“Би их ичгүүр сонжуургүй амьдрал туулжээ. Жир хүний амьдралаар амьдарсан бол бүр ямар байх байсныг төсөөлж ч чадахгүй нь.” Ингэж бичихдээ манай баатар өөрийгөө жир хүн бус, ер нь хүн ч бус..., хөл алдаад хүний ертөнцөд ирчихсэн сахиусан тэнгэрт тооцож байсан бололтой. Нэгэн бүсгүйн хамтаар амиа егүүтгэж..., цогцос нь Токиогийн ус зайлуулах сувгийн дэргэдээс олдохын өмнөхөн хэвлүүлсэн хоёр романы нэг нь “Баяртай”, нөгөө нь “Хүн төрөлд тэнцэхгүй нь”. Энэ бол 1948 он.
Япон орон Номхон далайн дайны хөлд /1941-1945/ бүхэлдээ цөхөрч туйлдаад байлаа. Дайны гашуун утаан дунд залуу нас нь уугьж өнгөрсөн нэгэн үеийг “Алдагдсан үеийнхэн” гэнэ. Алдагдсан үеийнхэн шаралхуу, ууртай ч зориг зүрх муутай, хүсэл мөрөөдөл нь мохсон ч хүлээмтгий, шинэ хуучны зөрчил дунд ёс суртахууны уналтанд орсон, түүндээ ямар нэг зөвтгөл хайсан, товчхондоо бол хуучин үнэлэмж, үнэ цэн бүхэн нь нуран унаснаас барих барьцгүй болж хөл алдсан тийм л хүмүүс байлаа. Дайны дараах японы утга зохиолд алдагдсан үеийнхний дуу хоолой үлэмж хүчтэй тусчээ. Ясунари Кавабата, Жуничиро Танизаки, Эдогава Рампо, Масужи Ибүзэ, Фумико Хаяаши, Шусаки Эндо, Рёотаро Шиба, Кобо Абэ, Юкио Мишима гээд ид бүтээн туурвих нас нь дайны хүнд жилүүдийг дайран өнгөрсөн зохиолчдын уран бүтээлээс уламжлалт нийгмийнхээ үнэт зүйлс болоод өрнийн соёлын түрэлтэн дунд хавчуулагдсан, зөрчилтэй, тэвдэнгүй, уламжлалаа хадгалах гэж оролдсон, шинэ зүйлс турших гэж адгасан зүсэн зүйлийн өнгө аяс маш тод анзаарагддаг. Манай баатар бол японы уран зохиолын яг энэ үеийн хамгийн том төлөөлөл билээ.
Шүжи Цушима 1909 оны зургадугаар сарын 19-нд Японы хойд хязгаарын Аомори мужийн нэгэн бөглүү тосгонд нутгийн хамгийн чинээлэг түшмэлийн 10 дахь хүүхэд болон мэндэлжээ. Аав нь эзэн хааны итгэлт түшмэл байсан тул гэртээ бараг тогтохгүй, сав л хийвэл нийслэлийг зорьж уртын албанд сууна. Харин ижий нь 11 хүүхэд төрүүлж, бие нь ихэд дордсоноос хүүхдүүдээ асарч тойлох бүхий л ажлыг гэрийн үйлчлэгчдэдээ даатгасан хэвтрийн шахам хүн байв. 1917 онд Орост Октъябрын хувьсгал ялж, шинэ дэлхийн үзэл санааны индэр дээр Марксизм ялалтын тугаа намируулж байх үед угсаа залгамжилсан чинээлэг иргэний хүү Цушима хэтэрхий баян, хэтэрхий хүйтэн гэр бүлээсээ жигшиж, шороо тоосонд хутгалдсан ч инээд хөөрөөр дүүрэн ядуу тариачдын хүүхдүүдэд сэмхэн атаархан өсч байлаа. Тэр өөрийгөө ядуу тариачны хүүхэд байсан ч болоосой гэсэн бодолдоо заримдаа гүн итгэхээрээ “Би үнэхээр энэ айлын хүүхэд мөн үү? Ядуу айлаас үрчлэгдсэн юм биш биз?” гэж үйлчлэгч эгч нараасаа шалгаана.
Цушимаг 18 хүрдэг жил буюу 1927 онд хайрлан шүтэж явдаг зохиолч Рюнеско Акутагава нь амиа тэвчин өөд болжээ. Үнэт зүйлс нь бага багаар нуран унаж байсан түүний хувьд энэ үйл явдал сүйрэл лугаа адил хүнд туссан юм. Цушима хичээл номоосоо эрс татгалзаж, эцэг эхийнхээ мөнгийг архи, тамхи, янхан гуравт л үрэх болов. Хоёр жилийн дараа тэрбээр төгсөх шалгалтандаа тэнцэхгүй байх вий гэсэн айдастаа дийлдэн нойрсуулах эм ууж амиа хорлохыг завдсан ч азаар аврагджээ. Чинээлэг, нэр нөлөөтэй эцэг нь түүний алдааг засахын тулд төгсөлтийн шалгалтаас мултлаад зогсохгүй хүүдээ Токиогийн их сургуулийн франц хэлний анги “зохицуулж” өгчээ. Токиод анх ирсэн тухайгаа тэрбээр “Үнэнийг хэлэхэд энэ хотод анх ирэхдээ би кондуктороос нь эмээхдээ трамбайд суухаас айдаг, улаан хивс дэвссэн шатны хоёр талаар эгнэн зогссон зааварлагч бүсгүйчүүдээс нь цэрвээд Кабуки театрт очиж зүрхэлдэггүй, тавгийг маань хоосрохыг хүлээн мөрөн дээгүүр өлийх зөөгчдөөс нь санаа зовохдоо зоогийн газарт ч орж зүрхэлдэггүй хүүхэд байлаа” хэмээн “Хүн төрөлд тэнцэхгүй нь” романдаа бичсэн байдаг. Ингээд тэр романд нь Хорики нэрээр үлдсэн, Токиогийн уугуул оюутантай найзалж эхэлжээ. Түүнд хамаг мөнгөө өгчихнө. Цаадах нь өгсөн мөнгөөр нь хямд атлаа элбэг дэлбэг зугаа бодож олохдоо гаргуун. Тэр л Цушимаг Токиогийн гүний гүн дэх архины мухлаг, дэн буудлуудаар хэсүүлж, тухайн үед хуулиар хориотой байсан Коммунист намд элсүүлж, дайны үед ид цэцэглээд байсан гэйшануудын үүр ноохойгоор хоног төөрүүлэгч болгожээ. Тиймээс ч “Хүн төрөлд тэнцэхгүй нь” романдаа тэрбээр “Архи, тамхи, янхнууд миний хувьд хүний төрөлтөн байхуйн айдсаасаа ангижрах сайхан арга байлаа” хэмээн бичсэн байдаг.
Токиод суурьшсан бүтэлгүй оюутныг ийн зугаалж явтал нутагтаа байхдаа танилцсан Хацуёо Ояама гэх гэйша араас нь хүрч иржээ. Цушима бүсгүйг биеэсээ түлхэх нь бүү хэл, их сургуулийн утгагүй амьдралаа эцэслэхийн тулд түүнтэй нийлэн нийслэлийг орхижээ. Сургуулиа хаяж, гэйшатай нийлсэн нь сурвалжит угсааны гэр бүлийнхэнд нь таалагдаагүй нь мэдээж. Гэрийнхэн нь тэдний харилцааг үл зөвшөөрч, босгоо ч давуулалгүй хөөж явуулжээ. Уурссан Цушима тэнд Ояамагаасаа салаад, архидан тэнэж явахдаа уушийн газарт ажилладаг 19 настай Шимеко Танабе хэмээх охинтой танилцав. Нэр усаа бараг хагас дутуухан мэдэлцсэн тэд маргааш нь энэ хорвоогоос хамтдаа халихаар шийдэн голын ус руу хамт үсрэх нь тэр. Энэ явдлын харгайгаар охин усанд живж, харин Цушимаг завьтай загасчид аварсан юм. Ингээд Цушима хүн амины хэрэгт холбогдов. Харин нас барсан эцгийнхээ өмнөөс гэрийн бүх хариуцлагыг өөртөө хүлээгээд байсан ууган ах нь түүнтэй зорин уулзахдаа “Буцаж очоод сургуульдаа томоотой сурна гэвэл бүх хэргийг дараад зогсохгүй Ояаматай чинь ч гэрлүүлнэ” хэмээн шахаж байгаад зөвшөөрүүлжээ. Цушима Токиод эргэн очоод хичээлдээ орж, нам жим амьдарч эхэлсэн юм.
Гучаад оны эхэн үе бол Цушимагийн уран бүтээлийн амжилттай эхлэлийн он жилүүд байлаа. Чухам энэ л үеэс тэрбээр Дазай Осаму хэмээх бичгийн нэрээр зохиол бүтээлээ хэвлүүлэх болов. Дазайн дандаа нэгдүгээр биеэс хүүрнэдэг бичлэгийн арга барил сүүлдээ өөрийнх нь гол таних тэмдэг болсон юм. Дазай бол японы уран зохиолд Мэйжийн эринээс /1868-1912/ эхлэн үзэгдэх болсон “Би-роман”-ы гүйцэд хэлбэржилтэд голлох үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлч билээ. Наманчлалын уран зохиолын нэгэн хэлбэр болох “Би-роман”-ы онцлог нь өөрийн амьдралаас сэдэвлэж өөрийн өнцгөөс хүүрнэдэг, гол дүрээрээ дамжуулан өөрийн алтер-эгог бодитжуулдагт оршино. Тиймдээ ч зохиогчийн намтрыг өгүүлэхдээ зохиол бүтээлээс нь шууд эшилж байгааг уншигчид маань анзаарсан биз ээ. Гэхдээ тухайн үйл явдлыг туулж, өөрийн гэсэн туршлагыг хуримтлуулж буй хүн, түүнээс тодорхой хугацааны дараа мөнхүү явдлыг уншигчдад хүргэх үүднээс найруулан бичиж буй зохиолч хоёрын мөн бие нэг боловч нөхцөл байдал, санаа зорилго, сэтгэл зүйн талууд нь өөр болохыг анзаарч..., өгөгдсөн мэдээллүүдийг наанатай цаанатай хүлээж авбал зохихыг ухамсарт уншигчид маань надаар хэлүүлэлтгүй мэдэх буй заа. За, энэ бол зохиол уншихтай л холбоотой асуудал.
Үзэг цаас нийлүүлэхээс өөр үймээнгүй даруухан оюутны амьдрал нэг их удалгүй ахиад л архи, тамхи, бүсгүйчүүлээр зугаацсан зайгуул амьдралдаа эргэх нь тэр. Сургуульдаа очихгүй удсан тул төгсөх ч боломжгүй боллоо. Сэтгэл санаагаар унасандаа мань эр 1935 оны гуравдугаар сарын 19-нд амиа егүүтгэхээр гурав дахь удаагаа оролдон өөрийгөө боомилсон ч бас л бүтэлгүйтэв. Энэ явдал болоод сар ч өнгөрөөгүй байтал бие нь гэнэт муудаж, мухар олгой авхуулах мэс засалд оржээ. Архины гүн хамааралд байсан залуу зохиолч өвчин намдаах эмэндээ донтон, улмаар сэтгэцийн эмнэлгийн албадан эмчилгээнд орсон юм. Энэ үеэр нутагтаа үлдсэн гэргий Ояама нь Дазайн хамгийн дотны найзтай учир ургуулсан нь ил болох нь тэр. Уурссан Дазай тэр даруй нутаг буцаж, эхнэртэйгээ нүүрэлдсэний эцэст хамтдаа амиа хорлох хачин шийдвэрт хүрчээ. Энэ бол түүний өөрийнхөө аминд хүрэх гэсэн дөрөв дэх, ямар нэг эмэгтэй хүнтэй хамтдаа үхэх гэсэн хоёр дахь оролдлого байлаа. Нойрсуулах эм их хэмжээгээр уусан тэр хоёрын хэн хэн нь амьд гарсан ч хамтдаа байх шалтаг үлдээгүй тул гэрлэлтээ цуцлуулан, өөр өөрийн замыг хөөхөөс аргагүй болсон юм.
Багаасаа л зургаан эгч, гэрийн үйлчлэгч авгайчууд, ээж, эмээ гээд маш олон эмэгтэйн дунд өссөн Дазайн амьдралд ч, зохиол бүтээлд ч эмэгтэй хүний байр суурь тун их. Урьд нь түүний зохиолуудыг би төвт, ихэнхдээ нэгдүгээр биеэс өгүүлдгээрээ онцлогтойг дурдсан. Гэвч түүний бүтээлүүд дунд бүсгүйчүүдийг гол дүрээ болгож, бүсгүй хүний өмнөөс хүүрнэсэн зохиол олон. Эмэгтэй хүний өмнөөс хүүрнэхдээ Дазай итгэмээргүй торгон ухаан, нарийн мэдрэмжтэй. Тэрбээр 1948 онд бичсэн “Эмэгтэй хүн” өгүүллэгтээ “Би вээр хүнийг гарал үүслийнх нь үүднээс сармагчин, хүн гээд хуваачихдаг амьтан судлалын ангиллыг буруу гэж боддог. Чухамдаа бол сармагчин, эр хүн, эм хүн гэж хуваах байлаа. Энэ чинь хоорондоо огтхон ч адилгүй төрөл зүйлүүд шүү дээ. Биеийн бүтэц нь, бодож сэтгэж байгаа нь, хэл ярианы илэрхийлэл нь, үнэр, дуу хоолой, орчинтойгоо харилцаж байгаа хандлага нь ч өөр. Эмэгтэйчүүдийн нэг их ойшоогоогүй, жирийн л үйлдлүүдийг эрчүүд ойлгох гэж хичээгээд ч нэмэргүй” гэж бичсэн байдаг. Гэвч Дазай өөрийн зохиолуудаар дамжин эмэгтэйчүүдийг хангалттай танин мэдсэн юм шиг санагддаг. Хачирхалтай нь, түүний дүрсэлдэг хүүхнүүд амьдралынх нь жинхэнэ учралуудаас зан аалийн хувьд ч, ерөнхий хандлагын хувьд ч эрс өөр билээ. Дазайн санааны ертөнц дэх хүүхнүүд шил толь болтол нь арчиж цэвэрлэсэн орд өргөөнийхөө голд цөмцийн суух шаазан ваар шиг гоёмсог авхайс. Ихэмсэг даруу, цэвэр ичимтгий. Олон хоног хамт хундага хувааж суухдаа дурлал хайрын зурвасхан сэжүүр ч үзүүлээгүй атлаа хожим амандаа нэрийг нь бувтнасаар үхэх төмөр хатагтай нар. Зохиолч энэ тухайд “Би өөрийн хүсэл сэтгэл дэх төгс эмэгтэйчүүдийн дүрийг бичиж байна” гэж хэлсэн нь бий.
Эхнэрээсээ салсныхаа дараа тэр дунд сургуулийн багш Ишихара Мичикотой гэрлэж, 1941 онд охин Соноко нь, 1944 онд хүү Масаки нь, 1947 онд охин Сатоко нь мэндлэв. Дайны үед гэр нь бөмбөгдөлтөд хоёр ч удаа өртсөн хэдий ч Дазай гэр бүлийнхнээ бөмбөгдөлтөөс аюулгүй авч гарч чаджээ. Энэ үе бол түүний алдар нэр, амжилт бүтээлийн оргил үе байлаа. Гэвч тэр аз жаргалтай гэр бүл, амжилттай ажлынхаа хажуугаар архинд донтох муу зуршлаасаа салж чадахгүй л байсан юм.
Удалгүй өөрийнх нь зохиол бүтээлийг биширдэг хэмээн ирж танилцсан Шизуко Ота хэмээх бүсгүйтэй амрагийн харилцаа тогтоож, эхнэр хүүхдүүдээсээ эрс хөндийрөх болов. Ота уран зохиол сонирхдог, гоо зүйн мэдрэмж өндөртэй, өөрөө ч тэмдэглэл, бодрол бичдэг бүсгүй байв. Дазай Отагийн хувийн тэмдэглэлүүдээс үүдэн “Шингэх нар” романаа бичсэн нь хамгийн алдартай бүтээлүүдийнх нь нэг болсон юм. 1947 он бол Дазайн хувьд тун зөрчилтэй цаг үе байлаа. Энэ л онд нууц амрагаасаа онгод аван бичсэн “Шингэх нар” роман нь хэвлэгдэж, зэрэгцээд өөрийнх нь эхнэрээс отгон охин Сатоко нь мэндэлсэн бол Ота бүсгүй түүнд Харуко хэмээх бас нэгэн охин төрүүлж өгсөн юм. Дазай эхнэр хүүхдээ ч, Ота бүсгүйг ч орхин, Томи Ямазаки хэмээх бэлэвсэн хүүхнийг дагаснаар зөрчилтэй энэ харилцаанаас чимээгүйхэн мултарч одсон гэхэд болно. Гэлээ ч хувь заяа хэзээд гашуун, ёжтой байдаг хойно, цурав нялхдаа эцэгтээ орхигдсон отгон охин Сатоко нь хожим хатсан бэхийг нь зуурч, үлдээсэн бийрийг нь хөших авьяасыг өвлөж, Юуко Цушима хэмээх бичгийн нэрээрээ танигдсан, алдар хүндтэй зохиолч болсон юм.
Дазайн сонгосон Томи бүсгүй гоо сайханч мэргэжилтэй, гэрлээд 10-хан хоносныхоо дараа эр нөхрөө дайнд үдэж, удалгүй армийн захидал харилцааны албан мэдүүлгээс бэлэвсэрч хоцорсноо мэдсэн ганцаардмал эмэгтэй байлаа. Түүнтэй байх хугацаандаа Дазай хожим өөрийнх нь нэрийг дэлхийн тавцнаа өргөсөн “Хүн төрөлд тэнцэхгүй нь” романаа бичиж, залгаад “Баяртай” нэрт зохиолоо тэрлэсэн юм. Нэрнээсээ эхлээд л учир битүүлэг зөнг дохиолох тэдгээр роман хэвлэгдээд тун удаагүй байтал “Нэрт зохиолч Осаму Дазай Шизуоко мужийн бэлэвсэн эхнэр Томи Ямазакигийн хамт амиа хорлосон байхыг Токиогийн ус зайлуулах сувгийн ойролцоогоос оллоо” гэх мэдээ Япон даяар тархах нь тэр. Энэ бол 1948 оны зургадугаар сарын 13 байлаа. Эх зохиолч тэр үед дөнгөж 38-тай байсан юм.
Учир битүүлэг энэ үхэлтэй холбоотой тун олон нууц одоо ч тайлагдашгүй хэвээр үлджээ. Тэд яагаад ийм зүйл хийх болов? Амиа хорлолт бус аллага байсан юм биш биз? Зарим хүн тэднийг хамтдаа амиа егүүтгэсэнд ер итгэдэггүй бөгөөд Томи бүсгүй их зохиолчийн аминд хүрчхээд цогцсыг нь хотын ус зайлуулах шугамын хажууд чирэн аваачиж, дараа нь өөрийгөө бүрэлгэсэн гэх нь ч буй. Гэвч үйл явдал ямар ч байдлаар өрнөсөн Дазайн хувьд бүх хувилбар сэтгэлийг нь хангах..., адаглаад л гомдол харуусал төрүүлэхүйц зүйл биш байх сан билээ. Анхнаасаа тэр ийм зүйл хүссэн. Томи түүний аминд хүрсэн байлаа ч удаа дараа бүтэлгүйтсэн оролдлогыг нь гүйцээж өгснөөс цаашгүй мэт.
Аргагүй шүү дээ. Хүмүүсийн зарим нь өөрийгөө эр биед төрсөн эм хүн, эм биед төрсөн эр хүн гэж мэдэрдэг бол Дазай Осаму өөрийгөө хүн төрөлд төрсөн сахиусан тэнгэр гэж боддог байв. Сахиусан тэнгэрт хүний хорвоод уусан нэгдэж, орчлонгийн явдалтай дасан зохицно гэдэг амаргүй байсан биз. Бууж ирсэн орчиндоо мөнхөд давчдаж, хүний нийгмийн тогтсон ёс суртахуунтай эвлэрэх гэж учраа олохгүй тэвдэн байсан нь жир хүмүүст ухаангүй тэнэг, увайгүй муухай, жигшин зэвүүцэм санагдана. Сахиусан тэнгэрт журам сахисан эмэгтэй, буурчийн газрын гэйша хоёрыг ялган үзэх, салган хайрлах шалтгаан үгүй. Сахиусан тэнгэрт бүх хайр нэгэн зэрэг боломжтой. Удаа дараа үйлдсэн амиа хорлох арчаагүй оролдлогуудыг нь ч манай сахиусан тэнгэрийн дээдийн орон руугаа буцах гэж аргаа ядсан арга гээд тайлбарлачихвал ойлгож болмоор ч юм шиг. Хүн яаж ийм байж болдог байна аа, ямар булай юм бэ гэж бүгд нүд үзүүрлэсэн хэрнээ бичсэн үг, өгүүлбэр бүрийг нь нийтээрээ зүрх даран уншиж “ойлгодог” нь ч мөнөөх л сахиусан тэнгэрийн шид хүчний үйлчлэл биз ээ.
Харин нэг асуулт л хачирхалтай хэвээр үлдэнэ. Дазай их хүчтэй эр байсан бололтой. Амьдралынх нь хамгийн уналттай, шалдаа буусан үед ч чухам түүнтэй л хамт амиа тэвчих, түүнтэй л хамт энэ орчлонгийн явдлыг тэглэх, түүнтэй л хамт живж чадах, нисч чадах, үсэрч чадах бүсгүйчүүл яаж ийгээд гараад ирдэг байсан нь тун хачирхалтай. Эмэгтэй хүн асуудлыг амь насандаа тулгах хүртлээ эрчүүдээс арай урт зам туулдаг. Тэдэнд Осаму үхлийн тухай чухам ямархан сайхан түүх ярьж өгсөн болоод, юу гэж ятгаж, яаж шавдуулсан болоод...? Эсвэл тэр тэдэнд л гэж сахиусан тэнгэрийн жинхэнэ мөн чанараа нээн харуулсан ч байж мэднэ. Ээ, эгэл хүний заяанд томдсон сахиусан алдаанууд минь дээ...
БАТСУУРИЙН БАЯСГАЛАН
Сэтгэгдэл хэсэг