ҮЛ ҮЗЭГДЭХ ХОТУУД

Хүн төрөлхтөний утга зохиолын шилдэг өв дурсгал дунд монголчуудын аугаа их түүх, монголчуудын үлдээсэн ул мөр, нөлөөн дор бичигдсэн гайхамшигт туурвилууд цөөнгүй. Тагтаа Паблишинг монголчуудын нөлөөгөөр бичигдсэн, монголчуудын тухай бичсэн дэлхийн уран зохиолын шилдэг өвүүдийг хураан цуглуулж, монгол түмнээ сорчлон танилцуулах нэгэн бүлэг ажлаа Италийн сод зохиолч Итало Кальвиногийн "Үл үзэгдэх хотууд" туужаар эхлэж байна.

Хубилай хааны хураан тохинуулсан агуу их гүрэн мутрынх нь үзүүр, мэлмийнх нь хараавчнаас нэгэнт хальж, хаан эзэндээ ч танигдахын аргагүй, орчлон хорвоон дайдаар тарамдан сунайжээ. Хаантан өөрийн их гүрний өнцөг булан, өнгө зүс, өвөрмөц төрхийг орчлон хорвоогоор хэрэн хэсүүчлэгч, итгэлт туслах, Италийн аялагч Марко Пологийн амнаас л хачирхан сонсоно. Марко Поло өөрийн үзсэн, орчлон хорвоогийн гайхамшигт сонин хотуудын тухай Хубилай хаанд сонирхуулан хүүрнэж буй зохиомжтой эл тууж Монголчуудын байгуулсан, хүний ой санаанд ч багтаж төсөөлөгдөмгүй агуу их гүрний төсөөллийн дүр төрхийг бүтээгээд зогсохгүй философийн мөн чанарыг ч уудлан гаргасан хосгүй бүтээл юм. Дэлхийн алдартай зохиолчдоос өөрсдийнх нь хамгийн дуртай номуудыг асуухад ихэнхи нь Итало Кальвиногийн "Үл үзэгдэх хотууд"-ыг онцгойлон нэрлэсэн байдаг. Монголчуудын суу алдрыг номын хуудаснаа үгээр дархлаад зогсохгүй дуурь болон тайзнаа амилж, хөгжмийн цомнол болон дэлхийн олон зуун театрт цуурайлсан "Үл үзэгдэх хотууд" хэмээх энэ зохиол бол хувьд харахуй, сэтгэхүй, төсөөлөхүй, бичихүйн хамгийн яруу жишээ болсон гайхамшигт туурвил мөнөөс мөн билээ.

Орчуулагч: Баярсайханы Эгшиглэн
Уран сайхны редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Дизайн: Монотайп график студи


Хэвлэгдсэн он 2019
ISBN 9789997875921