Уран зохиол сонирхогчдын дунд ихээхэн танил, эсвэл бүр ор тас танигдаагүй ч байж мэдэх Элис Энн Мүнро хэмээх нууцлаг хатагтай 2013 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ. “Орчин цагийн өгүүллэгийн их мастер,” гэж түүний Нобелийн шагналын тодорхойлолтонд бичсэн байв. Угаас өгүүллэгээс өөр уран зохиолын нэр төрлөөр төдийлөн хөөцөлдөөгүй түүнийг энэ цагийн шүүмжлэгчид “Англи хэлт уран зохиолын Чехов,” гэж тодотгох нь бий.
Канадын Онтариогоос гаралтай, эдүгээ 82 настай Мүнрог мөнхүү нэр хүндтэй шагналыг гардахад нутаг нэгт зохиолч, өөртэй нь хамт Нобелийн сунгаанд өрсөлдсөн Маргарет Этвүүд авхай “Мүнрогийн энэ хүрсэн зам хэзээ ч дардан байгаагүй ээ. Тэр 1931 онд төрж, Их уналтын үеийг гэр бүлтэйгээ туулан, дэлхийн хоёрдугаар дайны үед өсвөр насаа өнгөрүүлсэн. Хожим нь гэрийн авхайн байр сууринаас зохиолуудаа бичиж эхлэхэд нь тэр үеийн нөлөө бүхий эрэгтэй зохиолчид “Бичсэн нь сайн л юм. Гэхдээ би л лав түүнтэй унтахгүй,” гэх маягийн юмс ярьж доог тохуу хийдэг байв. Яахав, эмэгтэйчүүл зарим салбарт амжилтанд хүрч болох ч эхнэр хүн, тэр тусмаа гадаад үзэмжээр тааруу бол хичнээн чадалтай байгаад ч амжилтанд хүрэхгүй гэсэн хатуу хуулийг бидний үеийн хэдэн хүүхэн сөрж гарч ирсэн юм шүү. Түүний эл шагнал зөвхөн Хойт Америкийн, тэр дундаа Канадийн уран зохиолыг орон нутгийн хүрээнээс нь гаргаж дэлхийн индэрт тавиад зогсохгүй уран зохиолын тулхтай бичвэр бол зөвхөн романд л хамаатай гэсэн улиг ойлголтыг халж өгүүллэг хэмээх уран зохиолын энэ амаргүй агаад тун нарийн төрлийг ач холбогдлын хувьд өргөж өгч буй юм,” хэмээн өгүүлжээ.
Бас нэг шүүмжлэгч “Түүнд эл шагналыг амжиж өгсөнд нь Шведийн академид талархаад баршгүй. Үнэндээ сүүлийн хэдэн жил тус шагналыг улс төрийн сэдвээр, тэр дундаа барууны чиг хандлагыг барьж бичдэг зохиолчдод л олгож байсан тул би ч Мүнрог Нобел авна гэдэгт итгэхгүй л байв. Шведийн академи энэ удаад улс төрийн сэдвээс тэс хөндий Мүнрод алгаа дэлгэсэн нь жинхэнэ уран зохиолыг үнэлсэн хэрэг боллоо. Үнэндээ Мүнрог шагнах нь улс төрийн ямар ашиг авчрах вэ дээ,” хэмээсэн байна.
Элис Энн Мүнро дунд сургуульд байхдаа зохиол бичиж эхлэснээсээ хойш “Жаргалтай сүүдрүүдийн бүжиг” /1968/, “Охид, бүсгүйчүүдийн амьдрал” /1971/, “Чамд хэлэх гэсэн зүйл” /1974/, “Өөрийгөө хэн гэж бодоо вэ, чи?” /1978/, “Бархасвадийн дагуулууд” /1982/, “Багын найз” /1990/, “Хэтэрхий их аз жаргал”/2009/, “Эрхэм амьдрал”/2012/ зэрэг нийт арван дөрвөн өгүүллэгийн түүвэр хэвлүүлж тухай бүрт нь улсынхаа болон олон улсын хэмжээний нэр төртэй шагналуудыг гардаж байжээ.
Үнэндээ Нобель бол уран зохиолын дээд хэмжүүр биш. Оросын Толстой, Набаков, Аргентинийн Борхес, Германийн Себальд, Чехийн Храбал гээд үгийн урлагийн суутнуудыг амьд ахуйд нь олж харж чадаагүйнх нь төлөө тэднийг үеийн үед буруутгамаар ч тэр мэт төөрөгдлөө залруулах энэ мэт тохиолдлуудыг нь үнэлж байвал зохилтой.
Эдүгээ бид сайх хатагтайн “Paris Review” сэтгүүлд өгсөн ярилцлагаас нь хэсэгчлэн хүргэж байна.
СУРВАЛЖЛАГЧ: Та хэвлэгдээд гарчихсан зүйлээ араас нь засч байсан уу? Прүст л гэхэд “Алдагдсан цагийн эрэлд”-ийнхээ эхний ботийг нас барахаасаа өмнө амжиж зассан байдаг.
МҮНРО: Тийм ээ. Хэнри Жэймс ч бас ойлгомжгүй, утга балархай бичлэгүүдээ дараа нь хялбархан ойлгогдохоор болгож зассан байдаг. Америкийн Шилдэг Богино Өгүүллэгүүд 1991 антологид багтсан миний “Carried Away” нэртэй өгүүллэг бий. Чухам ямаршуу юм биччихсэнээ сонирхох гэж саяхан би тэр өгүүллэгээ өнөөх антологиос нь ахиад нэг уншаад үзтэл дотор нь хэтэрхий түүхий гэмээр нэг хэсэг олддог байгаа. Бага хэмжээтэй ч уг нь их чухал хэсэг л дээ. Хоёрхон өгүүлбэрийн урттай байлуу даа. Тэгмэгц би үзгээ шүүрч аваад өнөөхөө номынх нь зах дээр засаад орхисон. Өөр номонд оруулах болохоороо тэндээсээ хуулаад л хэвлүүлчихнэ.
СУРВАЛЖЛАГЧ: Та хянан засварлагчдад хэр их итгэдэг вэ?
МҮНРО: The New Yorker сэтгүүл бол зохиолуудыг минь нухацтай шинжилж, засварлахад тусалсан анхны хэвлэлийн газар. Зохиолч, хянагч хоёр нэгдсэн зөвшилцөлд хүрч байж юуг засахаа эцэслэн шийддэг байх ёстой. The New Yorker сэгүүлийн Чип МакГрат миний анхны хянагч байлаа. Ажилдаа ч сайн. Яг юу хүсч буйг минь тийм гүн мэдэрч чаддаг хүн бас байдаг аа гэж би их гайхширч байсан шүү. Заримдаа бидэнд засч янзлаад байх нэг их зүйл гардаггүй ч тэр надад маш их зөвлөгөө өгдөг байсан. . Мань хүн надаас “The Turkey Season,” нэрт өгүүллэгийг минь худалдаж авав. Тэгэхээр нь би баахан засаад явуулчихлаа. Уг нь шинэ хувилбар маань түүнд таалагдана гэж бодсон ч тэгээгүй. Тэр “Яахав, шинэ хувилбарт чинь урдахаасаа дээр болсон хэсгүүд байнаа. Бас хуучнаар нь байлгаж байвал дээр гэмээр зүйлс ч байна,” гэсэн. Тэгээд л бид алийг нь шинэчилж, алийг нь хэвээр үлдээхээ хоёр талаасаа ярилцаад түрүүчийн хоёроосоо хамаагүй дээр хувилбар гарган авч байсан шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Та хар багаасаа л зохиол бичсэн үү?
МҮНРО: Долоо, наймдугаар ангид байхаасаа бичиж эхлэсэн.
СУРВАЛЖЛАГЧ: Та чинь коллежийн хоёрдугаар дамжаанаасаа хүнтэй гэрлэчихсэн байх аа?
МҮНРО: Хоёрдугаар дамжаагаа дүүргэмэгцээ хүнтэй суучихсан. Тэгэхэд би хорин настай, нөхөр маань хорин хоёртой байж. Тэгээд нөхөртэйгээ хамт Ванкувер явлаа. Гэрлэнэ гэдэг нүүж суухаас өгсүүлээд л маш том өөрчлөлт, адал явдал байв. Тэгээд л дунд ангийн тохьтойхон айл болоод төвхнөөд авлаа. Байшинтай болж, хүүхэд төрүүлнэ гэсэн мөрөөдлөө ч биелүүллээ. Би чинь анхны хүүхдээ хорин нэгтэйдээ төрүүлсэн юм шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Тэр бүх хугацаандаа та бичсээр л байв уу?
МҮНРО: Жирэмсэн байхдаа хүртэл галзуу солиотой амьтан шиг бичсээр л байв шүү дээ. Дараа нь цаас эрээлж суух боломжгүй ч болчих юм билүү гэж айснаас тэр. Ер нь би хүүхэд тээх бүртээ шинэ хүнээ төрөхөөс өмнө ямар нэг томхон шиг юмны ард гарчих юмсан гээд улайраад зүтгэчихдэг хүн байв. Тэглээ гээд гараас минь гавьтай зүйл гарч байсан нь үгүй л болов уу.
СУРВАЛЖЛАГЧ: Анхны ном тань хэвлэгдэхэд та хэдтэй байсан юм бэ?
МҮНРО: Бараг гучин зургаатай байсан байх аа. Хүүрнэл зохиолын төрлөөр олон жил биччихсэн байсан. Тэгтэл McGraw-Hill-ийн салбар болох Ryerson Press хэмээх Канадийн хэвлэлийн газрын эрхлэгч над руу захидал бичиж, ном болгоход хүрэлцэхүйц өгүүллэг бий эсэхийг асуусан. Анхандаа тэр намайг өөр ганц хоёр зохиолчийн хамт нэг номонд багтаах санаатай байсан юм билээ. Тэгтэл мань эр гэнэтхэн ажлаасаа гарч миний өгүүллэгүүдийг өөр нэг хүнд шилжүүлж л дээ. Тэр хүн надад ахиад гурван өгүүллэг байвал номыг чинь бие даасан байдлаар гаргаж болох юм гэж хэлсэн. Тэгээд л би гурван өгүүллэг шалавхан илгээж анхны ном маань гарсан түүхтэй.
СУРВАЛЖЛАГЧ: Та зохиол бүтээлээ туурвихад зориулж тусгайлан цаг гаргадаг уу?
МҮНРО: Хүүхдүүд бага байхад сургуульдаа явмагц нь ширээнийхээ ард суудаг байлаа. Тэр жилүүдэд би тун ч шаргуу ажилладаг байжээ. Нөхөр бид хоёр жижигхэн номын дэлгүүртэй байв. Дэлгүүртээ ажиллах ёстой үедээ би бага үдийг хүртэл гэртээ үлдээд гэр орны аахар шаахар ажил хийнгээ хажуугаар нь зохиолоо бичдэг байв. Дараа нь дэлгүүрт ажиллах шаардлагагүй болсон тул гэрийнхэн маань 14.30 орчимд их үдийн хоолондоо ирэх хүртэл өөртөө багахан цаг илүүчилдэг боллоо. Тэгээд шалавхан ганц аяга кофе уучихаад гэр орны ажилд ахин шамдаж, оройн хоол болтол дахиад жаахан цаг өөртөө гаргаж авахаар тун ч их яардагсан.
СУРВАЛЖЛАГЧ: Тэгвэл охидуудаа сургуульд орохоос өмнө яаж бичдэг байсан юм бэ?
МҮНРО: Унтаж байх хойгуур нь л.
СУРВАЛЖЛАГЧ: Таньд хоорондоо холбоотой олон өгүүллүүдээс бүтсэн Гуйранч Шивэгчин гэх мэт хэд хэдэн ном бий. Тэднийг чинь зарим тохиолдолд роман ч гэж нэрлэх юм билээ?
МҮНРО: Миний сүүлчийн ном Нээлттэй Нууцуудад ч ахин дахин давтагддаг дүрүүд бий. “Зэрлэгүүд” өүүллэгт гардаг Бий Доуд бол “Carried Away,” өгүүллэгийн бяцхан охин шүү дээ. Гэвч дүрүүдийн ийм уялдааг гаргахын тулд өгүүллэгүүдээ хүчээр зохиомжлоод байж болохгүй л дээ. Нэг өгүүллэгийг нөгөөд нь тааруулж бичээд эхлэвэл буруудна. Хүчээр бичиж байгаатай ялгаагүй шүү дээ. Тиймээс уул санаа нь надад их таалагддаг ч ахиад ийм маягтай ном гаргана гэж бодохгүй л байна. Катерин Мэнсфильд нэг захидалдаа “Өө, би ямар ч байсан нэг роман бичнэ гэж бодож байна. Ийм цаасны өөдсүүд үлдээгээд үхчихмээргүй байна шүү дээ,” гэсэн байдаг. Тэгэхээр хоорондоо уялдаагүй хэсэг бусагхан өгүүллэгээс өөр зүйл бичээгүй бол өнөөх л цаасны өөдсүүд үлдээгээд үхэх гээд байгаа юм шиг мэдрэмжээс салж чадахгүй шүү дээ. Яахав, өгүүллэгээс өөр зүйл бичээгүй хүн гэхээр Чехов санаанд чинь орох байх л даа. Гэхдээ л Мэнсфильдийн зөв.
СУРВАЛЖЛАГЧ: Чехов ч бас роман бичихийг үргэлж хүсдэг байсан гэдэг шүү дээ. Түүнийгээ бүр “Анд нөхдийн минь амьдралаас улбаалсан түүхүүд” гэж нэрлэх гэж байсан гэдэг.
МҮНРО: Тийм ээ, мэднэ. Энэ хүслээ гүйцээхийн тулд зохиолч хүн бүхнийг нэг саванд чихээд оруулчих гэж хэтэрхий адгадаг тал бийг ч би мэднэ.
СУРВАЛЖЛАГЧ: Харин та өөрийнхөө буруу зам дээр зогсож буйг яаж мэддэг вэ?
МҮНРО: Нэг өдөр бичсэн зүйл маань овоо сайн болоод буй юм шиг санагдана. Тэгмэгц жирийн үеийнхээсээ олон хуудас шудраад хаяна. Харин маргааш нь босч ирээд өнөөхөө уншмагц үргэлжлүүлж бичмээргүй санагдана. Үргэлжлүүлж бичих хүсэлгүй байгаа ч бичихээс өөр аргагүй болсон үедээ л ямар нэг зүйл дээр алдаа гаргаснаа мэдэрдэг дээ. Тэгээд л хоёр гурван хоног баахан цухалдуу хүн үүгээр түүгээр холхино. Бас болоогүй, тэс өөр юм бичээд эхлэвэл чадах ч юм болов уу гэж бодно. Яг л ээдрээтэй хайр сэтгэлийн явдал шиг. Өмнөх дурлалаасаа олсон хамаг л гуниг гутралаасаа өөр нэг эртэй болзох маягаар гарах гэж оролдоно. Гэвч тэр эр чинь чамд огт таалагдахгүй байгааг удахгүй мэднэ. Тэгсэний дараа орхиод гарсан өнөөх түүхээ цоо шинээр олж харах нь тэр. Яаж бичих учраа ч олох шиг болно.
СУРВАЛЖЛАГЧ: Та их олон газраар аяласан мөртлөө зохиол бүтээлдээ орон нутгийнхаа тухай л илүүтэй өгүүлсэн санагддаг. Энэхэн хүрээнээс олж сонссон бүхэн чинь л илүү их мэдрэмж төрүүлэм санагддаг хэрэг үү? Эсвэл туулсан, мэдсэн амьдралаасаа сэдэл авч зохиолоо бичих нь илүү дээр байдаг юм уу?
МҮНРО: Жижиг хотод амьдардаг хүмүүс бие биесийнхээ тухай тойроод л яриад байдаг шүү дээ. Тэндээс та олон янзын хүний тухай тун баялаг үүх түүх мэдэж авна. Харин том хотод бол өөрийнхөө хүрээний юм уу, өөртэйгээ төстэй хүмүүсийн тухай л хов жив сонсох байх. Эмэгтэйчүүдэд бол давуу тал бий л дээ. Найз нөхдөөсөө бүр ч их зүйл дуулна шүү дээ. “Differently” гэдэг өгүүллэгийнхээ санааг Викториад амьдарч байхдаа олж байлаа. Бас “Fits” гэдэг өгүүллэгээ нутагтаа гарсан нэг аймшигт хэргээс санаа авч бичсэн юм. Жар гарсан хоёр хосын нэг нь нөгөөгөө хөнөөчихөөд дараа нь өөрийнхөө амийг хорлочихсон байж билээ. Том хотод амьдардаг байсан бол би энэ тухай зөвхөн сониноос л унших боломжтой. Харин хэргийн газар дээр чухам юу болж байсан, хүмүүсийн сэтгэл зүй тэр бүхнийг яаж хүлээн авч буйг дундаас нь мэдэрч чадахгүй шүү дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та нутгаасаа хол хэр удаан амьдарсан бэ?
МҮНРО: Би 1951 оны сүүлээр гэрлэсэн. Тэгээд Ванкувер луу нүүж тэндээ 1963 он хүртэл амьдарсан. Дараа нь бид Викториа рүү нүүж Мүнрогийн Номын Дэлгүүрээ нээсэн. Тэнл хэсэг амьдраад би хуучин нутагтаа эргэж ирсэн. 1973 оны зун л болов уу. Тэгэхээр би Викториад арван жил л амьдарсан байх нь. Гэрлээд хорин жил болсон байж л дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Та Герритэй танилцсан болохоор өрнө рүү буцаж ирээ юу, эсвэл зохиолоо бичихийн тулд ирэв үү?
МҮНРО: Зохиолоо бичихийн тулд. Бас би анхны нөхөртэйгээ Викториад суурьшаад арван жил болсон. Бидний гэрлэлтэнд ан цав суугаад нэг, хоёр жил болчихсон байсан үе л дээ. Амьдарч асан хот маань их жижигхэн болохоор найз нөхдийн хүрээлэл ч явцуу. Нэгэнт гэрлэлт чинь бүтэлгүйтсэн бол тийм орчинд үлдэнэ гэдэг тэсэхэд бэрх. Нөхөр маань номын дэлгүүрээ ажиллуулах учиртай болохоор тэндээс нүүж чадахгүй. Тиймээс би нүүсэн нь дээр байв. Тэгээд ч надад Торонтогийн гаднахан байдаг Йоркийн их сургуульд туурвил зүйн хичээл заах урилга ирчихээд байсан юм. Гэвч би мөнөөх ажлыг нь удаан хийж чадаагүй. Гар дээрээ тавих улаан мөнгөгүй байсан ч би тэр ажлыг үзэн ядсандаа бушуухан гарсан юмдаг.
СУРВАЛЖЛАГЧ: Утга зохиолын хичээл заах дургүй байсан болоод тэр үү?
МҮНРО: Үгүй ээ! Зүгээр л аймшигтай байсан хэрэг. 1973 оны явдал шүү дээ. Йорк бол Канадийнхаа хамгийн хуучны их сургуулиудын нэг байсан. Миний дааж авсан анги л гэхэд бараг ярьж чаддаггүй ганц охиноос бусад нь бүгд эрэгтэй оюутантай байлаа шүү дээ. Оюутнууд маань тухайн үед юу моданд орж байна түүнийг л дагахыг хичээнэ. Ойлгомжгүй атлаа улиг домог болсон хэв маягаар өөрсдийгөө авч явна. Өөр юуг ч үл тэсвэрлэх хандлагатай. Туурвин бүтээхүйн тухай санаа оноогоо танхимаар нэг хашхирч, өмнө нь төдийлөн бодож тунгааж байгаагүй зүйлсээ тархиндаа цэгцэлж авна гэдэг мэдээж сайхан завшаан. Гэвч би оюутнууддаа хэрхэн хүрч, тэдний дайсан нь болчихгүй шиг үлдэхээ мэддэггүй байсан юм. Магадгүй одоо бол чадах байх л даа. Их сургуульд багшилна гэдэг миний л хувьд телевизийн эфирээр хэрхэн аятайхан гарах тухайд гайгүй туршлага олохтой адилхан үйл явдал байснаас уран зохиолын хөдөлмөрөөс онхи хол эд шиг санагдсан. Уг нь би тэр бүхнийг өөрчлөх ёстой байсан ч тэгж чадаагүй. Харин ангид маань байдаггүй ч бичсэн зүйлсээ үргэлж авчирч харуулдаг нэг оюутан байлаа. Түүний бичвэрийг уншаад л нүдэнд минь нулимс цийлэгнээд ирж билээ. Мэдээж бичсэн зүйл нь тун сайн байсантай холбоотой. Нөгөөтэйгүүр оюутнуудаасаа их удаан хугацааны турш тийм сайхан бичлэг олж уншаагүй байсандаа ч тэр байх. Тэр охин надаас хичээлд чинь яаж суух вэ? гэж асуусан. Тэгэхэд нь би “Битгий. Ангийн минь ойр хавиар эргэлдсэний ч хэрэггүй. Зүгээр л бичсэн зүйлсээ одоогийнх шигээ авч ирээд шалгуулж байж болно” гэсэн. Үр дүнд нь тэр оюутан л ганцаархнаа зохиолч болсон доо.
СУРВАЛЖЛАГЧ: Та Герритэй яаж танилцсан юм бэ?
МҮНРО: Герри бид хоёр их сургуулийн танилууд. Намайг нэгдүгээр дамжаанд байхад тэр төгсөх ангийн оюутан байлаа. Тэр Дэлхийн Хоёрдугаар дайнд оролцоод ирсэн дайчин хүн байсан юм. Өөрөөр хэлбэл бид хоёрын дунд долоон насны зөрүү байлаа. Арван наймтай байхдаа би түүнд айхтар хүчтэй дурласан ч мань эр түүнийг маань ер анзаараагүй юмдаг. Өөр хүүхнүүдийг л сонирхдог байсан байх. Сургууль маань их жижигхэн болохоор хүн бүр л бие биенээ танина. Харин тэр сургуулийн оюутнуудын дунд богемианууд гэж нэрлэгддэг хэсэг бүлэг этгээдийн нэг нь байсан юм. Утга зохиолын сэтгүүлүүдэд шүлэг бичиг илгээгээд л, айхтар хурц ширүүн үйлдлүүд хийж, согтуу голдуу явдаг нөхөд шүү дээ. Түүнийг би сэтгүүлийнхэнтэй гайгүй зузаан байх гэж боддог байсан тул анхны өгүүллэгээ бичсэн хойноо гар бичмэлээ бариад түүн дээр очно доо гэж тооцов. Тэгээд л бид ярилцаж, тэр надад дурлаж, бүх зүйл тэндээс эхэлнэ дээ гэж итгэсэн хэрэг. Би ч өгүүллэгээ аваад түүн дээр очлоо. Харин манай хүн “Сэтгүүлийн эрхлэгч нь Жон Кэйм гэж хүн бий. Хонгилоор уруудаад явахаар таарна,” гэв. Бидний солилцсон цорын ганц өгүүлбэр л тэр болсон доо.
СУРВАЛЖЛАГЧ: Та хоёр коллежид хамт суралцаж асан тэр бүх хугацаандаа зөвхөн ийм л үг солилцсон юм уу?
МҮНРО: Тийм ээ. Намайг өгүүллэгээ хэвлүүлсэний дараахан тэр сургуулиас гараад явчихсан юм. Нэг, хоёрдугаар дамжаандаа би зөөгчийн ажил давхар хийдэг байлаа. Тэгтэл нэг өдөр Герригээс захидал ирэв. Өгүүллэгийн маань тухай бичсэн тун ч гайхалтай захиа байж билээ. Уншигчаасаа хүлээж авсан анхны захидал тэр байлаа. Гэвч тэр захидалд миний тухай бичсэн, гоо үзэсгэлэнг минь магтсан, хамтдаа байсан бол хичнээн сайхан бол гэж төсөөлсөн ганц ч үг байгаагүй. Зүгээр л уран зохиолын авьяасыг минь үнэлсэн урт урт өгүүлбэрүүд байлаа. Харин би түүнээс илүү их зүйл хүсч байсан болоод ч тэр үү жаахан гонсойж үлдсэн л дээ. Уг нь тэс хөндлөнгийн уншигчаас тийм захидал ирсэн бол хагартлаа баярлаад л гүйх байсан биз. Гэхдээ захианы сайхантай ярих юмгүй ээ. Хожим нь намайг Лондон руу буцаж, Уэстерний их сургуульд багшилж байх ахуйд тэр радиогоор миний тухай сонссон байсан. Би ярилцлага өгсөн юм. Тэгэхдээ л хаана амьдарч буй тухайгаа ярьж, гэрлэлтээ цуцлуулсанаа дурдаж л дээ. Тэгээд л тэр надтай уулзахаар хүрээд ирсэн.
СУРВАЛЖЛАГЧ: Бараг хорин жилийн дараа юу?
МҮНРО: Гарцаагүй. Хорин жилээс ч урт хугацаанд бид бие биенээ ер хараагүй байсан юм. Тэр миний төсөөлж байснаас тэс ондоо харагдаж байлаа. Мань эр над руу залгаад л“Би Герри Фремлин байна. Одоогоор Клинтонд байна. Ойрмогхон нэг уулзаж үдийн хоол хамтдаа идвэл ямар вэ л гэж асуух гэсэн юм,” гэсэн. Түүний гэр Клинтонд байсныг би мэднэ л дээ. Тийм болохоор мань эр эцэг эхтэйгээ уулзахаар ирж дээ л гэж бодсон. Бас түүнийг Оттавад ажиллаж буй тухай хэн нэгнээс сонсчихсон байсан санагдана. Тэгээд л эхнэр хүүхдээ Оттовад үлдээчихээд эцэг эхтэйгээ уулзахаар Клинтонд ирэхдээ далимаар нь хуучны танилтайгаа уулзаад авахыг хүсч дээ гэж бодсон. Гэвч мань эртэй нүүр тулаад уулзтал эхнэр хүүхэд бүү хэл ганц биеэрээ, Оттавад бус Клинтондоо амьдарсаар буйг нь мэдсэн юм. Бид сургуулийн ойролцоох клубт очиж хооллонгоо гурав гурван хундага мартини татсан санагдана. Хэн хэн нь л сандарсан байсан байх. Гэвч удалгүй яриа хөөрөө маань нийлж их үдийн төгсгөлд бүр хамт амьдрах тухай ярилцаад сууж байсан гээч. Санаанд оромгүй хурдан үйл явдал л даа. Тэр улирлаа Би Уэстернд хичээл зааж өнгөрүүлчихээд настай эхийгээ очиж харах шаардлагатай болсон Герриг дагаад Клинтон дахь гэрт нь очиж амьдрах болсон доо.
СУРВАЛЖЛАГЧ: Та ч багаасаа л уйгагүй уншигч байсан байх даа? Хамгийн их нөлөөлсөн зохиолчид гэвэл хэнийг нэрлэх вэ?
МҮНРО: Гучин нас хүртэл маань уншина гэдэг миний амьдрал байлаа. Би гэж номон дунд л амьдардаг хүн байв. Анхлан Хойт Америкийн зохиолчдод хамгийн ихээр дурласан юмдаг. Тэд л надад жижигхэн хот, хөдөөгийн хүмүүс, өөрийнхөө хамгийн сайн мэддэг эгэл бор амьдралын талаар бичиж болдог юм байна гэсэн урмыг өгсөн. Гэвч өөрийн мэдэлгүйгээр Өмнөдийн зохиолчдод ч бас дуртай байлаа. Тэднээс миний биширлийг хамгийн их татсан зохиолчид нь бүгд эмэгтэй хүн байв. Би Фолкнерт тийм ч их дуртай байсангүй ээ. Харин Эудора Велти, Фланнери О’Коннер, Катерин Энн Портер, Карсон МакКюллерс нарт жигтэйхэн их дурлана. Эмэгтэйчүүд хамгийн нарийн ширийн, этгээд сонин зүйлсийг олж харж бичихдээ гарамгай санагддаг байснаас тэр л дээ.
СУРВАЛЖЛАГЧ: Мэдээж таны ч бас хамгийн сайн чаддаг зүйл.
МҮНРО: Тийм ээ. Эрчүүл бодит амьдралын тухай олонхийн сэтгэлийг татсан зузаан зузаан роман бичдэг бол бидний талбар амьдралын илүү нарийн ширийн зүйл дээр төвлөрч байдаг мэт надад санагдсан. Бодит амьдралын тэг дунд нь бус яг ирмэг дээр нь оршиж буй мэт тэр мэдрэмж надад чухам яагаад төрөх болсоныг мэдэхгүй. Ямартаа ч төвөөс шахаж зайлуулагдаад тийш оччихсон мэт санагддаггүй байсан. Магадгүй бөглүү хязгаарт өссөнтэй минь холбоотой мэдрэмж байх л даа. .
СУРВАЛЖЛАГЧ: Уугуул нутгийнхан тань таны амжилтаар хэр бахархдаг байсан бол?
МҮНРО: Миний зохиолууд энд тэнд хэвлэгддэг байсан ч жирийн уншигчдийн сонирхлыг татахуйц хээнцэр, чамин юмсаар дульхан байж л дээ. Төрлөх хотынхоо тухай чихэнд наалдацтай юм ч бичиж чадаагүй байх. Бичлээ гэхэд эр эмсийн харьцаа, хараалын үгс, ойлгомжгүй байдлыг нь л илүү татаж бичсэн болов уу. Тэгж байтал орон нутгийн маань нэг сонинд миний тухай бяцхан өгүүлэл гарлаа. Амьдралыг тухай тун гашуун эргэцүүлэл... Бодит үнэнийг гуйвуулсан хувь хүний дайралт гэх маягтай. Ийм нийтлэл гарах үед нь аав минь аль хэдий нь өөд болсон байсан л даа. Нутгийнхан аавд минь их хайртай, бүгд л хүндэлдэг байсан болохоор амьд сэрүүнд нь тийм зүйл нийтлэх нь бүү хэл бүгд л амаа хамхиад чимээгүйхэн өнгөрөхийг боддог байж л дээ. Харин түүнийг өөд болсоноос хойш бүх зүйл өөрчлөгдсөн.
СУРВАЛЖЛАГЧ: Гэхдээ аав тань таны зохиолуудад дуртай байсан биз дээ?
МҮНРО: Аав минь дуртай байлгүй яахав. Бүр надаар маш их бахархдаг байсан. Нас барахынхаа өмнө тэр өөрөө нэг ном бичсэн л дээ. Баруун Өмнөдөд ирж суурьшсан анхны гэр бүлүүдийн тухай роман. Үйл явдал нь түүнийг мэндэлхээс өмнөхөн эхлээд хүүхэд ахуйн үе дээр нь ирээд өндөрлөдөг юм. Манай аав зохиол бичих гайхалтай авьяастай хүн байсан шүү.
СУРВАЛЖЛАГЧ: Та зохиолынх нь хэсгээс багахан ч болов ишлээч?
МҮНРО: Зохиолынхоо нэг бүлэгт тэр өөрөөс нь өмнөхөн үеийн хөвгүүдийн хувьд сургууль гээч нь ямархуу зүйл байсан тухай дүрсэлсэн байдаг юм: “Давжаа морь унаж хонины арьсан хувцас хэдэрсэн тархай бутархай хүн ардтай Монгол гэх мэтийн соньхон улсуудыг дүрсэлсэн хуучин газрын зураг нэг хананд нь өлгөөтэй. Тэр зурган дээр нь Африкийн төв хэсгийг онгорхой орхиод дээр нь зөвхөн амаа томоос том ангайсан матар, аварга савар дороо хар арьст хүмүүсийг гишгэлсэн хүчит арслангийн зураг зоож орхисон байдагсан,” гэх мэтээр л цааш явна даа.
СУРВАЛЖЛАГЧ: Бид таниас зохиолоо туурвих нэг өдрийн дэглэмийг тань асуугаагүй юм байна. Та долоо хоногийн хэдэн өдөрт нь бичдэг вэ?
МҮНРО: Би долоо хоногийн бүхий л өдөр, өглөө бүр бичдэг. Өглөө наймд ширээнийхээ ард суугаад 11 орчимд тэндээс босно. Бушуухан дуусгахыг хүссэн зохиол, бэлэн болсон анхны ноорог сэлт л үгүй бол өдөр бүр тийн бага багаханаар, дундаа нилээд амралттай бичдэг.
ОРЧУУЛСАН: Б.БАЯСГАЛАН
Сэтгэгдэл хэсэг