Урьд шөнө би чамайгаа зүүдэллээ
Төгөлдөр хуур тоглож суугаа надад
Хуудас эргүүлж өгөх юм чи минь...
1924 оны 1 сарын 12
20-р зууны алдарт зохиолч Владимир Набоковын гэрлэлт хэн хүнийхээс урт удаан, бат бөх үргэлжилсэн юм. Набоков 1923 онд ирээдүйн эхнэр Вератайгаа уулзаж, хэдхэн цаг хамт байсныхаа дараа түүндээ зориулан шүлэг бичиж, 1976 он хүртэл хагас зуун жил ханилжээ.
Анх 1951 онд өөрийн намтраа эхнэртээ зориулсан бөгөөд “Чи” хэмээх сүүлийн бүлэгт “Он цаг урсан одож байна, хайрт минь. Чи бидний мэддэг бүхнийг одоо өөр хэн ч мэдэхгүй.” хэмээн бичжээ. “Чи бид хоёрын хайр сэтгэл ер бусын. Бидний л мэдэх илбэ шидийг өөр хэн ч үл мэднэ. Бид нэгнээ хэрхэн хайрладаг шиг хэн ч биднийг хайрлаж үл чадна.” хэмээн хайр сэтгэлийн холбоотой болоод нэгэн жилийг ч үдэж амжаагүй байхдаа догдлол дүүрэн ирээдүйгээ зөгнөн Верадаа бичиж байв. Хожмоо тэр гэрлэлтээ “үүлгүй цэлмэг” хэмээсэн байдаг. Вера болон Набоковын ээжийн эрүүл мэндийн байдал, мөнгө санхүүгийн байнгын гачигдал, тэдний Германд дургүйцэх үзэл, Франц, Англи эсвэл Америкт гэр бүлээрээ орогнол хүссэн цөхрөнгөө барсан, эрэл хайгуул, Гитлерийн хүчирхэгжилт Оросын цагаачдын нийгэмлэгийн оршин тогтноход заналхийлж байсан зэрэг олон зүйлийн тухай захидлуудад өгүүлнэ.
Гэрлэсэн хосуудын захидал харилцааг дэлгэнэ гэдэг тийм ч таатай биш байж мэднэ. Жойсын Нора Жойст бичсэн захидлууд гэхэд л уянгын үгс гэхээсээ илүү шалиг самуун үгсээр дүүрэн байдаг. Виржиниа Вүүлфийн нөхөртөө бичсэн захидлуудаас "амссан бүхий л аз жаргалынхаа төлөө" түүндээ талархан бичсэн сүүлчийн захидал болох амиа егүүтгэхийн өмнөх тэмдэглэл нь уншигчдын ой тойнд үлдсэн буй. Хагас зуун жилийн хамтын амьдралын жаргал, зовлонгийн түүхийг өгүүлэх Набоковын эхнэртээ бичсэн захидлууд бүхэлдээ ой тойноос үл гарам, гайхамшигт шидийн билээ. Романтик, дэггүй, ил шулуун эдгээр захидлыг цөөн хэдэн мөрт хураачхаж үл болно. Эхний захидлаас эхлээд бид он цагийн хэлхээсийг даган бэдэрч, тэдний хайр сэтгэл, амьдрал, тэдний ертөнцөд хөтлүүлэх учиртай. Хосууд 1923 оны зуны сүүл сараас уулзаж эхлэхдээ өөрсдийн гэсэн гэр оронгүй бусад залуу хүмүүсийн л адил үдшийн гудмаар зугаалж, өдрөөс өдөрт нэгэндээ дассаар 1925 онд гэр бүл болсон юм. Вера руу илгээсэн захидлууд аандаа урссан хэдий ч бүхэлд нь харвал зохиол бүтээлээ туурвидаг арга барилтай нь ижил, уран нарийн нэхээстэй, бичвэр бүр нь хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг.
1923 оны Долоодугаар сарын 26
Би тэнд нэг л дасахгүй, харь хөндий байснаа нуухгүй. Магадгүй тийм болохоор тантай анх уулзаад надаар тоглоод байна уу даа, баг зүүчхээд1 даажин хийгээд байна уу гэж бодсоноо одоо ойлгож байна. Гэвч тэр бүхний дараа... Хэлж, ярихад хэцүү зүйлс байдаг, Харин чи минь үгээрээ тэр бүх хэлэхэд хэцүү зүйлсийг гайхамшигт цэцгийн тоосонцор адил бужигнуулж дөнгөнө. Чи минь хайр татам...
Бүх захидлууд тань, тэр ч байтугай хэд хэдэн үгийн доогуур зурж, балласан захидал тань ч яг л цагаан шөнө адил сэтгэл татам байх юм. Би Марселийн усан боомтоос буцаж ирээд таны захидлыг, мөн өмнөх захидлын хамт хүлээн авлаа. Уржигдар захидлаа авчхаад таныг надад илүү олон захидал илгээхээс нааш хариу бичихгүй хэмээн шийдсэн ч ердөө л жаахан наргиа төдий юм шүү...
Тийм ээ, шидэт үлгэр минь чи надад хэрэгтэй. Учир нь чи надтай бодлын дуун, үүлсийн хэлбэрийн тухай ярилцаж чадах цор ганц хүн шүү дээ. Өнөөдөр би ажилдаа гарахдаа өндөр гэгч ургасан наран цэцэг өөд харахад над руу бүхий л үрээрээ мишээж байх шиг санагдсан.
Марселийн нэг бохир гудамжинд жижигхэн Орос зоогийн газар байдаг юм. Хэн ч намайг хаанаас ирсэн, хэн болохыг минь мэдэхгүй тэр газарт би орос далайчидтай хооллож суухдаа урьд цагт зангиа зүүж, нимгэн оймс өмсдөг байснаа бодоод ихэд гайхсан.
Борш, дарс дуссан толбо дээгүүр ялаа эргэлдэж, гадаа жавартай хүйтэн салхи исгэрч, гудамжнаас шөнийн боомтын нүргээн сонсогдоно. Тэр бүхнийг харж, чагнаж суухдаа Ронсардын шүлгүүдийг цээжээр мэддэг, гавлын ясны бүтэц, нян бактери, ургамлын шүүсний нэр усыг мэддэг байснаа хачирхан бодлоо.
Миний сэтгэл Африк, Ази руу их татагддаг. Камбож явах завинд галчаар явах санал надад тавьсан юм. Гэвч хоёр шалтгааны улмаас Берлин рүү буцаж, тэндээ хэсэг байх хэрэгтэй болоод байна. Юун түрүүнд ээж маань ихэд гансран, ганцаардаж байгаа. Харин хоёрдугаарт.. үл тайлагдах нууцлаг зүйл... туйлын ихээр учрыг нь тайлахыг хүсэж буй нэгэн нууцлаг шалтгаан бий... Би эндээс зургаанд хөдөлж, Кембриджэд хамт сурч байсан нөхрийнхөөрөө зочилж Ницца болон Фарист хэдэн өдөр саатах юм. Чи түүнийг таньдаг ч байж мэднэ. Түүний дараа Берлинд арван юм уу, арван нэгэн гэхэд хүрнэ. Хэрэв тэр үед тэнд чи байхгүй бол би чамайг байгаа газарт чинь олж очих болно... Удахгүй уулзъя, этгээд хөөр, намуухан үдэш минь. Чамдаа бичсэн шүлгүүдээ энэ захидалд дайлаа.
1923 оны Арван нэгдүгээр сарын 8
Аз жаргал минь, алтан нар минь, гайхамшигт хөөр баяр минь буй биеэрээ, бүхий л дурсамж, яруу шүлгүүд, үймэрсэн сэтгэл, цээжинд хуйлрах салхитайгаа хамт би чинийх гэдгээ чамдаа хэрхэн ойлгуулах сан билээ. Чинийхээ аялгуулан дуудахыг сонсолгүйгээр нэг ч үг бичиж чадахгүй, чамтайгаа хамтдаа туулаагүй аар саархан нэгээхэн ч зүйлийг харамсалгүйгээр эргэн дурсаж чадахгүй байгаагийн учрыг хэрхэн тайлах вэ. Туйлын хувийн, үгээр илэрхийлж боломгүй зүйлсийг хэрхэн яаж ойлгуулах вэ.
Одоо би чамдаа юуг ч үгээр илэрхийлж чадахгүй байх шиг, утсаар бол бүр ч буруу, зөрүү ярих болжээ. Учир нь чиний дэргэд байгаа хүн гайхмаар яруу сайхан ярих учиртай. Урьд цагт хүмүүс хэрхэн ярьдаг байсан шиг цэвэр тунгалаг, хөгжил хөөртэй, сүнслэг байх учиртай ч гэлээ би гэдэг хүн айхтар будилж, самгардаад байна.
Бэхний толбо юуг ч илэрхийлж чадахгүй гэдгийг би чамдаа хэлье. Итгэж хайрладаг, өөрт байгаа эрхэм нандин бүхнээрээ тангараглая. Би урьд өмнө хэнийг ч чамайг хайрлаж байгаа шигээ ийн нулимс мэлтэлзүүлж, уярам, энхрий, гэрэлтэй сэтгэлээр хайрлаж байгаагүй гэдгээ амлая.
Би чамайгаа жаргалтай байгаасай л гэж хүсдэг, би л чамдаа хэн хүний өгч үл чадах тэр нар гийсэн, энгүүн сайхан аз жаргалыг өгч чадах юм шиг бодогдох юм. Хэрэв би өчүүхэн бодолтой санагдвал чи минь намайг өршөөгөөрэй. Хайраа хэр бодитой вэ гэдгийг ойлгуулах л гэсэн юм. Энэ захидлыг маргааш шуудангаар явуулна. Хэрэгтэй бол би чамдаа бүх цусаа өгөхөд бэлэн байна. Хэлэхэд хэцүү юм даа, хачин сонсогдож байгаа ч надад ингэж л бодогдох боллоо. Чамтай хоёр хоног уулзахгүй байх “зугаатай” ч байж мэдэх юм гэж бодсон ч үнэн хэрэгтээ чамгүйгээр хэрхэн амьдрахаа төсөөлж чадахгүй байгаагаа хэлэх гэсэн юм. Аан гээч, аз жаргал минь, чи намайг тарчлааж байна гэж чи минь дахин хэлэхгүй юм уу?
Чамтайгаа хамт хаа нэг тийш замд гарах сан. Би чамдаа хайртай, чамайгаа хүсэн мөрөөддөг, тэсгэлгүй ихээр хамт байхыг хүсэх юм. Чиний минь гэрэлтсэн нүд, хойш гэдийгээд ямархан нэг хөгжилтэй зүйл ярихдаа ямар гайхмаар гялалздаг гээч. Чиний минь нүд, дуу хоолой, уруул, мөр- гийх наран мэт. Чи миний амьдралд саатан зочлохоор ирсэн хүн биш ээ. Харин бүх салаа замууд нь алхааг чинь хүлээж, бүхий л гол мөрөн нь чиний тусгалыг хүлээж асан хаант улсдаа ирж буй мэт наддаа ирсэн юм шүү. Өмнө нь надад амсуулсан бүх худал хуурмагийнхаа өмнө хувь тавилан надаас уучлал эрж, алдаагаа засахыг хүсэх мэт чамайг над руу илгээжээ. Тэгэхээр би чамайгаа яахин орхих билээ, шидэт үлгэр минь, нар минь. Ойлгож байна уу, чамайгаа би ийм их хайрлаагүй сэн бол явчих байсан биз ээ. Ямартай ч юу ч болсон хамт байх хоёр зам бий. Санамсаргүй болон санаатай. Өршөөж хайрла, би хоёр дахь замаар нь явж байна. Бодохоосоо ч айдаг зүйлдээ итгэх итгэлийг одоо надаас авч чадахгүй. Ийм л их жаргал амсуулах гэж чи иржээ. Хайрт минь, сайхан амраарай. Эв хавгүй, эмх замбараагүй энэ захидлыг минь ойлгох эсэхийг хэлж үл мэднэ. Гэхдээ юунд ч бүү зовоорой. Би чамд хайртай...
1925 оны Наймдугаар сарын 19
Хайрт хонгор минь ,хайр минь, хайрт минь! Юу гээч! Хорвоо ертөнцийн бүх аз жаргал, эд баялаг, хүч чадал, адал явдал, шашин номын тангараг, байгалийн бүхий л гайхамшигт шид, хүмүүний алдар нэрийн аль нь ч тэр чиний минь хоёр захидлын үнэд дүйцэхгүй шүү дээ. Надад ирээгүй захидал тань замаасаа төөрч, хаа нэгтээ шуудангийн газарт очоод гацчихсан өвчтэй золбин нохой адил устгалд орж байна гэж төсөөлсөөр аймшигтай тарчилсан шөнийг арай ядан өнгөрөөлөө. Гэтэл өнөөдөр захидал хүлээн авлаа. Чиний минь гараараа бичсэн энэ гайхамшигт захидалтай хамт шуудангийн хайрцагт байсан, сагсанд сэгсрэгдэж явсан бусад бүх захидлуудад чиний увдис шид шингэж, энэ өдөр бүх Германчууд гайхалтай сайхан захидал хүлээн авсан мэт санагдаж байна.
Чи минь энэ дэлхийд оршин буй гэж бодох төдийд л би тэнгэрлэг аз жаргал мэдэрдэг атлаа түрхэн зуур салан одох аар саархан уй гунигийн тухай ярих инээдтэй хэрэг л дээ. Нэгэнт миний бүх амьдралд чамаас уяатай болчхоод байхад долоо, арав хоног юу ч биш шүү дээ. Шөнө дунд сэрээд би чамайг надтай хамт байгааг мэдэрдэг. Чинийхээ гоолиг сайхан хөл, хүзүү, чичирхийлсэн сормуусыг ч мэдэрдэг. Хэмжээлшгүй их аз жаргал, дүрэлзэн бадрах хайр зүүдэнд минь ирэхэд амьсгал минь давчидна. Би чамд хайртай, би чамд хайртай, төсөөлөл чамайг орлохгүй, цаашид тэвчишгүй нь, наддаа ирээч ... Бие минь үнэхээр эрүүл чийрэг, дэндүү сайн байна. Чамайгаа ирэхээр мяралзах давлагаан дунд яг л гэртээ байгаа мэт хамтдаа сэлье л дээ. Бид ням гаригт эндээс буцахаар төлөвлөж байгаа ч энд байх зуны сүүлчийн өдрүүдээ чамтайгаа хамт өнгөрөөх учиртай. Чи минь мэдэх үү, бид яг адилхан өвдөлт мэдэрч байсан болов уу. Явахын өмнөх өдөр ямар нэг хурц иртэй зүйл дотроос хатгах шиг санагдаад, инээхэд хүртэл өвтгөж байлаа. Тэгээд энд ирснийхээ дараа бүр халуурч эхэлсэн. Одоо дажгүй болсон шиг санагдаж байна. Зочид буудлынхан намайг хэтрүүлж уусан байх гэж бодоо байлгүй. Цаг агаар сэрүүн байгаа ч бороо орохгүй л байгаа. Шура нэг их сэлдэггүй юм. Үүний дараа юу хийхээ хэлж мэдэхгүй байна. Магад Бавари явах болов уу. Хайрт минь чи ирэх үү? Нөгөөдөр, 21-нд гараад ирвэл энд хоёр гурав хоног байя. Энхрийхэн минь, баяр баясгалан минь, чамайгаа хайрлаж байгаадаа хэчнээн их жаргалтай байна гээч ... Чамайгаа үнсье, гэхдээ хаана чинь үнсэхээ хэлэхгүй, хэлэх ч үг эс олдоно.
Вера Слоним Владимир Набоковтой "Владимир Сирин" гэх нэртэй байхад нь анх уулзжээ. Зохиолч 1921 оны 1-р сард өөрийн нэрийг эцэг Владимир Набоковын ижил нэрээс ялгахын тулд ийм бичгийн нэр аваад байв. Верагийн гэр бүл 1921 оны эхээр Зүүн Европоор олон адал явдал туулж Петроградаас зугтан, Берлинд суурьшаад байжээ. Вера Набоковтой уулзахаасаа ч өмнө түүний авьяас билгийг биширдэг байв. Сонин, сэтгүүлээс Набоковын эхэн үеийн шүлгүүдийг хайчилж асан 1921 онд Вера арван ес, ирээдүйд эр нөхөр нь болох хүн хорин хоёр настай байжээ. Эцэг Набоков 1920 онд Оросын цагаачдын төв болсон Берлин хотын орос хэл дээрх өдөр тутмын Рул сонины эрхлэгч, үүсгэн байгуулагч байсан юм. Харин залуу Набоков ахлах сургуулиа дүүргэхээсээ ч өмнө 1916 оноос хойш Петроград хотод ном бүтээлээ хэвлүүлж, сонин сэтгүүлд бичдэг байлаа. Тэд 1923 оны 5 сарын найманд Берлин хотод цагаачдын хандивын үдэшлэгийн үеэр анх танилцжээ. Үдэшлэгийн дараа тэд замын гэрлүүд, сэрчигнэх навчис, үзэсгэлэнт үдшийг бишрэн Берлиний гудамжаар шөнөжин алхсан гэдэг. Залуухан найрагч шүлэг, найргийг нь бишрэн хүндэлдэг залуу сайхан бүсгүйн сэтгэлийг татаж буйгаа мэдэрч байлаа. Зургаадугаар сарын 24-нд гарсан Рул сэтгүүлд “Гэнэтийн учрал” хэмээх шинэ шүлгээ нийтлүүлжээ. Болж өнгөрсөн учралыг мэдэх цор ганц уншигчид зориулж, нийт олонд зориулан нийтэлсэн энэ шүлгээрээ Набоков ирээдүйн амьдралаа урин дуудаж, эхнэртээ илгээсэн захидлуудынхаа эхлэлийг тавьсан гэж болно.
Эхэн үеийн захидлуудад нь цэл залуухан насны, халуун хайрын наран гэрэлтэнэ. Харин 1950 онд анх удаа бүтээлээ "Верад" хэмээн хаягласан үе буюу тэдний хайрын түүхийн тэн хагасаас эхлэн олонд танил дүр зураг хөвөрнө. Улмаар 1958 онд “Лолита” Америкт хэвлэгдэж, түүнээс хойших жилүүдэд өмнө нь орос хэл дээр бичсэн зохиол бүтээлүүдийн орчуулгууд, англи хэл дээрх шинэ бүтээлүүдээ цөмийг Верадаа зориулах болжээ. 1950-1977 он хүртэлх хосуудын амьдралын хоёр дахь хагас нь захидлын дөнгөж таван хувийг эзэлдэг агаад үлдсэн 95 хувьд нь дэлхий даяар нэр алдар нь түгсэн амьдралаас нь онхи ондоо, хатуу хөтүү он цагийг өгүүлдэг билээ.
Орчуулсан: Б.Дэлгэрмаа
Сэтгэгдэл хэсэг