АРАКАТАКАГИЙН ИЛБЭЧИН

“Ер нь зохиолч хүний хамгийн хэцүү ажил бол эхний догол мөрөө бичих. Ганцхан догол мөр бичих гэж хэдэн сар болох үе ч бий” хэмээн хэлснийг нь эшлэснээр би түүний тухай бичихийн хамгийн хэцүү үеэ ашгүй давлаа. Эрхлэгч маань надад 87 насандаа таалал төгссөн, зохиолч Габриэль Гарсиа Маркесийн тухай бичихийг зөвлөсөн нь чухам хамгийн амархан, бас хамгийн хэцүү ажил байснаас тэр. Одоо зовлонгүй.

Эхний удаа би бичгийн ширээн дээрээ “Зуун жилийн ганцаардал” номын түүний дуртай шар өнгийн хавтастай, испани хэл дээрх1968 оны хэвлэл, Го.Аким гуайн монгол орчуулга, хоёр ёотон хийсэн аяга хар кофе, мөн 60 ширхэг янжуур зэхсэн нь тэрбээр мөнхүү номоо бичих 20 жилийн турш өдөрт ийм тооны янжуурын ард гардаг байсныг дуурайсан хэрэг. Гэсэн ч энэ бүхний хэрэг ер гараагүйгээр үл барам 13 ширхэг тамхи, гурван аяга хар кофе уусан миний толгой дүйрч, дотор муухайраад юм бичих манатай болсноос бичиг цааснаас бушуухан зугатав. Харин одоо үүнийг бичиглэх зуур өмнө минь мөн л 60 ширхэг янжуур зэхээстэй байгаа боловч тэднийг би татаж баръя гэсэнгүй, ер гэрчээ болгохоор шийдсэн болно. Бас бидний хэн хэн нь өдрийн цагаар бүтээмж муутай байдаг учир өглөөний 02.15 цагт бичвэрээ эхэллээ. Бусдын хувьд энгийн л мэт санагдах зарим ажлыг бид дотроо бүхэл бүтэн хувьсгалын дайтай санаж, сүржигнэх тохиолдол бишгүй олны нэг жишээ нь миний хувьд таны уншиж буй энэ нийтлэл гэдгийг бас нэмье.

Арван зургаан насны төрсөн өдрөөрөө хамгийн дотно найзаасаа “Зуун жилийн ганцаардал” номыг бэлгэнд авахад Габриэл Гарсиа Маркес бид хоёр нэгэн цаг үед амьдарч байснаар үл барам наян насны босго руу дөхөж явсан тэр “Надад ахиад роман бичих тамир байгаа ч, би бичихгүй гэдгээ маш сайн мэдэрч  байна” хэмээж, утга зохиолд дурлагсдын урмыг хугалсан дуулиант мэдэгдлээ хийж амжсан байлаа. Гэвч түүний эл бүтээл анх миний сонирхлыг ер татаагүй бөгөөд номын шүүгээнд тоосонд дарагдан хэвтэж байхад нь амьдралдаа “Тунгалаг Тамир”-аас өөрөөр бүтэн ном хэзээ ч уншиж байгаагүй ах маань зориглон авч, шөнөжин мэрэх болсон юм. Дараа нь ээж барьж авсан. Ээж маань ном унших тун сонин зуршилтай бөгөөд хуудас бүрийг нэг нэгээр нь биш, арав арваар нь алгасдаг нь хэзээд гайхшийг маань бардаг байлаа. Тэр мөнөөх л тогтсон янзаараа “Зуун жилийн ганцаардал”-ын ард зургаан цагийн дотор гараад ширээн рүү шидсэнийг санаж байна. Ингэсээр бүтэн нэг жил дамардаж, надад дахин нэг төрсөн өдөр ойртоход найзынхаа бэлгийг нээж ч хараагүйн ялд унах вий гэсэндээ би номын хуудсыг албадан нээж байлаа.

“Олон жилийн хойно хурандаа Аурелино Буэндиа гэгчийн бие Макандогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо тэр жилийн нэг үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макандо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа...”

...гэж зэгсэн дориун эхэлсэн боловч хуудас хөврөх бүрт олон Буэндиагийн дунд толгой эргэж, нягтрал сайтай өгүүлбэрүүдийнх нь утгыг ойлгох гэж хоёр, гурав эргэцсээр залхаж, хожим намайг олон удаа аврах хувьтай тэрхүү номоос би хоёр дахь удаагаа хагацсан юм даг.

Тэр ч бас багадаа ийм л нэгэн байсан гэх бөгөөд Латин Америкийн сонгодуудыг холоо орхиод, нас биед хүрсэн хойноо ч эмээгийнхээ аман түүхүүдийг шимтэн сонсдог байсан гэдэг. Энэ дашрамд хэлэхэд, бид хоёул үлгэрч эмээтэй байсан нь бидний цаашдын замд ихээ хэрэг болсон. Намайг зургаан настайд ээж, аав хоёр салж сарних дээрээ тулж, би эхийгээ даган Сүхбаатар явж, тэгэхэд Баруун-Уртын I арван жилийн уран зохиолын багш байсан эмээ маань яаж гэдгийг нь яг таг санадаггүй ч, яаж ийгээд намайг уншуулж сургасан байлаа. Эцэг эх хоёрын маань салалт хоёр долоо хоног үргэлжилж, тэгэхэд харин цэцэрлэгт ч ороогүй, “ажил албагүй”, үймүүлэхээс өөр хэрэг тусгүй би гэгч эмээтэйгээ жил хагасыг үдээд гэртээ ирэхдээ хэдийнэ уншиж, бичдэг болсон нь тэр. Бас Дарьгангын шилийн сайн эрсийн элдэв түүхийг эгээ үг, өгүүлбэр гээлгүй цээжээр ярина гээч.

Харин Маркесийн Аракатакад үдсэн бага нас эмээгийнх нь шидэт үлгэрүүд, Мянган өдрийн дайны ахмад явсан өвөөгийнх нь элдэв баатарлаг түүхээр сүлэгдсэн байдаг. Үргэлж “Тэгэхэд миний үзсэн цусан овоо ямархуу харагдаж байсныг чи төсөөлөхгүй дээ,” хэмээн ижилхэн оршилтой эхэлдэг тэдгээр түүх нь хожим Габогийн (Маркесийн багын хоч) ихэнх зохиолд их, бага ямар нэг байдлаар орсон байдгийг уншигч авхай та мэдэх биз. “Зуун жилийн ганцаардал”-д гардаг гадилын хядлага, Аурелиано Буэндиа аавыгаа даган мөс үзэхээр цыгануудын овоохой руу очсон зураглал зэргийг өвөө нь тэрхүү алдарт зохиол нь бичигдэхээс төдий тэртээд бяцхан ой ухаанд нь зурж өгсөн ажээ.

Гурав дахь удаагаа “Зуун жилийн ганцаардал”-ыг барьж авахад хүүхэд насны минь хамгийн сүүлчийн зун шувтарч байсан. Тэгэхэд би өрөөсөн, харин Макондо хотынхонд нойргүйдэх өвчин тусгаж, Ремедиосыг цагаан даавуу хөлөглөн тэнгэрт аваачсан, тоорын модонд хүлүүлж, жил ганцаардах үйлтэй эцгийнхээ сүнс рүү тоомжиргүйхэн шээж орхидог хурандаа Аурелианог 18 алтан загастай нь булшилсан зүрхтэн, буржгар саарал толгойтой, тамхичин өвгөн бээр Хосе Аркадио Буэндиа туулайн бөөр модонд хүлүүлдэг шиг, эмнэлгийн оронд бат шигдсэн байлаа. Олон Буэндиагийн нэрэнд төөрөхгүй гэж ургийн бичиг хөтлөх цаас бэлдээд, сууж уншиж сураагүйн тул номоо тэвэрч хэвтээд эхлэлээс сүүлийн хуудсыг хаах хүртэл урьд надтай төдийлэн таарч байгаагүй бахдал, баатарлагийг мэдэрснээ, дүр бүр нь гайхалтай цулыг, дайсангүй, эсрэг тал болгон үзэн ядах, үгүй ядаж хүүхдүүдээ цөмийг нь орондоо гүйцээсэн Пилар Тернераг ч зүхэх завдал өгөөгүйд алмайрч хоцорснооо санаж байна. Ертөнцийн эхлэл, төгсгөлөөтэйгээ багтдаг тэр жижигхэн номын дүрүүд хүн хэрхэн амьдрах ёстойн үлгэр шиг л санагдсансан.

Хэн нь ч амьдралд хоргоддоггүй, хэт бардам. Бардмаа бусдад тулгадаггүй. Нэгнээсээ хамааралгүй оршдог, бүгдийнх нь дайсан нь ч, аврал нь ч өөрснөө байдаг. Үхлээ урьдаас мэдэрдэг, ихэнх нь ирэхийг нь хүлээдэг. Ирвэл нь дуугүй оддог. Наминчлал, гэрээслэл... ер нь юу ч үлдээдэггүй бадрангуй  баатардуутай тэр ном харин миний дотор бүхлээрээ үлдсэн юм даа.

“Тэр нэг орой романаа дуусгаад сандлаасаа босон хаалгаа нээтэл өрөөнд цэнхэр муур орж ирлээ. “Энэ ном маань нэлээн хэдэн удаа хэвлэгдэх нь дээ” гэж тэгэхэд бодогдсон юм” гэж тэрбээр дурссаныг нь санаж байна. Хэдийгээр тэр цэнхэр муурны араас гараа нэл цэнхэр будаг болгочихсон хүүхдүүд шаагилдан орж ирсэн боловч зохиогчийн бэлгэшээн бодсон нь талаар болоогүйгээр үл барам дэлхийн 60 гаруй улсад орчуулагдан гарч, олон сая хувь хэвлэгдсний нэг хувь нь надтай гурвантаа таарсан нь энэ юм. Тэрнээс хойш би энэ номыг оюуны хангалга аятай арван нэгэн удаа уншсан. Тоо гүйцээж байгаа юм шиг тэгж олон уулзахад би биш ном намайг татдаад байгааг хожим ухаарсан. “Зуун жилийн ганцаардлыг зуу дахь удаагаа уншаад би үхэх байх” гэж тэнэглэн хөхинө, би бас.

Дээрх арван нэгийн талаас илүүг нь их сургуульд гүйцээсэн байхаас зайлахгүй. Их сургуулийн утга зохиолын ангийнханд зохиолын задаргаа хийх даалгавар байсхийгээд л гарна. Нэг бол дүрийг, нөгөө бол зохиолын байгууламж, эсвэл орчуулга гээд л хэдэн талаас нь мөлжинө. Энэ бүрийд дан ганц “Зуун жилийн ганцаардал”-ыг л ярьдаг байлаа, би. Ингэх тоолон би өөрөө уйдаагүй байхад, ангийнхан маань сонссоор бүр залхчихсан. Хичээл тус бүрийг өөр багш ордог учраас тэд анзаарахгүй. Харин манай ангийнхан бол андахгүй. Манай хүн энэ удаагийн семинарыг өнөөхөөрөө л авч гарах нь гэцгээнэ. Заримдаа миний залийг мэдээгүй багшийн дэргэд жуумалзаад золтой бариад өгчихгүй. Дөрвөн жил “Зуун жилийн ганцаардал”-аа ярьсаар сургуулиа нэг юм төгсөхдөө нэг л мэдэхэд зохиогчтой өөрийгөө ямар нэг байдлаар холбоотой гэдэгт бат итгэчихсэн байлаа.

Колумб явна, Маркесийг холоос ч болтугай харна, завдал таарвал гар барина, “Зуун жилийн ганцаардал”-ыг орчуулагдсан бүх хувилбараар нь цуглуулна, тусдаа гарч зуслангийн газартай болбол тэрийгээ Макондо гэж нэрлэнэ, цэнхэр мууртай болно гэж мөрөөдөөд л дэгэж гарна. Тэгэхэд Маркес амьд байсан. Амьд байсан учраас бидэнд хорвоогийн хаа нэгтээ таарах магадлал зуун хувь бий хэрнээ, ийм зүйл хэзээ ч тохиохгүй нь сэтгэлийн шаналан болно. Өөрийн байр байдлаа түүнийхтэй жишиж үзнэ. Ажлын гараагаа сэтгүүлчээс эхэлснийг нь мэдэх учраас би нэгдүгээр курсээсээ өдөр тутмын сонинд ажиллах болсноороо бахархдаг байлаа. Түүнтэй ижилсэх нэг ч гэсэн юмтай болсон нь сайхан санагдана. Миний насан дээр Габриэль Гарсиа Маркес “Сэптимус” гэх нууц нэрээр “El Heraldo” сонинд өдрийн гурван песоны хөлсөөр элдэв жигтэй хэрэг явдлын тухай булан хөтөлж эхэлсэн байлаа. Удаа ч үгүй кино шүүмж сэлт бичиж эхэлсэн байдаг шүү бас, яг тэр үедээ. Гэвч ялгаатай нь, тэр 26 насандаа “Leaf Storm” хэмээх анхны туужаа, хэвлүүлж амжсан бол надад өөрийн зохиолоо бичсэн эрээн цаасны хэлтэрхий ч байхгүйг мэдээд түүнийг өөртэйгөө жишин бодохоо больсоон. Надад 13 настай охиныг эхнэрээ болгохоор шийдэх зориг, нас биед хүртэл нь хүлээх тэвчээр, өдөр тутмын сонины эрхлэгч хийх чадал, суут бүтээл туурвих авъяас байхгүйтэй эвлэрээд бүр ч урам хугарсан.

Гэвч түүнээс илүү урам хугарсан нь 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд таарсан билээ. Габо бид хоёр хоёул өдрийн цагт бүтээмж муутайгаа мэддэг учраас үүрээр суух дуртай тухайгаа дээр хэлсэн дээ. Тэр л янзаараа юу ч юм хийх зуураа фэйсбүүкийнхээ ньюсфийдийг гөлийж суутал Колумбын зохиолч, Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркес 87 насандаа таалал төгссөн тухай миний дагадаг “Paris Review”, “Newsweek”, “Guardian” сониныхон уралдаад л бичсэнийг харав. Бидний тэг хувийн магадлалтай, зуун хувийн боломжтой уулзалт тохиохгүй, Колумб явах, холоос ч болтугай барааг нь харах хөг өнгөрлөө. Энэ суут хүнтэй нэгэн цаг үед амьдарч байсан шүү гэх бахархал маань ч ганхлаа. Яг үнэндээ өөрөөр би шаналаагүй ээ. Учир нь тэр уншигчдаа өөрийн үхэлд эртнээс бэлдсэн. “Зуун жилийн ганцаардал”-ынхаа дүрүүд шиг тэр ч өөрөө ч үүнд бэлэн байсан.

Бас түүнд энгийн нэг үдэлт ногдохгүйг ч гадарлаж байлаа. Эцэг эх нь нэрээ элбэж өгсөн илбэчин Габо (аав нь Габриэль Элигио Гарсиа, ээж нь Луйза Сантиага Маркес) Аурелиано Буэндиа шиг хүүхэд насыг үдэж, Хосе Аркадио Буэндиа шиг амьдраад, Маурисио Вавилоны оройд эргэлдэгч мянга мянган шар эрвээхий хөлөглөн, сайхан Ремедиосынх шиг төгсгөлөөр зуу биш 87 насандаа ганцаардаж биш дэлхийн уншигчдынхаа халуун сэтгэлээр үдүүлээд одов. Гэм нь надтай л уулзсангүй, хөгшин илбэчин Габо.

Жамъян-Очирын Тэгшжаргал

Сэтгэгдэл хэсэг