"АННА КАРЕНИНА" РОМАНААС АВАХ АМЬДРАЛЫН ТУХАЙ 10 СУРГАМЖ

Оросын их зохиолч Лев Толстойн 100 илүү жил дамнан уншигдсан сонгодог зохиол "Анна Каренина" романыг манай ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад төдий хэрээр зол болсон билээ. Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь "Анна Каренина" романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх тодотголыг ч мөн бүрнээ агуулдаг. Эцсийн дүнд "Анна Каренина" роман хүний сэтгэл, ухаан доторх нандин, сайхан бүхнийг уудлан тэмдэрдэг нь нууц биш. Түүнийг гагцхүү уншиж л мэдрэх билээ. Тийн унших сэдэл болгох, уншсан нэгэнд зохиолыг ахин сөхөж харах шалтаг гаргах үүднээс "Анна Каренина" романаас сонгосон арван ишлэлийг уншигчиддаа хүргэж байна.


 1

Жаргалтай айл гэр бүхэн цөм адил төс атал жаргалгүй айл гэр бүр өөр өөрийнхөөрөө зовлонгоо эдлэх бүлгээ.

2

Аль нэгэн юман дээр дийлж гарсан азтай өрсөлдөгчөө дайралдахад бүх сайн сайхан юмыг нь даруй үгүйсгэж ганцхан муучлан бодохыг хичээдэг хүмүүс байхад азтай өрсөлдөгчийнхөө дийлж гарахад нь тус болсон сайн чанаруудыг нь олж харахыг хичээн, хэдий зүрх шимшрэвч сайн талыг нь эрэлхийлдэг хүмүүс бас байдаг билээ.

3

Хамгийн шийдвэрлэшгүй, нарийн төвөгтэй асуудалд амьдралын өгдөг ерөнхий хариултаас өөр хариулт даанч олдохгүй байлаа. Тэр хариулт нь юу байв гэвэл өнөөдрийн хэрэгцээ л юу байна түүгээр амьдрах өөрөөр хэлбэл мартагнах гэсэн үг.

4

Өнгөрсөн явдлыг амьдралын садаа болгох дэмий хэрэг.

5

Баяр цэнгэл нээлтэнд биш түүнийг эрж хайхад байдаг.

6

Хүн ачаа зөөгөөд бас гараараа юм хийнэ гэвэл тэр ачаагаа нуруундаа үүрээд бэхэлж байх хэрэгтэй, тэр чинь л гэрлэх гэсэн үг.

7

Зовлонгийн нь уг сурвалж болж байсан зүйл сэтгэл санаа амруулан баясгах үндэс болж, буруушааж, зэмлэж, өширхөж байхад шийдвэрлэж болшгүй мэт санагдаж байсан тэр зүйл хайрлаж, уучлаад ирэхлээр энгийн учир явдал нь тодорхой болж байгааг гэнэт мэдрэв.

8

Лаваар том хүүхэлдэй хийж орхиод түүнийгээ үнсэж суухыг хүнд хорьж болшгүй. Харин тэр хүн хайр сэтгэлтэй хоёрын өмнө тэр хүүхэлдэйгээ авч ирээд цаад хүний сэтгэлт бүсгүйгээ энхрийлж байгаагийн адилаар хүүхэлдэйгээ энхрийлж таалаад эхэлбэл сэтгэлт хоёрт аягүй санагдахсан билээ.

9

Эцэс төгсгөлгүй цаг хугацаанд эхэн адаггүй түмэн бодисын дунд хаяа хязгааргүй уудам зайнд хөөс шиг өчүүхэн амьд бие бий болон хэсэг байзнаад хага үсрэнэ. Тэр хөөс чинь би шүү дээ.

10

Сайн үйл гэдэг цаанаа учир шалтгаантай л юмбол тэр нэгэнт буянт сайн үйл биш, түүнд үр дагавар болон шалтгаан байх аваас юуны буянтай сайн хэрэг болох билээ. Тэгэхлээр буянтай сайн үйл гэгч учир шалтгаан, үр дагаврын уялдаанаас гадуур зүйл байж таарах нь.

*               *              *

Сэтгэгдэл хэсэг