ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ

"ТАГТАА" хэвлэлийн газар уншигчид та бүхнийхээ мэлмийд ээлжит нэгэн номоо өргөж байна. Хүн төрөлхтний анхны киног 1906 онд Австраличууд бүтээжээ. Харин Монголчууд бид 1935 онд  "Монгол хүү" хэмээх кино хийж энэхүү урлагийн хөгжлийн түүчээнд хөл нийлсэн. Монголын кино урлаг Дэлхийн кино урлагтай бараг нас чацуу ч бидэнд тэднээс сурах, судлах зүйл асар их бийг манай өнөөдрийн киноны хөгжил бэлхнээ харуулна. Энэ ч утгаараа бид Монголын кино сонирхогчид, кино уран бүтээлчид, кино урлагт суралцагч оюутнууд, киноны үнэнч шүтэн бишрэгчиддээ зориулж Италийн төдийгүй хүн төрөлхтний суут найруулагч Федерико Феллинийн намтар, дурсгалын "ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ" хэмээх гайхалтай номыг яруу найрагч, орчуулагч Ганбатын Лхагвадуламын хөврүүлснээр өргөн барьж байна.

Федерико Феллини бол 100 гаруйхан жилийн түүхтэй ч асар баялаг сан хөмрөг, зам замналтай кино урлагт нэрээ дархалж чадсан хүн төрөлхтний агуу найруулагчдын нэг билээ. Амьдран туурвих хугацаандаа 20 гаруй кино, 40 гаруй кино зохиол бичсэн тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй арга барил, өвөрмөц сэтгэлгээ, гайхамшигт дүр дүрслэлүүдээрээ кино урлагийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. Италийн неореализмын үндэслэгчдийн нэг Роберто Росселлиниг даган урлагт хөл тавьсан тэр хожим Felliniesque буюу Феллини маягийн хэмээх тусгай үг, тухайлсан үзэл санаа дэлгэртэл өөрийн гэсэн зам мөрийг гаргаж чадсан суут туурвилч болсон юм. Дор бид Феллинигийн намтарыг тэрлэсэн Шарлотт Чэндлер авхайн номдоо бичсэн угтлага угийг хүргэж байна.


 Бодит амьдрал нь зүүдэнд нь хүртэл хэтийдсэн, баялаг намтартай хүн гэвэл Феллини билээ. Тэр хачин жигтэй зүүднүүдээ кино хальсанд буулган үлдээсэн нь бидний аз болжээ. Феллини “Зүүд гэдэг ердөө бодит бүхний тусгал” гэж үздэг, “Хүний оюун ухаан шавхагддаг уу?”, “Зүүдийг ер зүүдэлж бардаг болов уу?” гэж үргэлж өөрөөсөө асуудаг хүн байсан.

Феллинитэй анх 1980 оны хавар Ромд уулзсанаас эхлээд түүний насан өөд болсон 1993 оны намар хүртэлх 14 жилийн турш миний бичиж тэмдэглэсний үр дүн энэхүү “Зүүд бол цорын ганц бодит зүйл” ном юм. Энд багтсан зүйлсийг шуудхан цааснаа буулгасан гэхээсээ яриулсан гэдгийг та болгооно биз. Зарим яриаг нь зоогийн ширээнээ, хурдтай давхих машин дотор ч тэмдэглэсэн нь бий. Найруулагч маань урьдаас бэлтгээгүй тиймэрхүү нөхцөл байдалд нухацтай хэр нь ихэд илэн далангүй ам нээдэг байсан юм.

Үгэндээ тэр бүр хүрдэггүй, түүнийг нь ч хүмүүс анддаггүй гэдгийг Феллини хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэхдээ надтай ярилцсан хугацаандаа үгнээсээ няцсан удаагүй. Намайг гайхаж, тээнэгэлзсэн аятай харах болгонд баруун гараа шалавхан өргөөд “Тангараглая” гэж марзганадаг байв. Тэр нь яваандаа зөвхөн бид хоёрын мэдэх наргиа, нууц үг шахам болсон доо. Сүүлдээ бүр ярилцаж дуусаад салах болгондоо тэр баруун гараа өргөдөг болчихсон байж билээ.

Феллини яриа өрнөх үед ярилцлага өгч ч, авч ч байгаа хүнд нэгэн зэрэг хувирна. Харин би ихэнх тохиолдолд үзэгч нь аятай суудаг байв. Тиймээс бид хоёрын дунд ердийн нэг асуулт, хариулт биш, жинхэнэ амьд халуун хөөрөлдөөн үүсдэг байсан юм. Би хариултыг нь урьдаас захиалж, ярианы сэдвийг явцууруулахгүйн тулд түүнд асуулт ч тавьдаггүй байлаа. Феллини өөрийнхөө дотоод хүнийг нээн харуулах, уран бүтээлчийн хувиар надад өөрийгөө ойлгуулахын аль алийг чадамгай гэгч нь хослуулсан. “Хүн зөн совиндоо л итгэх хэрэгтэй. Учир шалтгаанаас илүү сэрэл, мэдрэмжээрээ л үнэнийг олж болно” гэсэн Билли Уайлдерийн үгийг тэр байн байн хэлдэг, энэ үгэнд их дуртай байсан юм.


  

Феллини гарчиг, оноосон нэр зэрэгт дургүй байлаа. “Хийж байгаа зүйлдээ эхлээд яасан ч нэр оноож болохгүй. Тэгвэл чөлөөтэй сэтгэхэд гай болно, ургуулан бодоход чөдөр тушаа болно. Дөнгөж эхлүүлсэн зүйлээ нэр устай болгочихвол эмх цэгцэндээ орно гэж саналтгүй. Нэр гэдэг багцаалах л үүрэгтэй” гэж байсхийгээд л хэлдэгсэн.

Тэр яахын аргагүй ясны уран бүтээлч, өвөрмөц сонин сэтгэлгээ, ер бусын өнгө будгаа бид бүгдтэй хуваалцсан дэлгэцийн зураач байв. Бүтээлүүдээ уран зохиолын гэхээсээ, дүрслэх урлагийн ай савд хамаатуулж, “Кино бол хөдөлгөөнт зураг” гэж хэлдэг байсан юм.

Өнөө би ямар нэгэн зүйлийг анхааралтай ажихдаа, юмсыг ойлгож танихсан гэхдээ “Феллини үүнийг юү гэх байсан бол?” гэж боддог болжээ. Түүнийг мэддэг байсны хувьд, тэр их хүний бага ч гэсэн нөлөө надад үлдэж хоцорсон бол эргэн тойрон дахь юм бүхнээ өмнөхөөсөө арай өөрөөр, илүү сайхнаар харж сураа болов уу гэж горьддог.

Өөд болохынхоо өмнөхөн Феллини надад “Үзэж туулсан ганц амьдралаа чамд ярьж дууслаа. Одоо ярих юм үлдсэнгүй. Миний сүүлчийн үг энэ болог” гэсэн юм. Түүний сүүлчийн “үг” болох энэ ном гурван хэсэгтэй.

“Федерико” гэсэн эхний хэсэгт тэрээр циркийн тоглолт, алиалагчдын үзүүлбэрт дурлаж хорхойссон бага насаа, Холливудын кино болоод Америкийн шог сэтгүүлүүдээр дамжин хорвоо ертөнцийг өөртөө нээсэн идэр залуу насаа танд дурсана. Тэр, төрөлх суурин Риминигээ Ром хүртэл тээж аваачсан, тэнд жирийн сэтгүүлчээс радио нэвтрүүлгийн зохиолч, кино зохиолч, эцэстээ найруулагч болсон түүхээ, амьдралынх нь төдийгүй уран бүтээлийнх нь хамтрагч болсон насны ханьтайгаа яаж учирснаа мөн энэ хэсэгт дэлгэх юм.

Харин “Федерико Феллини” гэсэн хоёр дахь хэсэгт найруулагчийн замыг эргэлт буцалтгүйгээр сонгосон киноны хорхойтон, түүний амьдралын утга учир, зорилго тэмүүллийн тухай өгүүлэх бол сүүлийн “Феллини” гэсэн хэсэгт бүтээл туурвилаасаа давж алдаршсан бие хүн, нэг ч киног нь үзээгүй хүмүүс хүртэл “Феллинийн аястай” гэдэг үгийг мэддэг болох үеийг хүүрнэнэ.

Феллинийн бүх кинонд нэг л чухал дүр байдаг нь дэлгэцэн дээр огт харагдахгүй ч үргэлжид байгаа нь мэдрэгддэг Феллини өөрөө билээ. Тэр өөрөө киноныхоо жинхэнэ од, гол дүр нь байсан. Энгийн үед ч тэр бусдыг өөртөө татаж чаддаг байв. Би түүнийг хэзээ ямагт уужуу дотортой, ухаалаг, өр нимгэн, эелдэг хүн гэдгээр нь дурсан санах болно. Хооллоход хань боллоо гэж талархдаг байсныг нь, яриа нийлдэг гэж намайг тоосныг нь, өгсөн бэлэг бүрийг нь би яахин мартах билээ.

“Хүнийг таньж мэднэ гэдэг сайхан юм. Тийм болоод ч таньдаг байсан, хайрлаж халамжилж байсан хүмүүс нь байж л байвал тэр хүн үгүй болохгүй” гэж Феллини хэлдэгсэн. Энэ үнэн байх. Үнэхээр ч тийм байдаг гэдэгт би итгэхийг хүснэ.

Федерико Феллини 1920 оны нэгдүгээр сарын 20-нд Италийн Римини хотод мэндэлсэн юм.

ШАРЛОТТ ЧЭНДЛЕР

Сэтгэгдэл хэсэг