“Зүүдний арван шөнө” зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эхээс монгол хэл рүү хөрвүүлснээр цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Зүүдний НАЙМ дахь шөнийг хүргэж байна.
НАЙМ ДАХЬ ШӨНӨ
Үсчний газрын босгыг давангуут цагаан кимоно өмссөн гурав дөрвөн хүн нэгэн зэрэг “тавтай морил” гэцгээлээ. Тэг дунд нь зогсоод ажихуй дөрвөлжин өрөө байх юм. Цонх нь хоёр тал руугаа нээгддэг, үлдсэн хоёр талд нь толь өлгөөстэй байна. Толины тоог багцаалдахад зургаа байв. Би түүний нэгнийх нь өмнө очоод суулаа. Тэгтэл бөгс минь намалзаж байна. Аятайхан суудалтай сандал юм. Толинд нь миний царай тун дажгүй харагдана. Царайны маань ар талд цонх байна. Цаана нь тооцоо хийх сараалж таширлаж үзэгдэнэ. Сараалж дотор хүнгүй байлаа. Цонхны гадна талаар явж ирж буй хүмүүс бүсэлхийнээсээ дээш тун сайн харагдах юм. Шёотаро бүсгүй дагуулсан өнгөрч явав. Тэр хэдий завандаа ч юм, бүрх малгай худалдаж аваад духтуулжээ. Бүсгүй нь бас хэдий завандаа гоодсон юм, ёстой мэдэх юм алга. Хоёул хоёул сурамгай гэгч юмаа. Хүүхнийх нь царайг сайн хараад авья байз гэтэл өнгөрөөд явчихлаа.
Дүүпүүний худалдаачин бүрээгээ үлээсээр явж өнгөрөв. Бүрээгээ аман дээрээ тааруулан тавьсан болохоор хацар нь зөгийд хатгуулсан аятай овойж түмбийжээ. Түмбийлгэсэн хэвээрээ явж одсон тул зовиуртай санагдаад хэрэг алга. Бүх насаараа зөгийд хатгуулсан юм шиг л санагдаад байна. Тэгтэл гэйшяа гарч ирлээ. Хараахан энгэсэгээ тавиагүй харагдана. Шимада маягаар овоолгосон үс нь савчаад яагаад ч юм толгой гэж хэрэг алга. Зүс царай нь нойрмог. Өнгө зүс гэж авах юмгүй. Тэгээд мэхийж ёсолсноо аахар шаахархан юм хэлэв бололтой, цаад хүн нь толин дотор гарч ирсэнгүй.
Гэтэл цагаан кимоно өмссөн биерхүү эр миний ард ирээд хайч сам хоёр барьсаар толгой руу минь ажиглан харж байна. Би сөөвгөр сахалаа базлан ямар байна ер юм болох нь уу гэж асуулаа. Цагаан хархүү юү ч хэлэлгүй гартаа барьсан хув чулуун өнгөт самаараа миний толгойг хөнгөхөн тогшив. “ За хө толгой минь тэгээд ер юм болох нь уу даа” гэж цагаан залуугаас би дахин асуулаа. Тэрээр бас л хариулсангүй хайчаа тас тас дуугаргаж эхэлэв ээ. Толинд туссан дүрсийг нэгийг ч үлдээлгүй харах санаатай нүдээ бүлтийлгэн байсан ч хайч дуугарах болгонд хар үс хийсч ирээд аймаар санагдаад нүдээ анилаа. Тэгтэл цагаан эр ингэж хэлэв.
“ Эрхэм ээ, арын алтан загасны наймаачныг сонирхов уу”. Би үгүй ээ гэлээ. Цагаан эр тэгэсгээд самаа тас няс хийлгэж гарлаа. Тэгтэл гэнэт хэн нэгэн чанга дуугаар аюултай гэх нь дуулдав. Сандран нүдээ нээтэл цагаан залуугийн ханцуйн доор унадаг дугуйн дугуй харагдах нь тэр. Хөсөг тэрэгний цулбуур харагдлаа. Гэж бодтол өнөөх цагаан эр хоёр гараараа миний толгойг түшээд шууд хажуу тийш харуулвай. Унадаг дугуй, хөсөг тэрэг ер харагдахгүй болжээ. Самны дуу тас няс хийнэ. Удалгүй цагаан эр хажуу тийш харуулсан миний толгойг эргүүлээд чихний хавийг хусч гарав. Үс урд руу хийсэхгүй болсон тул санаа амраад нүдээ нээлээ. Хар будааны чангаамал шүү, чангаамал, чангаамал байна гэх дуу хажууханд хадав. Жижигхэн нүдүүрийг хэрэг болгон уур руу шургуулж, хэмнэлтэй нь аргагүй будааны зуурмагыг нүдэж байна. Хар будааны чангаамалын худалдаачныг хүүхэд байхдаа харж байсан болохоор байр байдлыг хармаар санагдана. Гэвч толин дотор ер орж ирсэнгүй. Гагц хар будааны чангаамал цохих дуу л сонсдоно.
Би хэр хэмжээгээрээ харааныхаа чадлаар толины өнцөг рүү шагайх шахам харлаа. Тэгтэл тооцоо хийдэг сараалж дотор хэзээ ч юм нэг бүсгүй очоод суужээ. Сааралдуу өтгөн хөмсөгтэй, биерхүү хүүхэн байна, үсээ салаа овоолго хийн тогтоож, хар дурдан хагас захтай дан өмсгөлийг нүцгэн өмсч өвдгөө босгосон чигээрээ мөнгөн дэвсгэрт тоолж байлаа. Дэвсгэрт нь арван иенийх бололтой. Бүсгүй урт сормуусаа унжуулан, нимгэн уруулаа шилэмдэн, хичээнгүй нь аргагүй дэвсгэрт тоолон дуудах ба тэр байдал нь ихэд шаламгай юм. Гэвч тэрхүү дэвсгэртийн тоо ер хэзээ ч дуусахгүй шинжтэй. Өвдөг дээрээ тавьсан нь ихдээ л зуун бутархай мөнгө бололтой ч тэрхүү зуун мөнгө нь яаж ч тоолоод зуун мөнгө л байна. Би алмайран тэр бүсгүйн царай, арван иены дэвсгэртийг ширтэн байлаа. Тэгтэл чихэн дээр цагааан эр чанга гэгч “угаая аа” гэв. Яг л сайхан дээрээ байсан тул суудлаасаа босох уу болих уу тооцоо хийх сараалж зүг эргэн харав. Гэтэл тэнд бүсгүй ч мөнгөн дэвсгэрт ч ер юү ч харагдсангүй ээ.
Мөнгөө төлөөд арагш гарвал хаалганы амны зүүн талд алтан зоосон хөнөг тав зургаагаар эгнэсэн байх агаад тэр дотор алтан загас, эрээн алтан загас , туранхай алтан загас, тарган алтан загас гээд зөндөө олныг хийсэн байвай. Ийнхүү алтан загасны наймаачин ар талд байлаа. Тэр миний өмнө эгнэсэн алтан загасыг ширтсэн хэвээр шанаагаа хий тулан хөдөлгөөнгүй байна. Хөл хөдөлгөөнтэй гийчдийн үйл хөдлөлийг ер тоосон шинж алга. Би хэсэг зуур зогсч энэхүү алтан загасны худалдагчийг ширтлээ. Гэсэн ч намайг ажиж байх зуур тэрээр огтхон ч хөдөлсөнгүй билээ л.
ОРЧУУЛСАН: О.ЖАРГАЛСАЙХАН
Сэтгэгдэл хэсэг