НАЦҮМЭ СООСЭКИ "ЗҮҮДНИЙ 10 ШӨНӨ" ЭХНИЙ ШӨНӨ - ӨГҮҮЛЛЭГ

"Зүүдний арван шөнө" зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эх хэлнээс нь монгол хэл рүү хөрвүүлснээр хүргэж байна.


ЭХНИЙ ШӨНӨ

Би гараа эвхэн олбог дээр тухалж ахул дэргэд дээш харан хэвтэж буй бүсгүй сулхан дуугаар “би үхэх нь ээ” гэж хэлэх юм. Бүсгүйн урт үс дэрэн дээр сул асгарч, зөөлөн цагаан зүстэй булбарайхан зууван нүүрээрээ жинтүү дэрлэжээ.Цав цагаан хацрынх нь доогуур бүлээн цусны өнгө ялгаран, уруул нь яалт ч үгүй бундан улаан харагдана.

Тэгтлээ ч үхэчихээр харагдахгүй юм уг нь. Гэсэн ч бүсгүй “би үхэх нь ээ” гэж аяархан дуугаар тов тодхон өгүүлэх ажээ. Би үнэхээр энэ үхэх нь үү дээ гэж бодлоо. Тэгээд тонгойн байж түүнээс “ нээрээ үхэх нь үү” гэж асуух юм.

Үхэх нь ээ гэж хэлээд бүсгүй нүдээ дүрлийтэл нээлээ. Чийг хурсан том алаг нүдтэй, урт сормуус халхалсан нүднийх нь булан гил хар өнгөтэй ажгуу. Тэрхүү хар нүдний цэцгий дотор миний тодоос тод дүрс хөвж явах юм. Би нэвт шувт үзэгдэх энэхүү хар нүдний гялтганааг ажих зуураа яах аргагүй энэ үхэх нь гэж бодож байлаа. Тэгээд элгэмсэн байж дэрнийх нь бөөр рүү хошуугаа наагаад “ үхэхгүй шүү, гайгүй биздээ” гэж хэлж үзлээ. Тэгтэл бүсгүй мөнөөх хар нүдээ нойрмог янзтай сүүмийлгэсээр шивнэх шахам “ үхэх л болох нь, ёстой арга алга даа” гэвээ. “Чи миний царайг харж байна уу” гэж чин сэтгэлээсээ асуухад минь “ харж байна уу гэнэ шүү, хар л л даа, хөвөөд байгаа юм биш үү “ гээд инээвхийлж байна өнөөх чинь. Би дуугүй болж, жинтүүнээс толгойгоо өндийлгөлөө. Дэмий л элгээ тэвэрч, аргагүй үхэх нь л дээ гэж бодлоо.

Жаахан азнаж байснаа бүсгүй ам нээлээ. “ Намайг үхэхээр булаарай. Том сувдны хавхагаар нүхийг минь ухаарай. Тэнгэрээс унаж ирэх солирын хэлтэрхийгээр ёдор хийгээрэй. Тэгээд булшны минь дэргэд хүлээж байгаарай. Дахин уулзахаар ирэмц” гэлээ. “ Хэзээ ирэх юм бэ дээ “ гэж би асуулаа. “ Нар ургана биз ээ, бас жаргана. Дахиад л мандана, аанай л шингэнэ. Улаан наран умраас өрнө зүг, зүүнээс баруун тийш унаж одохын зуурт та намайг хүлээж чадах уу” гэлээ. Би дуугүй л толгой дохив. Бүсгүй мөнөөх сулхан дуугаа ялимгүй чангалаад “ зуун жил хүлээгээрэй дээ” гэж шийдмэг янзтай өгүүллээ. “ Зуун жил миний булшны хажууд суугаад хүлээж байгаарай, би заавал уулзахаар ирнэ” гэв. Би зөвхөн л хүлээнээ л гэж хариуллаа. Тэгтэл нүднийх нь хар цэцгий дунд тов тодхон харагдаж байсан миний дүрс яах ийхийн зуурт сарнин одовой.

Чив чимээгүй дусал ус бөмбөрч ирээд хөвж буй тэрхүү дүрсийг эвдлэх лүгээ адилаар урсан одов гэж бодтол бүсгүй нүдээ тас аньсан байлаа. Урт сормуус дундаас дусал нялмас хацар руу нь бөмбөрнө. Бүсгүй аль хэдийн амьсгал хураажээ. Би цэцэрлэг рүү явж сувдны хавхагаар нүх ухлаа. Тэр хавхаг гилгэр том, хурц ирмэгтэй эд байв. Газар ухах бүрий хавхагийн ар талд сарны гэрэл ойж буун гялалзана. Чийг үнэртэж байлаа. Удалгүй нүх ухаж дуусав. Бүсгүйг оршууллаа. Дээрээс нь зөөлөн шороогоор хучив. Шороо хийх бүрт мөнөөх сувдны хавхагийн ар шилээр сарны гэрэл нэвт гэрэлтэнэ. Тэгээд тэнгэрээс унасан солирын хэлтэрхийг тэвэрч ирээд овоолоостой шороон дээр тавьлаа. Солирын хэлтэрхий бөөрөнхий байлаа. Тэнгэрээс унаад удсан болохоор мөлийж дээ гэж бодов. Тэрхүү солирын хэлтэрхийг тэвэрч ирээд булш дээр тавих зуурт миний цээж гар хоёр минь бүлээцсэн байжээ.

Би хөвдөн дээр суулаа. Ингээд л зуун жил хүлээгээд байж дээ гэж бодон гараа эвхэн мөлгөр бөөрөнхий чулууг ажин суувай. Тийн зуур мөнөөх бүсгүйн хэлсэн ёсоор дорно зүгээс наран мандав. Маш том ув улаан нар байлаа. Бас бүсгүйн хэлсэн ёсоор нар улаан хэвээрээ удалгүй баруун зүг шингэлээ. Нэг дээ гэж би тоолов. Удалгүй улаан хүрэн тэнгэрийн эрхэс алгуур аажим мандаад ирлээ. Удсан ч үгүй чимээгүйхэн жаргаж одовоо. Хоёр доо гэж би тооллоо. Ийнхүү нэг хоёр гэж багцаалдан суух зуурт улаан наранг хэдэнтээ үзэв гэдэгээ ч мэдэхээ болив би. Тоолоод л тоолох тусам хурдлан давхих шахам улаан наран улам л толгой дээгүүр минь өнгөрч байлаа. Тэгсэн атал өнөөх зуун жил ирээгүй л байлаа. Сүүлдээ хөвд ургасан бөөрөнхий чулууг ажин, тэр бүсгүй намайг хуурчээ дээ гэж саналаа. Тэгтэл чулуун дороос таширалдан намайг чиглээд цэцгийн цэнхэрхэн иш сунаад айсуй. Харсаар байтал улам сунасаар миний цээжинд хүрээд зогслоо. Гэж бодтол тахилзан найгах цэнхэрхэн ишний оройд гилжийж ассан нарийхан цомирлог гэв гэнэт дэлгэрлээ. Цав цагаан сараана цэцэг хамар цоргиж үнэртэнэ. Ялимгүй дээхнээс шүүдрийн дусал бөнжигнөн дусахуйд цэцэг жингээрээ тахилзан хөдлөнө.

Би энэхүү сараана цэцгээс нүүрээ салгахдаа өөрийн эрхгүй алсын алс тэнгэрийн хаяа ажихуй үүрийн цолмон ганцаар анивалзан байхыг харлаа. Мөнөөх зуун жил аль хэдийн ирсэн байж шүү дээ гэж анх би тийн анзаарсан бүлгээ.

ОРЧУУЛСАН: О.ЖАРГАЛСАЙХАН

Сэтгэгдэл хэсэг