Наньжин хотод амьдардаг. Яруу найргийн “Ян Зыжан” сэтгүүлийн ерөнхий редактор. Яруу найргийн “Элсэн цаг”, “Хоосон шат”, эсээний “Хэзээ ч нутаг буцахгүй хүн” зэрэг түүвэртэй. Шүлэг зохиол нь “Шүлгийн сонгомол”, “Од”, “Бүтээл”, “Эрин үеийн утга зохиол” зэрэг сэтгүүлийн оны шилдэг бүтээлээр шалгарч байсан. Вэн Идүөгийн нэрэмжит яруу найргийн шагнал, Шүй Жимүөгийн нэрэмжит яруу найргийн шагнал, “Аравдугаар сар” утга зохиолын шагнал, Лу Синий нэрэмжит утга зохиолын шагнал зэрэг олон шагналын эзэн болсон.
ЦАГИЙН ЦАДИГ /БНХАУ/
Хү Шян
Би хэний ч өмнөөс дуугарахгүй
Эргүүлэг үүсгэхгүй ч гэсэн
Эргэлт минь өөрөө төв юм
Хэн ч хожигдож ирэхгүй
Юу ч урьтах ёсгүй
Бүгд миний төлөвлөснөөр...
Хаа сайгүй оршино
Хүрэл төмөр, толин дотор ч бий
Би анх хүдрийг хайлуулж төмөр болгосон
Би далайг цэнхэр, уулсыг сүмбэр болгосон
Сарыг би сар тутамд шинэчилдэг
Үнэнг би ингэж бүтээдэг
Тэнгэр бурхад бүгд надаас үүсэлтэй
Тэгээд над дээр ирж төгсдөг
Мөхөж, сөнөсөн өчнөөн улсыг би байгуулсан
Мөн ч цаашид байгуулсаар байх болно
Чаг чаг дуунаас минь өөр шашин гэж үгүй
Эхний агшинд Умард Европт цас нурахыг
Удаах хоромд Хятад байшингийн дээвэр дэх тагтааг
Тэсрэх чимээг би ханиах төдий болгож чадна
Тэрсэлдсэн улс төрчид, уйлагнасан хосуудын
Төгсгөлийг нь адилхан болгож дөнгөнө
Төгс төгөлдөр юм би
Агаар, хот, шувуу... адилхан юмсад
Анги нэр өгөхийг хэлнүүдэд би тушаасан
Би орчлонг бүтээсэн, орчлонгоос том
Уйлахгүй, инээхгүй, тайлбарлахгүй, санаа алдахгүй
Учир нь энэ хэзээ ч асуудлын гол байгаагүй
Хаан ордондоо дугжравч дайчин эрс нь
Хандсан зүгтээ ялалтын уухай хангинуулах шиг
Би зогслоо ч гэсэн та нарыг атгасан хэвээр
2.
БОРОО ОРЖ БАЙНА
Бороо орж байна, бороо
Ширүүн ч биш зөөлөн ч биш
Хорвоо ертөнц эл хуль
Хувцас хананаас өлгөөтэй
Дээврээс дусаал гоожно
Борооны сэтгэлийг хоёрдуулах юмгүй
Бороо орж байна
Борооны дусал хэлхээ болоод
Дахин тасарч байна
Амжаагүй ажлаа
Амжуулах гэж хэн ч яарахгүй нь
Бичсэн мөртлөө бичээгүй шүлэг шиг
Бороо орж байна, зогсох янз алга
Олон борооны өмнөх тэр нэгэн бороо
Ой дурсамжид буухгүй мэт
Одоо ертөнц эл хуль
Амьдрал зорилго, утгаа алдсан мэт
Бороо орж байна
Дүүрэнжаргал Шарайд орчуулав
Сэтгэгдэл хэсэг