“Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй чи амьдрах л хэрэгтэй” гэж зохиолын гол баатар Фу Гүй өвгөн хэлдэг. Идэр залуу цагтаа эд баялагт умбаж явах үедээ “Хөх асар” эмсийн хүрээлэнгийн хүндтэй зочин болж, мөрийтэй тоглоом, архи дарс, дууч эмсээр зугаагаа гаргаж, “даанч ажиггүй явсан” Фу Гүй үгүйрч хоосорсон хойноо үйл лайгаа эдлэх юм чинээ хэрхэн санах билээ. Хожим хойно “Ачлалгүй хүү” явсныхаа горыг амсаж, аав ээж, амраг ханиа гомдоон цөхрөөж, аль мууг нь үзсэнийхээ шанг хүртэв үү гэмээр зовлон зүдгүүр туулдаг.
Нэгэн хүний туулсан зовлон зүдгүүрт амьдралаар төлөөлүүлж, нийгмийн ороо бусгаа цаг үеийн бодит байдлыг нэмэр хачиргүй үзүүлсэн нь бий. Хятадад дэгдсэн иргэний дайнд мань Фу Гүй хүчээр татагдан очдог. Харин энэ дайн ямар учиртай, хэнтэй дайтах, хэн нь ялах ялагдах яах ийх нь цэргүүдэд огт падгүй болдог. Цэргүүдийн хүсэл нь шандууртлаа хоол идэх, гэртээ бушуухан харих. Аль ч цаг үед нийгмийн золиос нь хувь хүмүүс л байдаг. Иргэний дайн дууссаны дараа өрнөсөн соёлын хувьсгал нь оюун санааны хүчирхийлэл байсныг нуулгүй өгүүлжээ. Боловсролтой, чинээлэг хэсгээ ад үзэх, гадуурхах, хөрөнгийг нь дээрэмдэх, ял зэм тулгах, залхаан цээрлүүлэх гэх мэт хүнлэг бус аргаар тэмцэл явуулж, энгийн амьдралыг хэв ёсыг эвдсэн утга учиргүй хийрхлүүд хүмүүст ямар дарамт тээр болж байсныг олж мэднэ.
Соёлын хувьсгалын эмгэнэлт цаг үеийн тухай зохиолч Үй Хуа “Соёлын хувьсгал бол маш абсурд зүйл байсан” гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Хамтын, дундын өмчтэй нийгэм байгуулах гэсэн туршилт нь хэрхэн бүтэлгүйтэж байсныг тосгоны айлуудын өмчийг хурааж, хоолны тогоог нь хүртэл “нийгэмчилсэн” тэр хөгтэй гэмээр явдал харуулна. Соёлын хувьсгалаас дутахгүй хөнөөлтэй хийрхэл нь удирдагч Маогийн тунхагласан “Их үсрэлтийн бодлого” гэгч байж. Тосгоны айлуудын тогоо шанагаас авахуулаад, бүх л төмөр эд зүйлийг хурааж, торхонд мах адил чанаж байсан тэр тэнэг ч гэмээр явдал л одоо инээдтэй хөгийн мэт санагдавч тухайн цаг үед улс орныг бүхэлд хамарсан өргөн далайцтай, амин чухал кампанит ажил байжээ. Хөрөнгөт орнуудыг аж үйлдвэрлэлээр гүйцэж түрүүлэх гэсэн утопи бодлогын үр дүн нь өсгөлөн ядуурлаар төгсөж, олон олон гаслан зовлонгийн эх үндэс болжээ. Зохиолын үйл явдал нь энгийн юм шиг мөртлөө цаанаа их зүйлийг багтаасан өгүүлэмж сайтай зохиол юм. Нийгмийн хувирал өөрчлөлт бүрд дасан зохицох гэсэн хүний тэсвэр тэвчээр ямар мундаг болохыг Фү Гүй өвгөний амьдралаар харуулж чадлаа.
“Бичиж байж миний амьдрал бүтэн болдог” ярилцлагадаа /Таgtaa.mn сайт орчуулагч Б.Баясгалан/ зохиолч Үй Хуа “Зохиолч хүний бүтээсэн бүх дүр яв явсаар зохиолч өөрөө л байдаг юм байна. Зохиолч хэчнээн олон янзын дүр бүтээлээ ч яг л тэнгэр шиг бүгдийг нь өөр дотроо агуулж байдаг гэсэн үг” үг хэмээн хэлсэн байдаг. Үүнээс улбаалан бодвол зохиолч хувь заяаны хатуу тавилан оногдсон эмгэнэлт дүрүүдийг бүтээсний учир нь хятадын коммунизм өнөөгийн хөгжил дэвшилд хүрэхийн тулд ард иргэд нь хэрхэн зовж зүдэрсэнийг харуулах гэсэн санаа байж. Зовлон зүдгүүр тохиох бүрд нулимсаараа нүүрээ угаах Фу Гүй, нэг хүний бус нийт олонд тохиосон гамшгийн нулимсан далайн төлөөлөл мэт. Хувь заяаны хүнд хэцүүг сөрөн зогсож болно, харин нийгмийн утга учиргүйтэй хэрхэн тэмцэх билээ дээ.
Дүрүүдийн хувь заяа
Фу Гүй: Залуу насны алдаа эндлээс болж ядуу дорд амьдрал руу гулсан орсон Фу Гүй өөрт оногдсон хувь тавилангаас бултах, зугтах газар үгүй гэж боддог хувь заяатайгаа эвлэрсэн хүн юм. Учир нь тэр хүнд хэцүү амьдрал цөхрөх үе зөндөө байсан ч үхэх, амиа хорлох талаар бодох ч үгүй байна. Үйлийн үр нь боловсорч гүйцсэн Фү Гүй түүнийгээ хүртэх л учиртай байж. Харин түүний залуу насны гай барцад үр хүүхдийнх хувь заяанд хүртэл нөлөөлжээ гэмээр. Хормойн дон үр хүүхдэд муугаар тусдаг гэж монгол хүн хэлэлцдэг нь оргүй ч юм биш. Өөрийн алдааг гэмшин ухаарч, амьдралын төлөө нуруугаа амраах завгүй тээрмийн илжиг мэт зүтгэсэн Фу Гүйн амьдрал ахуй нь дэвжин дээшлэхгүй ядуу гуцуу хэвээр дуусаж байгаа нь нийгмийн буруугаас болов уу гэсэн сэтгэгдэл төрнө. Коммунизмын гажиг үзэгдлийн золиос болсон эгэл тариачдын төлөөлөл болсон дүр гэмээр. Гэхдээ хамгийн харамсалтай, эмгэнэлтэй юм нь Фу Гүйн үр удам тасарч буй явдал. Гэр бүлийн залгамж, уламжлалыг дээдлэн үзэгч дорнын заншлаар удам тасарна гэдэг хүнд тохиож буй хамгийн том гамшиг юм. Тэгэхээр залуудаа нүгэл үйлдсэнийхээ горыг хангалттай амссан өтөл өвгөн Фу Гүйн дүр амьдрал нэг буруугаар эргэвэл ямар хатуу, өршөөлгүй болохыг сануулж буй дохио тэмдэг юм. Хөл хүнд эхнэрээ хайр найргүй зодож байсан түүнд үйл лайгаа эдлэх нь үйлийн үрийн оноолт юм даа.
Жиа Жэн: “Жиа Жэн бол зүрхнийх нь шаналал зүрхэнд нь л байдаг эмэгтэй” гэж түүнийг эр нөхөр нь тодорхойлсон. Тэр анхнаасаа хүлцэнгүй хандсан нь нөгөө нөхөр “хүнээ байх” замыг нь шулуутгасан гэмээр. Шаналлаа ил гаргадаггүй түүний тэсвэр тэвчээрийг гайхах ч багадна. Уг нь баян чинээлэг айлын охин тэрээр бүтэлгүй завхуул амьтантай нэг насаараа зовсноос төрсөн гэртээ очиж болох байсан. Уг нь эцэг нь аваад явдаг ч удалгүй буцаад ирдэг. Зовох дуртай мэт буцаад ирсэн түүнийг юу гэж ойлгох вэ? Эр нөхөртөө дэндүү хайртай юм уу, эсвэл үр хүүхдээ бодсон уу? Миний бодлоор эмэгтэй хүн төрхөмдөө буцвал шившиг болдог, эмэгтэй хүнийг гэрийн боол мэтээр дорд үздэг, хүлцэнгүй байлгах зорилготой хятадын хуучин зан заншлыг далдуур эсэргүүцсэн зохиолчийн “эгдүүцэл” байх. “Хүн амьдралдаа хүнд бэрх зовлон зүдгүүр туулах тусмаа үхлийн өмнө өөртөө хүндэтгэлтэй байдгийг Жиа Жэн тэр үед ойлгосон болов уу” гэсэн өгүүлбэрээс айлын эхнэр байх, ээж байх тэр үүргээ биелүүлсэн, цаашилбал өөрт оногдсон хувь тавилангаа хүлцэнгүй дагасан тэр хөөрхий эмэгтэйн “би өөрийнхөө төлөө бус, гэр бүлийнхээ төлөө явсан” гэдэг тэр итгэл үнэмшил тодорно.
Гутлаа гамнаж сугандаа хавчуулан, хөр цасан дээр цөмцөгнөн яваа хөөрхий Ёу Чин хүүг өрөвдөхгүй хэн байх билээ. Цовоо сэргэлэн, хонь малд учиргүй хайртай тэр хүү бусдын амийг аврах л гэж амиа зольсон. Хүнд тус хүргэнэ гэдэг заримдаа гай болох ч үе таардаг аж. Хоёр бээр газар сургуульдаа явган ирж очдог, байнга хөл нүцгэн явдаг түүнийг гүйлтээр гүйцэх хүүхэд сургуульд нь байдаггүй. Гэр бүлийнхээ амьдралд тус нэмэр болдог тэр хүү бэрхшээл бол боломж гэдгийн нэг жишээ юм. Амьдрал хүнд хэцүү байх тусам түүнийг сөрөн тэмцэх хүч тэнхээ, далд боломжууд илэрч байдаг. Амьдрал нь хүнд хэцүү, өлбөрөхгүйн тулд модны холтос, хуучин гутал чанаж идэх тийм хэцүү цаг үе тохиосон ч ядуу дорд эцэг нь хүүгээ эрдэм боловсролтой болгох гэж мачииж буй нь сэтгэл хөдлөм.
Багадаа халуурсны улмаас хэлгүй дүлий болсон хөөрхий Фэн Шиа охин сурч боловсрох насаа тариан талбай, гэрийн ажилд зарцуулсаар гунигтай өнгөрөөдөг. Тэр аз жаргалаас дөнгөж атгаад л “зовлонт үр”-ээ хорвоод үлдээгээд оддог.Энэ бүхэн эцгийн тарьсан балгаас болов уу, хувь заяа нь тийм байв уу гэдгийг тааварлах аргагүй.
“Залуу халуун насандаа өвөг дээдсийнхээ өвлүүлсэн хөрөнгийг үрэн таран хийж улам л дордуулсан. Тэр нь ч болсон юм. Лүн Эр, Чун Шэн нар хахаж цацаж яваад толгойгоо алдсан шүү дээ” гэж өвгөн Фу Гүй өнгөрсөн амьдралаа дүгнэн хэлдэг. Хөрөнгө чинээлэг хүмүүст халтай коммунист дэглэмд амьд үлдэх, амьд явах юунаас ч эрхэм зүйл байжээ. Боловсрол мэдлэггүй, хөдөөх тосгоны ядуу тариачин эрийн амьдралаар коммунист дэглэмийн үнэн нүүр царайг илчлэн харуулсан “эсэргүү” зохиол юм гэсэн сэтгэгдэл төрнө. Хятадын коммунизм хөгжил дэвшилд хүрэхийн тулд Фу Гүй өвгөний адил олон сая тариачдын хөлс хүчийг сорж, цус нулимсан дээр нь өндийн боссон гэсэн эмзэглэл төрж байна. Нийгмийн бүтэлгүй туршилтын золиос нь эцсийн эцэст хүн л байдаг. Бүх эрхэм нандин зүйлээсээ салсан өвгөнд амьдрах итгэл найдвар тасраагүй, тэр хөгшин үхэр худалдан авч, нүд анитлаа тариан талбайд хамтдаа зүтгэхээр шийдэж байна. Ядуу байх нь зовлон биш, амьд явна гэдэг өөрөө аз жаргал юм гэсэн үгийг хэн нэг нь хэлдэг билээ.
Анд хэвлэлийн газар
Сэтгэгдэл хэсэг