БАЯРЫН БЯЛУУ (өгүүллэг )

Баярын бялуу
1.

Миний нэр Чөмгөө. Угтаа бол Чимгээ л дээ.  Энэ тухай би та бүхнийг уйдаахгүй багахан тайлбар хэлэх нь зүйтэй болов уу. Хүүхэд байлаа. Одоо ч хүүхэд л дээ. Гэхдээ тэр үед бүр жаахан хүүхэд байсан юм уу даа. Байсан ч гэж дээ, би тэр үеэ одоо санадаггүй юм. Ээж, аав хоёр харин тодорхой санадаг. Сонин шүү. Арван тавтай миний амьдралын тал дурсамж өөрийн минь ой тойнд ор тас байдаггүй гэхээр. Би тэр дурсамжуудаа зөвхөн бусдын амнаас сонсох учиртай байх гэж. Ээжээс мэндэлсэн, эхний дуугаа энэ хорвоод хадаасан, нялзрай улаан юм мөөмөө огтоос хөхөхгүй байснаас эхлээд өөрийн амьдралын дурсамжаа өөр хүмүүсийн амнаас сонсож, зөвхөн бусдаас сонссоноороо л төсөөлөл баримжаа хийж явна гэхээр харамсалтай шүү. За, юу ярих гэж байлаа даа. Аан тийм, одоогийнхоосоо бүр жаахан байсан юм уу даа гээд зогссон шүү дээ. Өвөө, эмээ хоёр маань амьд сэрүүн, манайх өвөөгийнхтэй ойр зэргэлдээ өвөлждөг байсан үе. 

Нэг өглөө хар эрт тэднийх рүү харайлгасаар яваад ортол эмээ “Хонины чөмөг шиг бүдүүн шар нус гоожуулчихсан хаа хүрч яваа юм?” гэснээс болоод Чимгээ нэр маань Чөмгөө болсон юм гэнэ лээ. Би хэлгүй. Яагаад бусад хүмүүсээс тэс өөр, ийм хэлгүй болсныг мэдэх хүн харин байдаггүй. Мэддэг нь надад хэлдэггүй. Нөгөө миний санадаггүй дурсамжийг санадаг аав, ээж хоёр ч энэ тал дээр ганц үг “га” гэхгүй.  Ямар нэг гай дайраад хэлгүй болчихсон юм уу, төрөлхийн хэлгүй байсан ч юм уу, бүү мэд. Юутай ч энэ хорвоо ертөнцөд миний уруул давж унасан үг байхгүй.  Гэхдээ үг хэлэгдэхийг хүсэхдээ байж яддаг юм шиг ээ. Учир нь хэлгүй миний дотроос хүртэл олон үг хэлэгдэх гээд холгоод байдаг юм. Хэлтэй, хэлгүй хүмүүсээ ялгаж салгаж байж дотор нь ормоор юм даа, энэ үгс. Хэний ч хамаагүй гуталд орчхоод дотроос нь холгож явдаг чулуу шиг л байх юм даа, үгс гэдэг. Гэтэл хүмүүсийн хувьд үг хэлнэ гэдэг амьсгалахын чинээ ч анзааргагүй үйлддэг үйл шүү дээ. 

Би айлын том, дороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү маань арван настай, одоо сумын төвд сургуульд сууж байгаа. Эмэгтэй дүү долоон настай, дараа жил сургуульд явна. Би сургуульд сууж базаасангүй. Орох нь ч орсон юм, уг нь. Хүүхдүүд хэлгүй гэж шоолоод амар заяа үзүүлэхгүй болохоор аав, ээж намайг гаргачихсан. Уг нь ч би тэгээд байна гэж аав ээждээ мэдүүлээгүй. Хүүхдүүдтэй адил хов зөөж, хошуу хүргэж чадах ч биш. Чаддаг байсан ч тэгэх хүсэл байсангүй. Сургуульдаа сууж, үеийн хүүхдүүдтэйгээ үерхэж нөхөрлөж явах дуртай л байсан. Гэтэл манай хоёр “Үсэг нүдлээд, үг холбоод сурсан нь манай энүүнд хангалттай” гэж бодсон уу, эсвэл хүүхэд нохойн доог болсон ийм хүн эрдэм ном сураад хол явахгүй, хот хүрээ орж, олны дунд очлоо ч амиа тээгээд явчхаж чадахгүй гэж санасан уу, намайг сургуулиас гаргачихсан. Хэсэгтээ ч ангийнхнаа, хичээл тараад хамт явдаг нэг чигийн найзуудаа, сумын дэлгүүрт байдаг хорин дөрвийн чихэр, зуугийн хатаамал, хөлдүү алимыг хүртэл санасан даа. Буцаж очоод суумаар л байв. Гэхдээ миний хүслээр болдог юм гэж байх биш дээ. “Сургуульд удаан сууна гэдэг хэлгий долгойгоороо олон удаа дуудуулж, бүр олон хүүхдэд шоглуулахын л нэмэр” гэж аав хэлсэн. Энэ үг хэсэгтээ намайг тайтгаруулсан ч том болох тусам  худал санагдах болж сургуульд сууж, ном үзэж, үеийнхэнтэйгээ тоглож наадаж явах нь шоолуулахын муухайгаас сайхан мэт, сумын төв гэж тэр сайхан газар л баймаар санагдах болсон юм. Намайг хармагцаа хэлээ гаргаж, элдэв хачин авиа гарган толгойгоо хоёр тийш нь савчих сахилгагүй хүүхдүүдтэйг эс тооцвол уг нь ч сайхан газар л даа. Болдог бол бусдыг тэгж шоолдог сахилгагүй хүүхдүүд биш, над шиг ийм дуугүй мөрөөрөө хүүхдүүд л баймаажин ганц болох газар даг аа. Гэхдээ яахав дээ, өөрийгөө сатааруулах үлгэр домог ч болохнээ уншиж дөнгөөд байдаг болсондоо л сэтгэл ханаж явах юм даа.   

Өнөөдөр 12 дугаар сарын 22-ны өдөр. Хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр.  “Харанхуй яах ийхийн зуургүй л болно шүү. Замдаа тоглоод байлгүй л хурдхан ирээрэй” гэж өдөр гарахад минь ээж захьсан. Би өдөр бүхэн арын уулын наад энгэрээс гал асаах ортууз түүж, урд уулын мөнхийн сүүдэртэй хойд энгэрээс хоол, цайныхаа цасыг үүрдэг. Тэгээд ганцаараа цас хамж, ортууз түүнгээ элдвийг бодож суухаар хэнтэй ч юм яримаар санагдах тул та нарт ярихаар шийдсэн юм. Ярина гэхээр “хэлгүй юм байж” гэж бас битгий шоолоорой. Үг гэдэг заавал сонсогддог байх албагүй шүү дээ. Үг заавал хэлэгдэж байж үг болдог ч юм биш шүү дээ. Зүгээр л намайг та нарын сонсохгүй тийм анир гүмээр ярьж байна гээд бодчих. Би ч угаасаа өөрийгөө хэнд ч сонсогддоггүй өвөрмөц хэлтэй гэж боддог юм. Хэн хүнд байгаад байдаггүй, дуу авиагүй хэл надад бий. 

Гэхдээ яг ярих гэхээр хаанаас  эхлэхээ мэдэхээ байчихдаг юм байна. Бөөн бөөн бодлууд давхцаж овоороод эхлэхээр надад энэ Шуугиатын гол доторх том том үхэр чулууд санаанд ордог юм. Тэр чулуунууд зарим газар хэт ихээр овоорсноос болоод голынхоо урсгалыг  боочихсон байдаг шиг миний бодлууд ч бас тэгж овоорчхоод бодлын урсгалыг минь хааж түгжээд байдаг шиг ээ. Гэхдээ зүгээр ээ, голын ус яаж ийгээд хад чулууг сүлжээд гардаг шиг би ч бас хаанаас эхлэхээ олчхож дөнгөнө. Эхлээд би та бүхэнд өвөлжөөгөө танилцуулъя. Ярианы маань эхлэл ч энэ болог. Манайх аманд нь өвөлжиж байгаа энэ уулыг Салхит гэдэг юм. Харин яг манай байгаа энэ амыг Их сайрын ам гэдэг. Их сайр гэж байгаа болохоор Бага сайр ч гэж бас байх нь  ээ дээ, гэтэл байдаггүй. Бага сайр гэж хүмүүс ярьж байхыг миний хоёр навч сонссон удаагүй. Сонсоогүй, дуулаагүй болохоор миний хувьд байхгүйтэй ялгаагүй. Тэгээд яахаараа ганцхан сайр байтал “их” гэдэг юм. Зүгээр “Сайрын ам” л гэчихвэл болчих биш үү? Ингээд бодохоор өөр бас нэг ам энэ их уулын хаа нэгтээ байдаг ч юм шиг.  Уулын энэ амаас өөр олон ертөнц ер нь байдаг гэдгийг би мэддэг болсон. Улаанбаатар л гэнэ, аймгийн төв л гэнэ, сумын төв л гэнэ. Угтаа бол аль алийг нь сонссон төдий. Миний хувьд хорвоо ертөнц гэдэг уулын энэ ам л юм даа. 

Их Сайрын ам бол Шуугиатын гол бороо хуртай жил мөрөн болон садран урсаж, ган гачигтай жил горхи болон шурган урсаж байдаг цөөвтөр харгана, цөөвтөр тошлойн бут, тоотой хэдэн эмгэлж, голынхоо сайр дагасан хэдэн цагаан бургастай уйтан ам. Хавцал ч гэчих нь ээ болохоор. Уулын энэ аманд жилийн жилд таван л айл өвөлждөг. Айлууд бүгд голынхоо хойд эрэг дагуу буудаг. Голын урд эрэг ууландаа хэтэрхий ойрын дээр уулын сүүдэр унаад нар бараг тусдаггүй хүйтэн болохоор бүгд голын хойд нурууг хормойдож буудаг учиртай. Жил жилийн зун уулын үер энэ сайраар садран тал руу буухдаа голын эргийг идэж, эвдээд, энд өвөлждөг таван айлыг буурь бууцнаас нь салгах нь халаг болно. Ёс юм шиг аль нэгнийх нь хонины хот, гэрийн буурийг дайрна. Тийм болохоор эндхийн айлууд намрын намарт зуслангаас нүүж ирмэгц хэн нэгэн нь заавал өвөлжөөгөө эргэхээр явна. Ирсэн хүнээс нэн тэргүүнд асууж ярилцдаг юм нь газрын гарц, ногооны өтгөн сийрэг бус, харин “Бороо орж уу? Үер бууж уу? Хаагуур дайрч, манай бууриар очив уу? Эвдээд хаячхаж уу? Гайгүй байна уу?” гэх мэтээр шалгаана. Цаад хүн нь,

-Танай буурийг сад цохиод гарч, танайх харин гайгүй, хотны доод захаар дайраад өнгөрч, танай хот тэр чигтээ усан шалчиг болжээ. 
-Одоо ч нар өгч хатаахаа өнгөрсөн байх дөө, хатахаасаа хөлдөх нь наана бий байх аа. 
-Энэ жил ч мал хэвтрээр зутах нь дээ.
-Болохгүй бол танай хэдээс хэдэн уут бууц авч асгаад л өвөлждөг байх даа... гэх зэргээр ямагт буурь бууцтай холбоотой яриа өрнөнө. 
Энэ аманд жил бүр санаан зоргоор сэлгээд буух тэгшхэн дэвсэг, хот хороо гаргаад байх бэлэн зэхээ газаргүй тийм л уйтан хавчиг. Манай энэ бууц дээр өвөөгийнх, өвөөгийн аавынх ч мөн байсан юм гэнэ лээ. Бодвол өвөөгийн өвөөгийнх ч бас байсан л биз. Өндөр өвгийн аав, өвөө нар нь ч энд өвөлждөг байсан биз. Эндхийн таван айл цөм л энэ маягаар үе дамжин ирсэн буурь бууцанд байх авай. Өвөлжөө гэдэг нь ердөө алгын чинээ гэрийн буурь, малын хот, арын уулнаас өнхөрч орж ирсэн хайрга чулуудыг хамжиж, хайрга чулуу хот руу оруулалгүй тогтоох гэж барьсан чулуун зэл. Өвөлдөө хэд хэд хотны чулуугаа түүж чулуун зэл дээгүүр нэмж асгасаар одоо бүр төлөг шүдлэнд нэмэртэй хороо шахуу юм болж өндөрссөн. Өөр энд өвөлжөө гаргах өлхөг, дэвсэг газар үгүй. Өндөр өндөр ханан хэц хадтай, хоёр нуруу дээрээс бууж ирнэ. Тэр нуруудын дундуур өнөөх Шуугиатын гол урсана даа. Боломжтой бүх газар нь эзэнтэй болсон. Манайх хамгийн дээд эхэнд нь байдаг. Үүнээс дээш амраад суух тэгшхэн газар ч үзээд өгье гэхнээ байхгүй. Нар бага үдээс их үдийн хооронд л тусаад уулын цаагуур орчихдог хүүш газар манай урц бий. Бусад дөрвөн айл манайхаас доошоо голынхоо арыг бариад цувраад цувраад буучихна. Заа даа, ингэсхийгээд л бөмбөн урцандаа бөмбийгөөд бөмбийгөөд өвөлжчихнө шүү дээ.  Эндхийнхэн бүгд урцанд амьдардаг. Хав хар эсгий урцанд. Өмгөр жижигхэн урцанд хамгийн араар аав, тэгээд дүү бид хоёр, тэгээд ээж унтахад галын аманд тулдаг тийм л жижигхэн урц. Оройдоо зуух руугаа харгана, ортууз чихэж хаячхаад л орондоо орцгооно. Өглөө орноосоо босолгүй өндийж байгаад зуухныхаа амаар чүдэнз зурж хийчхээд дулаан хөнжилдөө хэвтэж байгаад гал асаж, жавар дарагдахаар ижий босдог юм. Харин дүү бид хоёр галын илчинд цохиулан улам гүн унтаж байгаад хүний амьсгаанд норж хөлдсөн хөнжлийн зах дэвтэж, нүүрэн дээр цан хайлж дусахаар цочин сэрцгээнэ. Хөмөрсөн араг шиг ийм л урцанд манайх амьдардаг. Арван хоёрдугаар сард их цас энэ уул, талыг хучихаар таван хар урц л хацрын гол дахь хар мэнгэ шиг тодоос тод торойж үлдэнэ. 

Өнөөдөр ортууз түүдэг өдөр. Маргааш харин цас хамах өдөр. Өдөр өдрөөр ийнхүү ээлжилнэ. Ортууз түүдэг өдрөө би арынхаа хамрын наад энгэрт сууж байна гэсэн үг. Маргааш харин голын цаад уулын наад энгэрээс цас хамна. Ээж доороос даллаж байна. Ортуузаа бүсээрээ үүрээд буулаа. Маргааш уулзъя. 

2.

Ээж дүүг авч ирэхээр өчигдөр орой сумын төв явсан. Шинэ жил гээд гурав, дөрвөн хоног хичээл амарч байгаа юм байх. Дүү гэртээ ирж хэд хоног амраад буцна. Манайх халуун ам бүлээрээ цуглах нь ээ. Ээжийн явсан машин өдөртөө буцаж ирнэ гэсэн болохоор эртхэн цасаа хамж очоод гал хөстэй, цай ундтай сууж байхгүй бол “Би зуухаа үүрээд явчихсан шиг цай ч үгүй, царай ч үгүй” гэж ээжид зэмлүүлнэ. Тиймээс өнөөдөр жаахан яаруухан ирлээ. Хорин тавын будааны уутаар өдөрт хоёр удаа ирж үүрдэг. Эхнийхийгээ аваачиж тогоонд хайлуулж орхичхоод буцаж ирж бас нэгийг дүүргэж аваад буцна даа. Өвөл гэдэг өвөлжөөндөө нэг л гараад төвхнөөд авчихвал ажил багатай, амар улирал даа. Үнээ мал, сааль сүү, идээ цагаа гэх юмгүй. Ингэсхийгээд л өдөр өнгөрчихнө, дэндүү амгалан тайван. Хавар бол төл тосох, мал төллүүлэх, тэжээх, өвслөх, хариулах гээд л хотон дотор өдөр өнгөрнө. Зун бол нүүдэл суудал, идээ цагаа гээд борви бохисхийхгүй л бор өдрийг барна. Өвөл л харин умгархан урцандаа хөеөгөө идэж буй хулгана шиг бувар бувар хийж байтал орой болчихдог. Ээж маань “Чамайг хоёр уут цастай ноцолдож байтал хорвоо дууслаа” гэж намайг цаашлуулдаг юм. Нээрэн л манай энд өдөр дэндүү хурдан өнгөрдөг. Их Сайрын амны эхэнд байдаг манайх дээр хамгийн түрүүнд сүүдэр унана. Тойрон хүрээлсэн сүрлэг уул нуруудын дээр сүглийх хаддын завсраар нарны туяа алтарсаар, хадны цас туяанд нь гялалзаж, гялтганаад л орой эрт ирнэ. 

Ахыгаа ирэх сургаар эмэгтэй дүү минь хотон дотор шилбүүртэй бэлтгэлээ хийж байна. Хавирч унагамагцаа сураас нь татаж босгож ирээд сурмаг гэгч нь ачиж унагаад л. Тоглож наадах хүнгүй учраас хүний хүслэн, ах шигээ сургуульд явахын мөрөөсөл болчихсон амьтан даа, хөөрхий. 

Их Сайрын ам гэж байгаа боловч угтаа бол хавцал гэмээр газар. Хоёр талын нуруунаас буух судаг жалга дүүргэсэн цас өдөртөө ялимгүй хайланхайрч, үдээс хойшхондоо дарайж хөлдөөд энэ таван гэрийн хонинд явсан улс орой ирэхдээ хавцлын голын мөс, аль эсхүл энэ судаг жалгын мөстсөн цасан дээр суун гулгаж гэртээ ирцгээнэ. Аав ч мөн ингэж ирнэ. Шуугиатын гол уулын ар шилээс эх авч урсахдаа замдаа олон жижиг амны ус, шанд булгийг өөртөө нэгтгэнэ. Шуугин урссаар Их Сайрын амны таван айлын урдуур урсаж, уулын амаар гарч нэлийн тэлж бэлийн энгээр урссаар тэртээ доор цэнхэртэх нуурт цутгал болно. “Шуугиатын голын мөсөн дээр бөмбөрсөн чулуу нуурт хүрч тогтоно” гэдэг хуучны үгтэй. Уулын оргил, нуурын гүн хоёр энэ голын усаар хүйн холбоотой гэж хэлж болно. Эндхийн хүмүүс өглөөдөө уул өөдөө малдаа яваад буцаж бууж ирэхдээ хөлийн амрыг бодож голын мөсөн дээр сууж гулгасаар гэртээ эгж ирнэ. Эндхийн хүүхдүүд өдөржин голын мөсөн дээгүүр гулгана. Өвөлжөөнөөс нүүх болоход мөн л энэ голоо дагасаар бууна. 

Намайг цас хамж зогстол ард гэнэтхэн хүмүүс шуугилдах чимээ гарав. Эргэн харвал хэн ч алга. Гэтэл өнөөх орилох, хашхирах чимээ цуурайтаад байх. Хэсэг байж байтал ахиад л хүн “ха ха ха”, “аа-аа-аа” гэх нь сонсогдов. Хонины хүмүүс л байхаас зайлахгүй. Гэхдээ хаана ингэж дуугараад байгаа нь үл харагдана. Би толгойгоо өргөн уулсыг нэгжлээ. Өндрөөрөө будан нүүнэ. Будангийн наад зах дээр ямаан гөрөөсний сүрэг цайрна. Өндөртөө салхи шуургатай байвал ямаан гөрөөсний сүрэг ингээд доошлоод ирдэг юм. Намайг ямаан гөрөөсний сүрэг дагуулан ширтэж зогстол түрүүний дуу хажууханд шахуу сонсогдов. Дуу гарсан зүг рүү харвал урцны дээхэнд байх хавцлын үзүүр тойроод хамгийн эхэнд манай доод айлын Нянгар ах нуруугаараа унаад толгой нь доошоо эргэчихсэн “аа-аа-аа” хэмээн дуу хадаасаар гулгаад бууж байх юм. Хойноос нь манай аав хөлөө дараад суучихсан сүнгэнүүлж байна. Аавын хойноос манай эндхийнхний нэг нь тулж явдаг модоо сугандаа хавчиж нарийн үзүүрээр нь мөс зуран хурдаа сааруулж яваа нь харагдав. Би хоёр дахь уут цасаа дүүргээд урд энгэр дээрээс тэднийг гайхан ширтэж зогслоо. Аав урцны тушаа зогсож замаасаа гарсан бол нөгөө хоёр голын мөсөн дээгүүр гулгасаар манай урдуур өнгөрөхөд өнөөх толгой нь уруу эргэчихсэн гулгаж явсан ах намайг харуутаа,
-Чөмгөө, Чөмгөө, аа аа аа хэмээн хашхирсаар өнгөрч одов. Энд хонины хүмүүс ирэх нь өдөр шувтарч буйг илтгэнэ. Өдөр шувтарч байна аа гэдэг ижий, дүү хоёр ирэх болж байна гэсэн үг. Хотонд шилбүүртэй барилдаж зогссон дүү минь тэндээ хөшсөн мэт гулгаж өнгөрөх хүмүүсийг ширтэн байснаа голоос цаашаа гарч буй аавын өмнөөс гүйв. Би ч бас явалгүй бол горьгүй. Маргааш уулзъя. Маргааш харин миний ортууз түүх өдөр. Хойд энгэрт уулзъя. 

3.

Хэлсэн ёсоороо хэдэн ортуузаа зулгааж явахаар хойд энгэртээ гараад ирлээ. Өчигдөр хөгтэй юм болсоон. Ээж, дүү хоёрыг бид шөнө болтол хүлээлээ, байдаггүй. Арга тасраад аав доошоо явлаа. Доод айлуудаас бас хүн явсан болохоор тэндээс тосож ирэхээр болж охин дүү минь орондоо орж, би өмнүүр нь сууж галаа түлсээр үлдсэн юм. Урцанд лааны гэрэл сүүмэлзэж, унины бөгс галын гэрэлд улс улс туяарна. Урцны шовгор орой харин үл гэрэлтэнэ. Хязгааргүй харанхуйд шингэсэн мэт юу ч үл харагдана. Энэ лаа манай сүүлчийн лаа. Ижий ирж байж л лаатай залгана. Сүүлчийн өнчин лаа миний сүүдрийг ханан дээр буулгана. Дүү галын халуунд хөнжлөө тийрэн унтаж, би яндангийн хажуу зайцаар хязгааргүй огторгуй тийш ширтлээ. Одод яасан тунгалаг, яасан олуулаа вэ. Надад бас одод шиг ийм олон хэлэх зүйлс байгааг би мэдэрч байлаа. Хэл минь хэзээ алга болсныг би санаж байна. Тэр нэг зун л алга болсон юм. Тэгээд л миний дотор хэлмээр байгаа маш олон зүйлс байна. Оддоос ч их, энэ Шуугиат голын уснаас ч их зүйлс миний дотор байгааг би мэдэрч байлаа. Хэлмээр зүйлс гэдэг миний хувьд хүсэл юм. Хүний дотор хүсэл төрдөг шиг хэлмээр байгаа үгс миний дотор яг л тэгж төрдөг. Хэлэх ярих угтаа зүгээр нэг үг унагах төдий биш хүсэл мөрөөдөл шиг агуу том зүйл. Лааны гэрэл, зуухны амаар шагалзах галын дөл, тэртээ холд жирвэлзэх од мичид ч над шиг хэлгүй гэж бодохоор дэндүү ханьсмаар санагдана. Гэвч би тэднийг ойлгодог. Ялангуяа энэ лааны гэрэл намайг ойлгож, надтай ярилцаад байх шиг санагддаг. Ширтээд суух тусам дотор сэтгэлд олон зүйлс төрж байгааг би мэдэрдэг. Ингэж элдвийг бодон суугаад зүүрмэглэж орхиж. Дохилзоод өндийвөл дүү унтчихсан, түрүүний нэмсэн харгана шатаад дуусчхаж, урц ч хөрөх аядаж. Би ахин нэг харганын мөчрөөр үнсээ шилгээж суутал гэнэтхэн хайрга шажигнах, ямаад тургилах дуулдав.  Төдхөн хүмүүс дүнгэр дүнгэр ярилцах нь ойртсоор, хотолсон хонь нирхийн үргэв. Би зуух руугаа шаваг, харгана чихэн үлээж галаа асаалаа. Гадаа салхигүй тогтуун, тас харанхуй. Гэрт өнчин лааны гэрэл миний сэтгэл дэх хэлэх гэсэн үгс шиг бөртөлзөнө. Тэр зун. Тэр нэг зуны тэр өдөр би хэлгүй болсон. 
Зуслангийн айлуудын хэдэн хүүхэд өдөр бүр цуглаж айл гэрдэж тоглодог байв. Биднээс насаар арай ах хүү аав нь, би ээж нь болж, бид хоёроос дүүмэд хоёр нь хүүхдүүд болдог байлаа. Бид дөрөв зуслангийн зүлгэн дээр чулуугаар гэрээ барьж шил, шаазангийн хагархайгаар аяга таваг, тогоо шанагаа хийж, дөрвөлжин чулуугаар авдар, гал зуухаа хийж айл ямар байдаг вэ, яг л тэр янзаар гэрээ тохижуулдаг сан. Аав болсон хүү аавын буурь зааж хойморт сууна. Ээж болсон би тэр гуравт цай аягалж, гал тогоо эргүүлж зуухны аманд сууна. Аав хоёр хүүгийнхээ нэгийг хониндоо явуулж, нөгөөг нь адуугаа хайхаар явуулна. Тэр хоёр ч дуртай гэгч нь гарч шилбүүрээ унаад ойр зуур эргэлдэж байгаад ирж “Заа явчхаад ирлээ” гэхэд нь аав нь дургүйлхэж “Хонио хол явж хариулсангүй, гэр эргүүллээ” гэж зэмлэнэ. “Адуу малд явж байгаа хүмүүс чинь алс гарч, өвстэй газраар хариулдаг болохоос та хоёр шиг гарчхаад ингээд ороод ирдэггүй байх шүү. Ингээд байвал та хоёртой ингэж тоглохгүй шүү” гэхэд тэр хоёр ч ахин гарч шилбүүрээ унаж яваад удалгүй л ороод ирнэ. Харин тэр өдөр тэр хоёрыг явахад нь аав болсон өнөөх хүү бүр аминчлан захиад, “Та хоёр нэг адуу малд явж байгаа хүн шиг тээр тийш хол яваад тэр толгой даваад явж байгаад нэлээн удаж байгаад ирээч. Хэзээ байтлаа малд явж байгаа хүмүүс чинь ийм хурдан ирж байлаа” гэсэнд өнөө хоёр ч шилбүүрээ унан хонгоо алгадан горхи даган гүйсээр доод толгой тойрсон юм. Ингээд аав, ээж болсон бид хоёр чулуун гэртээ үлдэхэд тэр хүү,
-Заа аав, ээж болгонд хүмүүсээс нуудаг, хэнд ч хэлдэггүй нууц байдаг юм гэлээ.
-Ямар нууц? Тэгээд нууц юмыг чи яагаад мэдэж байгаа юм?
-Би санамсаргүй мэдчихсэн юм. Одоо хоёулаа ч бас тийм нууцтай болно. Чи харин хэнд ч мэдэгдэж болохгүй шүү.
-Тийм үү. Энэ нууц тэгээд манай аав, ээж хоёрт ч байгаа юу?
-Байгаа. Манай аав, ээж хоёрт ч байгаа. Энэ Ганаа эгч, Доржоо ах хоёр ч бас ийм нууцтай. Энэ чинь тэр хүмүүсийн л нууц байхгүй юу. Аав, ээж болсон юм чинь одоо хоёулаа ч гэсэн тийм нууцтай болох хэрэгтэй. Харин чи нууцаа хэнд ч хэлэхгүй гэж амла.
-Хэлэхгүй ээ. Амлаж байна гэхэд минь тэр,
-За тэгвэл би чиний чихэнд хэлье гэлээ. 
Би мөлхөн очиж хошуунд нь чихээд ойртуулахад тэр юу ч хэлсэнгүй. Тэгснээ, 
-Хоёулаа хонины хүмүүс иртэл дугхийгээд авах уу? Аав ээж нар чинь унтдаг шүү дээ гэснээр бид хоёр тэр хүүгийн гэрээсээ авч ирсэн аавынх нь дээлийг нөмрөн хэвтлээ. Тэр хүү байсхийгээд л дээлээ дээш татан толгой дээгүүрээ бүтээж, би байсхийгээд л түүнийг нь доош тийрч, халууцаад байна гэнэ. Тэр ахиад л дээлээ дээш, татаж толгой дээгүүрээ болгоод,
-Нар тусаад байгаа юм чинь ингээд хэвтье гэхэд нь би зөвшөөрлөө.
-Чи тэгээд нууцтай болмоор байна уу? гэж тэр цаанаас нь нар гэрэлтэж байгаа дээлэн дороо хэлэхэд би,
-Мхн гэж толгой дохилоо.
-Чи хэнд ч хэлэхгүй гэж амласан шүү. Нээрээ хэлэхгүй биз?
-Нээрээ хэлэхгүй ээ гэхэд тэр,
-Ингэж унтахыг хэлдэг юм гэлээ. 
-Аан... гээд намайг дээлээ доошоо тийрэхэд өнөө хоёр доороос уралдсаар ирж явлаа. 
Маргааш нь бас өчигдрийн янзаар тэр хоёр толгодын цаагуур малдаа явж, бид хоёр үлдэнгүүтээ өчигдрийнх шигээ дээлээ нөмрөн унтлаа. Гэтэл тэр миний гарыг татаж өөрийнхөө өмд рүү хийгээд харин өөрөө миний өмд рүү гараа шургуулж хоёр хөлийн минь завсар хавчуулчихлаа. Би бүр хөшиж орхив. Яах ёстойгоо ойлгосонгүй. Энэ өдрөөс хойш бид нөгөө хоёрыг малд нь явуулуутаа л ингэж хэвтдэг болов. Нэгнийхээ өмд рүү гараа шургуулаад л хоёулаа хөшчихсөн юм шиг таг хөдөлгөөнгүй амьсгаа давчдан хэвтэнэ. Харин миний хэлгүй болсон тэр өдөр ингэж хэвтсэнгүй. Тэр надад
-Чи яг жинхэнээсээ аав ээжүүд шиг нууцтай болмоор байгаа биз дээ гэлээ. 
Аав, ээжийн нууцууд миний сонирхлыг машид татаж байсан болохоор би толгой дохилоо. 
-Тэгвэл өмдөө тайлцгаая гэснээр бид хоёр дээлэн доороо өмдөө тайлж тэр миний дээр гараад,
-Энэ нууц танай аав, ээжид ч байгаа, манай аав, ээж ч ийм нууцтай. Бүх аав ээжүүд ийм хэнд ч хэлдэггүй нууцтай гэсэн юм.
Түүнээс хойш яг юу болоод байгааг би юуг нь ч ойлгоогүй. Нэг л мэдэхэд хэн нэгэн дээл хуу татахад сэхээ орвол манай ээж байсан. Ээж намайг угз татан босгоход ч би болохгүй зүйл хийснээ ойлгоогүй. Харин нэвширтлээ зодуулаад, ээжийн хөлийн завсраар нэг харахнээ өнөө хүү гэрээдээ гүйж явахад л би болохгүй зүйл хийснээ ойлгосон.  Ээж 
-Төрүүлээд гаргаад ирсэн, алаад булчхаж болох байлгүй гээд л зодоод байсныг санаж байна.  Тэгээд л тэр өдрийн айдас цочрол миний хэлийг авч одсон. Намайг зодуулж байгаад нэг ухаан ороход малд явсан хоёр дөхөж ирээд гайхаад гадас шиг зогсчихсон байсан. Ээж намайг зүлгэн дээгүүр үсдэж чирээд гэрт оруулаад хоёр гарыг минь хананаас хүлж байгаад турсагыг маань хуулсан даа. Ингээд л би хэлгүй болсон. Хөдөө гарсан минь хэлгүйгээс, хэлгүй болсон минь үүнээс л болсон юм. 
 Урцны яндангаар шингэн цэнхэр утаа эгц өөдөө олгойдно. Урцны доохноос ижийгийн 
-Манай хоёр унтаагүй галаа түлж суугаа юм байх даа гэх нь дуулдав. Хариуд нь  төдхөн гадаа хүмүүс хөлөө дэвслэх нь дуулдаж ижий,
-Ууттай юмаа гэр түшүүлээд тавьчих юм уу? Гэрт зай эзлүүлж яахав, маргааш л оруулж ирж янзалъя гэхтэй зэрэгцэн нэгэн хүнд зүйл гэр нүрэн сархийж, хаалга сэвхийн дүү минь харайлган орж ирэв. Бигнэж боосон ороолт, малгайных нь завсраар тунгалаг хоёр нүд харагдана. Малгай нь ялимгүй цантжээ. Дүү орж ирүүтээ,
-Дүү унтчихсан юм уу?  гэв. Намайг толгой дохиход
-Аа унтаагүй бол ганц барилдчихаад унтах байсан юм. Маргааш л болохоос гэнэ. 
Ижий, аав хоёр араас нь орж ирлээ. Аав,
-Миний охин унтаж байхгүй ганцаараа юу хийж шовойж суугаа юм бэ дээ гэхэд нь би “Гал түлсэн, үлгэр уншаад хүлээж байсан” гэж ойлгууллаа. Ижий 
-Өө миний бор охин, дүүгийнхээ хажуугаар ороод эртхэн унтаж байхгүй яасан юм бэ дээ гэж аавын үгийг давтах шахам хэллээ. Ижий нэг гартаа дөрвөлжин хайрцагтай үл мэдэх нэгэн зүйлийг машид болгоомжтой барьжээ. Дотор нь юу байгаа юм бүү мэд. Дөрвөлжин бор хайрцаг. Нэг талд нь цаст уул, түүний дээгүүр нь дөрвөн хоо буга хөлөглөсөн чаргатай өвгөн хүнийг дүрсэлжээ. Дөрвөн буга агаарт дүүлэн ниснэ. Гэвч далавч үгүй. Яаж ингэж нисэж чадаж байгааг би үнэхээр гайхлаа. Өвгөний чарга бидний голын мөсөн дээр гулгадаг, цас мөс зөөдгөөс илтэд гоёмсог. Бүр хүн суудаг суудалтай. Суудал дээр нь ирвэсийн арьс тохоостой. Чарганы толгой нь бугын эвэр шиг угалзраад дундаа гурав мушгирч, суудлаасаа өндийж босон бугаа жолоодон яваа өвгөнтэй чацуу харагдана. Чарганы төмөр нь цул алтаар хийсэн мэт шав шаргал. Хайрцгийн дээр “Шинэ жилийн мэнд хүргэе”, “С новым годом” гэж улаан өнгийн харандаагаар томоор бичжээ. Хайрцгийн нөгөө талд идээшилж буй морьд зуржээ. Дотор нь харин юу байгааг бүү мэд. Их л нандин зүйл байгаа бололтой. Тэр орой аав, ээж бид хэд энэ зүйлийг хаана хонуулах тухай удтал ярилцав. Аав:
-Зүгээр гадаа хураалгатай ачааны тэнд хучаад хонуулчихъя гэхэд ижий,
-Хөлдчих байлгүй дээ. Золбин нохой ирээд сарьчихвал яана. Хулгана огдой ороод юу ч үгүй болгоод хаячихвал аманд ч үгүй, хамарт ч үгүй юм болно гэлээ.
-Тэгвэл гэр дээр тавиад хонуулчихвал?
-Бас ялгаагүй л хөлдөнө шүү дээ. Шөнө салхилж шуурч унагаад шороотой хутгаад хаячихвал хайран юм болно. 
-Тэгвэл тэгээд гэрт хананы толгойноос зүүгээд хонуулахаас өөр аргагүй. 
-Тэгж таарах нь дээ. Өглөө гэр халахаас өмнө гаргахгүй бол хайлаад урсчхаж мэднэ гээд ижий өнөөх бор хайрцагтай зүйл рүү харав. Аав ижийн гараас авч эргүүлж тойруулж хараад хайрцгийнх нь амыг татаж дотогшоо шагайхад дүү,
-Би харъя, би харъя гэж аавын суган доогуур шургав. Би ч бас харахаар хойноос нь чихэлдэн зүтгэхэд ижий
-Хүүе эвтэйхэн гэм. Дараад аль ч үгүй юм хийгээд хаячхуузай. Алив нааш нь аваад ир гэв. Аав, ээж рүү хоёр гардан сунгаад,
-Заа бүү мэд, харагдах л юм алга. Маргааш гэрэлтэйд үзье гэхэд би ижийд “Би харъя” гэж зангаж ойлгуулав.
Мөнөөх хайрцгийн амыг нээж, дотогшоо шагайвал дугуй цагаан юм л тойм төдий харагдахаас өөр юу гэдэг нь мэдэгдсэнгүй. Харин тэндээс тэр гэхийн тэмдэггүй хачин таатай үнэр л анхилж байв. Ижий хайрцагтайг авч бүсээрээ баглаж боогоод хоймрын хананы толгойноос зүүснээ дээлээрээ цуглаж хучив. Бид нар унтахаар орондоо орцгоолоо. Аав хамгийн араар, тэгээд бага дүү, тэгээд би, тэгээд эрэгтэй дүү, тэгээд ээж хэвтэв. Галын цог сайн унтраагүй учир энэ орой маргааш өглөө асаахад бэлэн байхаар ортууз, харгана зууханд хийсэнгүй. Ижий гудасныхаа урдуур дүү бид хоёрын өмдийг өөрийнхөө өмдтэй ивж тавив. Бидний өглөө өмсөхөд дулаахан гэж ижий дандаа ингэж унтдаг билээ. Бас бидний гутлуудыг улавчийг нь гаргаж зуухны арын хананы нүдэнд нэг бүрчлэн хавчуулж гутлуудыг маань давхарлан зуух бахуй доор, заримыг нь түрийгээр нь хананаас хавчуулан тавьдаг нь мөн л өглөөний галд ус чийг нь хатаад өмсөхөд дулаахан байг гэсэндээ тэр билээ. Ижий ингэж хамгийн сүүлд орондоо орж, шинэхэн асаасан лаагаа унтраав. Урцанд хав харанхуй. Гадаа салхи хүүгэхэд яндангийн хажуугаар цас будран гялтганаад хөрөөгүй зуухан дээр бууж час хийх дуулдана. Оронд орсон хойно хэсэг нойр сэрвэлзэв. Манай хэд түрүүчээсээ хурхираад эхэлжээ. Бүх гутлын улавчийг гаргаж хатааснаас болоод урцанд шиврийн нилхийсэн үнэр нэг хэсэг ханх татаад намжив. Тэр хэсэгхэн мөч бол яг л хэн нэгний гутал дотор орчихсон юм шиг санагддаг билээ. Харин тэр үнэр хамарт дасал болж намжсан хойно надад түрүүчийн хайрцгаас гарч байсан сайхан үнэр л санагдаад байв. Тэрхэн зуур оюун ухаан минь балартах шиг л болсон тийм ер бусын сайхан үнэр. Сүү, таргийн ч юм шиг, гэхдээ л цаанаа л нэг өөр, нэн таатай үнэр одоог хүртэл мэдрэгдсээр байсан тул би хайрцаг дотор юу байгаа бол гэхээс өглөө хурдан болоосой хэмээн тэсэж ядна. Би тийнхүү өнөөх хайрцагтай зүйлийн тухай бодсоор унтсан байлаа. Тэр сайхан үнэр зүүдийг минь ч хачин сайхан амттай болгож өглөө. 

Өглөө нь өнөөх хайрцагтай зүйлийн үнэр биш харин хэн нэгний гутал дотор орчихсон мэт үнэр хамар цоргиход сэрэв. Ижий галаа түлэн тогоон дээр цас хийж, дээрээс нь цайны идээ орхив. Зуух тойруулан өлгөж хатаасан бидний гутал улавчнаас гарах шивэр, хөлсний үнэр хийж байгаа цайнд ороод хандлагдаад байх шиг. Галын илчинд дэвтэж гэссэн гутал улам ч амь орох мэт үнэртэж эхэлсэн нь тэр байжээ. Урцанд бүгд зэрэг босохоор багтдаггүй болохоор хамгийн урд талаасаа эхэлж ээж, тэгээд дүү, тэгээд би гэх мэт дарааллаар босдог номтой. Зэрэг босоод бужигнаад эхэлбэл хөл, толгойгоо алдсан юм болно. Тиймээс нэг нэгээрээ хурдхан босоод хувцаслаад гарах хэрэгтэй болдог. Яг л тэр ёсоор манайхан урдаасаа эхлэн нэг нэгээрээ сугарч босож эхэлбэй. Ижий ч тэр дарааллыг мэдэх болохоор бидний өмдийг нэг нэгээр нь галын аманд ээж суудаг. Галын илчээр дулаатгаад надад өгмөгцөө дараагийн босох хүний өмдийг галын аманд ойртуулан ээнэ. Хүйтэн урцанд өглөө босоод жавар нь арилсан, галын халуун илч шингэсэн хувцас өмсөх шиг сайхан зүйл байхгүй билээ. Ижий л ганцаараа хүйт хургасан өмд өмсөнө. Ижийгийн өмдийг галд ээж дулаацгах хүн үгүй. Өчигдөр хайлуулсан цасны ус хөлдөж хонох тул ижий түүнийг ууранд тариа нүдэх шигээр нүдэж цоолоод цай чанана. Би дүүгээ хувцаслаж, эрэгтэй дүү, аав хоёр ар араасаа цувран босно. Өглөө ингэж эхлэв. Ер нь л ингэж эхэлдэг дээ. Өнөө өглөө харин бүгдээрээ л өнөөх хайрцагтайг бодож босоцгоосон байх. Би лав тэгсэн. Аав гаднаас орж ирүүтээ,
-За ор дэрээ хумхия. Гал халахаас өмнө нөгөөхөө задалж үзье гэж хэлээд  хоймрын хананд өлгөж дээлээр бигнэсэн хайрцагтай руу эрүүгээрээ зааж маасайв. Галын өмнө суусан ижий арагшаа харж,
-Өө нээрэн тийм. Гал халахаас өмнө гаргахгүй бол болохгүй байх шүү. Миний хүүхдүүд ор дэрээ хураагаарай гэлээ.
Хоёр дүү минь гадаа гар нүүрээ угааж, аав урцны үүдэнд сууж, би хоймроос галын ам хүртэл хөглөрсөн ор дэрийг захаас нь эвхэж эхэлвэй. Хүмүүс гарсан хойгуур хураахгүй бол бүгд урцандаа шавчихсан үед ор дэр хураахад бөгс эргэх зайгүй болчихдог болохоор энэ үед л амжуулах хэрэгтэй. 
Ингээд энэ өглөөний хамгийн чухал үйл явдал эхлэхэд бэлэн боллоо. Аав дээлэнд цуглаж тавьсан хайрцагтайг хоймроос болгоомжтой басхүү ёс төртэйгөөр авч ерөнхийлөгчийн тамга хүлээлгэн өгч буй мэт ижийд хүндэтгэлтэйгээр барилаа. Энэ эрхэм идээний хайрцгийн амыг нээж гаргаж ирэх хүндтэй үүрэг ижийд ийн ноогдов. Ижий хадганд боолттой бурхан задалж буй аятай гадуур нь цугласан дээлийг эргүүлэн мулталж, миний дөнгөж сая хурааж дууссан ор луу шидээд хайрцагтайг доош нь маш болгоомжтой тавиад, амыг нь нээв. Аав, дүү бид нар хайрцагтайг тойрон нүхнээсээ гарч ирэх тарвага хүлээж буй анчид шиг амьсгаа даран анхааралтай гэгч хүлээв. Ижий хайрцагнаас зугуухан татсаар өнөөх гайхам сайхан үнэртэж асан зүйлийг гаргаж ирлээ. Дүнбэн цагаан бялуу надад урцны хойморт туссан нар шиг л харагдав. Бялууны дээр сахалтай өвгөн хүнийг дүрсэлжээ. Эрэгтэй дүү маань,
-Өвлийн өвгөн! Өвлийн өвгөн! гэж аав бид хоёрын дундуур бялуу руу зүтгэлэн, “Энэ сахал нь, энэ нүд нь, энэ малгай нь, энэ дээлийн энгэр нь” гэхэд бид ч бас дор дороо  “Аан тийм байна. Энэ ам нь, энэ хамар нь байна” гэхчлэн зааж дуу шуу болцгоов. Гагц эмэгтэй дүү маань л юу болж буйг бүрэн ухааралгүй, бидэн рүү нэг, бялуу руу нэг харж зогсоно. Мөнөөх өвгөн төмсөөр хийсэн юм шиг том мантгар хамартай, уруул хийсэн улаан будаг нь арай л хэтрүүлчхэж үү гэмээр эрүү, ам нь тэр чигтээ нялайсан улаан юм болжээ. Өвгөн хүн байтлаа уруулаа будчихсан юм уу гэмээр. Нялайсан улаан уруул амных нь дээр эгц дээшээ мушгирсан сахал мөн харагдана. Аав бялууг харж харж байснаа,
-Энэ чинь Чингис хаан биш үү. Өвлийн өвгөн биш Чингис хаан л байна шүү дээ. Малгай нь яг Чингис хааны малгайтай адилхан байгаа биз? гээд ээж рүү харлаа. Гэтэл ээж,
-Нээрэн тийм ч юм уу? Чингис хаан шиг харагдаж байна. Их хааныгаа одоо яаж иддэг хэрэг вэ, тэгэхээр? хэмээгээд аав өөд ширтэв.  Аав хэсэг бодолхийлснээ,
-Яах юу байх вэ дээ. Зүгээр л зүсээд идчихнэ шүү дээ. Идэх шиг амархан зүйл хаа байх вэ дээ. Ид гэвэл одоо ч идчихье гэхэд ээж,
-Хүүе яаж  тэгж болдог юм. Үүнийг чинь яг гучин нэгний орой иддэг ёстой юм. Түүнээс өмнө ам хүрвэл алдас болох биз гэлээ.
-Аа, алдас болж хаа шальдаг юм! 
-Номтой юмыг номоор нь идсэн нь өлзийтэй байлгүй дээ. Аав, ээж хоёрыг ийн хэлэлцэж байтал эмэгтэй дүү,
-Би лав энэ улаан уруулыг нь иднэ шүү. Аав сахалтайгаараа сахлыг нь, эгч болохоор энэ баруун талын чихтэй хэсгийг, ээж харин зүүн талын чихтэй хэсгийг... гэж ирээд л хуваарилж гарахад ээж, аав хоёр өхөөрдөн хөхрөлдөж эхэлвэй. Бид бялуугаа “Чингис хаан бялуу” гэж нэрлэв. Эрэгтэй дүү өвлийн өвгөн гэдэгтээ итгэлтэй байсан ч эрхгүй олны саналд дийлдэв. Чингис хаан бялуунаас сүү таргийнх ч юм шиг танил үнэр гарна. Тэгтэл ээж гэнэтхэн, 
-Хүүе болохоо байлаа гэж уулгалав.
-Яав? Юу болов? гэж биднийг зэрэг шахуу асууцгаан ээж рүү дүрлийтлээ ширтэхэд ээж 
-Энэ талаасаа хайлж байна! гэж Чингис хаан бялууны зуух руу харсан бөөрийг зааснаа бялууны суурь болгож тавьсан цаасыг даван дэвсгэр лүү урсаж байсан хайлмаг зүйлийг долоовор хуруугаараа арчин авч долоолоо. Бид бүгд ээжийн ам руу харж амьсгаа даран зогсоод ээжтэй цуг шүлсээ залгилаа. Ээж ахин яаран долоовор хуруун дээрээ хайлсан бялууг арчин авч бага дүүгийн аманд хийхэд эрэгтэй дүү бид хоёр “Надаа, надаа” гэж зүтгэлэхэд ээж ахин долоовор хуруун дээрээ тараг шиг цагаан зүйл арчин авч ирж эрэгтэй дүүгийн ам руу, ахин шусхийн шударч авч ирээд миний ам руу хийлээ. Ээжийн долоовор хуруу миний ам руу орж ирээд буцах хооронд би яг л хөхөө хөхөж буй тугал шиг сайн гэгч нь үлгээд авав. Дараа нь ээж мөн тэр хуруугаараа дэвсгэр лүү урсаад орох гэж байсан хайлсан бялууг шүүрэх мэт авч “Үү гоожлоо, гоожлоо” гэсээр  аавын ам руу хуруугаа дүрэн гаргаж ирээд хуруун дээрээ үлдсэн бялууг өөрөө долоочхоод, бялуугаа хайрцаглан гаргав. Хайрцагт хийхийн өмнө Чингис хааны маань царай улам л шалчийж, миний уншсан үлгэрийн Болдоггүй бор өвгөнтэй л тэрхэн зуур адилхан харагдав. 
За за ер нь нэг иймэрхүү л сонинтой доо. Өнөөдөр ортууз түүх нэрийдлээр бишгүй удаан суучихлаа, маргааш уулзъя. 

4.

Өнөөдөр урд уулын энгэрээс цас хамах ээлжтэй өдөр. Би мөн ёсоороо гарч ирчхээд эхний уут цасаа дүүргэж хүргэчхээд, дараагийн уутандаа тал хүртэл нь хийчхээд сууж байна. Өнөөдөр мөн л цас хаялсан өдөр. Өндрөөр мөн л будантай. Манай энд арван хоёр сарын сүүлийн арван хоног байнгын л цас лавсаастай өнгөрдөг юм. Уул нурууд улам бүр сүрдэм өндөр болчих шиг болдог шүү. Цастай өдөр тэртээ дээрийн будан хүдэн дундаас хонины хүмүүсийн орилох, дуулах дуу энд сонсогддог юм. Бараа нь харагдахгүй мөртлөө л дуу нь цуурайтаад байна. Манай муу урц цав цагаан цасан будраан дунд тэртээ доор цагариглан хэвтээ хар нохой шиг харагдана. Ээж намайг хурдан ирээрэй гэсэн болохоор өнөөдөр та нарт их зүйл ярьж амжихгүй нь ээ. Бас би жаахан даараад байгаа болохоор цасаа хурдхан дүүргэж аваад буцлаа. 

5.

Өмнө нь гарч ирэхдээ би энд цас бударч байна гэж хэлсэн дээ. Тэр цас тэр өдөржин, тэр шөнөжин орлоо. Өглөө босоод ирсэн эргэн тойрон дун цагаан. Тэнгэр цагаан саарал, газар цав цагаан. Хотонд хэвтээ хонь ямаанууд дээр цас буугаад тэд ч мөн бөмбийсөн цагаан юмс болчихсон. Аав гарч орж ирчхээд “Лунхайтал даржээ” гэхэд ээж ч мөн гадагш гарч орж ирчхээд “Ёстой л тэгж” гэсэн.  Өглөөд захлаад бэлчиж байдаг мал юун бэлчих манатай. Хотноосоо гарч чадахааргүй их цас унажээ. Ийнхүү хөл хоригдох нь тэр. Бид тэр өдөр малаа бэлчээрт гаргах гэж өглөөнөөс эхлээд үд болтол цас малтлаа. Аав хамгийн том хүрз барин хотны цаад захаас эхлэн цаашаа цас малтаж, ээж хойноос нь үнсний утгуур барьчихсан, түүний наана дүү бид хоёр татуур барин явж, дарсан их цасанд зам гаргаж эхэлвэй. Бидний гаргасан цасан жимээр манай мал цувран бэлчиж хамгийн эхэнд даргар эвэртэй улаан сэрх, түүний хойно сэлмэн эвэртэй хар сэрх, тэгээд бусад нь нэг эгнээгээр бидний хойноос бэлчиж байв. Ихэнх мал нь хотноосоо гараагүй, дарааллаа хүлээн зогсоно. Бид малтсаар гол хүрэхэд цасны зузаан гайгүй болов. Манай мал бидний гаргасан жимээр явсаар гол дээр ирмэгцээ голын мөс даган дээшээ бэлчлээ.  Аав малдаа явж, бид буцаж ирмэгцээ хотны цас арилгав. Мал хотондоо ирэх хэвтрийг нь бэлтгэж байна гэсэн үг. Тээж татаж газар харлуулахгүй бол мал хөлдүү газар хэвтэх хэрэг гарна. Энэ ажилд харин ээж, дүү бид нар бүгд оролцов. 

Маргааш нь цас авах ээлжтэй байсан ч ээж явчихсан. Нөгөөдөр нь ортууз түүх өдөр байсан ч яваагүй. Яах вэ түүж хураасан ортууз байгаа л даа. Гол нь өдөр бүр хэдийг нэмж байхгүй бол нэг л мэдэхэд дуусчихдаг болохоор, бас би та нарт юм ярихын хэргээр л өнжөөд нэг тийшээ гардаг хэрэг.  Тэгээд өнөөдөр харин цас хамахаар гарч ирлээ. Энэ гурав, дөрвөн өдөр их юм боллоо. Хоёр дүүтэйгээ шавайгаа ханатал голын мөсөн дээр тоглов. Тэртээ дээр хонины хүмүүсийн орилолдсоор гулган гарч ирдэг хавцлын үзүүрээс урцны үүд тушаа иртэл гулгаж тоглосоор эцэс сүүлдээ бүтэн хормойтой дээлтэй юм үлдсэнгүй. Ээжээр нэг сайн загнуулж аваад бид гурвын тоглоом наадам жаахан хамжааргатай боллоо. 

Цас орсон өдрийн орой аав малаас ирж, бид тав оройн хоолоо идэж байтал доод хоёр гурван айлын авгай, нөхөр нийлсэн дөрөв, таван хүн манайд гэгээ тасарсан хойно ирлээ. Ирсэн шалтгаан нь ээжийн бялуу гэдэг эрхэм нандин юм авч ирснийг дуулж, түүнийг үзэх хэргээр хар шөнөөр чиг тэр доороос зүтгэж гарч ирсэн нь энэ юм байх. Манай муу умгар урц хүн дүүрлээ. Ижий тэдний гуйсан ёсоор гаднаас хайрцагтай бялуугаа оруулан ирж, дугуйрч суусан хүмүүсийн голд тавиад өөрөө гал халхлан зуух, бялуу хоёрын дундуур орон сууж байгаад бялуугаа гаргав. Чингис хааны маань дүр улам бүдгэрч, осолтгүй л ямар нэгэн хүний дүрс байна гэж л танигдахуйц болжээ. Манай хотны захад нэг хүн чулуу бий. Тэр чулуунд дүрсэлсэн хүний дүр л нэг иймэрхүү тэмдэг төдий балархай болсон байдаг нь санаанд оров. Тэр хүн чулууг хэрээ, шаазгай сангасдаж орхиод, хүний царай нь яг л энэ бялуун дээрх хааны дүр шиг юу нь мэдэгдэхгүй цагаан алаг юм болчихсон байдаг сан. Ирсэн хүмүүс бүгд бялууны дээрээс өнгийж харна. Хойморт суусан аав тэдний хойноос,
-Юуны дүрс байна, таагаарай гэхэд ирсэн хүмүүс бүр ч анхааралтай ажиглаж, өөр өөрийн саналаа хэлэв. Чанх баруун талд нь суусан Жавзан нэртэй, уруул дээрээ том улаан мэнгэтэй эгч,
-Эндээс ингээд харвал манай муу хөгшин цагаан атны толгой шиг л юм үзэгдээд байна даа гэхэд хүмүүс нирхийтэл инээлдэж, зарим нь сониучирхан
-Хаанаас нь тэгж харагдаад байна? гэхэд
-Энэ, ингээд харахгүй юу? Энэ ингээд зогдор нь, энэ хамар нь...
-Тэгвэл энэ голд нь байгаа улаан нь юу юм?
-Аан харин тийм, үүнийг нь оролцуулчихаар болохгүй оргиод явчхаж байгаа золиг юм гэх аж.
Бас нэг нь хажуунаас нь,
-Хүний л дүрс байна шүү дээ. Энэ хар даа, ингээд сахалтай, энэ нүд нь байгаа биз дээ? гэсэнд цөм түүнийг дэмжиж “Аан тийм байна”, “Яг тийм байна” гэж дор дороо шуугилдав. Тэгсэн нөгөө Жавзан эгч,
-Ийм их сахалтай, ийм монтгор том хамартай чинь тэгэхээр хэн байдаг билээ хө? Арай манай Пүрэвээ биш биз? гэж ахиад л инээд наргиан боллоо. Тэгтэл Жавзан эгчийн нөхөр Гэндэн ах арай нэг юм үзэж, нүд тайлсан хүний буурь зааж,
-Ленин багш, агуу удирдагч Ленин багш л юм биш үү. Өөр тийм сахалтай, ийм том хамартай хэн байх вэ дээ гэсэнд бас нэг нь хажуунаас нь,
-Ленин багш чинь халзан толгойтой хүн байдаг биз дээ. Энэ чинь ингээд малгайтай юм байна шүү дээ. Тэгэхээр биш байх аа... 
-Уа золиг, малгай л олоод өмсчихгүй юу гэлцээд манай умгар урцыг хийсгэчих шахам чанга чанга инээлдэв. Хэлтэй сэн бол би ч бас өөрийн саналаа нэмэрлэмээр л байлаа. Даанч хэлье гээд хэл байх биш дээ, надад. Хүмүүс ингэж өөр өөрийн суудлаас харагдсан дүрсээ хэлэн, цэц булаалдаж байтал манай охин дүү,
-Наадах чинь Чингис хаан. Чингис хаан байгаа юм гэж мэдэмхийрэв. Жавзан эгчийн нөхөр,
-Уа тийм үү? Энэ их эд ээ! Чи яаж Чингис хаан гэж мэддэг юм. Хэн чамд зааж өгсөн юм? гэхэд
-Аав, аав тэгсэн юм гэж дүү хөөрцөглөлөө.
-Алив харъя даа. Үгүй ээ ер өө, тийм ч юм уу? Алив Жавзаан хө, чи үүнийг хараач. Энэ ингээд малгай нь, энэ хамар нь, энэ улаан чинь уруул нь гэж ирээд л бялуу руу гараа дүрчих шахан зааж үзүүлснээ тэр заасан хурууныхаа үзүүрийг долоож, шүргэж наалдсан жаахан бялууг амтархаад,
-Урьд ч одоо их хаанаа ингэж идэх нь бүү хэл л байв шүү дээ. Одоо ч цаг төр эргээд юм юм чөлөөтэй сайхан болж дээ.Чингис хааны дүртэй бялуу хүртэл гараад, түүнийг нь бид нар идэх гээд... хэмээн буурь заалаа. 
Бялуун дээрх хүний дүрс улам л хэлбэрээ алдаж, тамлагдан тарчлагдаж байгаа хүний царайгаар хүмүүсийн өөдөөс ширтэнэ. Болдог бол эндээс бушуухан мултарч гарахсан гэж байх шиг надад харагдав. Бас надад тэр хүний дүрс бялууны дээр биш харин бялуун дотроос наашаа тодрон товойж, бялууг зад татан гарч ирэх гэж байгаа ч юм шиг харагдав. Яг л миний дотроос хэлэх гэсэн үгс цээж оволзуулан багтаж яддаг шиг. Их хааны дүр бялууны гүнээс булт үсрэн гарч ирэх гэж байгаа юм шиг. Булшин дороосоо өндийж, хөрс шороогоо түлхээд гараад ирэх гэж байгаа юм шиг санагдаж байв. Ирсэн хүмүүс буцах болоход Жавзан эгчийн нөхөр,
-За тэгээд идэхгүй ч гэсэн их хаанаасаа адис авчихъя гэснээ бялууг хоёр гардан өргөж байгаад духаа хүргэв. Хамт ирсэн дөрөв, таван улс ч мөн ээлж ээлжээр бялуунд мөргөлөө. Тэгээд гэрээс гарч шуугилдсаар голын мөс даган доош уруудаж одов. Тэдний цуугин хөхрөлдөх чимээ удтал тасралгүй сонсогдсоор, айлын ноход хуцалдсаар, тэгж тэгж нэг муу юм унтахын алдад намжиж билээ. Тэднийг явсан хойно аав нэгэн сонирхолтой санал гаргалаа. 
-Ерөөсөө бялуугаа одоо хуваагаад идчихье. Өнөөдөр ч идсэн яалаа, маргааш ч идсэн яалаа. Ямар ч ялгаагүй. Ахиад нэг хоног арчилж бөөцийлнө гэж төвөг. Гэтэл ээж,
-Заа ямар чамаас арчилж тордоод өг гэж гуйж байгаа биш дээ. Номтой юмыг идэх номоор нь л идсэн нь өлзийтэй гэж би эс хэллүү гэнэ.
-Илүү нэг хоног болвол ахиад л хайлж урсаад муудахын нэмэр, хэдүүлээ шинэ жилээ өнөө орой гаргаад бялуугаа задалчихъя. 
-Тэгээд маргааш яах болж байна?
-Яах юу байх вэ. Буузаа жигнэж идчихээд л унтаад өгөхөд болохгүй нь юу байх вэ. 
-Өнөө, маргааш хоёр ялгаагүй юм бол маргааш л идэх ёстой өдөр нь идчихвэл болох юм биш үү?
-Маргааш задлаад сууж байтал аягүй л бол энэ хэд ахиад шуугилдаад ороод ирж мэднэ шүү. Тэгвэл ёстой аманд ч үгүй, хамарт ч үгүй юм болно. Тэгснээс одоо хэдүүлээ сайхан том том тав хуваагаад идчихье. Олон хүний шүлс орсон юм одоо л идэхгүй бол маргааш гэхэд нохойн хоол болно гэж аав үгсэв.
Ээж хариу юм дуугарсангүй хэсэг байзнаад,
-Өнөө орой талыг нь, маргааш талыг нь идчихвэл болчих юм биш үү. Бүгдийг нь нохойн хоол болгохгүй, бас идэх ёстой цагт нь ч ёс гүйцэтгээд идчихнэ. Тэд нар ирвэл ирнэ л биз гэлээ. 
Энэ саналыг бүгд дэмжиж, би бялуугаа оруулж ирлээ. Ээж тэг дундуур нь хувааж, бид өөр өөрийн аягаа барин амьсгаа даран хүлээлээ. Талласан бялуугаа тав хувааж аяга аягандаа авцгаав. Урцны  оройгоор одод гэрэлтэнэ. Бид тав нэг хэсэг чив чимээгүй болж, дор бүрнээ бялуугаа үмхлэн шуухинацгаав. Бялуугаа идэх зуур хэн хэнтэй ч юм ярьсангүй. Ээж л харин дундуур нь “Хайран юм битгий унагаад бай” гэж бялуу чихсэн амаараа уурсан халаглан хэлэхэд амнаас нь бялууны хөвсгөр талхны үртэс дэвсгэр дээр унаж, унамагц нь ижий түүж аваад идэж суусан юм. Бидний дунд лааны гэрэл шаргалтаж, түүний гэрэлд хүмүүсийн царай сүүдэртэнэ. Харанхуй татах урцны хоймрын хана налан суугаад ухаан жолоогүй бялуу үмхлэн суугаа аавын маань царай надад л яг л үлгэрийн ном дээр байсан агуйд хооллон суугаа хүнийг санагдуулсан сан. Тэр агуйн аман дээр нь түлсэн галын гэрэлд агуй дотор ангийн махаар амтархан хооллогч хүмүүсийн сүүдрийг хадан дээвэрт тусгасан байсан шиг ээж, дүү, бидний сүүдэр ч мөн хананд тусан, бид харин түүнийг ч үл анзааран амтархан ховдоглон хооллож байлаа. Аав сахалдаа наалдсан бялууны үртсийг гараараа шудран унагаж, дүү бид хэд аягаа гялтайтал долоож дуусмагц бүгд нэгэн зэрэг шахуу үлдсэн тал бялуу руу нүд унаган харсан юм. Дараа нь аав, ээжий хоёрыг ээлжлэн харсан ч тэд юу ч хэлэлгүй, дуугүйхэн л үлдсэн бялуугаа хайрцаглан хураахад их хааны маань өрөөсөн нүд намайг ширтэх шиг болж билээ. 

Маргааш нь буюу шинэ жилийн өглөөний цайн дээр бид тал бялуугаа идсэн юм. 
-Орой идэх юм биш үү? гэж ээжийг хэлэхэд аав,
-Орой эртхэн унтацгаая. Лаа барж харанхуйд тэгж суух гэж төвөг гэснээр аавын үгээр болсон билээ. 
Тэр жилийн өвөл манайх цагаан сарын өмнөхөн хаваржаа руугаа нүүлээ. Тэгэхэд манайх нуурт хаваржиж байсан юм. Гурван том чарганд урцаа хуваан ачаад, гурван тэмээндээ хөллөж хавцлын гол даган гулгасаар нуурын хаваржаандаа очсон юм. Цагаан сарыг нуурын хаваржаандаа өнгөрөөж, тэр цагаан сарын бэлэг сэлт цуглуулахаар ээжийг явах болоход аав минь,
-Цагаан сар бол монголчуудын шинэ жил. Тийм болохоор нөгөө Чингис хаантай бялуунаасаа аваад ирээрэй хэмээн ижийд ажил болгон аминчлан захиж билээ. Тэр бол 1989-1990 онд шилжсэн шинэ жил, 1990 оны цагаан морин жил гарсан цагаан сар байлаа.

2022 он


МӨ.БАТБАЯР

Сэтгэгдэл хэсэг