Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч Б.Баясгалангийн эмхтгэн орчуулсан "ДУР БУЛААМ" нэрт дэлхийн нэн шинэ үеийн шилдэг антологид орсон бүтээлүүдээс дээжлэн, бид та бүхэнд Италийн нэрт Итало Кальвиногийн "Хар хонь" бэсрэг өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү зохиолчтой та бүхэн саяхан манайхаас эрхлэн гаргасан “Үл үзэгдэх хотууд” (1972) бүтээлээр нь хэдийн танилцсан биз ээ.
ХАР ХОНЬ
Ард иргэд нь бүгдээрээ хулгайч нэгэн улс байжээ.
Шөнө болмогц хүн бүр дэнлүү, царил бариад хөршийнхөө байшин руу явж орчихно. Тэгээд үүр хаяарахын үест айлаас тоносон юмсаа дааж ядан тэвэрсээр орж ирэхдээ өөрийнх нь гэрийг ч бас тонож орхисныг олж харна.
Нэг нь нөгөөгөө тонож, нөгөөх нь ч бас хажуудахаа дээрэмдэж явсаар хамгийн сүүлчийн хүн дээр ирэхэд тэр нь эхний хулгайчийг эргүүлээд тоночих тул амьдрал нэг ёсондоо зүй зохицлоороо болоод байлаа. Энэ улсад худалдаж, худалдан авч буйгаас үл шалтгаалаад арилжаа наймаа хүртэл луйврын дүрмээр явагдана. Төр засаг нь ард иргэдээсээ хулгай хийхийн тулд л тохинож, харин ард иргэд нь төр засгаа аль чадахаараа молигодож амьдарна. Тиймийн тул амьдрал энд гольдролоороо л болж, ард түмэн баян ч биш, ядуу ч биш аж төрмөр аядаад л байв.
Тэгтэл нэг өдөр, чухам хаанаас, яаж ч юм бүү мэд, нэг шударга нөхөр гараад иржээ. Шөнө болоход тэр шуудай, дэнлүү барьж хөршийнхнөө цөлмөхөөр гарахын оронд гэртээ үлдээд тамхи нэрж, том том роман уншиж суудаг гэнэ. Хулгайчид гарч ирээд мань эрийн байшингийн цонх гэрэлтэй байгааг харахуй арга буюу гар хоосон буцна.
Гэтэл ийм явдал удаан үргэлжлэх ёсгүй байж. “Та өөрөө тааваар сайхан амьдраад байж болно. Гэхдээ бусад хүний хөдөлмөрлөх бололцоог хаах ямар ч эрхгүй шүү!” гэж хүмүүс түүнийг зэмлэх боллоо. Мань эрийг гэртээ үлдсэн шөнө бүр өөр нэг айл хоосон хонодог юмсанж.
Шударга эрд тэдний өөдөөс хэлэх үг олдсонгүй. Чингээд тэр ч бас шөнө бүр гэрээсээ гарч, үүр цайх үест харьдаг болжээ. Гэхдээ арай ч хулгай зэлгий хийгээд явчихсангүй. Шударга хүн шүү дээ, зайлуул. Их л удаж, гол руу очиж, гүүрэн дээрээс усны урсгал ширтэн зогсоно биз дээ. Тэгж жаал зогсож байгаад харихад хөрш нь муу оромжийг нь аль хэдийн тоночихоод арилсан байна.
Энэ маягаар долоо ч хүрэхгүй хоноход мань эрийн хамаг хоол хүнс, мөнгө төгрөг барагдаад, юу ч үгүй хоцорчээ. Өөрийгөө л зүхэхээс яалтай билээ. Шударга зангаасаа л болж байхгүй юу. Түүний шударга зан бүхэл бүтэн тогтолцоог гацааж доголдуулж байлаа. Орон гэрээ тонуулсныхаа хариуд өөрөө бас нэг айлыг тонох ёстой байтал тэгээгүйгээс болоод үүрээр баахан олзтой ирэхүй гэр нь өвч бүрнээрээ байж байдаг нэг айл гарчээ. Удалгүй, өнөөх хулгай дээрэмд өртдөггүй айл бусдаасаа илүү хөрөнгө чинээтэй болоод ирэлгүй яахав. Тэгмэгц тэр айлын эзэд ахин хулгай зэлгий хийхээ больж, харин манай шударга эрийн гэрийг ухагчид ерөөс юм олдохоос өнгөрч, модоо барих дээрээ туллаа.
Энэ зуур, сул баяжсан хүмүүс манай шударгатай нийлээд гүүрэн дээрээс усны урсгал ширтэн зогсдог болов. Ингэлээ гээд байдал бүр ч дордож, баячуул нь улам баяжиж, ядуус нь улам ядуурах нь тэр.
Амьдрал тэр янзаар жаахан үргэлжилтэл баячуул нь тэгж гүүрэн дээр ус ширтэж зогсоод байвал удалгүй үгүйрч хоосрохоо ухаарлаа гэнэ шүү. Тэгээд “Ядууст жаахан мөнгө төлөөд хулгай хийх ажлаа даатгачихъя!” гэж боджээ. Аль аль нь луйварт гаршсан улс тул ахин дахин уулзаж, хэлэлцсээр арайхийн нэг гэрээ байгуулж, цалин хөлс, ашгийн хувиа тохирч чадах нь ч чадлаа. Үр дүнд нь баячуул нь улам башийж, ядуус нь улам ядарчээ.
Зарим нь бүр хагартлаа баяжсан тул ахин хулгай хийх, эсвээс хулгай зэлгий хийлгэхээр хүн хөлслөх ч хэрэггүй болж. Гэвч хулгайлахаа зогсчихвол удалгүй байдгаа барна. Ядуус нь яаж тэднийхнийг тэсгээх вэ. Тиймээс мөнөөх баячуул хөрөнгө зоорио ядуусаас хамгаалуулах гэж бүр ч үгээгүй ядуусыг хөлсөлдөг болжээ. Ингэж цагдаа, шорон байгуулагдав.
Манай шударгыг ирснээс хойш хэдхэн жилийн дотор хүмүүс хулгай зэлгий хийсэн, эсвэл бусдад тонуулж дээрэмдүүлсэн тухайгаа ярихаа больж, оронд нь хэчнээн баян цатгалан хийгээд ядуу зүдүүгээ л шагшицгаадаг болжээ. Гэлээ ч хулгайчид ор мөргүй алга болчихсон нь үгүй ээ.
Гагцхүү, тэр улсын цорын ганц шударга хүн болох манай баатар л үгүйрч хоосрохын туйлд хүрээд, өлсгөлөнд нэрвэгдэж үхсэн байлаа.
Орчуулсан Б.Баясгалан
"ДУР БУЛААМ" дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологиос
Сэтгэгдэл хэсэг