"ТЭНГЭРТ ОЙРХОН ДУУЛЖ ЯВАА ХҮН" НОМЫН ТАЛААР ХҮМҮҮС

ЗОХИОЛЧ Т.БУМ-ЭРДЭНЭ

"Үг-тэй юм" гэх ангилал гэх үү, чанар гэх үү нэг тийм тодорхойлолт бичих хүсэлтнүүдийн дунд байдаг юм. Зүрхэнд ойрхон, тархинд хүрсэн, сэтгэлийн утсыг хөндсөн ч гэх үү тийм үгс. Үгсийн донж маягийг зохируулан нэгтгэнэ гэдэг ай бас авъяас л даа. Ийм үгсийг гэх үү, аргыг гэх үү эзэмшсэн төрмөл хүмүүс байдаг. Тэд тийм ч олон биш ээ. Тэднийг унаган авъяастнууд гэнэ. Тэд үгийн увдисыг мэдэрч, уусган нэгтгэж, хүний тархи, зүрх, сэтгэл хийгээд сэрэл мэдрэхүй рүү урсган, оюун бодлын тань цэцэрлэгийг улам бүр төгсрүүлэн баяжуулдаг гэх үү дээ. Түүнээс биш "энэ гоё үг, хэн хүний мэдэхгүй үг" гэх утгаар аман ярианы зарим үгийг хаа ч хамаагүй газар татан оруулж уншиж буй сэрэхүйг "цочоох"-ыг үгийн авъяастан гэхэд хэцүү. (Аман яриа нэгэн судлагдхуун, бидний өв мөн үү гэвэл мөн.) Сайхан үг гэдэг маань тухайн ард түмний амьдралыг үзэх үзэл, язгуурын үндсэн суурь, философи, танин мэдэхүй, сэрэл мэдрэхүй, уламжлал гээд нөлөөлөл ихтэй. Цаашлаад зөндөө олон зүйл бий. Эдгээрийг бичгийн хэлнээ уран чадварлагаар уусган шингээдэг зохиолч манайд олон бий.

 

Яагаад ч юм "Тэнгэрт ойрхон яваа хүн" хэмээх өгүүллэг, тэмдэглэл, найрууллын номыг уншихдаа энэ талаар л бодож суулаа. П.Баярсайхан, Д.Намсрай, С.Дашдооров, С.Пүрэв. Д.Энхболд, Б.Догмид, П.Лувсанцэрэн, Д.Батбаяр, Б.Золбаяр гэх мэтээр ойрхноос нь дурьдаад байвал бид сайхан өвтэй. "Цаг үе авъяастнуудаа нэвсийтэл дагуулаад ирдэг юм биш үү дээ" гэж их найрагч Б.Лхагвасүрэн гуай нэгэн нэвтрүүлгээр хэлж байсныг санаж байна. Тийм жишгээр Мөнхцолын Батбаяр хэмээх яруу найрагч, орчуулагч залуу үргэлжилсэн үгийн төрөлд орж ирлээ дээ. Яг юу хэлэх гээд ээрэгнээд буйг минь эл номыг уншсаны дараа ойлгомжтой болноо. Зарим юмыг нүүр бардам хэлэх сайхан шүү дээ.Нэг их дэлтэй хул хонгор морьтой хүн уй эргэсэн толгодын дундуур, атар жимийн цагааныг барин зэрэглээ хөтлсөөр наашлах мэт мэдрэмж... Сайхаан сайхан...

 

ЗОХИОЛЧ Б.САРАНТУЯА

Энэ номыг уншиж ээ суухад ингэж дуулж яваа хүн нь би өөрөө ч юм шиг санагдаад, номын хуудсыг эргүүлэх тусам ой дурдтгалынхаа мананг сүвлэн тархиныхаа үй олон атираасны завсарт дарагдан мартагдсан өнгөрсөн дурсамжуудаа хайн онгичмоор, эсвэл бүүр зүрх сэтгэлийнхээ гүнд шурган орж орчлонт ертөнцөөс тасран өвдгөө тэврэн санааширч суумаар болох. Талбайн номын баяраар Мө. Батбаяр дүүгийн гараас шинэ номыг нь авснаас хойш унших хүсэл төрсөөр явсан ч аар саар ажил давхцаад саяхнаас барьж сууна. Хурдан уншаад дуусгачихамгүй, хайрлаад цөөн хуудсаар уншмаар. Дусал дуслаар судсанд ирэх амь тариа шиг хуудас хуудсаар мэдрэмж, дурсамж, мөн чанарыг хөглөх тийм л ном юм. Амьдралаас амсийхийг хүсвэл, зүгээр л цаг хугацааг зогсоохыг хүсвэл энэ номыг л тэврээд хэвчихэж болохоор. Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн нь энэ л номонд өгүүлэгдэж буй, хүний хорвоод өчнөөн таарах ч өрцөн цаагуур нь өнгийж үзэхийг бодоогүй энгийн л нэг монгол эр хүний тухай ч юм шиг... Цаг наргүй өнгөрсөн амьдралаа кадр кадраар нь хөдөлгөөнгүй болгож зургийн жаазанд хийж өлгөөд өөдөөс нь хараад сууж байгаа ч юм шиг. Бас эндээс мэддэг хэрнээ мэддэггүй болчихсон, танил хэрнээ танил бусад үлдээчихсэн монгол минь харагдаад, үнэртээд байх юм. Хүмүүс амьдралд яардаг шигээ ном уншихдаа ч цааш нь, бүүр цааш нь яарч уншсаар л дуусгадаг. Энэ номыг тавьж уншмаар, шимтэж уншмаар сайхан бичиглэлтэй юм. Хорин тавхан настай энэ залуу хөвгүүнтэй таарах бүрдээ эртний танилтайгаа уулзаж байгаа юм шиг санагддагаа нуух юун. Уулзаад салсан хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлдэг тийм л нэг эрчимтэй хүмүүс байдаг даа. Яг л манай Эрдэнэ-Очир шиг эсвэл Болд-Эрдэнэ шиг алив хүнийг алдаа оноотой нь хүндэтгэж чаддаг хүнээрээ үлдсэн хүн юм байна гэж хардаг байлаа. Дараа нь Хятадын зохиолч Үй Хуагийн Амьдрахуй, Цусаа худалдсан тэмдэглэл зэрэг орчуулсан номуудыг нь уншиж үзэхдээ ямар сайхан монгол хэлтэй юм бэ, монголын хөдөө төрж өссөн энэ хүүхэд хэдийдээ хятад хэлийг ийм сайн сурч амжив аа гэж бодож байлаа. Одоо харин энэ номыг уншиж суухдаа "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" нь тэр өөрөө юм байна гэж бодогдож байна. Хол явах залуу хүнд хэтэрхий их магтаал зүүгээд яах вэ. Ингэсгээд зогсоё. Гэхдээ Мө.Батбаяр дүү өөрөө магтаалд унахаар онгиргон нэгэн биш учраас энэ олны урмын үгсээр жигүүр хийн холд нисэхээ мэднэ биз ээ. Бид яах вэ. Байлдаантай кино шиг амьдрал дундуур туучиж, нийгмийн шилжилтийг зүрхэнд очих судас бүхнээрээ мэдэрч, нэгэн үеийн галыг алдчихалгүй хаалгаа барьсан номын дэлгүүрийг номтой, уншигтай болгох гэж зүтгэлээ. Одоо та нарын ээлж. Бичээд бай. Үгээр эрхшээх бүхнийг дагуул. Үнэндээ үг үлдэж бид явцгаана.Эцэст нь энэ бичвэрийг уншиж буй та өөрөө ч эл номыг уншаад үз. Гэхдээ энэ ном таныг өөр хэн нэгний амьдралд тохиож буй адармаат үйл явдлаар хөтлөн гүйхгүй, харин магадгүй дурсамж мэдрэмжийг чинь хөглөн өөрийгөө эрж хайх их аялалд урин дуудаж болох юм. Үнэндээ өөрийгөө олсон хүнд өргөн дэлхий алган дээр нь бууж ирдэг биз ээ. Тиймээс ч эрт эдүгээгийн бүх аялагчид өөрийнхөө дотроос үнэнийг нээж олсон байдаг даа.


ЯРУУ НАЙРАГЧ, НИЙТЛЭЛЧ Д.ДАМДИНЖАВ

 ЦӨӨРМИЙН ДЭРГЭД СУУГААД ДАЛАЙН ЗАГАС ГОГОДОХУЙ

Би ямар нэг номыг уншихдаа сайн ухаж, санаа, үг, утга, уран арга хэлбэрийг нь олзуурхан шүүрч авахыг хичээдэг юм. Энэ үйлийг магадгүй ихээ том нуурын хөвөөнд загас гөхдөж суугаа хүний жаргалтай адилтгаж болох байх. Ойрын хоёр өдөр Мөнхцолын Батбаярын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” номын хөвөөнөөс “загас” шүүрдлээ. Ер нь Монголын их утга зохиолыг далай гэвээс хэн нэгэн зохиолчийн бүтээл, номын утга нь болбоос түүнд цутгах цөөрөм хийгээд горхи булаг, гол мөрөн гэж бодном. Мө.Батбаярыг анх яруу найргаар нь таньж мэдэх болсон билээ. Нэн эртхэн дээ, түүний нэг шүлгийн шадыг олж уншчихаад, хэсэгтээ л сэтгэлдээ хүлхэж явсан даа. Тэр мөрт бол,

...Нар дэргэд нь зүгээр л

Гандсан үүлсийн цаана улаарах

Ганц ширхэг тоор төдий... гэдэг мөрт. Нарыг ингэж хэлнэ, ингэж төсөөлж чадна гэдэг л авьяас, мэдрэмж, агуу сайхны нууц юм. Дармын Батбаяр гуайн бүтээлүүдээс авч байсан шигээ гоо сайхныг би эдгээр мөртөөс хүртэн таашааж байлаа. Гол сэдэв рүүгээ буцъя. “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” номыг уншлаа. Яруу найргийн хэлээр бичсэн үргэлжилсэн үгийн бүтээл байна. Энэ номноос Д.Нацагдоржийн утга төгс уран цэц, тэгснээ Жагдалын Лхагвын гоо ахуй, энгийн хэрнээ торгон шаглаа, түүний завсар Баастын Золбаяр ахын маань үгийн амь, яруу зураглал зэргийг ямар нэгэн хэлбэрээр анзаарлаа. Аль аль нь байна гэсэн санаа. Гагцхүү хэр бүтэн бэ гэдэг нь өөр асуулт байх. Хэрвээ хэн нэгнийх нь бүтээл бүтэн харагдаад байвал Мө өөрөө биш болох нь лавтай. Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар “Яруу өгүүллэг” гэж уран зохиолын төрөл зүйл байх учиртай тухай нэгэн шүүмж бичсэнийг уншиж байсан юм. Мө.Батбаярын өгүүллэг, найруулал нь тэр ангилалд гарцаагүй багтаж таарна. Зарим хэсэг дэх зураглал, дүрслэлийг мөр мөрөөр нь шүлгийн хэлбэрт оруулах юм бол хэн ч шүлэг биш гэж хэлэхээргүй хэсгүүд олон.

Хөдөө намар эзгүй

Хүүхдүүд сургуульдаа, шувууд

Халуун дулаандаа буцна.

Тоонолжин хамхуул салхинд туугдан одоод

Тал минь тэгээд хээгүй болно.

Хээгүй талаар хээгүй даавуун дээлтэй

Ганц морьтон цогиулах нь

Чиний миний хээгүй аав аа... гэх мэтс. Энэхүү номыг унших явцдаа би Мө.Батбаярын насыг жинхэнээсээ мартаж орхив. Энэ лав 1994 онд төрсөн залуу лав биш ээ. Тэр үг хэллэг, хуучлан хүүрнэж буй арга барил, хөдөө ахуйг зураглаж буй янз маяг, нэг утга хэлээд, түүнийхээ гүн рүү ярган нэвтэрч буй эрэл хайгуул гээд хэзээ язааны өтөл нэгний зангараг. Үүнийхээ учрыг ч номондоо хальт дурсаад авч. Учиргүй их махсахыг “Шөлний юм бодохгүй бол улаан эсгий залгихаас наагуур юм боллоо” гэж ярьж хэлдэг аавтай хүн энэ зэргийн үг, утга авцалдуулж чадахгүй бол алдас болно. За, үг ихдэж, үхэр холдох нь. Цагийн эртэд мордож байгаа хүнийг үгээр саатуулж, дэмий магтаалаар уяад яахав. Нар буухаас өмнө дөмөгхөн шиг газар хороог. Гэхдээ бид нэгнээ уншиж, олзноос нь ганзагалалцаж, хол уртын аянд нь ерөөл шившиж, олмыг нь чангалах юу нь буруу байх билээ. Улам их онгод, туурвил ерөөе.

Сэтгэгдэл хэсэг