КАНАР БЯЛЗУУХАЙ

 

Ясүнари Кавабата

Хатагтай:

Би бээр амлалтаа зөрчиж танд ахин нэг захидал бичихээс өөр аргагүй боллоо.

Таны ноднин илгээсэн канар бялзуухайнуудыг хадгалж чадахаа больсон учраа айлтгамаар байна. Миний хийж чадах ганцхан зүйл бол тэднийг ширтэн суух, тэгж суугаад таныг бодох билээ.

Нэгэнтээ та надад бичсэн захидалдаа “Та эхнэртэй. Би ч нөхөртэй. Тиймээс уулзаж учрахаа больё. Таныг эхнэргүйсэн бол ч яана гэхсэн. Харин би танд намайг дурсаж байгаасай гээд энэ бялзуухайнуудыг өгч байна. Хар л даа. Бялзуухайнууд хосоороо байгаа биз. Гэхдээ дэлгүүрийн худалдагч эр эмээр нь шүүрээд л торонд хийчихсэнээс цаашгүй. Бялзуухайнуудад харин энэ нь ямар хэрэг болох билээ. Гэлээ ч гэсэн, та эднээр намайг дурсаж яваарай. Дурсгал болгож амьд амьтан өгч байгаа нь жаахан хачин санагдаж мэдэх юм. Гэхдээ бидний дурсамж ч амьд шүү дээ. Нэг л өдөр энэ бялзуухайнууд үхнэ. Тэднийг үхэхэд та бидний дурсамж ч бас хамт үхэг. Сэтгэл түвдэлгүй үхүүлж орхиорой” гэж  бичсэн байсан шүү дээ.

Харин одоо энэ бялзуухайнууд хариугүй үхэх гэж буй мэт харагдах боллоо. Тэднийг харж халамжилж байсан хүн нь өөд болсон. Над шиг хайнга, ядруухан зураач энэ туниагүй шувуунуудыг асарч тордож чадахгүй. Би тантай илэн далангүй яримаар байна. Эхнэр маань эднийг асардаг байсан юм. Харин одоо тэр үхсэн. Түүнийг үхсэн болохоор энэ шувууд ч бас үхчих юм шиг санагдах юм. Тэгэхээр хатагтай, таны тухай дурсамжуудыг надад авчирдаг нь үнэндээ бол миний эхнэр байсан юм уу даа?

Уг нь бялзуухайнуудыг байгальд нь тавьчихъя гэж бодсон ч эхнэрийг маань өөд болсноос хойш тэдний далавч гэнэт цуцсан мэт харагдах болсон. Тэгээд ч тэд тэнгэр гэж юу байдгийг ямар мэдэх биш. Тэдэнд нийлээд явчих сүрэг хотод ч, энүүхэн ойд ч байхгүй шүү дээ. Нэг нь ганцаараа нисээд алга болбол хоёр тусдаа мажийчих амьтад. Тэгээд ч та дэлгүүрийн худалдагч тэднийг эр эмээр нь санамсаргүйгээр шүүрч аваад л торонд хийчихсэн гэж хэлсэн шүү дээ.

Ингэж хэлсэн хойно чинь тэднийг амьтны дэлгүүрт буцаагаад зарчих ч хайран байна. Учир нь та тэднийг надад өгсөн шүү дээ. Эхнэр маань тэднийг харж ханддаг байсан болохоор тань руу эргүүлээд илгээчхэж ч түвдэхгүй нь. Тэгээд ч таны аль хэдий нь мартчихсан байж мэдэх энэ шувууд, өөрт тань түвэг удахаас цаашгүй биз.

Ахиад хэлэхийг минь зөвшөөрнө үү. Эхнэр маань энд байсан болохоор л энэ шувууд өдийг хүртэл амьдарч, таны тухай дурсамжуудаар намайг тэтгэж байсан юм шүү. Тиймээс ч хатагтай минь, би эл шувуудыг эхнэрийнхээ араас илгээмээр байна. Таны тухай миний дурсамжуудыг амьд сэргэг байлгаж байсан нь эхнэрийн минь хийсэн цорын ганц зүйл биш ээ. Би тань шиг эмэгтэйг хайрлаж яаж чадсан юм бол? Арай эхнэр минь надтай үлдсэн болохоор тэр биш байгаа? Тэр амьдралын минь бүхий л шаналал зовуурийг мартуулсан. Эхнэр маань миний амьдралын өөр нэг талыг олж харахаас татгалзсан юм. Чухам тийм болохоор нь л би түүнээс харцаа буруулж, тань шиг эмэгтэйд нүд алдаж чадсан байх.

Хатагтай, би энэ бялзуухайнуудыг чинь алаад эхнэрийнхээ шарилтай хамт оршуулчихвал та дургүйцэхгүй биз дээ.

Та бүхэнд "Тагтаа Паблишинг"-ийн орчуулагч Б.Баясгалангийн "Аварга том далавчтай өвгөн" өрнө дорнын шилмэл өгүүллэгийн түүвэрт багтсан өгүүллэгээс дээжлэн хүргэлээ.

Сэтгэгдэл хэсэг