АРИЛГАСАН ЖҮРЖЭЭ АЛГАН ДЭЭР ЧИНЬ ТАВИХУЙ...

Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөрт гучин орны зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолчид иржээ. Тэдний нэг нь Хонконгийн яруу найрагч Чау Хон Фай. Бид түүнийг Фай гэж дотночлон дууддаг. Фай Хонконгийн залуу зохиолчдын 35 дахь удаагийн шагналт яруу найрагч, Хонконгийн урлагийн зөвлөлөөс олгодог залуу уран бүтээлчийн шагналт, 2014 оны хятадын шилдэг яруу найрагчийн шагналтай. Шагнал зэрэг ч яамай. Хамгийн чухал нь тэр сайн хүн. Маш сайн хүн. Үргэлж чин сэтгэлээсээ, үргэлж эерэг эрчимтэй, үргэлж эелдэг даруу. Түүнийг амьдралдаа харсан хамгийн сэтгэлд дулаан хүн гэж олон зохиолч ярихыг би сонссон. Миний хувьд ч мөн адил. Файгийн шүлгүүд яг л өөр шиг нь дотно нандин бас цэвэр ариун. Өдөр тутмын амьдралаа эс ширхэгчлэн хүүрнэсэн түүний гэрэл зураг шиг шүлгүүдэд тайлбарлаж хэлэх аргагүй, зөвхөн мэдэрч л болох уй гуниг, санаашрал, хүнд бодролууд нуугдан буй. Дор мөхөс миний хуваалцан буй "Авга эгч" хэмээх шүлэгт тэр өөрийнхөө тухай хоёрдугаар биеэс өгүүлж, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, гурван өөр орон зай, үйл явдлыг ямар ч дэс дараалалгүй холин өгүүлсэн нь бичлэгийн нэн өвөрмөц туршилт болсон мэт. Ийм л өвөрмөц бичлэгтэй шүлгүүдийг нь орчуулахад амаргүй байсан ч бид уйгагүй ярилцаж, шүлгүүдийнхээ утгыг мөр мөрөөр нь задлан хэлэлцэж байж хоёр шүлэг хөрвүүллээ. 

Ма Юүэ Минтэй хамт II

Сууц минь давчуухан. Цонхон цаанах хот үйрэн бутарч
Суулган дахь гоймон, шуузалсан махтай цуг пор пор буцална.
Хоол хийх зав чамд  минь гарах биш дээ. Цонхоо нээхүй
Хийн зуухны чинь дөл, хүхрээр бороо орж байна.

Хот минь ариун сударт бичигдсэн шиг галд үйжээ.
Хоромхноо судрыг хаахуй хуудсан завсраас нь утаа савсана. 
Хүржигнэн дугарагч, ястай барилгуудыг хэсэг ширтсэнээ, бид
Хүн зон, гудамж талбайтай нь хотоо үмхлэн залгилж эхэлнэ.

Тэгээд л нүгэл, зовиурт амьдралаа үргэлжлүүлнэ.
Тосгуурт намайг хүлээсэн аяга тавгууд хэвтэнэ.
Хувцаснуудаа нямбайлан эвхэж шүүгээнд хийх чинь
Хуучны яруу найрагчдыг уншиж суухдаа шүлэг бичих
Шинэ санаа олоод тэрүүхэндээ хөөрөх
Минийхтэй л адил уран бүтээлчийн үйл шиг харагдана.

Амьдрал бол угаасан аяга тавагнуудын минь агаарт сэврээгдсэн ус.
Арилгасан жүржээ алган дээр чинь тавих минь
Аминчхан шүтлэгийн минь амттайхан нэг хэсэг.   


Авга эгч

Оройноос бороо орж эхлэлээ, хот бороон дунд уусан алдрав.
Омголтож цангасан янзтай суугаа чиний хөл дэх
Хумиатай шүхрийн хүрээнээс бороон дуслууд бөмбөрнө.
Автобусны цонхон цаана уул толгод, ус мөрөн цугаар урсан зөрнө.  

Гэрэл гарч ширээг гийгүүллээ.
Авга эгчтэйгээ яриа дэлгэн хөхрөлдөж сууснаа
дуугаа хураах чинь үзэгдэнэ.
Аяганд нь чамайг цай дүүргэж өгөхүй цайны тусгал царайд нь ойж
ужиг хуучийг нь үлдэн хөөчих шиг хацрыг нь гэрэлтүүлнэ.

Нүд чинь улайчихлаа. 
Авга эгч чинь аяганы ёроол дахь гашуун хандыг шингэлэн ус хийж өгөхүй
Эзний өдрийн усан үзмийн шүүс шиг чихэрлэг болоод ирлээ.
Аяархнаар чи нүдээ нээнэ.

Цуглааны өмнө сүм тэр чигтээ залбирлын анир гүмд автжээ.
Захисан суудал чинь хоосон, яг л энэ цайны газрын ширээний нөгөө талд
онгойж харагдах авгын чинь суудал шиг.
Хаана байна, авга эгч чинь? Түүн рүү залга!

Ай, шилэн хананы цаана чи ганцаар...
Автобусны цонхон дээр буусан бороон дуслууд доош гулсан одно.
Ахиад л өнөөх чинь залгаж байна,
автобусанд суухын өмнө залгахад нь аваагүй шигээ бүү ойшоо.
Өөрийн чинь дуудлагыг авахгүй гүрийсэн
өөдгүй бас нэг этгээд бий шүү дээ.

Авга эгч чинь нүдээ аяархан нээгээд
“Аштай сураг дуулгахыг чинь хүлээж байгаа шүү!” гэнэ.  
Аанай л энэ талбиухан нүдээрээ инээмсэглээд
Амьдралынх нь эхэн хагасын түүхийг анхааралтай чагнаж сууснаа
Гэдэснийх нь шархыг сөхөн үзсэн
Гэмгүй нийгмийн ажилтны тухай ярьж байсан даа.

Өтгөн шингэнийг нь ялгаруулж байхын тулд онгорхой орхисон
биеийнх нь шарх тэнд буй. Сэтгэлээ онгойтол ярьж болно!
Алгаараа чи гэдсээ дараад,  авгатайгаа ахин ярилцахыг тэсгэлгүй хүснэ.
Автобусны цонхыг бороон дуслууд балбана.
Суудал дээр нь нулимс чинь дусална.

Авга эгч чинь хаанаас ч юм гарч ирээд
Алчуур өгөхөөр чам руу тонгойно.
Чи нулимсаа шудраад шүхрээ авч, автобуснаас бууна.
Цайны газрын шилэн ханыг шамарга нүднэ.
Авга эгчийн чинь дүр асгасан цай шиг тэрүүхэнд тунарснаа
ширээний нэг хэсэг болж гэрэл ойлгоно.

Аяархнаар хуруугаа хүргэхэд чинь шилэн хана нирхийтэл буун урсчихлаа.
Асгарсан тэр их уснаас хэн нэгний гар чамайг татан авахад ёслол дууслаа.
Авга эгчийн чинь дурсамж арилшгүй бат бөх ажээ.
Асгартал уйлж байгааг чинь одоо тэр харж байгаа.  

Сэтгэгдэл хэсэг