НАЦҮМЭ СООСЭКИ "ЗҮҮДНИЙ АРВАН ШӨНӨ" \7 ДАХЬ ШӨНӨ\ ӨГҮҮЛЛЭГ

“Зүүдний арван шөнө” зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эхээс монгол хэл рүү хөрвүүлснээр цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Зүүдний ДОЛОО дахь шөнийг хүргэж байна.


ДОЛОО ДАХЬ ШӨНӨ

Нэлээн том онгоцонд суусан байх авай. Энэхүү хөлөг онгоц өдөр бүр бас шөнө бүр өчүүхэн ч амрах завгүй хар утаа хаялан давалгаа зүсэн урагшламу. Чихнээ чийртэй дуутай юм. Тийн атал хааш явж байгааг үл мэднэ. Гагцхүү далайн давалгаан ёроолоос улайдсан галын хайч бултас хийх лугаа адил нар гарч ирэх юм. Тэрээр өндөр далбаан тэхий дээр хүрч ирээд хэсэгтээ л зүүлтээстэй байх нь уу гэтэл нэг мэдэхэд том хөлөг онгоцыг хөөж гүйцээд урьд нь орчихсоон явж байх. Тэгээд төдхөн мөнөөх улайдсан галын хайч шиг шурдхийн алга болж давалгааны ёроол руу шингэж одно. Тэр бүрийд цэнхэр давалгаа алс нөгөө зүг рүү агар занданы өнгөнд хувирна. Тэр хооронд хөлөг онгоц ч чахарган дуугаа хадаан түүний мөрийг мөшгин элдэж одох бүлгээ. Тийм атал огтхон ч гүйцэнэ гэж үгүй.

Нэг удаа би далайчныг ээрэн байж асууж үзвэй. “ Энэ онгоц өрнө зүг явж байна уу” Нөгөө эр хачирхангуй янзтай хэсэг зуур намайг харж байснаа удалгүй ам нээж, “ яагаад” гэж эргүүлэн асуулаа. “ Жаргаж байгаа наранг хөөгөөд байгаа болохоор л “ Далайч эр шоолонгуй хөхрөв. Тэгээд цааш явж одлоо. “ Баруунш одох нарны хярхаг хязгаар зүүн бусуу?. Дорноос мандах нарны голомт өрнө бус уу? Энэ машид үнэн үү? Бие минь давалгаан дээр. Хөлөг онгоц минь. Урс даа урс.” хэмээн хөг нэмэж байнам. 

Онгоцны хэтиг дээр очиж харваас далайчид олноор байх агаад бүдүүн дарвуулыг гараар чангаалдан байлаа. Миний сэтгэл зовинож байна. Хэзээ эх газар хүрэхийг хэн мэдэх билээ. Бас хааш явж буйг ч мэдэх юм алга. Гагц хар утаа хаялан давалгаа зүсэн одох нь л үнэн. Тэр давалгаа дэндүү өргөн эд байлаа. Хязгаар үгүй цэнхэртэн харагдана. Заримдаа хөхөлбий ягаан болно. Харин хөлөг онгоц хөдлөх хавь орчин л ямагт цав цагаан хөөс тургилан байна. Миний сэтгэл хачин их зовох юм. Ийм онгоцоор явж байхаар энэ биеэ шидээд үхсэн минь дээр юм уу гэж бодогдоно.

Угтан суугчид олон байлаа. Голдуу л харь хүмүүс мэт. Янз янзын л зүс царайтай юм. Тэнгэр бараантан үүлшиж, онгоц найгахад нэгэн бүсгүй хашлаганаас зуураад мэгшин уйлж байв даа. Аньсага юугаа арчих алчуур нь цав цагаахан ажээ. Харин биедээ эрээн даавуун европ хувцас өмссөн байх юм. Тэр бүсгүйг хараад уйтай байгаа нь ганц би биш юм байна гэж анзаарлаа.

Нэгэн орой онгоцны тавцан дээр гараад ганцаараа од ажиглаж зогстол нэг харь хүн ирээд одон орны ухаан мэдэх үү гэж асуулаа. Би бүтэж тагларч байхаар үхдэг ч юм бил үү гэж хүртэл бодож байсан юм. Астраноми мэдэх хэрэгцээ ч байхгүй. Дуугүй л байлаа. Тэгэж байтал нөгөө хүн алтан үхрийн ордны орой дээрх долоон одны тухай яриаг ярьж өглөө. Тэгээд одод ч далай ч цөм бурхны бүтээлээ гэв. Сүүлд нь надаас бурханд итгэдэг үү гэж асууж байна. Би тэнгэр мэлрэн дуугүй л байлаа. Бас нэг удаа хөлөг онгоцны танхим рүү гулсаад ортол гоёмсог хувцастай залуухан бүсгүй цааш хараад европ ятга хөгжим тоглож байв. Түүний хажууд өндөр нуруутай сайхан залуу хархүү зогсоод хоолой нийлүүлэн дуулж байх аж. Түүний ам ихэд том харагдана. Гэсэн хэдий ч тэр хоёр хоёр биенээсээ өөр юманд ердөө ч анхаарч байгаа янз алга. Усан онгоцонд сууж яваагаа хүртэл мартсан уу гэлтэй.

Надад улам бүр л сонирхолгүй санагдах болов. Ерөөсөө үхье байз гэж шийдлээ. Тэгээд нэг орой амьтны хөл татарсан үеэр зориглон далай руу үсэрвэй. Гэтэл хөл минь тавцангаас салж онгоцтой заяа мултлахын даваан дээр гэнэт амь нас минь хайран санагдаад явчих нь тэр. Зүрх сэтгэлийнхээ угаас ээ болих минь яав даа гэж бодлоо. Гэсэн ч одоо аль хэдийн оройтсон. Хэчнээн хөлөө атийвч ойртоод л ирэв. Усны өнгө хав хар байлаа. Тэгэхэд хөлөг онгоц дээр өгүүлсэнчлэн хар утаагаа хаялан, өнгөрөөд явж одлоо. Би хааш явж буйгаа мэдэхгүй онгоц байсан ч гэсэн суугаад явж байх минь дээр байж дээ хэмээн анхлан ухаарсан хэдий ч энэхүү ухаарлаа ашиглаж ч чадалгүй хязгаар үгүй харамсал хийгээд айдасаа тэвэрсээр харанхуй хар давалгаан зүг чимээгүйхэн унаж одвой.

ОРЧУУЛСАН: О.ЖАРГАЛСАЙХАН

Сэтгэгдэл хэсэг