НОМЫН ХОРХОЙТОНД ДУРЛАЧИХАА ЮУ?

Дурлалт  хархүү, эсвэл гүнж тань номын хорхойтон болж таарав уу? Тэгвэл та хоёрын болзооны гол яриа урин хавар, анхны бороо, хайр сэтгэлийн тухай гэхээс илүүтэй өнө удаан жилийн тоосонд дараагдаж, хэн бүхний тоож сөхөөд байдаггүй, зузаан зузаан романы тухай, хэн нь үл мэдэгдэх зохиолчийн тухай, үл таних тэр л зохиолчийн амьдралын тухай харь хөндий сэдвээр үргэлжлэх нь энүүхэнд шүү. Ярьж буй зохиолыг нь уншаагүйгээ улайн, асуулт бүрт толгой сэгсэрч суух түүнээс ч бэрх, ичгэвтэртэй. Түүн дор бол довтлон ирэх асуултаас өөрийгөө хаацайлах тоо томшгүй их асуулт урьдаас бэлдэх нь илүү  дээр. Яахав, эхний болзоог цаад хүнээ асуултаар бөмбөгдөж өнгөрөөгөөд дараагийн болзоо хүртэл номын санд толгой өөд таталгүй суухаас өөр аргагүй. Гэхдээ өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд нухацтай уншигчаас нухацтай асуулт асуух нь чухал.  Дор бид таньд хэрэг болох 36 асуулт бэлтгэлээ.

Нэгдүгээр хэсэг: 

Хүүхэд байхдаа унших хамгийн дуртай байсан ном чинь юу вэ? Сүүлд уншсан номуудаас чинь хамгийн сайн нь ямар ном бэ? Уран зохиолын номд дуртай юу, уран зохиолын бус номд дуртай юу? Яагаад? Уншиж эхлэсэн ном бүрээ заавал дуусгадаг уу? Үгүй бол хаана зогсохоо яаж шийддэг вэ? Хамгийн дуртай арван номоо бичээд өгөөч? Би харж байгаад уншаагүйгээ уншъя. Зарим номыг ахин дахин уншдаг уу? Тийм бол ямар номыг? Яруу найргийн ном уншдаг уу? Яагаад/Яагаад үгүй гэж? Насанд хүрэгчдийн номоос анх хэзээ уншиж байснаа санадаг уу? Ямар ч номыг нь заавал уншдаг зохиолч бий юу? Чиний хэзээ ч сонирхохгүй төрлийн номууд юу вэ? Хэвлэгдээд 100-аас илүү жил болсон хуучны номуудыг хэр уншдаг вэ? Унших номоо хэрхэн сонгодог вэ?

Хоёрдугаар хэсэг:

 Номын агуулга нь илүү чухал уу, бичигдсэн арга барил, хэв маяг нь илүү чухал уу? Үхсэн, амьд ялгаагүй, ямар зохиолчтой оройн зоог барихдаа хамгийн баяртай байх вэ? Уран зохиолын нэг дүртэй гадуур зугаалах болбол ямар дүр сонгох вэ? Уран зохиолын хэн нэг дүрд хувир гэвэл хэн болмоор байна? Хэн нэг зохиолчид шүтэн бишрэгчийн хувиар захидал бичиж байв уу? Намайг энэ л чухам сайн ном гээд мэтгээд эхлэвэл урам чинь маш их хугарах ном бий юу? Ямар нэг байдлаар чамд онцгой санагддаг ном чинь юу вэ? Магтаж мандуулахаасаа нүүр улайм ном байдаг уу? Уншсан эсвэл таашаадаг гэдгээ бахархалтайяа зарлаж чадах ном бий юу? Ямар нэг номыг уншаагүй атлаа уншсан гэж худлаа хэлж байв уу? Уншсан номынхоо дагуу судлах, шинжих, бусдын бичсэнийг сонирхох тохиолдол байдаг уу? Уншсан зүйлийнхээ талаарх санаа бодлоо хэрхэн цэгцэлдэг вэ? Чинээнээсээ хэт үнэлэгдсэн, эсвэл доогуур үнэлэгдсэн зохиолчид гэвэл хэнийг нэрлэх вэ?

Гуравдугаар хэсэг:

"Өөртөө туслах" төрлийн номнууд уншдаг уу? Чамайг хамгийн их цочирдуулсан ном юу вэ? Яг ямар номыг таньдаг бүх хүндээ уншуулмаар санагддаг вэ? Надад тухайлан санал болгох ном байна уу? Унших юмсан гэж олон жилийн турш хүсч яваа ном/зохиолч бий юу? Яагаад одоо хүртэл уншаагүй яваа вэ? Тийм ном уншсандаа гэмшмээр ч авах таашаал нь даанч сайхан гэмээр ном бий юу? Ямар нэг зүйлийн талаарх үзэл бодлоо гэнэт солих үе чамд байдаг уу? Хэсэг зуур өвдөж хэвтэхдээ ямар ном түлхүү уншдаг вэ? Сэтгэлээс чинь гардаггүй шүлгийн мөр, эсвэл зохиолын хэсэг бий юу? Надад сонирхуулаач. Унших дадлаасаа яг юуг нь өөрчилмөөр санагддаг вэ? Уншсан номууд чинь чамд их гүн нөлөөлж, далдуур залаад буй юм шиг мэдрэмж төрдөг үү? Түрүүн жагсаасан арван номынхоо нэрээс одоо сольчихмоор санагдаж буй ном байна уу?

Сэтгэгдэл хэсэг