаж, талархал хүлээхээ мэддэг болчихсон шиг. Улс төрийн сонгуулийн ухуулга, ням гарагийн сүмийн цуглааны үг, эсвэл шог гараачдын алиа хошигнолыг санагдуулам тэр уншлагууд, сонсогчдынх нь нэгэн хэмнэлээр уулга алдах, дор дороо толгой дохих, эсэргүүцэх эсвэл зөвшөөх маягтай этгээд хачин авиа гаргах, нирхийн инээх, үе үе алга нижигнүүлэх яг юуны ч юм, ямартаа ч яруу найргийн биш уур амьсгалыг хараад би энэ хүмүүс Бежаны шүлгүүдийг сонсоод ямар хариу үзүүлэх бол гэж боддог байлаа. Бежан бол шүлгээ уншаад эхлэхээрээ орчныг бүхэлд нь өөрийнхөө аурагаар дүүргээд, уншигчдаа нэг тийм удган шидээр ховсдоод барьчихдаг увдистай найрагч. Түүний дорнын шүлэгчийн нууцлаг, тарнич шид, нийгэм нийттэй бус, харин байгаль эхтэй гүн бат холбогдсон зөн сэрэхүйн шүлгүүд Америкийн уншигчдад хүршгүй харь хөндий сэтгэгдэх болов уу, эсвэл мартаж удсан ая аялгуугаа гэнэт санах мэт учир битүүлэг хэмнэлд автуулж, балмагдуулах болов уу гэж би битүүхэн сониучирхана. Тэгж байтал аанай л “Тал нутгийн гэрэл”-д нэгэн орой түүний шүлгийн уншлага боллоо. Танхим чив чимээгүй болоод, яг л миний таасанчлан тэдний сонсогчид шүлэг сонсохдоо хэзээд зэхээстэй авч явдаг өнөөх олон шидийн сэтгэл хөтлөлөө яг хаана нь гаргаж үзүүлэхээ мэдэхгүй байх шиг бүгд мэлэрсэн байж билээ. Энэ тухай би түүнд дурсахын ялдамд яруу найраг гэж түүний хувьд чухам юу болох, ямархан үнэ цэнтэй зүйл вэ гэдгийг нь асуув. 

 

Бежан: Яасан гоё үгс вэ. Шүлгүүдийг маань ингэж дурсаж байгаад баярлалаа. Яруу найраг гэдэг бол хэл биш ээ. Хэлний өдөр тутмын хэрэглээ бүр ч биш. Яруу найраг гэдэг бол сансрын цүнхээлээс гүн утга хутгаж авчраад бидний өдөр тутмын ахуйд зүлгэгдэн хоосорсон улиг үгс рүү юүлэн амилуулахын нэр юм. Гүн утга гэдэг маань чин үнэн гэсэн үг. 

Үнэн хувиршгүй! Бид үнэнийг өөрчилж чадахгүй. Үнэн бол бүрэн төгс, гүйцэт боловсорсон зүйл. Үнэнийг буцааж болохгүй. Тиймдээ ч би яруу найргийг үнэний хэл гэж нэрлэнэ. Яруу найраг чин үнэний гүнээс дуурьсаад эхлэхээрээ хүмүүний сэтгэлийг тэмтэрч, хөдөлгөж, өөрчилж эхэлдэг. Би өөрийн яруу найрагтаа “Хүн байхын утга юу юм бэ?” гэсэн асуултыг дандаа тавьдаг. Хариуг нь олохын тулд яруу найргаар дамжуулж хүний сэтгэлийн гүн рүү аялдаг юм уу даа. Хүний дотор нуугдаатай буй сансрын тэр нэг хэзээ ч хувиршгүй мөн чанараас миний яруу найраг ундардаг юм.

Бас нэгэн дурсамж санаанд орлоо. Айовад бид их сургуулийн харьяаны зочид буудлын хоёр, гуравдугаар давхрыг тэр чигт нь эзэгнэн, нэг нэг өрөөнд тав тухтай амьдардаг байлаа. Зохиолчид бүгд тус тусын өрөөтэй ч хамтдаа хоол ундаа хийж, ном сонин уншиж, дэмий чалчиж, заримдаа зад найрладаг дундын өрөөтэй. Элдэв баяр, бие биеийнхээ төрсөн өдрийг ч тэндээ дуу шуутайхан тэмдэглэнэ. Миний өрөөнд бусад зохиолчдын өрөөнд байхгүй өсгөгчтэй радио байж таарсан тул би вээр мөнөөх радиогоо барьж очоод л тэр хөл хөөртэй үдэшлэгүүдийн дижи маягийн хүн болдог байлаа. Сүүл рүүгээ албан тушаалаа урвуулан ашиглаж, үдэшлэгийн турш баахан монгол дуу тавиад өнөөдүүлдээ Монголын урлаг соёлыг хэтрүүлэн сурталчилсан хэрэгт ч орохоо шахав. Харин Бежан миний тоглуулдаг монгол дуунуудад хамгаас дуртай. Өнөө дуунуудаа тавиач гэж гуйна. Тэгж байтал есдүгээр сарын дундуур Бежаны төрсөн өдөр болж, төрсөн өдрийн эзний гуйлт, найрын дижигийн сонголт хоёрыг яалт ч үгүй хүндэтгэх учиртай тул тэр орой монгол дууны аянд зад бүжиглэсэн айхтар найр нэг болов оо. Найрын оргилд би Бежаны хамгийн дуртай Хангай хамтлагийн “Архины дуу”-г тавилаа. 

Лонхон дотроо байхуй дор номхон хар арз л байна
Ноёд тандаа барихуй дор догшин хар архи л байна.
Аяс мандаа хө, үйлс тандаа хө
Айлтган барья хө хэмээн сөстэй монгол эрс өрөө дүүрэн нүргэлүүлнэ.

Бежан том алаг нүдээ эргэлдүүлэн ёжтой инээмсэглээд, Америкт буухад нь ачаа нь хамт бууж ирэлгүй алга болсны улмаас баахан хямарсан баргар хүн явах болсон Арменийн зохиолч Арамыг урин өрөөний голд авчраад өмнө нь эргэлдэн бүжиж эхлэв ээ. Жирийн үед том алаг нүднийхээ зовхийг буулган гуньхарч, аяны тавдан дотор нь хамаг зохиолоо бичсэн компьютер нь, хайртай зургийн аппарат, чухал номууд нь ч байсан гэж толгой салаавчлан гасалж суудаг, тэгж биеэ эвхэн суухдаа тунчиг нунж дорой, хөөрхийлөлтэй харагддаг Арам маань гэнэт тэгж бүжигт уригдсандаа сандрах ч шиг нүд нь гялалзсанаа, өөрт нь нэг тийм “ахин сэргэлтийн үе” ирэхийг хүлээж байсан мэт урт амьсгаа аваад хоёр гараа өндөрт өргөн бүжигт нэгдэв. Түүнийг бүжиглэж эхлэхүй халил өндөрт гараад жигүүрээ эгцлэн дэлгэж, доош шунган, дээш дүүлэн, биеэ займчихын төдийд хавцлын голоор сүлбэн шумбах идэр залуу бүргэдийн дүрд хувилсан уулын кавказ эр нүдний өмнө сүр жавхлантайяа “амиллаа”. Элин халин, умбан шумбан бүжих нь идтэй хавтай гэж. Дэргэд нь эргэлдэн бүжих Бежан маань харин хавтай бүргэдэд ээрүүлсэн харцгай жаахан шувуу шиг харагдаж билээ. 

Цаг хугацаа гээч нь нээрэн л хурдан хүлэг юм санж. Цахилан холдоход нь дэл сүүлнээс нь амжиж зуураад чирэгдэж яваа ч шиг санагдана. Царай зүс нь түрэмгий атлаа харц нь зөөлхөн Бежан эгчтэй халуун гараа атгалцан учирснаас хойш нэг мэдэхэд л гурван сар өнгөрчихсөн байсан шиг, Нью-Йоркийн нэгэн зочид буудлын үүдний танхимд бие биетэйгээ салах ёс гүйцэтгээд тарж одсоноос хойш хэдий нь гурван он ард хоцорчээ. Гурван оны урд учраад салсан нэгнийхээ төлөө гурван дурсамж хэрэг болгон хэлхэх шалтгаан гараа ч уу, үгүй ч үү. Тэгтэл Бежаныг маань ахин дурсуулж, тэр дурсамжаа уншигч танд зориулан ийн сийрүүлж суух зайлшгүй шалтгаан гардаг юм байна. 

Нэг өдөр, миний нутгийн ах, хүндэт найрагч Хандхүүгийн Нямхишиг цахим хаяг руу маань нэгэн бичвэр илгээгээд “Би танай Бежаны шүлгүүдийг орчуулсан юм. Өөртэй нь холбогдох гээд чадсангүй. Чи хэлж өгнө үү?” гэж байна. Х.Нямхишиг ах яаж яваад Бежаны шүлгүүдтэй таарч, юу нь таалагдаад орчуулахаар шийдсэнийг би мэдэхгүй, тэр өөрөө ярина биз. Угаасаа Турктээ алдар нэр нь мандсан яруу найрагч болохоор “олдоцтой” байсан ч биз. Мөнөөхөн зохиолчдын хөтөлбөрт ганцаархнаа эрх ямба эдлэн уригдаж залагдаж очсон нь ч тийм учиртай. Тэр бол Туркийн орчин үеийн уран зохиолд хэдий нь хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч, ард олондоо танигдсан найрагч юм. Түүн шиг олон нийтийн сүлжээнд хэдэн зуун мянган дагагчтай яруу найрагч би өөрийг мэдэхгүй. Энэ ч яахав нэг хэрэг. Харин Х.Нямхишиг ахын маань явуулсан орчуулгуудын дотор “Сарояанд зориулсан реквием” хэмээх нэгэн шүлэг байсан нь нүдэнд шууд л туслаа. Сэтгэлд олон өдөр дүүжлээтэй явлаа.

Өглөөхөн нэг хөгжим
бүхнийг хуйгаар нь шинэчилчихлээ.
Өнгөрсөн цаг гэдэг бол
хагарсан чулууны өмнө ганцаар суугаа
хатангир эр юм...

хэмээн хөврөх тэр шүлэг Бежаны тухай дурсамжуудыг сэдрээж, Арам, Бежан хоёрын довтлох мэт шунган, аргадах мэт эргэлдэн бүжиж байсан тэр оройг санагдуулав. Тэгээд мэнд мэдэхийн ялдамд нутгийн маань нэгэн найрагч таны шүлгүүдийг монгол хэлнээ буулгажээ хэмээн үг дамжуулбал тэр маань маш их баярлаж, бүтэн жилийг минь даахаар олон сайхан ерөөлөөр намайг мялаалаа. Шүлгүүдийг нь тэгж нэг эх хэлээрээ унших завшаан тохиосон би уран бүтээлийг нь хэзээ язааны л монголоор уншиж хүртэж ирсэн хүн шиг өнөөх “Сароянд зориулсан реквием” шүлгийнх нь тухай хууч дэлгэв. 

-Бежан эгч ээ, хэдэн өдрийн өмнө би таны “Сароянд зориулсан реквием”-ийг уншаад яагаад заавал Арменийн нэг зохиолчид зориулж шүлэг бичсэн юм бол доо гэж гайхширлаа. Сароян гэх нэрийг хармагц Арменийн эл алдарт зохиолчийн хүүхдэд зориулсан “Миний нэр Арам” нэртэй өнөөх хөөрхөн зохиол санаанд оров. Тэр номын нэр надад хайртай найз Арамыг минь, та хоёрын монгол дууны аянд уулынхны дайчин бүжиг бүжиглэж асан тэр оройг санагдууллаа. Үүнийг бичин суух энэ мөчид ч танай хоёр орны дундах ужиг дайн үргэлжилсээр буйг бодохоор итгэмээргүй ч юм шиг. Ахиад асууя. Яагаад Сароян гэх Армен хүнд зориулж шүлэглэсэн юм бэ? Армен оронтой, Арменийн ард түмэнтэй таныг юу холбодог юм бэ?  

Бежан: Арамтай бүжсэн бүжгийг нээрэн л мартахын аргагүй шүү. Миний төрсөн өдөр байсан байх аа. Тэр орой Арамтай бүргэдийн бүжиг бүжиглэхэд бид тэр бүжгээрээ хоёр улсынхаа дунд найрамдал тогтоож буй юм шиг санагдаж билээ. Бүжиглэж байхдаа аньсага маань чийгтэж байсан шүү. 

Арам маань Туркийн түүх, соёлын тухайд гашуун мэдрэмж тээж явдаг нь гарцаагүй. Харин би Туркэд ч бас Арменчуудын төлөө цохилох зүрхтэй хүмүүс байдаг юм шүү гэдгийг түүнд ойлгуулахыг хүссэн. Улс орныхоо үйлдсэн түүхэн эмгэнэлийг зүрх сэтгэлээсээ арчиж хаяагүй хүмүүс гэх үү дээ. Би бол тэдний нэг. Энэ утгаараа би эх орондоо ч гаднын, харь хүн мэт байдаг. Би чинь Алеви Курд хүн. Тийм ч учраас өнөөх “бусад этгээдүүд”-ийн гуниг гансралыг дотроосоо мэдэрдэг. Би тэдний л нэг юм чинь. 

Миний төрсөн Туркийн зүүн өмнөд нутаг бол эрт цагийн Арменчуудын нутаг. Би тэдний орхиод явсан орон гэрийн туурин дээр, үнс нурамных нь халуун цогийг гишгэж хөлд орсон хүүхэд. Арменчуудын эх нутгаасаа хөөгдөж туугдан гарсан түүх үнэхээр эмгэнэлтэй л дээ. Тиймдээ ч одоогийн Турк улсыг харахаар би нэг л тийм хоосролыг мэдэрдэг. Эзгүй ханхай байшин шиг. Эзэд нь орхиод явчихсан гэр орон шиг. Тэгж бодмогц гуниг төрөөд, Арменчуудыг их өрөвддөг дөө. Энэ гуниг цээжин дээр минь дараад байгаа учраас эртний тэр эмгэнэлийг би ахин дахин сануулж ярихыг хүсдэг. Албан ёсны түүхэнд арчигдаж будагдсан жинхэнэ эмгэнэлийг шүү. 

Ахан дүүсийн холбоо, найрамдалд итгэдэг мань мэтийн улсад энэ оны эхээр дэгдсэн тэр дайн маш хүнд туслаа. Бидний дотор олон жил дарагдсан хэцүү мэдрэмжийг сэдрээгээд хаячихлаа. Гэхдээ би эв найрамдалд итгэдэг учраас энэ хоёр улс хэзээ нэгтээ хэл амаа ололцоно гэж найдаж байна. 

Одоо санахнээ Турк, Армен хэмээх энэ хоёр улсын ээдрээ зөрчил дүүрэн түүхийн тухай бид өмнө нь бишгүй ярилцаж байж. Бежантай ч, Арамтай ч. Арам маань энэ тухайд нээрэн л Бежаны хэлснээр гашуун эмзэглэл тээж явдаг нь мэдээж. Эцэг нь дайны фронтод олон жил ажилласан, эх орондоо алдартай эмч байж. Олон жилийн цуст дайнаас сэтгэлдээ цөв дэвтэй, танигдахын аргагүй өөр хүн болчхоод эргэн ирж, насан туршийн эмгэг шаналангаар өөрийгөө ч, гэр бүлээ ч тарчлаан цээрлүүлсэн гэдэг. Энэ тухайгаа найз маань “Дайнаас хэн ч эргэж ирдэггүй” нэртэй нийтлэл бичиж, тэр нийтлэлдээ Турк улсыг, Туркийн одоогийн төрийн тэргүүн Эрдагоныг гашуудалтайяа шүүмжилсэн нь Европын олон хэвлэлээр цацагдаж, хэсэгтээ л шуугиулсан даа. Хоёр орны энэ мэт ээдрээт харилцааг холын Монголоос шүүн таслагч нь би биш. Ямартаа ч Арамынхаа тухай хэзээ нэгтээ дурсан бичих шалтгаан гарах биз ээ.

Аанай л энэ сэдвээр идэвхтэй бичдэг Туркийн зохиолч Орхан Памукийн “Цас” романыг монгол хэлнээ буулгасан тухайгаа би нэг удаа Бежанд сонирхуулан ярихад “Чи Истанбулд ирвэл шууд л эгч рүүгээ утасдаарай. Памук ахтай чинь ч уулзууламз!” гэж байна. Түүнийг тэгж хэлснээс хойш Орхан Памук хэмээх Турк улсаас төрсөн Нобелийн шагналтан том зохиолч миний хувьд Орхан Памук байхаа болиод, шууд л “Памук ах” болж хувирлаа. “За Истанбул хурдхан явах юмсан. Бежан эгч, Памук ах бид гурав цай цүү уух юм!” гэж бусдадаа ярьж, инээд хөөр болно. 

Гэвч салж явцгаачхаад эргэж нийлэх гэсээр байтал хүн төрөлхтнийг хамарсан цар тахал дэгдэж, хил хил дотроо хашигдсан бидэнд амласан хэлснээ биелүүлэх боломж гаралгүй өдийг хүрчээ. Салж явахынхаа өмнө би түүнд бортого малгайтай, эрхэмсэг монгол хатдыг дүрсэлсэн хээ хуар бүхий алчуураа тайлан бэлэглэсэн юм. Тэр ихэд баярлаж, “Энэ Монголын эртний хатад уу? Ямар гайхалтай юм бэ! Би мөрнөөсөө салгахгүй ээ!” хэмээн хүүхэд шиг хөөрч билээ. Хүүхэд шиг баярлан эргэлдэж байсан нүд нь харагдахад, Бежан эгч минь яг энэ цаг дор ертөнцийн чухам хаахна, юухныг аялуулж явдаг юм бол доо гэж  бодогдоно. 

Бежан бичиж байна: Яг энэ мөчид би Газар дундын тэнгисийн эрэг дээрх бяцхан тосгонд байна. Олимпос нэрт эртний хотын туурийг дотроо агуулсан бяцхан тосгон. Эртний булш бунхнуудын дунд зогсоод шүлэг уншиж баймаар газар. Тэнгис рүү цутгадаг голын хөндийг дагаж байрласан, сэтгэл зүрхэнд минь маш их хөг нэмдэг газар л даа. Их сургуулийн он жилүүдээсээ хойш анх удаа энд хөл тавьж байна. Бага залуугийн зарим шүлгүүд маань энэ л эртний хотын тууриас эхтэй. Би байгаль дэлхий, хүмүүн төрөлхтний түүх, эртний соёлын нууцлаг шидлэг чанарын найрсалд хачин дуртай. Энд ирэх нь наддаа нэг ёсны даяан юм уу даа.

Цар тахал эхэлмэгц өөрийнхөө эхлүүлээд орхисон бүтээлүүдээ дуусгахыг эрмэлзсэн. Яруу найргийн нэг түүвэр хэвлүүллээ. Серкан Дюраны хөгжмийн аялгуунд өөрийн долоон шүлгээ уншсан “Долоон шөнө” нэртэй хуурцаг бас гаргасан. Студид зогсоод хөгжмийн хэмнэлд шүлэг уншиж үзсэн анхны тохиолдол маань энэ л дээ. Надад их таалагдсан. Одоо тэгээд өөрийнхөө дуу хоолойг Youtube, Spotify дээрээс сонсохоор яруу найргийн сонсогчид өөрчлөгдөж байна даа гэж бодогдож байна. Товчхондоо бол нэг газраа тогтож суулгүй, ямагт шинийг эрэн аялж явдаг минь хэвээр. Яруу найргийн төлөө л аянд гардаг гэх үү дээ. Сүнс минь амгаланг олж, сэтгэл минь шинэ сэрэхүйгээр дүүрч ирэх тийм газрыг би ямагт эрэн бадарчилна.

Эртний хотын туурь балгасан дунд шүлэг дуудаад зогсож байх хүн бол яах аргагүй Бежан мөн дөө. Долгилсон хар үс нь салхинд хийсэж, дүрлэгэр алаг нүдээрээ уулсын оройг ширтэн зогсох нь нүдэнд үзэгдэнэ. Өнгөрсөн цагийн хэлтэрхий, хүний түүхийн хагархай болж хоцорсон эртний хотын тууриас чулуу бүрийнх нь үгийг амилуулан анирдаж зогсоо шидэт эмийн эрчим нь мэдрэгдэнэ. Тэгсгээд салхи намжихад намирч байсан алчуур нь далыг нь даган асгарч, эртний монгол хатдын хэв дүр баруун мөрөн дээр нь асна. Би ингэж төсөөлөөд Бежантайгаа ахин уулзсан ч шиг болчихлоо. Харин танд зориулж түүний зөн тэмтэрсэн шүлгүүдийг Х.Нямхишиг найрагчийн орчуулснаар энд үлдээе дээ. Бид сүнснийхээ хэрэгцээгээр уулзаж, сүнснийхээ хэрэгцээгээр бие биеийнхээ үгэнд боодолтой зүрхийг тэмтэрч, бас сүнснийхээ хэрэгцээгээр түүнээ ийн сийрүүлнэм. Бидний сүнсний хэрэгцээ ийм юм.

Батсуурийн Баясгалан
2021.12.23
(Tagtaa Review утга зохиолын сэтгүүлийн хаврын дугаараас)

САЛХИТАЙ ӨРТӨӨ

Төрөхөд минь
бидэнд зориулсан хайрцаг дотроо
ээж минь
мөнгөн толинууд,
хар хөх чулууд,
Халеб хотоос
                  хууль бусаар ирсэн даавуунуудыг
зэхэж бэлдсэн.

Төдхөн тэгээд
биднийг тэр хайрцаг дотроо хийгээд
зам,
салхи,
завсрын өртөөдийн тухай
                   чихэнд минь шивнэсэн.

Харанхуйд ганцаардуузай гэхдээ
хань болгож
хараацай жаахан насыг минь бас
хайрцаг дотроо хийж өгсөн.

Урсгалд тавиад явуулахдаа ёс болгож
Ууцыг минь зүссэн шархнаас
Урссан цус их мөрний усыг
Ууршуулан дэгдээсэн.

Ээж минь тийм юм хүсээгүй болохоор
Эхийгээ унтаж байх хойгуур бид
Эргийн урсгалд нэгдчихсэн юм аа гэж
Эх мөрнийг аргадаж явсан. 


1.
Ээж минь
Хар хилэн даашинзаа
Хайрлан илбэж
Сайхан гэзгээ гивлүүр мэт асган
Харцаа далдлаад
Хагацсан эцгийг минь
Халаглан дурсана:
Хань минь тэр цагаан уулын энгэрт,
Хаврын хаварт жижгэрсээр байдаг 
цагаан уулын энгэрт…

2.
Хамгийн том нь мөртлөө ууган ах минь
Хаа холын дайнаас эмээдэг байсан.
Тэнэж одоод ирэхгүй удахаар нь
Тэр дайнаас бид ч бас айдаг болсон.
Гэвч, ахыг минь буцаалгүй хорьсон нь
Аюулт тэр дайн биш ээ.
Алс газраас харих замдаа ах минь
Аавын минь нойрсон буй
Цаст уулын өөдөөс хараад
Цантсан хүлгээ нөмөрлөн дэрлээд
Нойрсчихсон байсан.
Ээжийн минь царай гундах тусам
Эгэм мөр нь хатангирших тусам
Энэ хоёр уулын алин руу ширтэж
Эргэл мөргөлөө үйлдэхээ бид мэдэхээ байсан.

3.
Хуучин байшингийнхаа урт гонхонд
Холын бараа ширтэн суух ижийн минь
Хар хилэн өмсгөлийн хормой улам чирэгдэж
Хархан үснийх нь гоёл улам хүнддэж
Хаж мөнгөн бүс нь сулрах тусам
Үргэлж ширтэж суудаг уултайгаа
Үзтэл адилхан болж ирлээ, ээж минь.
Хаврын хаварт зүс нь гундах ижийдээ,
Харин бид тусалж чадаагүй.
Амьсгал нь тасалдан татарсаар,
Аргагүй үгүйрэн ганьхарсаар
Ахиж байшингийнхаа гонхноо гарч ирээгүй.

4.
Өвлөөр үгүйрч
Хавраар биеждэг
Мод болсон, ээж минь.
Шивээст нэгэн царс юм, тэр.
Шивнэх дуу нь чихэнд дуулдсаар.

5.
Ээж минь
Унтаа шөнөөр
             тансар хилэн өмсгөлтэйгөө
Уулсын дундуур хэсүүчилж явнам.
Үг дуугүй, хааяа уйлдаг,
Үндэс үгүй нэгэн царс юм, тэр.
Хагацаж одохоосоо өмнө бид
Хайртай ижийнхээ сүүдэр дор цуглаад
Хатуужиж ийн залбирнам:
Өршөө, биднийгээ, бурхан минь
Өргөө гэрийг минь ивгээ.
Хуучин тагтыг минь хэлтрүүл.
Тэнд л бид инээмсэглэж чадна,
Тэнд бид дуугаа хураана,
Тэнд бид юу дуртайгаа хуучилна.
Гараараа хүрч чадахгүй ч тэнд л бид
Ганцаардмал ижийгээ алсаас ч болов харна.

6.
Хүйт эхлэх үест
Хүлэг морьтнууд биднийг авахаар
                                  ирчихсэн байсан.
Хараад л сүрдмээр
Хачин, хөгшин морьтнуудын
Харцанд нь цас бударч байсан.

Ганц үг ч солихгүйгээр,
Гарыг минь ч ер сонжихгүйгээр,
Дүнгэнэх салхитай
                    өртөө зам руу биднийг
Дүүрч аваад одсон.

7.
Ээж минь
Эцэг, ах хоёрын минь дунд
Зөөлөн амьсгалаад
                унтаж байх зуурт
Зөнөсөн морьтнуудтай бид хамт хулжсан.
Хойш эргэж харсаар хүзүү минь хөшиж
Хоёр нүд минь нутгаа ширтсээр сүүмийсэн.

Гэвч бидний хөндүүрлэн шаналах,
Гэнгэнэж ийн уйлах чиг дэмий хоосон.
Хоосонд төөрсөн морьтнууд
Хойшоо эргэж буцсангүй.

8.
Эгц уулнаас өнхрөх чулуу шиг;
Эгч, дүү дөрөв
Сүүдэр нь гүнзгийрэх хөндийд
Өөрсдийн биш болсон
Өөрсдийн ор дэрээ
Өчнөөн удаан хайлаа.
Урдаас довтлох уулсын тоогоор
Бид тийнхүү ганц ганцаараа,
Бие биесээсээ өөр хань бараагүй.

9.
Гагц эхлэл биш, төгсгөл биш,
Гадна биш, дотор ч биш
Энэхэн чөлөөнд, чулуун ертөнцийн тэхий дунд
Эгч дүү бидэн…
Бидний зам алсрахын хэрээр
Бие нь үгүй ээжийн минь шивээс
                        улам тодорсоор.

10.
Эрчилсэн замын эргэлт бүр дээр
Эгч дүүс бидний хагацал ирнэ.
Хэн нь эхэлж энэ
Харгуй зам,
Харанхуй шөнө,
Харь хөгшин морьтноос
Халгаж буруулах бол?
Бие биесийнхээ урд, хойно орон
Бид энэ салаа замуудын эрхээр дагжин чичирч явна.
Эцэсгүй алсрах нарийхан жим дээр
Эцэст нь би ганцаар үлдээд,
Эгч дүүсийнхээ зовлонгоор хатуужсан
Эрэмгий нэгэн аянчин болов.

АТГАНД БАЙХ ҮСЭГНҮҮД

Иртэй чинжаал шохоорхох хүү
ишин дээрх үсэг рүү нь ширтэж байна,
ирээдүйн хувь заяа руугаа ширтэж байна.
Гар нь халаас дотроо,
нэр нь Мухаммед.
“Чи юу бодно вэ?” гэж би асуулаа,
“Коран судрын тухай бодож байна” 
гэж тэр хэллээ.
Тэрбээр энэ үсгүүдийг,
тэгээд цусыг эрхшээгч болно.

АЛДУУЛ ЧУЛУУ

Аюулхай цээжний чинь 
долоон давхраас
алдагдсан чулуу, одоо
атганд минь байна. 

САРНАЙН ЦЭЦЭРЛЭГ

Амандаа чихэр хүлхээд
Газар дундын тэнгисийг 
гатлах зовлонд унасан
Алдрайхан охины дуу;
“Гарцаагүй бидний зүрхэн дотор
Гайхамшигт сарнайн цэцэрлэг үлддэг.
Ганхаж хуучирсан өөжинг тулж ургах
Гаж зөрүүд тэр цэцэгсээс 
баяр хөөр үүсдэг”.

2018

САРОЯН-д ЗОРИУЛСАН РЕКВИЕМ

Битлизийн уулс,
Битлизийн уулс, аяа,
битүү цасан дунд дүнхийнэ.

Өө, өнгөрсөн цаг аа гэж..,
Өөрийн нутгаа эрж яваа эрийн
Өвөртөө хадгалсан чулууд
үнэхээр чулуу мөн үү гэмээр.

Гашуудалд автсан бас нэг бүсгүй
гартаа цамц бариад,
“Гартаа барьсан цамц минь
Гансрал гунигт нэвчжээ” гэнэ.
“Хар даа, тэр уулс одоо ч хүйтэн;
халиун буга, бүргэд, царс моддыг нь
хар даа, бид мартаагүй” гэж бас хэлнэ.

Цээжинд чинь аргах уйслын гүнээс
Чичирхийлэн аялгуулах гашуудлын дуу
Хөрс шороонд минь үндсээ суулгасан
Хөхүйн ганцаардлын хөгтэй нийлж,
Хөхөмдөг шөнийн минь өнгөтэй сүлэлдлээ.
Сайхан эцгийн чинь цустай тэргүүнийг чимэглэсэн
Сарнай цэцэгс хатаж амжаагүй байсан цаг
Саяхан сан...

Аяа, Битлизийн уулсаа санан эгээрч
Аянд гарах чинь харин хэзээ сэн билээ. 

Ижил үгс,
ижил газраас хэлэгдлээ ч
ижил уулс,
ижил хөндийг
илэрхийлдэггүйг 
эрхбиш би мэднэ.
Адган тэлчилсэн хүслийн мөрөн ч
адилхан нэг жалга руу цутгахгүй.

Өглөөхөн нэг хөгжим
бүхнийг хуйгаар нь шинэчилчихлээ.
Өнгөрсөн цаг гэдэг бол
хагарсан чулууны өмнө ганцаар суугаа
хатангир эр юм.
Үйл зовлонд нэрвэгдэгчдийн зүрх шиг
Үсэг нь баларч, танигдахааргүй болсон
нэл шаналан дундах
нэгэн чулуу.

Өвөртөө чулуу дүүргэж,
Өөрийн нутгаа бэдэрч явсан
өнөөх эрийг санаж байна уу?
Энэ бол түүний налж байсан хана,
энэ бол түүний сөрж зогссон салхи.
Одоо ингээд өөрийг нь дурсах үест
Овоолж, нэг нэгээр нь чулуу түүсээр байх тэр
Одоо ингээд өөрийг нь дуудах үест
Овоолсон чулуугаа зөөж тараасаар байна.
Үнэндээ бидний өмнө
үхлээс ч чинагш зам бий тул
Үймсэн энэ цасыг, 
Үлдэн хоцрохуйг,
Өвлөөр тасарсан хэн нэгний сүүлчийн амьсгалыг,
өнөө буй бүхнийг
                  би уучилж байна.


Шүлгүүдийг орчуулсан Хандхүүгийн Нямхишиг

Сэтгэгдэл хэсэг