Х.БУЯНБАТ: БИДНИЙ АХУЙН ҮНЭН

 

Шүлэг бичих гэхдээ бид юу бичихээ онгоддоо тушаадаг гэж хэлэх нь түгээмэл. Энэ нь өөрийгөө болоод өөрийнхөө бичсэнийг цагаатгах гэсэн оролдлого ч байж магад. Үгүйсгэх аргагүй биз. Тэгвэл бид одоо юу бичиж байна вэ. Хайр ба хотын тухай, эх орон хийгээд багтарч ядсан улс төрийн тухай бас баатарлаг түүхийн тухай бичиж байна. Юуг нь буруутгах вэ. Бичицгээнэ л биз. Гэвч аливаа зүйлсийн мөн чанар тасралтгүй хөгжих зүй тогтолд оршдог гэдгийг нотлох мэт “Мөнгөн будда авсан өдөр” хэмээх нэгэн “үзэгдэл” болохуйц яруу найргийн түүвэр бичигджээ. Ингэж хэллээ гээд хэлсэн намайг буруутгах хүн үгүй л болов уу. Тэдгээр хүмүүс ичихгүй бол шүү дээ.
Хязгааргүй урсах бодол хэл, авианаа хувилах хөдөлшгүй томьёолж болшгүй энэхүү үйлд хэр хэмжээний хүч чадал оршдог бол гэх асуултад энэхүү түүвэр агуулгын хувьд бүхэлдээ хариулах бол хэлбэрийн хувьд монгол хэлээр шүлэг бичих олон олон томьёонуудаа дэвшүүлсэн яруу найрагч Мө.Батбаярын сайтар боловсруулсан эрдмийн ажил ч гэмээр. Хэл шинжлэл, утга зохиол судлаач биш тул хэлбэрийн талаар хэлж мэдэх минь мэдрэмжээр хязгаарлагдах тул энэ хэсгээс татгалзаж уншигчийн эрхээ эдлэхээр шийдэв.
 
Уншигчийн хувьд уран зохиолын төрлүүдээс үргэлжилсэн үгт дурладаг шалтгаан минь дүрийн бодол, үйл хөдлөл хоёр зэрэгцэж цаг хугацаа орон зайн хувьд биеэ даан бичигчээс тасрах мөч байдагт юм. Гэтэл ийм мөчүүдийг “Мөнгөн будда авсан өдөр” түүвэр дэх олон шүлгээс хараад учиргүй дурлан уншив.
“…Мөнгөн Буддаг наймаалж цүнхлээд
Мөнөөхөн зээлээс гарч явахад
Нурууны цаанаас миний доторхыг
Нэвт тольдон болгоож эхлэх шиг ээ…”(32 дахь тал)
гэх энэ мөртүүд өгүүлэгчийн мөнгөн буддаг авч цүнхэлсэн тэрхэн зуурын талаар өгүүлэх ч хүнд байгалийн амьтны хувиар үлдсэн цөөн мэдрэмжүүдийн нэг болох араас ширтэх нэгнийг мэдрэх мэдрэмжийг хөдөлгөж орхино. Гэтэл үргэлжлүүлэн
“Бурханаа үүрээд гэрээдээ харьж явна
Буй газар минь энэ замын үзүүрт тэр толгодын оройд
Ар нуруунаас түүний аниатай хос мэлмий
Буян нүглийг минь одоо илт үзэж явна...”(32 дахь тал)
гэх нь араас ширтэх тэрхүү харц үнэндээ нүдээ амирлангуй аньсан байх хэр нь түүний бүхий л амьдралын хамаг бүхнийг уудлан харж байгаа аж. Үйл хөдлөлийн дүрслэлээс бодлогошрол руу огцом хаячих шиг гэнэтийн мөч. Энэ мөчид бодол хүртэл зогсчих шиг. Үүнийг уншуут юун түрүүнд айдас гэхээсээ ар нуруунаас бүлээн оргихыг мэдрэх нь бүр ч гайхалтай. Энэ мэтийг жишээ татан дурдана гэвэл зохиолчийн эрхэнд айхтар халдсан болох биз ээ.
Агуулгын хувьд, эсвэл сэдвийн хувьд ч гэмээр юм уу, зохиолч монгол яруу найрагчийн хувьд өөрийн шүлгээрээ би юуг өгүүлж чадах вэ гэж өөрөөсөө асууж байгаад зорин бичсэн мэт. Мэдээж шүлгийг үргэлжилсэн үг шиг тэгж зорьж төлөвлөж бичих нь юу л бол. Гэхдээ түүний шүлгүүдийг аваад үзье.
“…Сүсэг бишрэл маань 1937 онд
Өвгөдтэй цуг туугдаж гараад
Эргэж ирээгүй юм…”(74 дэх тал)
Энэхүү шүлэгт тэрээр Их хэлмэгдүүлэлтийн талаар өгүүлэхдээ тэрхүү үйл явдлын хор хохирлын талаар илүү үглэсэнгүй харин өдгөөд учруулсан үр дагаврыг илчилжээ. Энэ сэдвийг тун шинэлэг өнцгөөр харуулж чадсан байгаа юм.
Түүврийн 94 дэх нүүрэнд байх Хувь заяа дуудах цагт гэх шүлэгт зохиолч цагаачлалын асуудлыг буюу Өмнөд Солонгост хөдөлмөр эрхлэх монгол иргэний талаар өгүүлсэн. Яруу найраг бүү хэл үргэлжилсэн үгт ч энэ сэдвийг хөндөх нь үгүй. Гэтэл эх газрын төгсгөлд монгол иргэд хөдөлмөрлөж “өндөрлөг”-т орших ар гэрийнхнээ тэжээх болсоор 20-иод жил хэдийн өнгөрч байдаг. Өдий хүртэл, өдгөө ч тэд юуг туулж, ямархан амьдарч буйг бид мэдэхгүй ч дээр дурдсан шүлгийн
“...Эцгийн минь үхэл л намайг эндээс
Эх оронд минь буцаана гэж би хүлээдэг юм...” (94 дэх тал)
гэх сүүлчийн мөртүүдээс зуурхан ч гэсэн зуураад алдах мэтхэнээр мэдрэхэд “яасан ч гашуун юм бэдээ” гэж бодогдож төдхөнөө үргэлжлүүлэн бодохоос зайлсхийн дараагийн хуудсыг нь эргүүлэхээр яарсан сан.
Түүх болж өнгөрсөн учир сайхан бас харамсалтай санагдана. Өөрчилж болох биш гэж бодоод түүхийг ч цагаатгах гэж, өөрийгөө тайтгаруулах гэж ч оролдоно. Гэвч яг одоо бид энд, энэ цаг хугацаанд амьдарч байна. Яажшуу вэ.
“Буриад, Халимаг, Өвөр монгол, Монгол
Бид уулзахаараа ойлголцох хэлээ олж ядна...
...Бид уулзаад нэвтрэлцэх хэлгүй дуугүй суудаг нь
Хагацал эмгэнэлийг маань илэрхийлэх хэл
Хан хорвоод байдаггүйгээс тэр юм.”(40 дэх тал)
 
Энд яг одоогийн бидний буй ахуйн үнэний тухай, түүхээс үлдээж орхисон мэдрэмжийн хүнд уйтайн хамтаар өгүүлжээ. Ерөөс энэ бүхэн бидний буй ахуйн эмгэнэл шүү дээ.
Урт бичвэрийн төгсгөл шиг эцэст нь гэж байгаад хэлэхэд яруу найрагч Мө.Батбаяр “Мөнгөн будда авсан өдөр” шүүлгийн түүвэртээ цаг хугацааны хувьд өөрийн амьдарч буй үеийн, байршлын хувьд Ази тивийн хойд өргөргийн 41°35' - 52°09', зүүн уртрагийн 87°44'-119°56'-ийн хооронд орших Монгол Улсын монгол хүн бүрийн мэдэрдэг, магадгүй яг одоо тэднийг нэгтгэж буй ганц зүйл болох тэр л шаналлыг яруу найргаар, чимээ имээгүй эмзэглэлээр илэрхийлжээ.
Х.БУЯНБАТ

Сэтгэгдэл хэсэг