МАНЦУЙ

Юкио Мишима
Орчуулсан Б.Баясгалан



Ёошикогийн нөхөр үргэлж завгүй. Бүр орой болсон хойно ч хурдхан шиг яваад ирэх уулзалт түүнд заавал гарах бөгөөд эхнэрээ гэр лүү нь таксигаар хариулчихаад өөрөө алга болж өгнө. Тэгээд ч царай зүс сайтай жүжигчин эртэй гэрлэхдээ эм хүн үүнээс өөр юунд найдсан байх вэ? Нөхөр нь түүнтэй хамт үдэш бүрийг өнгөрөөж байх болно гэж бүсгүй мунхаглан итгэсэн нь эргэлзээгүй. Басхүү барууны хэв загварын тавилгууд, шалан дээр нь үзэгдсээр байх цусны толбоноос эвгүйцсэн эхнэр нь гэрээдээ ганцаар харина гэхээс хичнээн айж буйг ч мань нөхөр мэдэж байсан нь лавтай.

Ёошика хүүхэд байхын хэт мэдрэмтгий нэгэн. Энэ нь түүний гэм биш зан юм. Байнгын сэтгэлийн зовиураасаа болоод тэр хэзээ ч жин сууж байсангүй. Нас биед хүрчихээд мах шөл нь таарсан эмэгтэй гэхээс илүүтэй гэрэлтдэг зураг шиг юм харагдах ажээ. Бүсгүйн сэтгэл санааны энэ эмзэг байдал түүнтэй санамсаргүй голдуу танилцсан хүн бүрт илт анзаарагддаг юм.

Үдэш эрт Ёошико нөхөртэйгээ хамт байхаар шөнийн клубт очтол цаадах нь “мөнөөх явдлын” талаар баахан яриа дэлгэчихсэн найзуудаа хөгжөөж суухыг хараад тэр ёстой цочирджээ. Америк маягийн хослол өмсөж янжуур уугиулан суух нөхөр нь түүнд бараг танихгүй хүн шиг санагдав.

“Ёстой итгэмээргүй түүх шүү!” гээд цаадах нь бүжгийн хамтлагийн дур булаам байдлыг давах гэсэн мэт чамин маягаар гараа дохих аж.

-Ажил олгох товчооноос манай хүүхдийн шинэ асрагч болохоор нэг эмэгтэй ирлээ. Тэгтэл хамгийн түрүүнд гэдэс нь нүдэнд тусдаг байгаа. Яг л кимононыхоо дотор дэр чихчихсэн юм шиг том гэдэстэй юм аа! Тэр эмэгтэй бидний цугаараа нийлж идээд ч барахгүй их хоолыг ганцаарханаа цусалчихаж чадна гэвэл гайхах юм алга гэж би бодсон шүү.

Ингэж хэлээд тэр үгээ цааш үргэлжлүүлж “Бид хэдийн будааны савыг ингээд л..,” хэмээн гараа инчдэж үзүүлсэнээ “...хуурайлчихна гэж мэд” гэв.

-Бас хоолны дуршил, бүдүүн бүсэлхийгээ “Ходоодны суналт” гэж тайлбарлаж байгаа юм аа. Тэгтэл уржигдар манай хүүхдийн өрөөнөөс хэн нэгний ёолж гинших дуу гарах шиг боллоо. Бид хоёр ч сандарсандаа ум хумгүй гүйгээд ортол өнөөх чинь шалан дээр явган суучихсан хоёр гараараа гэдсээ бариад яг л үнээ шиг янцаглаж байх нь тэр. Хажууд нь орон дээрээ хүү маань айсандаа гүрээнийхээ судсыг чинэртэл уйлж хэвтдэг байна шүү. Тэр гайгүй ээ, хамгийн гоё хэсгийг нь одоо яръя!

“Молиго үмхүүлсэн нь илэрчихээ биз?” гэж өнөөх найзуудынх нь нэг, Тошикогийн нөхөртэй адил жүжигчин залуу хэлэв.

-Тэгэлгүй яах вэ дээ! Амьдралдаа үзээгүйгээрээ цочсон гээч. Би тэр ходоодны суналтын тухай ярианд нь бүр итгэчихсэн байсныг яана. Гэхдээ би ч цаг алдаагүй шүү. Цайны ганц ширдэгээ суга татаж аваад оронд нь нэг бүтээлэг шидээд өгчихлөө. Тэр хооронд өнөөх чинь ёстой л юманд хавчуулагдсан гахай шиг орилж өгч байна аа. Эмч ирэх үед хүүхэд нь аль хэдий нь гарчихсан байсан гээд бод доо. Манай тэр өрөө ёстой гахайн хороо шиг юм болсон байдаг шүү!

“Тэгж л таарна!” гэж бас нэг найз нь хэлэхэд бүгдээрээ тачигнатал инээлдлээ.

Нөхөр нь тэр аймшигтай явдлыг зүгээр л нүдээр үзэх боломж олдсон ямар нэгэн хөгжилтэй зүйл аятай ярьж суухыг сонсоод Ёошико бүр мэл гайхжээ. Чингээд хэсэгхэн зуур нүдээ анивал өнөөх шинэхэн төрсөн хүүхдийн дүр тодрон харагдав. Яг өмнөхөн нь зүсмэл царсан шалан дээр, цус нөж болсон сонингийн цаасанд ороогоостой хэвтэх нярайн турьгүй бие.

Эмч тэр бүхнийг зориуд, санаатай хийсэн гэдэгт Ёошико бүрэн итгэлтэй байлаа. Тийм олхиогүй нөхцөлд бас нэг зулбасага гаргаж байгаа эхийг нь тохуурхах мэтээр тэр эмч туслах руугаа хандан хүүхдийг нь манцуй энэ тэр гэж байхаар хаягдал сонингийн цаасанд ороогоод авчихад л болно гэжээ. Шинэхэн төрсөн хөөрхийд тийм цэвдэг хандаж буй нь Ёошикогийн дургүйг тун их хүргэв. Болж байгаа бүхэнд ихэд зэвүүрхсэн бүсгүй шүүгээнээсээ цоо шинэ хөвөн даавуу гаргаж ирээд хүүг хулдан авч түшлэгтэй сандал дээр болгоомжтой тавилаа.

Энэ бүхэн үдэш нөхөр нь гарч явсаны дараа болжээ. Өөрийг нь хэтэрхий өрөвч нинжин сэтгэлтэй байна гэж бодох вий гэхдээ тэрээр чухам яаснаа эр нөхөртөө огт хэлээгүй ч мөнхүү явдал сэтгэл санаанаас нь гарахгүй улам л бодогдсоор байв аа. Орой нь дагшаа найрал хөгжмийн эгшиг хадаж, нөхөр нь найзуудтайгаа тун ч хөгжилтэй буу халсаар байх үед Ёошико дуугаа хураан суугаад өнөөх явдлын талаар л бодсоор. Шалан дээр, хуучин сонинд ороолттой хэвтэх жаахан хүүгийн төрх, үнэндээ махны мухлагт л байж болохуйц тэр дүр зураг ой ухаанаас нь хэзээ ч арилахгүй гэдгийг бүсгүй мэдэж байлаа. Өөрөө бол элбэг хангалуун амьдрал дунд өсч өндийсөн Ёошико мөнхүү бутач хүүхдийн туулах зовлонг бодохоос тун ч их зовиурлана.

“Тэр ичгүүргүй булай явдлын цорын ганц гэрч нь би шүү дээ!” гэсэн бодол түүнд орж ирэв.

Эх нь хүүхдийнхээ сонингийн цаасанд ороолттой хэвтэхийг ер хараагүй, мөнхүү нялзрай амьтан ч өөрийгөө яаж мэдэх вэ. Тэгэхээр тэр аймшигтай явдлыг би л ганцаараа ой тойндоо хадгалж үлдэх болох нь. Хичнээн хугацаа өнгөрсөн ч би нууцийг задлахгүй тул жаалхүү том болсон хойноо өөрийн мэндэлсэн түүхээ мэдэхийг хүссэн ч түүнд үнэнийг ярих хүн гарахгүй биз. Ингэж хэн нэгний өмнө буруудсан мэт мэдрэмжийг дотроо хав дарах ёстой болсон минь хичнээн жигтэй хэрэг вэ! Эцсийн эцэст хүүг шалан дээрээс авч хөвөн даавуунд хулдаад унтуулахаар түшлэгтэй сандал дээр хэвтүүлсэн хүн нь би шүү дээ.

Шөнийн клубээс гарсаны дараа Ёошико нөхрийнхөө дуудаж өгсөн таксинд суулаа.

“Энэ бүсгүйг Ушигомэд хүргээд өгчих” гэж жолоочид хэлчихээд цаадах нь хаалгыг нь хаав. Ёошико цонхны цаанаас инээмсэглэх нөхрийнхөө царай өөд ширтэхэд  танан цагаан шүднүүд нь л яралзаж харагджээ. Хойш налан суухдаа хамтын амьдарлынхаа хэтэрхий хялбар, хэтэрхий зовлонгүйг мэдэрч уйтгар ч төрөх шиг. Яг тэр мөчид бүсгүйд бодол санаагаа үгээр илэрхийлэх нь даан ч хүнд байсан билээ. Таксины арын цонхоор тэрээр нөхрийнхөө зүгт сүүлийн удаа харлаа. Цаадах нь гудамж даган том том алхсаар өөрийнхөө Наш машин руу очин хэтэрхий тод өнгөтэй твид даавуун хүрмээ авч өмсөөд холхих зоны дунд орон алга болов.

Такси ч хөдөлж уушийн газрууд алагласан нэгэн гудмыг уруудаад гадаах зам дээр нь түлхэлцсэн бөөн хүн багшрах театрыг өнгөрлөө. Тоглолт дөнгөж дуусаад буй ч гэрэл чийдэнгүүд нь хэдий нь унтарчихсан байх агаад театрын урд талыг чимэх гэж зоосон хиймэл интоорын моддын цэцэг бүрэнхийд ердөө л хэсэг бусаг цаасны өөдөс мэт цайран харагдах нь нэн уйтгартай.

“Жаалхүү өөрийнхөө хэрхэн мэндэлсэний нууцыг мэдэхгүй өслөө ч хүндлэл хүлээхүйц хүн болж өсч чадахгүй дээ” гэж Ёошиког бодохуй үүнтэй нь агаар нэг бодлууд ар араасаа орж ирэв. “Манцуйлж авсан сонингийн муухай цаас нь түүний бүхий л амьдралын бэлгэдэл болно. Гэвч би юунд түүний төлөө ингэтлээ зовно вэ? Магадгүй өөрийнхөө хүүгийн ирээдүйд түгшсэндээ тэр үү? Хорин жилийн дараа гэхэд сайтар боловсрол эзэмшиж аятайхан төлөвшилтэй эр болсон хүү маань хувь заяаны шоглоомоор тэр үед мөн л хорь хүрч байх өнөөх хүүтэй уулзчих ч юм билүү. Өс өвөрлөсөн тэр хүү хутга гаргаж ирээд үрийг минь аймшигтай хэрцгийгээр дүрж орхивол..?”

Дөрөвдүгээр сарын бүрхэг, дулаахан орой ирээдүйн тухай ийн бодсон нь Ёошикод жихүүдэс төрөм хүйтэн санагдана. Тэрээр машины арын суудалд агзалзан дагжиж явлаа.

“Даанч дээ, тийм цаг ирвэл би хүүгийнхээ оронд зогсох болно!” гэж тэрээр гэнэтхэн өөртөө хэлэв.

“Одоогоос хорин жилийн дараа гэвэл би дөчин гуравтай байх нь. Би тэр залуу руу очоод сонингийн цаасанд хулдаатай хэвтэхэд нь хэрхэн хөвөн даавуунд манцуйлан авч байсан тухайгаа бүгдийг тэр чигээр нь ярьж өгөх болно.”

Такси цэцэрлэгт хүрээлэн, Эзэн Хааны Ордоны усны шуудуугаар хашигдсан харанхуй, өргөн замыг даган явна. Алсад сүндэрлэх хоёр өндөр барилгаас тусах гэрэл Ёошикод хатгаад авах мэт зовиуртай санагдах аж.

Хорин жилийн дараа тэр золгүй хүүхэд ёстой л нэг шүдний өвчин болох вий дээ. Тэр орхигдсон, итгэл найдваргүй, мөхөс амьдралдаа дарлуулсан, ганцаардмал харх шиг амьтан болж өснө. Тийм маягаар ертөнцөд мэндэлсэн хүүхдийг өөр ямар тавилан тосно гэж? Эцгийгээ зүхэж, эхийгээ дорд үзсэн амьтан гудамжаар тэнэж явах вий.

Зогсох янзгүй өөрийгөө ийн тарчлаасаар байхыг үзвэл Тошико мөнхүү бараан төсөөллүүдээсээ ямар нэг сэтгэл ханамж авч буй нь эргэлзээгүй. Такси Ханзомонд хүрээд Британийн элчингийн газрын хажуугаар өнгөрлөө. Яг тэр үед мөнөөхөн алдарт интоорын моддын эгнээ хамаг л ариун чанараа үзүүлэх мэт Ёошикогийн өмнүүр эрээлжлэн жирэлзэнэ. Хормын сэтгэгдэлдээ автсан бүсгүй харанхуй шөнө болсон байлаа ч интоорын цэцэг дэлбээлэхийг өөрийн биеэр очиж үзэхээр шийдэв. Туулайн зүрхтэй залуухан бүсгүйн хувьд үнэхээр хачирхалтай шийдвэр. Сэтгэл санаа нь уймарсаны дээр гэрээдээ харихаас айж буй хүн шүү дээ. Тэр орой бүсгүйн толгойд болж бүтэхгүй юм бүхэн чихэлдсэн ажээ.

Ёошико өргөн гудамжийг гаталлаа. Харанхуйд ганц хүний нарийхан бие галбир л сүүтэлзэж үзэгдэнэ. Уг нь замаар гарах бүртээ айсандаа хажуудахаасаа байдгаараа зуурч явдаг бүсгүй маань энэ орой машинуудын дундуур ганцаарханаа сүлжсээр хормын дараа Ордны усны шуудуутай залгаа нарийхан урт цэцэрлэгт хүрч ирэв. Цэцэрлэгийн нэрийг Чидоригафучи буюу Мянган шувууны хавцал гэнэ.

 

Энэ орой цэцэрлэг даяар интоорын мод цэцэглэж байв. Цэцгийнх нь дэлбээнүүд үүлтэй намуухан тэнгэрийн дор нэлийсэн цагааныг үүтгэнэ. Моддын дунд татсан утаснуудаас зүүж орхисон цаасан дэнлүүнүүд хэдийнээ бөхөөд оронд нь улаан, шар, ногоон өнгийн цахилгаан гэрлүүд цэцэгт модны дор бүдэгхэн асмаглана. Цаг хэдий нь арав өнгөрчихсөн болохоор цэцэг дэлбээлэхийг шохоорхогсодын ихэнхи нь гэртээ харьжээ. Түүгээр явж таарсан ганц нэг хүн цэцэрлэгийн дундуур алхлангаа хөл дор нь таарсан хоосон лонхыг хажуу тийш нь өөрийн мэдэлгүй өшиглөж цаас сэлтийг дэвслэн өнгөрөх нь харагдана.

“Сонингийн цааснууд” гэж бодуутаа Ёошикогийн санаа сэтгэл ахиад л мөнөөх явдал руу эргэчихэв. Тийм хөөрхийлөлтэйгээр ертөнцөд мэндлэгчийн тухай сонсоод, тэр нь чухамдаа хэн байсныг мэдэж гэмээнэ ямар ч хүний амьдрал тэр чигтээ сүйрэх биз ээ. Над мэтийн харь элгийн хүн ядаж үүнийг нь бодоод одооноос тэр нууцыг хав дарж явбал таарна. Хүний бүхий л оршихуйд хамаарах нууц шүү дээ.

Иймэрхүү бодлуудад дарлуусан бүсгүй цэцэрлэгийн дундуур дэмий алхална. Тэнд үлдсэн хүмүүсийн ихэнхи нь амраг хосууд байх агаад Ёошиког анхаарч харж буй нь нэгээхэн ч үгүй. Тэрүүхэнд, шуудууны дэргэдэх чулуун вандан дээр хоёр хүн суучихсан моддыг бус, ердөө усны урсгал ширтэн байх нь үзэгдэв. Шуудууны цаахна Хааны Ордоны цэцэрлэг шугуйран хүглийх нь нүдэнд тулна. Тэндэхийн модод цулгуй бараан дүрээрээ шөнийн тэнгэр өөд гараа сарвайн өндийх мэт эрвийн сэрвийн үзэгдэх аж. Ёошико интоорын моддын доогуурх зөрөг замыг дагаад толгой гудайлган алхлаа.

Тэгтэл зайдуухан орших чулуун вандан дээр ямар нэг юм цайран харагдсан нь бүсгүйн эхлээд таамагласанчлан овоолж орхисон интоорын цэцэг ч бус, цэцэрлэгт ирсэн хэн нэгний орхиж мартсан хувцас ч биш байлаа. Бүр ойртон очиж байж л тэрээр мөнхүү цайвар зүйлийг вандан дээр хэвтэж буй хүн болохыг мэдэв.

“Олон нийтийн газар унтаж байх нь элбэг, золгүй архичдын л нэг юм болов уу?” гэж Ёошико гайхлаа. Гэвч биш ээ. Өнөөх хүн бүх биеэ сонингийн цаасаар тун нямбай хулдсан байх агаад цаасны цагаан нь бүсгүйн анхаарлыг тэгтлээ татсан хэрэг. Ёошико чулуун вандангийн хажууд зогсоод унтаж буй тэр хүн лүү тонгойн харлаа.

Давхарлаж дэлгэсэн сонин дээр хэвтээд заримаар нь биеэ хучсан, бор өнгийн битүү ноосон цамцтай эр байх аж. Хаврын урь орчихсон болохоор энэ хавь түүний хоног төөрүүлчих ердийн нэг газар болсон нь эргэлзээгүй. Ёошико түүний ямар ч найдваргүйгээр ширэлдэж, хир даг болсон үсийг харлаа. Бүсгүй ингэж сонингоор биеэ хучин унтах хүнийг хараад шалан дээр сонингийн цаасанд ороолттой хэвтэж байсан мөнөөх нярай хүүг бодож байсан нь гарцаагүй. Харанхуйд унтах түүний гүнзгий амьсгалын тоогоор ноосон цамцных нь мөр оволзон хөдөлж үзэгдэнэ.

Ёошикод бүхий л айдас, ёр нь гэнэтхэн биелсэн мэт санагдаад явчихжээ. Харанхуйд тэр эрийн цайвар дух л ялгарч харагдана. Залуу хүний магнай гэхэд хатуу хүтүү амьдралынх нь ор мөр гэлтэй урт урт атираагаар зурагдан үрчлээтжээ. Бор ногоон өмдны шуумаг нь ялимгүй дээш татагдсан байх агаад түүний дор оймсгүй нүцгэн хөлд нь хорчийж элэгдсэн биеийн тамирын шаахай углаатай үзэгдэнэ. Нүүр нь харагдахгүй байсан тул Ёошикод зэрвэс ч болохнээ хараад авахсан гэсэн дийлдэшгүй хүсэл төрөөд явчихав.

Тэр чулуун вандангийн дээд талд очиж зогсоод доош шагайлаа.  Нүүрээ алгаараа хагаслан дарсан ч хичнээн залуухан эр болох нь танигдаж байв. Ёошико түүний өтгөн хөмсөг, шулуун хамрыг ч олж харлаа. Бага зэрэг ангайсан уруул нь даанч залуугийн илчээр дүүрэн.

Гэвч Ёошико түүнд хэтэрхий ойртчихжээ. Аниргүй шөнийн гүмд сонингийн цаасны шарчигнах дуу гарахад мөнөөх эр гэнэтхэн сэрчихэв. Тэгээд яг дэргэд нь залуухан бүсгүй зогсохыг хараад нүд нь гялалзан босоод ирлээ. Хормын төдийд түүний бахим гар Ёошикогийн турьхан бугуйнаас шүүрэн авах нь тэр.

Гэвч Ёошикод үнэндээ өчүүхэн ч айдас төрсөнгүй. Суллагдах гэж ч оролдсонгүй. Гэнэтхэн түүний толгойд:

“Өө, өнөөх хорин жил нь хэдийнээ өнгөрчихсөн байх нь ээ!” гэсэн бодол харван орж ирлээ. Эзэн  хааны ордоны цэцэрлэгт түнэр харанхуй, дүлий аниргүй ноёлно.

Сэтгэгдэл хэсэг