***
Намаржаандаа очихуй
Өвсөнд зассан үүрэнд гурван өндөг цайрна
Гурван цоохор өндгөө саатуулаад
Эх бололтой шувуу эгц дээр нь жиргэнэ
Даль жирвэлзүүлэн агаарт тогтох тэр шувуу
Тэнгэрээс зүүсэн эсгий үнэг шиг харагдана.
Үнэгийг тэнгэрт тогтоосон үл үзэгдэх утсыг тастах гэсэн мэт
Хорон санаат эмгэн саран үүлэнд нуугдаж гэтнэ.
Нурж дарагдсан хуучин худаг хонхойно
Наана нь чулуун онгоц ус царайчилсан морь шиг тонгойно
Тэр онгоцонд гурван чулуу цайрна
Түүнийг би ус дүүргэсэн онгоцны ёроолоос
Амаараа үмхэн шүүрч тоглодог байсан юм.
Хагссан онгоцны ёроол дахь гурван цагаан чулуу
Хар багадаа энд орхиод явсан миний бага нас байна.
Өвөөгийн гэрийн буурь эдгээд, өвс ногоо ургажээ
Өвөг эмгээ үгүйлдэг сэтгэл ингэж эдгэсэн бил үү?
Эзгүй буурь, уяаны шон дээр өвөөлж суугаад донгодно
Эл хуль хашааг тойрон алхахуй дээврийнх нь хулс цуурдана.
Энэ хулснаас сум хийж, өвөөлжинд гэтэн харвадаг байсан минь
Тэр хулсны хоосон ор, намайг хүлээсэн эх нутгийн минь зай юу?
Газрын чийг шимж шаваг навчилжээ
Гараараа ялаа сэвж намаржаандаа алхахуй амгалан
Толгод бөгтөрч шаргал зам улбаатна
Түүгээр алхвал гэх еэнүүр бодол төрнө
Толгод бөгтөрсөн улбаа тэр зам бол
Тун чиг холдоо дурсагдах дотор сэтгэлийн үзэмж байна.
Тугал наашлуулж намаржаандаа ганцаар алхахуй
Ганц шаргал зөгий өмнүүр хэрж дүнгэнэнэ
Энэ зөгий бол нутгаа санах бүрийд дотроос хатгаж
Энэлэнт сэтгэл төрүүлдэг тэр л зовуурь мөн байна.
Сэтгэгдэл хэсэг