БИДНИЙ ДУНД НЭЖГЭЭД ТИВ, НЭЖГЭЭД ДАЛАЙ...

Айовагийн их сургуулийн Олон Улсын Зохиолчдын Хөтөлбөрийн оролцогч, Алжирийн зохиолч, яруу найрагч, орчуулагч Салах Бадисыг уншигчдадаа танилцуулахад таатай байна. Тэрээр Нафта хэмээх урлаг, уран зохиолын цахим сэтгүүлийн үндэслэгчдийн нэг, радио, сэтгүүлд соёлын урлагийн чиглэлээр нийтлэлүүд бичихийн сацуу хөгжмийн тоймч хийх зэрэг залуу хүний хувьд их олон ажил зэрэг амжуулдаг, улсынхаа сэхээлэг залуу уран бүтээлчдийн нэг юм. Алжирийн араб, франц, англи хэлтэй. 

 

Салахын шүлгүүдийг би Америк руу нисэхээсээ өмнө уншсан юм. Уншаад учиргүй таалагдаж, түүнтэй хурдхан уулзаж танилцахсан гэж их яарч байсан ч мань эр визний асуудлаас болсон уу, яасан хөтөлбөр эхлээд хоёр долоо хоносны дараа ирсэн юм. Ирэн иртэл нь би "Өнөөх Алжир залуу хаана явна вэ?" гэж хөтөлбөрийн зохицуулагчдаасаа өглөө болгон шаардаж нэхдэг байлаа. Тэд маань "Бид түүнийг авчрах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа" хэмээн тоглоом шоглоом хийнэ. 

Салахтай танилцахаас өмнө Алжир гэдэг чихэнд ч, сэтгэлд ч тэртээ хол, танил бус ертөнц байлаа. Яагаад ч юм би Алжирийг хуучин Зөвлөлт Холбоонд багтдаг байсан улс, Армен, Гүрж зэрэг уулынхны нэг хэсэг гэж боддог байж. Тэгтэл Алжир нь Африк тивд багтах, нэгэнтээ эртний Ромчууд, муслим шашинт Арабууд, Испани, Оттомон, Францын эзэнт гүрний нөлөө захиргаанд багтаж тэдний хэл соёлоос ихийг авсан, муслим шашинт, араб, францаар ярьдаг, түн адармаатай түүхтэй, өвөрмөц соёл заншил бүхий ард түмэн санжээ. Газар дундын тэнгисээр дамжин Атлантын далайг эрхшээх баатарлаг далайчдын нутаг түүнийх. Салахын шүлгүүдээс залуу хүний омголон атлаа гэгэлгэн санаашрал, элчилгүй далайд ясаа ширээсэн  эцэг өвгөдийнх омог бадрангуй сэтгэл эрхгүй мэдрэгдэнэ. 


Зугтахуй…

Тэнгист живэгсэд л эрэгт хүрэх гэж 
Тэсгэлгүй адгадаг юм биш.

Эдүгээ Алжирт амьдрагсад бид ч
Энэ их хүн, машин тэрэгний давалгаатай ноцолдож
Саравч сүүдэрхэн бараадан зүдэж,
Савласан усанд мөнгөө үрж,
Хөлөө бадайртал дөрөө жийж,
Хөгжмийн сувгийнхны чих рүү тургилхыг хүлцэнгээ
Барагтайхан зогсоолын бараа эрж
Барагшин зам дээр хамаг цагаа урсгаж байна.

Зовхинд минь, хэтэвчинд минь,
Духанд минь, гутланд минь хурсан
Зүдрэл туйлдлаа хөвүүлж орхих
Далайн эрэг мөрөөсөн бор хоногийг элээцгээж байна.

Улайдсан цардмалаас сугарч гараад 
Усны сэрүүнд шургалахсан гэж адгах минь
Амиа хорлох гэж оролдох бүртээ бүтэлгүйтэх
Аварга халимуудын хүслээс ялгал үгүй байна.


Хотын хамгийн өндөр эр

Дүрвэж одсон газраасаа эргэж ирээгүй л байна, чи
Далайн эргийн дагуу нэгэн сүмийн цамхаг баригдсаар,
Даруй хоёр жил болчихоод байхад ажил нь ер ахисангүй.

Дэлхийн хамгийн өндөр сүмийн цамхаг барина л гэлцэнэ. 
Дэмий хөөрцгөөж буй эсэхийг нь мэдэх юм алга, гэхдээ
Цамхагийг барьж буй краны залуурчин эр л хэсэгтээ
Манай хотын хамгийн өндөр хүн болох нь шиг байна.

Бүхээг дотроосоо тэр бүхнийг харж чадна. 
Бүр эргийн нөгөө тал дахь Марселлийн боомтод
Залхуутай гэгч нь зангуугаа хаях 
Завинууд руу хүсвэл гараа даллаж ч болно.

Сүм хэзээ үүдээ нээхийг мэдэх юм алга,
Чи минь хэзээ ирэхийг ч таах арга алга,
Гэхдээ эндэхийн хүмүүс,
Тэр цамхаг дээрээс дуулах мөргөлийн дуучны дуу
Чихэнд нь ирдэг л байгаа даа гэж эргэлзсээр байна.


Мангас

Амьдралын хэмнэл минь алдагджээ,
Чинийхээ суугаа газрын цагтай
Өөрийнхөө биологийн цагийг таарууллаа.

Завгүй гүйж явах үеэр чинь би
Цагийн бүслүүр дамнан сунайх
цагийн зөрүүн дээр тэрийтэл хэвтээд
дугжирч өгнө.

Бидний дунд нэжгээд тив, нэжгээд далай
Олон ном, олон хов жив,
Интернетийн хурдаас шалтгаалан
асч унтрах,
эгээ бас гар утасны минь зай суух хүртэл
амь тэсэх хайр минь бий.

Технологийн зай суумагц
Чиний шаналал гэж нэрлэдэг мангаст
хоёр биеэ тушаана, бид.

Над руу илгээсэн дүүрэн номтой хайрцаг чинь
Хараахан ирээгүй л байна.
Газар дундын тэнгист хөвж яваа хөлгүүдийн
аль нэгийнх нь зүрхэнд хадгалаатай яваа биз дээ гэж
шууданч эр тайтгаруулна.

Тэр хөлөг нь ч боомтод газардаагүй л байна,
Хуучных шигээ далайн дээрэмчид хэвээрсэн бол
Уулгалж очоод булаагаад ирэхсэн, одоо яая гэхэв.

Сэтгэгдэл хэсэг