ГАНЦААРАА ХИЙЖ БОЛОХ ЗҮЙЛС...

ТАН ЯНЗУН 1959 онд Фүжянь мужид төрсөн, яруу найргийн “Хүний ертөнц”,   “Жигнүүр урлаачийн яриа”, “Ганцаараа ширээ бэлдэхүй” зэрэг ном хэвлүүлсэн. Хятадын оны шилдэг яруу найргийн шагнал, Лү Шюний утга зохиолын шагнал зэрэг олон шагналын эзэн.

ГАНЦААРАА ХИЙЖ БОЛОХ ЗҮЙЛС...
Ганцаараа хийж болох зүйлс: Цай амсах, бороо сонсох, сарыг хүлээх, гөлрөх

Хэвтэх, өөрийгөө тэмтрэх, бясалгах, унших

Үүл харж, шанаагаа тулан, даяанч мэт

Тэнгэр газрыг мартсан юм шиг болох

Хоёулаа хийж болох зүйлс:

Хундага зөрүүлэх, маргах, мөнгө хуваах

Халамжлах, хоёр биеэ нэг болгох, тунирхах

Нэгнийхээ хуруунаас зуурч, битгий яваач гэж гуйх

Хэн нь явж хэн нь үлдэхээ мэдэхгүй байх

Гурвуулаа хийж болох зүйлс:

Буу халах, дүрэм тогтоох, дээр доороо орох

Нэгэнтэй нь нийлж нөгөөгөө адлах

Илүү дутуугаа нөхөж жижигхэн гүрэн мэт болох

Амандаа балтай, аюулхайдаа жадтай байх

2012.03.23

Дүүрэнжаргал Шарайд орчуулав

Сэтгэгдэл хэсэг