Энэ удаа бид та бүхэндээ сэтгэл судлаач Д.Лхамсүрэнгийн "Сэтгэлтэй ярилцдаг номууд" тэмдэглэлийг хүргэж байна.
СЭТГЭЛТЭЙ ЯРИЛЦДАГ НОМНУУД
Сайн номнууд бүгд хоорондоо адилхан: тэд амьдралаас илүү үнэн бичигдсэн байдаг… /Эрнест Хемингуэй /
1. Цасан хөшиг-Чи Зи Жиан
Цасан ширхэгүүдэд чин сэтгэлээсээ хандахгүй л бол хэзээ ч гэсэж хайлдаггүйг би ойлгосоон. Сайхан үгс байгаа биз. Яг л нөгөө “Гоодаль” сэтгүүл дээр байнга л байж байдаг “Цасан ширхэг хэзээ ч буруу газраа унадаггүй” гэсэн үгс шиг.
Ахиад л галт тэргээр явахдаа уншсан болоод ч тэр үү өгүүллэг бүрийн үгс, ахуйн амьдрал, хот газраас харь орших амьдралын гоо үзэсгэлэн энэ номонд нэвт шингээстэй.
2. Би өөрийгөө хөнөөх эрхтэй — Ким Ионг Ха
Хэдэн шот татчихаад хэн нэгний амьдралын нарийн нандин зүйлсийн талаар сонсож байгаа мэт мэдрэмжийг эл номны эхний хэсгээс авсан тул учрыг нь олох гэж ахин нэг уншиж эхэлсэн болохоор нэлээдгүй цаг орсон байх. Хүн үхэх гэж л амьдардаг гэлцдэг. Огтоос энэ амьдралтайгаа зууралдахгүй, байгаа бүхнээсээ чангаахгүй зүгээр л үхчих тийм чадалтай байна гэдэг бас л яаггүй зүйл байх. Гэвч үхлийг, шунал тачаалыг, ИД-ийг зүгээр л зайрмагны мухлагаас өөрийн таашаадаг төрлөө сонгож хэрхэн амтархаж буй аятай бичсэн нь зэвүү, дургүйг зэрэг хүргэх шиг. Солонгос найруулагч Ким Тэ Ёонг-ийн “Сэрүү Намар” киног үзсэний дараа би энэ номны ард гарсан мэдрэмжийг өмнө нь авч байсан санагдана. Товчхондоо адгийн, амттай, аймар ном
3. Дур булаам — Орчуулагч Б.Баясгалан
Өнгөрөгч зун өөрөө өөрийгөө эмчлэх гэж оролдсон оролдлогууд дотор ахин уншиж эхлэх гэдэг нэгэн зорилт байсан билээ. Сайхан бүтээлүүдийг сайн орчуулагчийн уран үгсийн нийлбэрээр уншина гэдэг ховорхон завшаан шүү.
Хамгаас сайхан нэгэн ишлэл бол “Хайр сэтгэл бол цаг мөч тутамд үхэж байдаг зүйл. Замаасаа будилан төөрч, өөр нэг хайр сэтгэлд будагдан бүдгэрч бүр бусдын гарт золгүйгээр амь тавьж ч байдаг эд” Элис Мүнро /орч Б.Баясгалан/
4. Гэм зэм — Ф.М Достоевский
Миний доторх би гэдэг бол миний шүтдэг, бүх сэтгэл зүрхээ онгойлгон ярьдаг, итгэдэг, хамгийн үлгэр жишээ нэгэн юм. Бусад хүмүүсынхээр бол бурхан. Бурханаа л шүтэж амьдрах боловч бурхан минь намайг цаг үргэлж зэмлэж шийтгэж байна гэсэн мөртүүдийг нэгэн хүний өдрийн тэмдэглэлээс уншиж байж билээ. Энэ бол яах аргагүй Раскольниковын тухай мөр. Харин Соня бол У.Шексфирийн “Гамлет”-ийн Офелия шиг. Тэр гэнэн, цайлган, дулаахан, гэрэлтэй дүр. Би хувьдаа Ф.М Достоевскийг “Ад мөрийн сэтгэл судлаач” гэж хэлнэ. Аймар ч ном, амттай ч ном.
5. Өдрөөс үлдсэн зүйл — Казүо Ишигүро
Таны бодолд амрах завдал үл өгөх тэмцэл, өшөө авалт, санааг тань гүйцэлдүүлэх хамтрал нэгдэл, сэтгэлд тань цучил нэмэх хайр дурлал энэ номон дээр бараг л гарахгүй. Гэвч дурсамжинд тань жинхэнэ эцэсгүй дайныг зарлаж, ихэд дотно, дулаахан нэгэнтэй амьдрал, хүн чанар, зорилго гээд хүнд хүч өгөх зүйлсийн талаар ам хуураагүй, бах шавиагаа ханатал хуучилсан мэт мэдрэмжийг эл ном танд мэдрүүлнэ.
Мөн харангуутаа л тэврээд авмаар, ахин өөрөөсөө холдууламгүй тийм л нэгэн шиг дотно санагдах нь дамжиггүй. Заавал ч үгүй баатарлаг үйлс бүтээж, амжилт гаргаж, хэн нэгнийг ялж, адармаатай амттайгаар амьдрахгүйгээр амьдралд хайртай байж болдог аж. Даруухан нэр хүнд, үнэнч сэтгэл хоёр хүний хамгийн хүчтэй зэвсэг ч байж болдог юм байна. Номын гол баатар даамал болбоос худал хуурмаг, ёс жудаггүй хүний төгс илэрхийлэл гэмээр дээрээс нь үргэлжид өөрийн үйлдэлдээ хяналт тавьж, хариуцлагаа ухамсарлан байдаг ч ихэнх ийм хүмүүсийн адил уур хилэн, ааш зан муутай нэгэн огтоос биш. Төгсгөлийн хоёр бүлэг дээр ихэд гунигласан, бас гол баатруудаа ихэд хайрласан.
6. Улаан орхимжны давалгаа — Ц.Доржготов
Хамгаас эмгэнэлтэй, хамгаас
Энэ зохиолчид зөөврийн хард-аа түр хэрэглүүлтэл талархсан сэтгэлийн хариуд өөрийн зохиолоо дотор нь хийгээд өгсөн билээ. Гэтэл тэр ном нь эрээд эрээд олдохгүй байсан эл ном байж таарсан юм. Үг гэдэг хичнээн агуу болохыг, бас ямар олон утгаар хүний сэтгэл доторхыг илэрхийлж болдог гэдгийг басхүү адал явдалтай ч сэтгэл доторхыг зай завсаргүй нэгжин харуусал дунд уусгаж чадах үнэтэй бүтээл билээ.
7. Сармагчин бол сармагчин — Д.Баярсайхан
Сэтгэлтэй ярилцаж чаддаг үргэлжилсэн үгийн зохиолч бол П.Баярсайхан юм байна. Монголын зохиолчид бол ийм тийм гэж ярьж хэзээ ч болохгүй юм гэж хатуу ойлгуулсан бүтээл гэхэд болно. Нэг ёсондоо сайн мэдэхгүй зүйлээ ярих нь тун буруу гэдгийг эл бүтээл дахин нэг санууллаа. Онгоцонд уншсан болоод ч тэр үү анхаарал сайн төвлөрсөн нь уншихад, мэдрэхэд нөлөөлсөн байж чиг мэдэх. Ухаан санаа, дурсамж бүхнийг тань энэ ном дураараа онгичиж, уйлуулж, нойргүй хонуулж мэдэх байх шүү. Дан ялангуяа “Тавиул”, “Захиа” зэрэг өгүүллэгүүд хамаг л бага нас, дурсамж, он удаан жил хол байсан бүхэн рүү минь аваачиж өгсөн нь “Гүн ертөнцийн зохиолч” гэх тодотголтой нь дүйх бизээ. Хөдөөгийн амьдрал, хүний сэтгэл зүй, хамгаас нарийн нандин бүхнийг зүгээр л өөдөөс тань хараад ярьж буй аятай өгүүлж чадах нь нэн таатай.
8. Норвегийн ой — Харүки Мураками
Өнөө л “Зөв номоо зөв цагтаа” уншихын гайхамшиг гээчийг ахин мэдэрлээ. Энэ Ватанабэ чамтай их адилхан юм аа гэж нэг найз минь хэлэхэд эхний 2 бүлгийг уншаад л орхичихсон байсан би юу билээ гэсэн шүү юм бодоод ахин уншиж эхэлсэн энэ 3 өдөр Токиогийн ойр орчим, Киото, Амирёд амьдарсан шиг, БИТЛЗ-ийн дуунууд, БАХ-ын эгшиглэнт аяын ачаар сэтгэл гутралынхаа хэцүү цаг үеэ ахин нэг дурсах шиг боллоо. Тиймээ, ийн хэлэхэд учир их бий. Хүн үргэлжийн мөнхөд жаргалтай байж болдоггүй ч үргэлжийн мөнхөд дурсах сайхан цаг үеийг бүтээж бас болно. Тэртээ 8 сард Берлин хотын цэцэрлэгт суугаад 2 найзтайгаа хамт дарс уугаад тамхилж суусан цаг мөчийг Рейкогийн гитар тоглох үе, Венецийн бороот өдрийг Наокогийн ховор инээмсэглэх мөчөөр зүйрлэедээ.
Сэтгэлээр унах хэцүү, тэр үед л жинхэнэ БИ-гээ харсан юм даа.
Namaste
Д.ЛХАМСҮРЭН
Сэтгэгдэл хэсэг