Сайн байна уу? Сайн сууж байна уу? Тантай ярилцлага хийх бодолтой байгаа юм аа. Танд зав чөлөө хэр байгаа вэ?. Миний ярилцлагын онцлог бол дандаа хол суугаа хүмүүстэй дагнан хийдэг. Өөр өөр улсад, дэлхийн хоёр бөөрөнд хол суугаа учраас асуулт гэхээсээ харилцан зурвас, захиа хэлбэрээр явагддаг байгаа. Танд монгол судлаач, орчуулагч Абирү Михо гуайтай хийсэн яриаг жишээ болгон явууллаа. Та танилцаад үзээрэй.
Сайн байна уу? Холбоо барьсанд баярлалаа. Ойрдоо завтай байгаа. Энд Коронагийн 2 дахь давлагаа эхлээд дахин хөл хорио тогтоосон. Тиймээс би гэр зуурхан байна. Би одоогоор нүүр номын нөгөө хаяг дээр байгаа. Тиймээс тэр хаягаас чамд хүсэлт явуулъя. Энэ ярилцлагын хэлбэр надад их таалагдаж байна. Илүү бүтээлч, амьд харилцаа шиг санагдлаа.
Сайн. Энд бас бэлэн байдлаа он гартал сунгаад л байж байна. Хоёулаа мессенжирээр бичилцэх үү? Мэйлээр хариугаа өгөлцөж, авалцах уу?
-Энэ чатаар илүү амар. Чи хэзээ ярилцахаар төлөвлөж байна.
Ирэх нэг дэх өдөр эхний асуултаа илгээе.
-Ок асуудалгүй. Би одоо нэг сар гэртээ нам сууна.
Ингээд юутай ч ярилцахаар зөвшөөрүүлж чадлаа. Ирэх даваа гарагт эхний асуултаа илгээнэ. Өнөөдөр Баасан гараг. Хоёр өдрийн зай. Мөд ирэхгүй мэт маш хол . Хурдан нэг дэхь болоосой. Тэр өдрийн үүрийн гэгээ хамгийн сайхан нь байх болно.
Харин өнөөдөр ням гараг. Шөнө. 23:55 минут. Хэзээ мөдхөн даваа гараг руу шилжлээ. Цаг хугацаа өөрийгөө гуужуулан урагшилна. Цаг хугацаа яг могой шиг. Хором бүрт, агшин, эгшин тутамд шинэ цаг хугацаа өөрөө өөрөөсөө мэндэлж байна. Одоо бол маргааш битгий болоосой. Маргааш. Даваа гараг. Илгээх эхний зурвас. Эс хүссэн ч хүссэн ч энх шаргал үүрийн хярааг би үзэхнээ. Нойр хулжчихлаа. Ярилцах хүнийхээ тухай жаахан судлах уу? Эсвэл хав харанхуй ороод л мэдрэмж онгодондоо хөтлөгдөөд ярилцаад явах уу? За сүүлийнхийг нь сонголоо. Энэ нь илүү намар. Маргааш хурдан болоосой. Маргааш битгий хурдан болоосой. Мандах нарыг би үзмээр байна. Бас үзмээргүй байна. Нойр хүрээсэй. Эсвэл битгий хүрээсэй.
Энд 2020 оны 11 дүгээр сарын 03 ны өдрийн 11:37 болж байна. Таны суугаа газар шөнө өдрийн чухам аль нь тохиож, нар сарны чухам аль нь танай цонхоор гэрэлтэж буйг би үл мэднэ ам хагалах асуултаа ийн эхлүүлж сууна.
Энэ намар Сэмбэ ах амьсгал отголж, алсыг зорьлоо, та мэдээж сонссон байх. Хаа нэг газар харц дальдчуулан харгалддаг асан тэр хүнийг бид одоо хаа явсан газраа нууцхан “хайж” явах болжээ. Энэ намар саяхан NISVANIS хамтлагийн “Nis Nis” party боллоо. Эдгээрийн нэн тэргүүнд дурдсан учрыг, ингэж дурдаж байгаад юу асуух гэж байгааг одоо та гадарласан байх. Таны сэтгэлийн уялага болж явдаг энэ хоёртой холбоотой дурсамж таниас “нэхэх” гэж байна. Учир нь та ойр дотно, найз нөхөд явсан хүмүүсийнх нь нэг шүү дээ.
- Манай энд оройн 7 цаг өнгөрч байна. Нар дөнгөж сая жаргалаа. Залгаад бороо орж эхэлж байна. Энэ жил их урт намар болох нь ээ. Модод навчсаа гөвж дуусаагүй. Газраар нэг улаан, шар навч л хөглөрч байна. Тэгээд:
Замын хажуугаар ургасан моддын
Зарим яриа нь сонсогдохгүй байна
Залбирч байгаа цэцэгсийн түрүүч
Тэнгэрт ургаад эхэлжээ... гээд хэдэн мөр хэлхэхчээн болоод л сууж байна. Энэ мөрүүд шүлэг болохгүй ч байж магад.
Хэрвээ, хүний амьдралд утга учир гэж байдаг бол яах аргагүй түүнтэй хамгийн их холбоотой хоёр дурсамжийг надаас “нэхэж” байна. Энэ хоёр бол яруу найраг, хөгжим хоёр юм. Яруу найргаас нь эхэлье. Би 1992 онд сургуулийн хүүхэд байхдаа Эрдэнэтийн “Болор цом”-д томчуудтай өрсөлдөж түрүүллээ. Улаанбаатараас “Сүүдэр царамын цэцэг”-ийг зохиосон “буурал” Банзрагч ах лав ирж шүүж байсан юмдаг. Ах гэдэг нь хожим “Ням гариг” сонинд бид хоёр нэг хэсэг хамт ажиллаж байсан юм. Тэр жилийнхээ өвөл(1992 он) манай Эрдэнэтийн яруу найрагч Баяраа ах намайг аваад хот явлаа. Намайг дагуулаад зохиолчдын хороогоор лав орсон. Дараа нь манай багшийнд очно гээд 13-р хороололд нэг айлд очсон. Тэр нь Нямбуугийн Нямдорж гуай. Би хүүхэд болохоор сайн танихгүй. “Онон хатан ижий”-нх нь хавтсыг л харсан төдий. Яагаад тэгсэн юм, их хүйтэн байранд цагаан толгойтой өвгөн дээлтэй сууж байсан. Ах хүү шил архи гаргаж бариад өөрөө бараг бүгдийг нь уугаад халамцаад гарсан. Өвгөн найрагч жаахан дуу муутай, тавгүй үед нь очсон юм болов уу. Баяраа ах намайг тэр хүнд үнсүүл гээд, өвгөн үнссэн үү эсвэл тэгсгээд өнгөрсөн үү, нэг тийм явдал болсон. Хамгийн гоё нь тэднийхээс гарч ирээд ах хүү “За одоо чи бараг яруу найрагч болчихлоо. Ахдаа ганц юм авч өг” гэж нэхээд...
Тэгээд тэр жилийнхээ “Болор цом”-д ороод хоёрын даваанд мултарлаа. 1993 онд УБИС-ийн утга зохиолын ангийн оюутан болсон. Тэр үеийн яруу найргийн хэмжүүр нь “Болор цом” байсан юм. Оюутан болсон жилээ бас цомд дахиж нэг шалгараад уламжлал ёсоор хоёрын даваанд унасан. Тэгэхэд цомын шүлгийг зохиогчийн нэрээр биш тоон кодоор авч байсан юм. Яг тэр жилийн намар Ц.Доржсэмбэтэй танилцсан. Тэгэхээр Ц.Доржсэмбийнхээ тухай ярихын тулд одоогоос 27 жилийн өмнөхийг сөхнө гэсэн үг. Бараг 30 жил үү? Бид бүгдээрээ хүүхдүүд байсан. Ойлгож байна уу, дандаа 17,18-тай хүүхдүүд. Цаг үе нь бас их хачин таарсан. Нийгэм сууриараа хөдлөөд урлаг бүрэн сүйрчихсэн. Урлагийн аль л сор болсон хүмүүс нь бараг толгой дараалан гудамжинд гарчихсан. Монголын төрийн дууллыг зохиосон өвгөн (Ардын жүжигчин Л.Мөрдорж) амьдрахын эрхэнд хамгийн хайртай ганц төгөлдөр хуураа зарж амь зогоож байсан үе. Бусад нь юу гэж бодсоныг би мэдэхгүй. Би л хувьдаа хот орж мундаг том яруу найрагч болно гэсэн бодолтой л хүүхэд ирсэн. Ийм хачин цаг үед тийм дэврүүн сэтгэлтэй хүүхдүүд танилцаж найзалж нөхөрлөсөн. Тухайн үедээ гоё ч байсан. Яруу найраг гэж үнэхээр сайхан юм байна. Бид хэзээ нэг цагт Блок шиг, Уолт Уитмен шиг галзуу яруу найрагчид, нэр төртэй хүмүүс болно гээд хатуу шийдчихсэн. Би лав “Бороотой цамц” нэрээр анхны номоо гаргана гээд хавтасны зурагаа Мягмарын Амархүү ахаар зуруулаад бэлдчихсэн цүнхлээд явдаг байсан гээд бод доо. Яг ний нуугүй хэлэхэд үхээд ч салахгүй зүйлтэйгээ тэр үед зууралдаж эхэлсэн байдаг юм.
Тухайн үедээ бид яруу найргийг сонгосон гэж дэврүүнээр боддог байсан. Гэвч яруу найраг өөрт хэрэгтэй хүнээ бидний дундаас сонгон авч байжээ гэдэг нь одоо улам бүр тодорхой болж байна. Үүнийг ойлгоход их цаг орсон. Ц.Доржсэмбэ бид нар хамтдаа хэлхэлдээд энэ Улаанбаатарт яваагүй газар, очоогүй дүүрэг, хэсээгүй гудам бараг байхгүй. Орон гэртэй үедээ хамт нэг дор амьдарч, орох оронгүй болоод траншейны хүүхдүүд шиг гадаа хүртэл унтаж үзсэн. Тасганы овоо, Шар хад, Нисэх, Вокзал, Зүүн баруун дөрвөн зам, Зуун айл, Гандан гээд хамт зөндөө тэнэсэн. Би одоо бусдад ая тал засах гэж хичээх, хэн нэгэнд ухаантай хүн болж харагдах гэж өөртөө төвөг удахааргүй насан дээрээ ирээд байна. Тиймээс шулуухан л хариулья. Ц.Доржсэмбэ бидэнд зөвхөн найз нөхдийн хооронд үлдэх ёстой хүнд хэлж ярьж болох болохгүй өчнөөн олон сайн, муу дурсамж бий. Бид маш олон зүйл дээр санаа нэгддэг байсан. Бас маш цөөн зүйл дээр санал зөрөлддөг байсан. Тэдгээр зөрөлдөөний нэг нь энэ амьдрахуйн тухай ойлголт. Тиймээс Сэмбээд хэлэх үгээ би сэтгэл дотроо хадгалсан. Хэзээ нэгэн цагт тэр үгээ түүнд хэлэх боломж олдоно гэж найдаж байна. Яаж амьдарсан нь биш юу бичсэн нь үлдэх учраас түүний шүлэг болон яруу найрагчийн амьдралыг тусад нь ялган салгаж авч үзээсэй гэж хүсэх байна. За баахан урт яриа болох нь уу?
“Nisvanis “-ийн хувьд Л.Энх-Амгалан бид хоёр багын найзууд. Бидний хоёр аав бас найзууд. Тэгээд тогтсон хэв загварт баригдахгүй нэг тийм гажиг юм сэдэж, тухайн цагтаа өөр байх гэсэн эрэлхийлэл амихандаа хийдэг байсан. Тэрэн дээр Б.Галсансүх гэж тэр үеийн ойлголтоор бол бас нэг нийгмийн “гажиг” бид хоёртой ирж нийлсэн. Үнэхээр Галсаа бидний нүдийг нээсэн. Тэр бидэнд яг л торнадо шиг нэг тийм хуйларсан эрчим өгсөн. Сэргээгдэх эрчим хүч гэж хэлэх үү. За, тэгээд “Хүрээ хөвгүүд”, залгаад “Nisvanis “-ийг өлгийдөж авсан нэг тийм цөм оюун санааны учрал тохиол бүрдсэн л дээ. Тэгээд хөгжим миний амьдралын нэг утга учир болсон. Галсаа, Амгаа бидний дуунууд гарсан. Үнэхээр нийгмийн хүлээсийг зад татсан. Сэтгэлгээний хүлээсийг гэвэл илүү ойлгомжтой болох байх.
-Өглөө ажил руу гарч байх даа таны хариуг хүлээн авлаа. Замдаа гэрлэн дохио хүлээж түдэх бүртээ тэсэлгүй утсаа ухаж гаргаж ирж уншсаар дуусгаад үлдсэн замаа таны руу бичих хариугаа бодож алхаж бараад, ажлынхаа ширээний ард сууж үүнийг бичиж байна. Энд яг одоо цонхны гөлмөн хөх төмөр тавцаны цан хайлж хөлөрсөн бага үд болж байна.
Хорь хүрээгүй хар багадаа хэд хэд "Болор цом"-доод авсан нь таныг тайзнаас эрт хөндийрөхөд ач тусаа өгсөн хэрэг болжээ. Хөшигний арын амьдралыг их багадаа мэджээ. Энд тэнд наадам хэсэж, дэвж шавдаггүй тань эрт туулаад гарчихсантай холбоотой юм байна шүү дээ. Гэхдээ ингээд орж байснаа үнэнээр нь хэлж байгаа тань их сайхан санагдаж байна. Манай зарим нэг мундаг яруу найрагчид оролцоод явж байснаа мартаад, ор тас тийм юм мэдэхгүй, сонсоогүй юм шиг "Болор цом" гэхээр хамраа чимхэх нь холгүй аашлах нь хөгийн муухай санагддаг юм.
Таны хариулт надад хүний амьдрал дөнгөж эргүүлж тавьсан элсэн цаг шиг дүүрэн хүсэл мөрөөдөлтэй эхэлж чинагшлах тутам дурсамжийн эзлэхүүн нь эхэсдэг байх нь ээ гэсэн эргэцүүлэл өгөв. Өөрөөр хэлбэл хүн гэдэг хий хүсэл мөрөөдлийг дурсамж болгон хувиргагч “машин”-тай төстэй санагдаж байна. Блок шиг яруу найрагч болох мөрөөдөл тань эдүгээ биелэсэн эсэх чухаг бус, зүгээр нэг тийм мөрөөдөл байсан нь илүү чухал болчихсон ч юм шиг санагдав. Хүнд хүслээ сэдрээж бичих нэг үе, дурсамжаа сэдрээж бичих өөр нэг мөчлөг байдаг юм уу даа. Би таниас юу асуух гээд байна вэ гэхээр уран бүтээлч хүн хүсэл мөрөөдөл дундаа амьдрах, дурсамж дундаа амьдрахын ялгаа салгаа юундаа байна. Учир нь би таныг одоо Блок шиг галзуу яруу найрагч болно доо гэж бодоод сууж байна гэж бодохгүй байна л даа. Угаасаа хүн насан турхруу нэг хүсэл мөрөөдөлтэй явах боломжтой биш дээ. Гэтэл энэ хорвоо ертөнцийн байр огт өөрчлөгдөөгүй нөгөө л нэг янзаараа өрнөж, нөгөө л нэг тэнгэрт нөгөө л нэг шар нар мандаж байгаа шүү дээ. Амьдрал ингээд шинэ содон зүйлгүй, адаглаад хорин хэдтэй хонгор зүстэй үеийнх шиг уншсан шүлгийн ном бүхэн гайхам сайхан байх нь ховордоод, сэтгэл догдлуулах хоёр мөр “ховрын бараа” болчихоор уран зохиол, яруу найраг таны хувьд юу болж хувираад, бичих туурвих эрчим хүч, санаагаа та юунаас олж юунд эмзэглэж, юугаар хөглөгдөж байна вэ?
-Энд өглөө болж байна. Гадаа сүмийн хонх дуугарч байна. Үнэндээ зарим зүйлсийн тухай би сайн хэлж мэдэхгүй юм. Мэдэх зүйлийнхээ тухай мэдэх хэмжээндээ л ярих гэж оролдьё. Кино найруулагч С.Бямбаагийн сүүлд хэлсэн “Уран бүтээл бол ажил мэргэжил биш хувь тавилан юм” гэсэн үг шууд санаанд орж ирж байна. Зарим нэг үг нь өөр байж магадгүй шүү. Яг одоо над шиг хийсэн ажил, гийсэн эрдэмгүй хүнд ийм дүгнэлт энэ тэр хийх нь зөв эсэхийг хэлж мэдэхгүй юм. Баахан зөрчил явж явж одоо нэг сайхан тайвшрал л миний дотор байна. Амгалан сайхан байна. Нэг үеэ бодвол аз жаргалыг одоо маш энгийн зүйлээс олж авдаг болжээ. Францаар “Tête à tête” гэдэг. Нүүр тулах. Өнгөрсөн гэдэг бол үзээд эдлээд дууссан, одоо байхгүй хоосон зүйлс. Ирээдүй бол харин ирээгүй зүйл. Зөвхөн одоо цаг дээр л хүн байдаг. Одоо цагтай л бид харгалддаг. Хамгийн бодит үнэн бол энэ л юм байна.
Явган алхаж, дугуй унаж, амралтын өдрүүдийн гал тогоог эргэлдүүлж, гэрээрээ ширээ тойрч суугаад хооллох л миний үнэн юм. Гал тогоондоо халтайчихаад гурил зуурах зуур хүүхдүүд тойрч гүйлдээд л, нэг байдаг даа. Бусдад бол энгийн л санагдах байх. Надад бол маш үнэтэй тийм цаг хугацаан дотроо би зогсож байна. Энэ бол миний яруу найраг. Зураач байсан бол би одоо уран зураг дотроо амьдарч байна. Хөгжимчин байсан бол энэ бүхэн миний зохиож байгаа хөгжим. Залуу байхад үхлийн тухай их боддог байжээ. Харин одоо бол нэр төртэй, нээх сүртэй, гоё үхэх тухай бодож зогсох сонирхол алга. Ер нь гоё үхэл гэж байдаг ч юм уу.Үхэл бол аймаар клиник үзэгдэл. Амь сэлгэх эцсийн мөчид хүн яаж баас шээстэйгээ хутгалдаж ямархуу янзаар амь тавих нь биднээс огт шалтгаалахгүй байхгүй юу. Үүнийг одоо л дөнгөж ойлгож байна. Тийм мэдээжийн, зайлшгүй зүйлсийн тухай бодох нь тэнэг хэрэг. Цаг хугацааны хаа нэгтэй таг зогссон хүн л дурсамж дотроо амьдардаг байх. Минийх харин зогсоогүй байгаа. Тэгэхээр би бас бодож л байна. Жинхэнэ мөрөөдлүүд маш энгийн зүйлс байдаг юм байна аа гэж.
-Энд цас хялмаалсан өдөр эхэлж байна. Тэнгэр мөд гийх янзгүй.
Нээрэн энгийн зүйлсээс хүртдэг аз жаргал энгүй сайхан шүү. Ус зөөж, түлээ хагалж, моринд өвс тавьж, ээждээ буузны мах татаж өгөөд л. Гэхдээ яагаад ч юм надад таныг дурсамж дотроо амьдарч байгаа хүн гээд хэлчихсэн юм шиг гэмтэй мэдрэмж төрөөд байгаа болохоор энэ сэдвээ түр хойш нь тавиад таны эхний хариултаас өөр нэгэн сэжүүр татаж энэхүү яриагаа үргэлжлүүлэхээр шийдлээ.
“Нисванис” хамтлагийн “Сэтгэгдэл” өөр бас юу билээ би нэрийг нь мартаж “СААРАЛ ҮЕ” цомогт байдаг нэг дуу таныг шүлгээр бүтсэн байдаг. Гэхдээ би Нисванасийн “Миний Нирвана” -г зориуд онцолж яриасай гэж хүсэж байна. Энэ дууны шүлэг таны “Гүзээлзгэний амьдрал” түүвэрт байдаг.
...Эндхийн амьдрал зүүд юм.
Эргээд хэн ч түүнийг санахгүй.
Санахгүй байх тусмаа сайхан санагдах
Сайхан зүүд юм...С.Анударьт зориулсан шүлэг гэж ойлгоод байгаа. Нисванисийг тодорхойлж, төлөөлж болохуйц бүтээлүүдийн нэг гэж санадаг. Та өөрийн дуунууд бүтсэн түүхээсээ хуваалцаач.
-Бид нар залуу насныхаа нэг хэсгийг дуу болгосон. Одоо эргээд сонсоход багтаж ядсан энерги л нүргэлж байдаг. Хэрчээд, хэрчээд л... “Nisvanis” бол хөгжим, аялгуу, дуугаралт, хэмнэл, дууны үг, тоглох арга барил гээд бүгд цоо шинэ байсан. Одоо ч хуучраагүй. “Миний Нирвана”-гийн хувьд анх уг шүлэг нь арай өөр байсан. Тэгээд бага зэрэг өөрчлөөд дуу болгосон юм. Би үгийг нь бичсэн болохоор онгирч байгаа юм биш. Үнэхээр хэд ч сонссон уйддаггүй дуу. Бас л бөөн кайф. Рок хөгжим бол үзэл санаа тийм үү. Тэрнээс зураг шиг бүсгүй, хултай айраг энэ тэр бол биш л дээ. Амгаатай би овоо хэдэн дуу хамтарч хийсэн юм байна.
Яг цомогт орсон нь бол: “Би тамхиа татаад дуусч байна”, ”Мөрөөдөл”, “Миний Нирвана”, “Сэтгэгдэл” зэрэг дуунууд бий. “Нирвана”-г хоёр янзаар нэрлэдэг. Эхний утга нь мэдээж амар амгалан. “Nisvanis »-ийн яг эсрэг үг, Буддын ойлголт. Нөгөөх нь гудамжны хэллэг, “өвс” зарахад “Нирвана байна уу” гэх мэтээр жаргон маягаар ярьдаг. Манай шашин амьдралыг зовлон гэдэг. Эсрэгээр нь амьдрал, түүнээс үнэтэй амар амгалангийн тухай дуу юм уу. Зохиож байхдаа бол иймэрхүү маягаар огт бодоогүй ээ. За нэг ая, эсвэл үг байна. Яахав, тэгээд нэг юм болгох уу гээд л... “Үл таних охин” гээд бас нэг дууг “Oxygen”-ий залуучууд сүүлд тун дажгүй дуулсан байна лээ. Дуучин Оюунбилэгтэй “Санаандгүй учрал”, Отгоотой хамтраад “Chili out” цомог дээрх хэдэн дуун дээр нь ажилласан. Сүүлд “Гүзээлзгэний амьдрал” гарсан. Гэх мэтээр бас бус дуунууд бий. “Мөрөөдөл” гэж их хөгжилтэй дуу. Ахиад хэзээ ч архийг амсахгүй, амьдралаа бодно, гадуур тэнэхгүй, охидын тухай огт бодохгүй гэсэн үгтэй. Үнэхээр мөрөөдөл биелдэг юм байна гэдгийг би мэдсэн. Яагаад гэхээр би архи уухаа больсон. Тамхинаас гарсан. Харин охидын тухай л бодохгүй байж ер чадахгүй байна. Яагаад гэхээр одоо би охидуудтай. Гараа халаасандаа хийх завгүй хоёр гартаа тортой хүнсээ бариад гүйж явна.
-Өнөөдөр даваа гараг. Харилцаж эхлээд яг долоо хоног болжээ. Амралтын өдрүүд таараад хариугаа одоо л завдан бичиж сууна. Бидний сонсох дуртай олон дуу таны шүлгээр бүтсэн юм байна шүү дээ. Сая л мэдэж авлаа. Манай уншигчид ч мөн тэгсэн байх. Надад ч бас залуу насныхаа амьдралыг дуу болгох хүсэл байдаг шүү. Даанч тэгээд дуу гэдэг яг үр хүүхэд шиг заяахгүй үедээ заяадаггүй сонин эд байдаг бололтой.
Гараа халаасандаа хийх завгүй тортой хүнс бариад дэлгүүрээс дэлгүүрийн хооронд дэгдэж яваа сайн аавын дүр таны сүүлийн номноос нэвт тодорч байсан шүү. Тэгэхээр та өөрөө тэгж өөрчлөгдсөн болохоор таны шүлгүүд тийм байж л дээ. Ингээд бодохоор хүний уран бүтээл эзнээсээ өөр байна гэж байдаггүй юм байна бодогдож байна, тийм үү? Тийм болохоор л олон хүмүүс эхлээд сайн хүн болж байж сайн уран бүтээлч болно гээд улиглаад байдаг байхнээ.
Саяхан Парис яваад ирлээ гэв үү? Та ингэхэд ямар хотод суугаа билээ. Франц бол дэлхийн урлаг соёлын төв шүү дээ гэж олон хүн ярих юм билээ. Очоод хэдэн жил болчихов оо, нилээн удчих шиг боллоо. Ер нь харь газар, шинэ орчин, хахь танихгүй хэл соёлтой хүмүүсийн дунд очих уран бүтээлчид хэрхэн нөлөөлж байна вэ? Дээрээс нь нүүдлэчидийн хотоос суурин соёлын эртний түүхтэй буурал европт гээд бодохоор их л хөндий сонсогдож байна. Гэхдээ энэ газрын олон сайн сайхан зүйл танд болоод танай гэр бүлийнхэнд ач тусаа өгч байгаа гэж итгэж сууна.
За асуух гэсэн зүйлээ тойруулаад баахан далийчихлаа. Таны шүлгүүдийг уншихаар надад “Нарсүмбэ”-ээр тоглож байгаа юм шиг санагдаад байдаг. “Нарсүмбэ” гэхээр та мэдэж байна уу? Нөгөө нэр нь “Монгол түлхүүр”. Хүмүүс “Диваажингийн оньс” гэхээр андахгүй. Цагариг бүр нь арын цагаригаа гинжилсэн загасны хайрс мэт хоорондоо холбогдсон 9 цагариг бүхий тоглоом. Таны шүлгийн мөрүүд яг тийм хоорондоо салгаж боломгүй. Нэгийг нь сугалаад авчихвал нураад унчих юм шиг санагддаг. Мөн таны шүлгүүд яг бидний өдөр тутмын амьдрал шиг дэндүү ойлгомжтой, дэндүү энгийн атлаа цагаа тулахаар маш эдрээтэй санагдаад байдаг нь мөн л нөгөөх энгийн атлаа ээдрээтэй тоглоомыг санагдуулдаг. Тэр тоглоомын тухай нэгэн домогт энэ хорвоогоос халисан хэн бүхэн тамын орныг туулдаг. Тамын орон нь газар доор орших 9 үетэй, үе бүр нь өөрийн гай зовлон тохионо гэдэг. Тэгэхээр тоглоомын есөн цагариг нь тамын есөн оронг бэлгэдээд тэдгээрийг тайлж чадсан нь тамаас бүрэн чөлөөлөгдөж диваажинд буюу энхжингийн оронд очиж аз жаргалтай амьдарна гэж үздэг. Таны шүлгүүд яг тийм амьдралын оньсыг тайлж байгаа юм шиг. Амьдралын утга учрыг таниж тайлчихаад дээрээс харж байгаа ч юм шиг санагддаг. Та өөрийн яруу найраг хийгээд түүний бүтэж бүрэлдэх үйл явцын талаар бидэнд хуваалцаач.
-Би Парисаас холгүйхэн оршдог Францын эртний нийслэл хотод амьдарч байгаа. Түүхийн хувьд манайхаар бол Гурван голын бэлчир гэдэг шиг газар. А.Дюмагийн романд их гардаг. Би үе үе ямар нэгэн ажил өөртөө “зохиож” олоод Парис орж дураараа сайхан тэнэх дуртай. Дарамын Батбаяр багш “Парис явж зохиолч болдог юм аа” гээд байсны учрыг одоо л ойлгож байна. Очирын талстууд шиг нуугдмал байсан уран бүтээлчийн дотоод ертөнц энд нээгдэн ил гарч улмаар гадаад ертөнцөд бүрэн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд өсч торнидог. Энд танигдсан байхад дэлхийд танигддаг нэг тийм бичигдээгүй хууль эсвэл зүй тогтол байна. Миний хувьд дэлхийн урлаг соёлын зүрх нь Парис, Франц гэж боддог. Айхтар шүншиг гэх үү. Тийм зүйл шингэсэн газар. Одоо ч тэр бууриа алдаагүй л байна. За нэг жишээ. Парисын Монпагнасс дүүргийн 171-р өргөн чөлөөнд “La Closerie des Lilas “ гэж маш алдартай ресторан бий. Бас нэг их том зоогийн газар биш ээ. Гэхдээ агуулгын хувьд үнэхээр том газар. Энд дэлхийн бүх сонгодгууд хэд хэдэн үеэрээ цуглаж зураг, дуу хуур бүтээл номоо ярьж эсвэл зүгээр л ирэх дуртай байж. Энд Скотт Фитцжералд “Агуу Гетсби” зохиолынхоо гар бичмэлийг бариад чанга дуугаар дуудан сууж байжээ. Түүний ширээнд хэн сууж байсан гээч. Эрнест Хэмингуэй. Бас би...(гэж өөрийгөө онгироож суух сайхан байдаг юм).
Моньегоос авахуулаад Модельени, бүх имперсионистууд үүгээр хөлхдөг байсан. Энэ газар уран зургийн ерөөсөө урлагийн “Мандах нар” гэж үнэн. Яруу найрагчдаас Поль Вэрлен, Артур Рембо, Парисийн уугуул Шарль Бодлер, түүнээс 19 дүү Эмиль Золя, Оскар Уайльд, Саммуэль Бекхэтт, Эзра Фаунд, тэгээд миний хамгийн хайртай Сартр гээд энэ дэлхийд нэр алдар нь түгсэн бүх “бурхад” энэ зоогийн газарт ирдэг байжээ.
Тайлбар: Франц. Турс хот. Найрагчийн гэрт. Баруун гар талаас яруу найрагч Б.Эрдэнэсолонго, зохиолч Х.Болор-Эрдэнэ, Мө.Батбаяр нар (2023 он)
Харин манай гэрийн хажууд О.Бальзакийн хороолол байгаа. Аймаар баян зохиолч манай хотод суурьшин амьдрахад нь хотын захиргаа газар өгсөн юм билээ. Бальзак тэр газар дээрээ элит баян тансаг хороолол барихад их анхаарсан. Өөрөө ч нэг хэсэг амьдарч байсан. Гэхдээ энэ нь бидний мэддэг гэрэл гялбасан тансаг хороолол биш шүү. Язгуур угсаа сурвалжит хүмүүс нь цугласан, дундад зууны сүүл үеийн хэв маягтай, цэцэрлэгүүд нь хүртэл эртний тэр янзаараа, огт хуучин санагддаггүй. Энд хүмүүс нь хоорондоо Альберт Камьюгийн өргөн чөлөөнөөс автобусанд суугаад, Эмиль Золягийн гудмыг нэвт яваад Анатоль Франсийн буудал дээр буугаарай. Эсвэл, Сартрын гудамны цаадтайх мухлагаас талх, Жорж Сандийн тойргоос ганц хайрцаг тамхи аваад ирээрэй гэхчилэн ярьдаг л даа. Гэхдээ, гэнэт маргааш өглөө утас дугараад 99-тэй дугаараас дуудлага орж ирснээ:
-Хөгшөөн би 4-р дэлгүүр дээр явж байна. Цагийн дараа “Бөмбөгөр” дээр уулзья. Залгаарай гэж хэлэх юм бол тэр дуудлага надад ухаан балартам тансаглал байх болно.
Тэгээд яахав, түм түжигнэж бум бужигнасан ийм нэг газар эх орноо санах зуурт юмаа бичээд таван жил болчихлоо. Үхэж байгаа хүнд ч зорилго байдаг учраас надад бас бодол байна. Шүлгийн ном маань Ш.Урантуяагийн орчуулгаар франц руу хөрвүүлээд бараг дуусч байна. Өөр бас оролдож хийж байгаа юмнууд бий. Энд хүлээн зөвшөөрөгдөх нь туйлын хэцүү, бараг боломжгүй зүйл хэдий ч би уйгагүй оролдсоор л байх болно.
Миний шүлгийн тухайд үнэндээ яг ингэж нарийн харсан, түүнийгээ ил цагаан хэлж байгаа анхны хүн нь чи болж байна. Бусад нь яагаад ч юм хар цагаан огт юу ч дугардаггүй. Миний юу илэрхийлэх гээд байгааг огт мэддэггүй, эсвэл мэдсэн ч зориуд хэлдэггүй ийм хоёр төрлийн хүмүүс л надтай таардаг юм байна, одоо бодоход... Нэг зүйлийг би шууд хэлэх ёстой байх аа. Яруу найраг үргэлж миний өөрийгөө илэрхийлэх хэв маяг байсан. Тэрнээс амьдрах арга хэрэгсэл байсангүй ээ. Би зурагт, сониноор нэг их гардаггүй. Элдэв хэл ам таталсан шүүмж, магтаал бичдэггүй. Тиймээс айхтар нэртэй биш.
Шүлгийн тухайд би яг юу гэж хариулвал оновчтой эсэхийг бодож байна л даа. Би өөрийн хэвлүүлсэн яруу найргийн гурван номд орсон бүх шүлгэндээ үнэ цэнэ, өөрийн хувьд байж болох бүх ур чадвараа шингээсэн. Яруу найргаар дамжаад миний (хүний ) сэтгэлийн төвөгтэй бүтцийг энд тэндээс нь эсвэл нэг нэгээр нь ойлгож барьж тэмтэрч мэдрээсэй гэсэн хүлээлт байсан. Одоо ч тийм хүлээлт байна. Бичиж байхдаа би хамгийн дуртай тоглоомоороо тоглож байгаа хүүхэд шиг байдаг. Өрөөд угсраад, нураагаад, дахиад өрөөд л... Миний дотор нялх хүүхэд, зөнөх шахсан өвгөн, аймхай хөвгүүн, дүрэлзсэн гал, үнс нурам, итгэл болон цөхрөл л байдаг. Замд танихын эцэсгүй болтол төөрч төөрч нэг юм гэрээ олсон хүн шиг... Яруу найрагчийн тухайд, юуны өмнө Д.Намдаг гуайн уран бүтээлчийн хоёр цээрийг би хэлнэ. Нэгд, өөрийгөө бүү хуул (давт). Хоёрт, бусдыг бүү хуул (давт). Гэсэн алтан зарчмыг барихыг хичээдэг. Ялангуяа яруу найрагчид бол эх зохиогчид юм. Зохиох биш бүтээгчид юм. Үүдэл санаа, анхдагч үзэл санааг тээгчид гэвэл илүү тохиромжтой юм уу.
-Сонсохоос чихэнд чимигтэй сайхан юм. Та чинь Бурхадын орон, хот мандал шиг л газар суудаг юм байна даа. Энэ амьдралдаа хүн их юм үзэж амжих биш дээ, ядаж Франц тэнгэрийг нэг хармаар юм санагдаж байдаг шүү. Газар орны шүншиг гэж байдаг биз ээ. Күй ээ, нээрээн явж очоод А. Камьюгийн өргөн чөлөөнд эсвэл Сартрын гудманд тантай цаг товлоод хүлээгээд сууж байвал сайхнаа даа, тийм ээ. Улаанбаатар минь ч бахь байдгаараа л хөлөө олох гэсэн хүмүүсээр дүүрэн нүүдэлчдийн хот. Одоог хүртэл эсгий хот хэвээрээ л байгаа санагддаг юм. Эсгий хотоос-цемент нь хот руу эрчимтэй шилжиж байна даа. Ирээгүй байгаа, ирж яваа цаг хугацаандаа л их найдах юм даа, би болоод эндхийн хүмүүс.
Франц руу бүтээл тань гарч байгаа тун олзуурхам хэрэг байна. Манай уран зохиолд яах аргагүй хоёр дахь хэлээр бичдэг зохиолч, дэлхийн хэл рүү орчуулах орчуулагч дутуу байна. Гэхдээ хамгийн гол нь сайн бүтээл төрөхгүй байгаа нь нууц биш. Манай романууд гэхэд л ганцхан “ түүхэн роман” гэсэн ангилал дээрээ гацаад хэд ядан жил болж байх жишээтэй. Гэтэл роман гэдэг юу ч багтаж болох том сав шүү дээ. Гэхдээ яахав үлдсэн тэр хоосон орон зайг орчуулгын зохиолууд нөхөөд байх шиг байгаа юм. Яруу найргийн хувьд бол харин өөр. Яруу найрагчид болоод уншигчид ерөнхий дөө хоёр хуваагдчихсан байгаа нь илт анзаарагдах боллоо. Яруу найраг нь “морь малтай” одоог хүртэл хамааралтай байгаа нэг хэсэг хүмүүс түүнийг дагасан уншигчид, нөгөө хэсэг нь яруу найраг нь “морь малаас” салсан нэг хэсэг яруу найрагчид ба тэднийг уншигчид гээд ангилчихвал таны төсөөлөлд буучих байх. Энэ маш эерэг чиглэлтэй шилжилт болж байна гэж би харж байгаа. Гэхдээ л юу ч бичсэн эцсийн эцэст монгол хэлээр туурвиж байгаа цагт найдвар маш бага гэдэг нь ойлгомжтой. Дээр нь аливаа улс орны урлаг, уран зохиол эдийн засгаа дагаж хүчирхэг болдог болохоор гадаадад гацсан хүмүүсээ ч татаж авч чадахгүй байгаа, хар саарал жагсаалтанд орж гарсан сул эдийн засагтай улс орон болохоор дагаад уран зохиол ч ийм байгаа байх.
-Сэтгэл хүрсэн газар хөл хүрнэ дээ. Нэг сайхан өдөр уулзахын ерөөл тавья. Монгол гэж найгүй хоцрогдсон ядуу улс, монгол хүн гэж ертөнцийн адаг гэсэн ярианд би дургүй. Хүн эх орноосоо бие нь холдох тусам сэтгэл нь ойртдог. Харьд байгаа хүнд бусдаас ирэх сайн, муу бүх хандлагыг тэсч тэвчих, өрсөлдөөнд заавал ялж гарах гэсэн ганцхан тулгалт л ирдэг. Тэгээд ирэхээр өөрийн эрхгүй “би” гэсэн амбиц, эго хор шартай болдог. Ази хүнийг дэлхийн хаана ч явсан “Хөөе хятад аа” гэж дууддаг. Гэх мэтийг үзээд ирэхээр хар аяндаа нэг тийм дархлаа суудаг байх. Монголыг би 13-р зууны нүүдэлчин хэв маяг, орчин үеийн суурин амьдрал хосолсон ази, европ хоёр соёлын уулзвар дахь маш сонирхолтой улс орон гэж уулзсан хүн бүртээ хэлдэг. Бас дандаа “Би хятад биш” гэж хэлэх хэрэгтэй болдог.
Өөр нэг жишээ гэвэл, Дауны синдромтой хүмүүсийг анх оношлохдоо уг өвчний нэрийг “Монгол усан тэнэгрэл” гэж нэрлэсэн юм байна. Монгол хүний жартгар нүд, хавтгай нүүрийг ийм синдромтой хүнтэй адилтгасан хэрэг. Англи доктор Жон Лангдон Дауны 1860-аад онд хийсэн энэ нэршил одоо ч үргэлжилж, Америк, Европын улс орнууд тэр чигээрээ ерөөсөө өрнө дахинд “Монгол” гэвэл шууд “дебиль”, “илүүдэл хоромсомт” гэж ойлгогддог юм байна. Саяхан бас нэг Бельги тамирчин (formula) хамтрагчаа телевизээр “тэнэг, дебиль Монгол оо” гэж хараалаа. Францаар “Би Монгол” гээд хэлбэл шууд нөгөө утгаар нь өвчтэй гажиг хүн гэж ойлгочих гээд байдаг. Тиймээс хүнтэй танилцахдаа “Би Монголоос ирсэн” гэж заавал хэлдэг. Таныг, бүхэл бүтэн улс үндэстнээр нь ”Оюуны хомсдолт оо”, “Илүүдэл хромосомт оо” гэж дуудах ямар вэ? “Монголойд” гэж энэ нэршил бүр олон улсын анагаахын хэллэгт хэвшиж тогтсон байсныг манай улс хэзээ хойно НҮБ-д хандаж эсэргүүцэл бичиж байж хориглосон түүхтэй юм байна. Гэвч одоо болтол хэлж л байдаг. Тэгэхээр чи өөрөө өөрийгөө хайрлахгүй, дээдлэхгүй бол хэн ч чамайг хайрлахгүй, хамгаалахгүй. Доромжлон бах таваа хангасаар л байх болно. Үүний эсрэг тэмцдэг, Шотландад амьдардаг Ууганаа гэдэг бүсгүйн санаачилга, тэдний “Mongol identity” байгууллагын ажлыг монгол хүн бүр дэмжиж өгөөрэй гэж хүсье. Энэ ямар ч мөнгөний төсөл биш Монгол хүн бүрт хамаатай, улс орноо өмгөөлсөн сайн дурын ажил юм шүү. Уг нь энэ бол монгол төр, манай гадаад яамны хийх ажил юм.
Асуудлын гол нь монгол хэлээр бичиж байгаадаа биш ээ. Монгол зохиолчдоо ч байгаа юм биш. Монгол хүн юу ч хийсэн огт үнэлэгддэггүй тогтолцоондоо байгаа юм. Монгол хүн хаана ч үнэгүй байна. Монголдоо бол бүр хог. Хаа ч очсон “Чи монгол хүн болж төрсөн үү. Тэгвэл хохь чинь” гэж байна. Нэг монгол нь нөгөөгөө үнэлж хүндэлдэг болсон цагт дэлхийн бусад хүмүүс биднийг үнэлж хүндэлнэ.
Өнгөрсөн хугацаанд манай уран зохиолд өрнө, дорнын хэлнүүдээс монгол руу асар их орчуулсан юм байна. Одоо эсрэгээрээ Монголын уран зохиолыг гадагшаа, бусад хэлнүүд рүү сайн хөрвүүлдэг чадалтай орчуулагчид ус агаар шиг хэрэгтэй байна. За, одоо дэлхий, мэлхийгээ больё. Ядаж хойд урд хөршдөө, тэр том зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн нэг нэг зохиолчтой байж яагаад болохгүй гэж. Ийм боломжтой шүү дээ.
Хатуу сонсогдож магадгүй шүү, уучлаарай. Монголын уран зохиол яг өнөөдөр бөөс хуурсандаа бариулчихсан байгаа. Маш бэртэгчин, тун увайгүй, хамгийн гол нь огт чадваргүй хүмүүс энэ уран зохиол гэдэг талбарыг бүрэн эзлээд авчихсан байна лээ. Дурын нэг сонирхогч цавчиж орж ирээд ямар ч хамаагүй аргаар таван төгрөг хийх гэж чичирч дайрдаг хар зах болж хувирсан. Юун уран зохиол. Юун сэтгэлгээ. Юун ур чадвар. Бараг өдрийн нэг “роман” хэвлэгдэж гарч байгаа юм биш үү? Мэддэг чаддаг, алдаа завхралыг нь засаад залаад явчих боломжтой хүмүүс нь энэ байдлаа тэгээд болж байна гэж үзээд эвлэрч байгаа бол би үнэндээ юу хэлэхэв дээ. Харамсалтай л юм. Хайран юм.
Соёлын яам гэж байгуулагдсан. Тэгэхээр миний бодлоор тэндээс мөнгө нэхэж аваад Монголын уран зохиолыг гадаадад сурталчлан таниулах ажил хиймээр байна. Сайн орчуулагч бэлдмээр байна. Байгаа орчуулагчдаа урамшуулж дэмжих хэрэгтэй. Ганц уран зохиол биш урлагийн бусад боломжуудаа ч бас шавхаж дэлхийн том зах зээлд монгол үндэсний контентуудаа нийлүүлмээр байна. Дэлхий уг нь Монголыг сонирхоод л байна. Монголын гадагшаа чиглэсэн соёлын экспортыг хийхдээ гадны улс орнуудад ажиллаж амьдарч байгаа Монголын соёлын элч нар болон тэнд байгаа чадвартай, мэдлэгтэй монгол хүмүүсээ татан оролцуулмаар байна. Тэгж чадвал бид алт, зэс, нүүрснээс гадна орлогын бас нэг том эх үүсвэртэй болно гэсэн үг. Монголын Ариунбаатар дэлхийд үнэлэгдсэн. Амартүвшин гээд бас нэг “аварга” Италид байна. Гадаад зах зээлд маш чимээгүйгээр хөдөлмөрлөөд явдаг зураач нар болон кино найруулагчид бас байна. Монгол рок хамтлаг монгол хэлээрээ дуулж “Billboard”-ын жагсаалтыг тэргүүллээ. Зүүд байсан ш дээ, энэ. Бараг сүржин хүнд бол Чингис хаанаас хойш монголчуудын хийсэн хоёр дахь (соёлын) том байлдан дагууллыг “The Hu” хийчихлээ. Дэлхийд гарна гэдэг бол сэр Элтон Жонн дөнгөж анхны цомогоо гаргасан монгол хамтлагийн залууст захиа бичих, “Металлика”-гийн ах нар нь тэдэнд виски бэлэглэхийг хэлдэг юм байна л даа. Бид нар ч үүнийг нь үзэх хувьтай улс юм байна. Өөрөөр хэлбэл, Монголын урлагт гадаад зах зээлд өндийх зурвас үе иржээ. Яг ийм боломжин дээр нь дэмжсэн шиг дэмжээд өгвөл эхний хүмүүсийнхээ гаргасан замаар үргэлжлүүлээд бүр олон монгол залуус явна гэсэн үг. Тийм хүч тэнхээ, урам зориг олж авна. Тэгэхээр монгол хүн, монгол хэлээр бүтээл хийхэд асуудал байхгүй. Ганцхан тэрэн дээр гарааны хөрөнгө оруулалт, нэмэх нь сайн менежмент л дутагдаж байна.
Энэ мөн урт яриа болох нь ээ. Миний “Зун шиг...” яруу найргийн номын өмнөтгөлд С.Энхбаяр багш “Хамгийн сайхан, хамгийн итгэл найдвар төрүүлдэг цаг бол ирж буй цаг” /”Библи” шинэ гэрээ/ гэж бичиж өгсөн юм. Манай уран зохиолын ирж яваа цагийнханд зориулж хэдэн үг хэлье. Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай телевизийн ярилцлагадаа нэг үг хэлсэн. “Миний бодлоор бол Монголын уран зохиол, яруу найргийн үечлэл нь арав арван жилийн давтамжтай ирж байх шиг санагддаг” гэж... Уран зохиолын шинэ үе бүхэн 10 жилийн давтамжтайгаар хүчтэй тэсэрч гарч ирдэг зүй тогтлыг буурал найрагч онцолж хэлсэн байсан. Үнэхээр ч тийм. За, 60-аад он Бэгзийн Явуухулан, Сэнгийн Эрдэнэ , Лодонгийн Түдэв гээд эхэлнэ биз дээ. Үргэлжлээд Л.Ванган, Мишигийн Цэдэндорж, Рэнчиний Чойном, Нямбуугийн Нямдорж, П.Бадарч, Шаравын Сүрэнжав, Дэндэвийн Пүрэвдорж гээд яг хэдэн онд төрснөөсөө үл хамаараад нэг үе болоод явах байх. Дараагийн 10 жил буюу 70-аад оныхон, Бавуугийн Лхагвасүрэн, Дамдинсүрэнгийн Урианхай, Дарамын Батбаяр, Д.Цоодол, Л.Дашням, Б.Догмид, Ц.Доржготов гээд нэрлэгдэнэ. Тэгээд 80 он, Очирбатын Дашбалбар, Данзангийн Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, Далхаагийн Норов, Пүрэвжавын Баярсайхан, Доржзовдын Энхболд гээд явна, мөн үү? Залгаад (90-ээд оныхон) Баатарын Галсансүх, Ц.Бавуудорж, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Ц.Хулан, Б.Ичинхорлоо гэх мэтээр үргэлжилнэ. Үнэхээр 10 жилийн давтамжтайгаар цоо шинэ тэсрэлт, өөр бүтээл, өөр хүмүүс, тэдний өөрийгөө нээсэн, зарласан тулгалт, хүлээн зөвшөөрөлт, өөрийн орон зайд эзэн суусан он жилүүд байгаа биз дээ. Харин 1990 оноос хойш 2000, түүн дээр нэмэх нь 10, 20 он гээд бүтэн 30 жил уран зохиолын гурван үе ор сураггүй алга болсон. Тэд бол алдагдсан цагийнхан. Бүхэл бүтэн 30 жил гэдэг бол бага хугацаа биш. Монголын уран зохиолын түүх бичлэгт хүссэн ч эс хүссэн ч үе үеийн төлөөлөл нь бичигдээд, нэр дурдагдаад явдаг. Тэгэхээр 2000 оны Сэнгийн Эрдэнэ нь хэн юм. 2010 оны Бавуугийн Лхагвасүрэн аль нь юм. 20 оны Галсансүх нь хэн юм бэ? Ах нараа үгүйсгэ, заавал гутаан доромжил гэсэн үг огт биш шүү. Тэдний нөлөө, сүүдэр, сүрнээс гарах хэрэгтэй. Цаг чинь дууссан гэдгийг хэлэх зоригтой бай. (Хийсэн бүтээснээрээ шүү.) Тэгвэл хөгжиж байна, уран зохиол жамаараа урагшилж байна гэж үзнэ. Үе бүхэн өршөөлгүй бөгөөд гарцаагүй. Өөрийн цаг үедээ жинхэнэ эзэн нь байж чадахгүй бол тэр орон зайг өөр хэн нэг нь эзлэн суусан хэвээр л байх болно. Үүнийг битгий мартаарай. Зөвхөн шүлэг бичдэг биш уран зохиолд хамаатай бүх залуустаа сануулж байгаа юм шүү. Энэ үгийг би ухаантайдаа хэлж байгаа юм биш ээ. Ялангуяа тэр “Өөрийн цаг үедээ эзэн суухгүй бол өөр хүн булаадаг” гэдгийг би өөрөө огт анзаарч ойлгодоггүй, хайхрамжгүй тэнэг явсан учраас хэлж байгаа юм. Энэ хариуг аваад сэтгэл ханалаа. Надад хангалттай санагдан тул 11 дүгээр сарын 1 нд эхэлсэн яриагаа яг одоо өндөрлөхөөр шийдлээ. Хагас сарын хугацаанд өглөө бүр Эрдэнэсолонго ахаас зурвас аваад алхаж явах надад хэмжээлшгүй аз жаргал байлаа. Хагас сарын хугацаанд хүндэлдэг яруу найрагчаасаа хариу зурвас хүлээж явах сайхан байлаа. Одоо болсоон. Үүнээс цааш явбал ярилцагчаа хэт залхаагаад "унтраачих" юм шиг мэдрэмж төрсөн болохоор нандин, алсын үл таних хүн хэвээр нь авч үлдэхийн тулд би дуусгахаар шийдлээ. Гадаа хуучдаархи намрын холын нар бүлээхэн ээнэ, холд суугаа дотно нандин энэ найрагчийг надад санагдуулж байна. Хэдий энэ хүн энэ хотод байхгүй ч бид түүний шүлгийг уншиж, "Миний Нирвана" "Зун шиг" "Сэтгэгдэл" "Би тамхиа татаад дуусаж байна"-г нь сонсож байгаа нь зүрх сэтгэлээрээ үргэлж цугтаа байгааг харуулж байна. Хэн нэгний дотор дуу , шүлэг болж оршиж үлдэнэ гэдэг ээ, хязгааргүй сайхан.
Б.ЭРДЭНЭСОЛОНГО: Хийлийн тав дахь чавхдас
Хайрлаж дурлана гэдэг
Хатталаа уйлж, нортлоо хүснэ гэсэн үг
Хайрлаж дурлана гэдэг
Чи бид хоёр хийлийн тав дахь
Чавхдас болно гэсэн үг
Хамгийн анх чиний надад өгсөн
Хав халуун шөнөөр
Ганцхан минь чиний надад бэлэглэсэн
Гал улаан хийлийн тав дахь утсан дээр
Гараа эсгэн байж хамтарч тоглосон
Гал халуун аяз болно гэсэн үг.
Хайрлаж дурлана гэдэг
Нэг лууван, хос вандуй
Нэжгээд бадамлянхуа цэцэг болно гэсэн үг.
Хайрлаж дурлана гэдэг
Чи над дээр авирч гараад
Чичирхийлсэн нүцгэн биеэр
Намайг таална гэсэн үг
Тэгээд, сүмийн алтан ганжир шиг
Чиний хоёр сайхан хөх хоорондоо мөргөлдөж
Тэгээд, сүмийн хүрэл хонх шиг
Дүн дүн дүнгэнэнэ гэсэн үг
Тэгээд, сар яг салж унах нь
Гэвч, муужгай минь
Сарних туяагаар нь тоглож амжина гэж би
Шивнэн хэлнэ гэсэн үг.
Аа... ааа.... амраг минь тэгээд,
Аянга урсаж, тэнгэр оддоор шуурна гэсэн үг.
Хайрлаж дурлана гэдэг
Олон хөөрхөн хүүхдүүд болчихоод
Онцолж тэдний нүдээр өөрсдийгөө харна гэсэн үг
Хайрлаж дурлана гэдэг
Хамгийн өндөр, бараг зуун давхар барилгын оройгоос
Хамтдаа доош үсэрнэ гэсэн үг
Өндрөөс огцом унах зуур
Нэг нь улайм цайм атгасан гараа тавьж,
Өөр хуруу, хумс, хөх, бөгс
Өөр эрхтэн, өр зүрхнээс
“Өрсөн барих вий” гэж цочирдон түгшинэ гэсэн үг.
Өдөр ч, шөнө ч гэрэлтэй эсвэл,
Таг харанхуй болно гэсэн үг
Өд сөд, даль жигүүр, хурц хумс
Урт соёо ургана гэсэн үг.
Хос Дракула, эсвэл хос хун,
Хоёр заан, усны үхэр, матар, могой, мэлхий,
Хос наймаалж болно гэсэн үг.
Хайрлаж дурлана гэдэг
Ажил дээрээ өөр юм бодно гэсэн үг.
Хайрлаж дурлана гэдэг
Хэвийн биш болж эхэлнэ гэсэн үг
Хэвийн биш зүйлс ярьж эхэлнэ гэсэн үг
Хэвийн биш зүйлс ярих нь
Хайрлаж дурлана гэсэн үг.
Хайрлаж дурлана гэдэг
Хатталаа уйлж, нортлоо хүснэ гэсэн үг
Хайрлаж дурлана гэдэг
Үхтэл амьдарч, үхтэл хуурч,
Амьдартал итгүүлнэ гэсэн үг.
Хайрлаж дурлана гэдэг
Хав хар, цав цагаан болно гэсэн үг
Хайрлаж дурлана гэдэг
Өөрөө үхмээр, эсвэл түүнийг
Хөнөөмөөр санагдана гэсэн үг.
2018.10.29
ЯРИЛЦСАН: МӨ. БАТБАЯР
Сэтгэгдэл хэсэг