2016.02.19. Өнөө цагийн суутнуудын нэг, Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, симиотикч Умберто Эко 84 насандаа орчлонгийн явдлаас холбоо таслалаа. Тэрбээр “Сарнайн нэр” (1980) романаараа олон улсын тавцанд нэрийг олж, “Фукогийн дүүжинт цаг” романаараа хүүрнэл зохиолд пост модернист бичлэгийн арга маягийг дархалж өгсөн онцгой туурвилч байлаа. Умберто Экогийн зохиолууд гагц уран зохиолын бүтээл бус утга зохиолын онол, философийн бүтээлийн цогц байж чаддагаараа уншигчдын оюун санааг цэнгүүлэгч бус хөгжүүлэгч, шинэ мэдлэгт хөтлөгч болдог юм. Их зохиолчийн дурсгалыг хүндэтгэж бид 1994 онд хэвлэгдсэн “Яргай загастай хэрхэн хамт аялах вэ?” эссээний номоос нь дээжилж мөн номын нэр болсон нэгэн эссээг нь уншигчиддаа толилуулж байна.
Яргай загастай хэрхэн хамт аялах вэ?
Сонин хэвлэлүүдийн мэдээлэхээр бол өнөөгийн ертөнцөд заналхийлэгч хоёр том асуудал бий: Эхнийх нь бидний амьдралд нэвтрэн орж ирсэн компьютерийн эзлэн түрэмгийлэл, нөгөө нь түгшүүртэйгээр хүч нөлөө нь тэлсээр буй Гуравдагч ертөнцийнхөн. Тэдний зөв өө, би сайн мэдэж байна.
Би ойрмогхон богинохон хугацаагаар аялаад ирлээ. Стокхолмд нэг хонож Лондонд гурав хонов уу даа. Стокхолмд байхдаа зав зайгаараа дэлгүүрээр шагайж томоо гэгчийн, утсан яргай загас авлаа. Хямдхан ч гэж жигтэйхэн. Дэлгүүрийнхэн мөнхүү яргай загасаа гялгар цаасанд нямбай гэгч нь боосон байсан ч аяллаар яваа бол хөргөгчинд хадгалсан нь дээр гэж зөвлөлөө. Болохгүй юу байхав.
Аз болж Лондонд хэвлэн нийтлэгч маань надад зориулж өрөө бүртээ бага оврын хөргөгчтэй тансаг буудалд захиалга өгчихсөн байлаа. Гэвч өнөөх буудалд нь яваад очтол Чин гүрний задралын үед гадны иргэд, загалмай шашинтнуудын эсрэг дэгдсэн хятадуудын алдарт бослогын үеэр Бээжин дэх гадаадын аль нэг дипломат төлөөлөгчийн газар ороод ирсэн мэт сэтгэгдэл төрж ахуй.
Буудалд саатсан гэр бүлүүд бүгд хүлээлгийн танхимд багширчээ. Аянчид цүнх савныхаа дунд хэвтэр олоод бүтээлэг сэлтхэн хөдөрчихсөн унтацгааж байв. Буудлын ажилчдаас учрыг сурахаар очлоо. Хэдхэн Малайг нь эс тооцвол тэндэхийн ажилчид бүгд энэтхэг хүмүүс аж. Тэд өчигдөрхөн энэхүү тансаг зочид буудалд компьютерийн шинэ програм суурилуулсан, ажлын явц дунд жаахан саатал гарсныг хоёр цагийн дотор засах болно гэж мэдэгдлээ. Програм нь гацсан тул ямар өрөө сул байгаа, ямар нь захиалгатай буйг хэлэх боломжгүй гэх. Чингээд би хүлээхээс өөр аргагүй болов.
Үдшийн хэрд компьютерууд нь хэвийн ажиллагаанд орж, би ч өрөөндөө тухлах боломжтой болов. Өнөөх яргай загасаа муудчихаагүй байгаа даа гэж санаа зовохдоо бушуухан цүнхнээсээ гаргаж, хадгалчих хөргөгч хайлаа.
Ер нь бол дундаж зочид буудлын нэг өрөөнд хөргөгчинд нь хоёр лонх шар айраг, багахан хэмжээний хоёр шил хатуу архи, хэдэн лааз жимсний шүүс, хоёр хайрцаг самар л байдаг юм. Харин энэ буудлын өрөөнүүдийн хөргөгч нь бүхэл бүтэн гэр бүлийн хэрэгцээг багтаах хэмжээтэй, нийтдээ тавин лонх шарз, жин, Rambuie, Courvoisier, том хэмжээтэй найман сав цэвэр ус, хоёр лонх рашаан, хоёр сав шүүсэн ус, багавтархан хэмжээтэй гурван лонх оргилуун дарс, Guinness, Pale Ale-гаас гадна Голланд, Германы төрөл бүрийн шар айргууд, Франц, Италийн зүсэн зүйлийн дарс, даруулганы жигнэмэг, самар, бүйлс, шоколад, шар тайлах уусмал сэлтийн хамт өрөөтэй байлаа. Миний яргай загасыг багтаах зай л харин байсангүй. Би хөргөгчийг султгаж загасаа хийгээд дотор нь байсан юмсыг хувцасны шүүгээний хоёр нүдэн хувааж өрчихөөд л мартаж орхив. Маргааш нь их үдийн дөрвөн цагийн үед өрөөндөө эргэн ирвэл загас маань ширээн дээр, харин хөргөгч маань өчигдрийнх шигээ зүсэн зүйлийн архи дарс, идэх уух юмсаар пиг дүүрчээ. Хувцасныхаа шүүгээг нээвэл өчигдрийн хийсэн юмс бахь байрандаа байх аж. Би зарлага руу утасдаж хамаг юмыг нь хуу хамаад уучихсандаа хөргөгч сул буй бус, ердөө л яргай загасаа хадгалах гэсэн учрыг минь өрөөний үйлчлэгч бүсгүйчүүдэд хэлээр орхиоч гэж гуйлаа. Тэд миний мэдээллийг төв компьютер луугаа илгээх ёстой гэсэн ч англиар ярьдаг хүн үгүй тул аман мэдүүлэг маань хүчингүй болж таарав. Бүх хүсэлт компьютерийн BASIC хэлээр уламжлагдах ёстой аж.
Би хувцасны шүүгээнийхээ илүү хоёр нүдийг татаж шинээр ирсэн юмсыг бүгдийг нь султгаад загасаа хөргөгчинд эргүүлэн хийв. Маргааш нь үдийн дөрвөн цагийн үед ирвэл яргай загас маань аанай л ширээн дээр, үнэр орж эхлэж буй янзтай байж байх нь тэр.
Хөргөгч элдэв төрлийн том жижиг лонхоор хахаж, хувцасны шүүгээний дөрвөн нүд дөрвүүлээ согтууруулах ундаа хууль бусаар борлуулдаг мухлагийн агуулах шиг ирийтэл өрсөн элдэв архи, дарсаар дүүрэн хэвээр. Зарлага руу залгавал өнөөх компьютерийн програм нь ахин гацаад өмнөхөөсөө ч илүү асуудалтай байгааг учирлалаа. Би өрөөний үйлчилгээний зардалаа тооцуулахаар утас цохиж эм хүнийх шиг овоолсон үстэй залууд учир байдлаа илтгэхэд тэр өөдөөс минь ер бусын ойлгомжгүй аялгаар бувтнахаас өөр тус үзүүлсэнгүй. Залуугийн хэлсэн үгийг хэзээ хойно нь нэг антропологич найзаасаа лавлавал Агуу Александр Роксанаг эргүүлж явах үеийн Кефиристанд л иймэрхүү үг ярьдаг байсан шиг байна лээ гэж билээ.
Маргааш өглөө нь тооцооны баримтдаа гарын үсэг зурахаар доош буулаа. Төлбөр маань тэнгэрт хаджээ. Тэнд бичсэнээр бол би гэдэг хүн хоёр хоног, хугас өдрийн дотор хэдэн зуун литр цэвэр ус, арваад литр элдэв янзын шарз, хэдэн лонх нэн ховор төрлийн буудайн архи, найман литр жин, хорин таван литр рашаан, шүүсэн ус, ЮНИСЕФ-ийн халамж дор байдаг бүх хүүхдийг чийг бамаас хамгаалж чадахуйц хэмжээний их жимсний шүүс, Марко Ферреригийн найруулсан “La grande bouffe” кинон дээрх задлан шинжилгээний эмчийг ч огиулж дөнгөхөөр их бүйлс, хушга, самар иджээ. Би тайлбарлах гэж хичээсэн ч зочид буудлын зохион байгуулагч, харласан шүдтэй хархүү “Манай компьютер ингэж л тооцоолж дээ” гээд ер халгаасангүй. Намайг хуульч дуудмаар байна гэхэд тэд ойлгосонгүй бололтой, оронд нь нэг авгад жимс авчирч өглөө.
Харин одоо хэвлэн нийтлэгч намайг хүний мөнгөөр хүүдэгнэх дуртай амьтан гэж бодоод бөөн уур. Яргай загас маань ч идэхийн аргагүй болсон. Хүүхдүүд маань хүртэл намайг ууж идэхээ татвал таарна гэж зэмлэж байна шүү дээ.
Орчуулсан Батсуурийн Баясгалан
Сэтгэгдэл хэсэг